УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ


1-р сарын 13
9 цаг 43 минут

     “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал (2026.01.12) үе үеийн парламентыг удирдан чиглүүлж байсан Улсын Их Хурлын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулав.

Улсын Их Хурлыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэл үзүүлэхээр Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачлан, зохион байгуулж буй энэхүү уулзалтад БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог, Б.Энэбиш, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Б.Болдбаатар, Д.Энхбат, Б.Баасандорж нар оролцов.

Хүндэт зочид эхлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимаар зочилсон.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон хүндэтгэлийн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, эрхэм зочдод Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт 34 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, төр-иргэний нийгмийн гэрээ, монгол хүний эрх, эрх чөлөөний тунхаг болсон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэх, сахин биелүүлэхэд сэтгэл, мэдлэг, оюун, хичээл зүтгэлээ зориулан, парламент ёсны шинэ түүхийг бичилцсэн Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 34 жил цаг үе, нийгмийн шалгарлыг туулан хэрэгжиж байна. Энэ хугацаанд өөрчлөлтийн өсөлт амжилт, алдаа онооны аль алийг монголын ард түмэн туулж байна. Энд олсон нь алдаанаасаа хавьгүй их боловч манай нийгмийн амьдралд засаж залруулах, өөрчилж шинэчлэх, шинээр үүссэн, шийдэл, гарц шаардсан сорилт бэрхшээлүүд багагүй байна. Үндсэн хуулийг сахин биелүүлж, түүний дархлааг хангах, хамгаалахад хууль тогтоох байгууллагын үүрэг нэн чухал бөгөөд энэхүү эрхэм зорилгыг бодит үйл болгоход үе үеийн парламентыг удирдаж чиглүүлж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Та бүхэн, мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Та бүхний гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Парламентын баталж байгаа хууль, аливаа шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, үзэл баримтлал, зүйл, заалт бүрд нийцсэн байх нь Үндсэн хуулийн нэгэн дархлаа, бас хамгаалалт болдог.

Миний бие Улсын Их Хурлын дарга хэмээх нэн хүндтэй, хариуцлагатай албан тушаалд гишүүдийнхээ олонхын дэмжлэгээр томилогдоод удаагүй байгаа ч парламентын үйл ажиллагаа, баталж буй хууль тогтоомж, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үйл явцыг илүү боловсронгуй болгох чиглэлээр олон ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологи, хиймэл оюуны хувьсал, өөрчлөлтийн энэ цаг үед Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийх эхлэлийг тавилаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудыг зөрчсөн зохицуулалт бий эсэхийг их өгөгдөлд суурилж, шинжилдэг болж байна. Үүний зэрэгцээ бүх хууль, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын санаачилж байгаа хуулийн төслүүд, олон нийтийн хэлэлцүүлэгт байгаа хуулийн төслүүдэд Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь хиймэл оюунаар шинжилгээ хийж эхэлсэн.

Мөн өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг бататгах хүрээнд олон нийтийн саналыг авах, өргөдөл, гомдлуудыг шийдвэрлэх чиглэлээр d.parliament.mn платформыг эрчимжүүлэх хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн санал, санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын хувиар “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдлийг арилгахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулийн зохицуулалтуудыг ирэх чуулганаар өөрчлөхөөр зорьж байна.

“Чөлөөлье” санаачилгын уг үндэс бол Үндсэн хуулийг сахин биелүүлэхэд оршино. Тэр дундаа Үндсэн хуульд заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг хангах, шударга ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Энэ санаачилгын хүрээнд нэн тэргүүнд Үндсэн хуулиар олгогдсон иргэний болон улс төрийн эрхээ баталгаатай эдлэхэд хориг саад болж байгаа хуулиудыг өөрчлөх, үүний зэрэгцээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх аливаа төслийг  шүүн тунгааж, олон нийтээр хэлэлцүүлж, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудтай зөрчилдөж буй эсэхийг нягталдаг болох ач холбогдолтой. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад нь саад тотгор, гох дэгээ болж байгаа төрийн оролцоо, хүнд суртлыг халах, иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөө, боломжийг илүү нээлттэй болгох хуулийн төслийг санаачлан, хэлэлцэж батлах нь “Чөлөөлье” санаачилгын бас гол зорилго юм.

Улсын Их Хурлын даргаар сонгогдоод нэн тэргүүнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад дүн шинжилгээ хийлээ.  378 хуульд холбогдох шинжилгээг хийхэд 228 хуульд Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалттай зөрчилдөж байгаа зохицуулалт байна гэдэг дүн гарсан. Юуны өмнө эдгээр хуулийн холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэхэд анхаарал хандуулж, холбогдох Ажлын хэсгүүдийг байгуулаад байна.

Энэхүү санаачилга, эрэл хайгуул нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, парламентын бодлого шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэх замаар Үндсэн хуулиа дээдлэн сахих парламентын шинэ соёлыг төлөвшүүлэх, үүгээрээ нийгэмд манлайлал үзүүлэхийг зорьж байгаа үйлдэл юм.

Парламентын даргаар ажиллаж байсан эрхэм хүндэт Та бүхний, хууль тогтоох дээд байгууллагын арын албыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүд Та бүхний тухайн цаг үедээ хийж, хэрэгжүүлж байсан ололт, амжилтыг бататгах чиглэлээр Улсын Их Хурлын даргын хувьд манлайлж, Та бүхнийхээ санал, зөвлөмжийг сонсож, эгэх холбоотой ажиллахыг эрхэмлэж байна” хэмээсэн.

Жил бүрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд цаашдаа ойг тэмдэглэх хүрээнд Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор нийгмийн бүлэг бүрд чиглэсэн ажлуудыг хийж хэвшүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, энэ удаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран Монгол Улсын Үндсэн хуулийг монгол брайль үсгээр хэвлэснийг дурдаад “Харааны бэрхшээлтэй 11600 иргэн брайль үсгээр хэвлэсэн Үндсэн хуулиа унших боломжтой боллоо. Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хувилбарыг 600 гаруй мянган хүн сонссон байдаг. Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, нийтэд танин мэдүүлэх ажлуудыг бид цаашид тогтмол хийж, хэрэгжүүлж, хэвшүүлнэ” хэмээлээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр дамжуулан парламентын боловсролыг дээшлүүлэх, Үндсэн хуулийг нийгмийн бүлэг бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж буйгаа Улсын Их Хурлын дарга дурдсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудаас жил бүр нэгийг онцолж, анхаарал хандуулдаг байх санаачилгыг тэрбээр гаргаж буйгаа танилцуулаад “Тухайн жилдээ тэрхүү эрхийг хангах, хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа нийтэд зарладаг шинэ соёлыг төлөвшүүлэхээр зорьсон. Энэ хүрээнд 2026 онд хүүхдийн эрхийг онцолж, Улсын Их Хурлын ирэх хаврын ээлжит чуулганаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоход анхаарна” гэж Н.Учрал дарга хэлэв.

Үүний зэрэгцээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр, хувийн эрх зүйн шинэчлэлийг хийхээр төлөвлөж буйгаа танилцуулаад, холбогдох талуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаагаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Дараа нь БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан болон Улсын Бага Хурлын гишүүн асан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог нар Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон хүндэтгэлийн уулзалтад оролцож буй эрхмүүдэд “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн мэндчилгээг дэвшүүлэн дурсамжаа хуваалцаж, Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх, парламентат ёсыг төгөлдөржүүлэн төлөвшүүлэх талаар харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Учрал: Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм9 минут 2 секундын өмнөХуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ13 минут 55 секундын өмнө“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олголоо19 минут 55 секундын өмнөСэрэмжлүүлэг: Төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна1 цаг 12 минутын өмнөИрантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна гэв1 цаг 27 минутын өмнөХотын иргэдийн 0.07 га газрыг хориглоод Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн нь хуулийн зөрчил мөн үү?!1 цаг 33 минутын өмнөАвлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ1 цаг 37 минутын өмнөУИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1 цаг 51 минутын өмнөМонгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг танилцуулж, дээжийг нь гардууллаа1 сар 12. 17:01Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1 сар 12. 16:55Ирэх амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол та түр азнаарай1 сар 12. 15:28УИХ-ын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт1 сар 12. 15:17Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 сар 12. 15:11Дорноговь аймаг орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөө хямд өртөгтэй орон сууцны төсөлд зарцуулж байна1 сар 12. 15:04“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав1 сар 12. 13:15“Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд Засгийн газар онцгой анхаарна1 сар 12. 12:06АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.12/1 сар 12. 11:57Гол, нуурын мөс цөмөрч 2 иргэн нас баржээ1 сар 12. 10:27Нөөцийн махыг 13-15 мянган төгрөгөөр худалдаална1 сар 12. 10:1816 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно1 сар 12. 10:15Цэгцрэх хөдөлгөөний хүрээнд Замын- Үүд сумын газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ1 сар 12. 10:06102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг энэ сарын 20-ны өдөрт багтаан олгоно1 сар 12. 10:02Эрх, эрх чөлөөний “их хөлгөн судар”1 сар 12. 9:57Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 12. 8:39Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ1 сар 11. 18:53УИХ-ын даргын ивээл дор зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ1 сар 10. 16:30Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ1 сар 10. 15:16Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална1 сар 10. 15:13Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, долоон хууль, УИХ-ын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ1 сар 9. 16:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.