"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв


1-р сарын 22
9 цаг 34 минут

       “Тэнд хээр морьд давхилдаж улаан орхимж агаарт хийснэ.

Цаа бугын тачигнах чимээгээр чоно улих үед хөгжим дугарна” гэх өгүүлэмж уран бүтээлч ThunderZ-гийн “Тэнгри” цомгийг санагдуулна. ThunderZ гэх уран бүтээлийн нэрээрээ олноо танигдаж буй уран бүтээлч Б.Өлзий-Учрал өнгөрсөн оны хоёрдугаар сард “Тэнгри” цомгийнхоо анхны уран бүтээл “Жүрээм” дуугаа цацсан билээ. Түүнээс хойш “Даяга”, “Хээр морь” дуугаараа олон сая хандалт аваад байсан бол энэ сарын 13-нд цацсан “Гэгээн” дуугаараа олны талархлыг хүлээгээд байгаа юм. Учир нь энэ дууны үг, аяас гадна богино хэмжээний кино мэт клип нь сонсогчдын анхаарлыг татжээ. Дуучин ThunderZ энэ дууныхаа клипний зохиолыг Хөдөлмөрийн баатар Л.Түдэвийн “Оройгүй сүм” романыг уншсаны дараах төрсөн сэтгэгдэл, мэдрэмж дээрээ тулгуурлан бичсэн гэдгээ илэрхийлсэн юм. Үүнээс улбаалан номын дэлгүүрүүдэд “Оройгүй сүм” роман хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлээд байна. Энэхүү мэдээг олон нийт олзуурхаж, дуу хөгжмөөр дамжуулж олон нийтэд ном бүтээл унших сэдэл төрүүлж буй нь жинхэнэ утгаараа нийгмийг соён гэгээрүүлж, зөвөөр нөлөөлж байна гэх магтаалыг цахим орчинд ихээр хуваалцаж байна. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Залуусын нүдээр” буландаа орчин үеийн залуус ямар төрлийн дууг хамгийн их сонсож байгаа хийгээд тэдний сонирхол хаашаа чиглэж байгаа талаар хуваалцах юм. Түүнчлэн Дуучин ThunderZ-ийн “Гэгээн” дууны талаарх тэдний  санал бодлыг асуусан билээ.

П.Буянцогт: Язгуур монгол өв уламжлалаа шингээсэн, шинэлэг хэв маягтай бүтээлд нийтийн үнэлэмж их тусах болсон

-Миний сонсдог дуунууд цаг үеэ дагаад тэр бүр өөрчлөгдөөд байдаггүй. Хааяа нэг сайхан дуу, хөгжим нэмэгдэх нь бий. Сүүлийн үед төгөлдөр хуурын аялгуу илүүтэй сонсож байна. Тухайлбал, Моцартын бүтээлүүдийг сонсох их дуртай. Үггүйгээр хүний мэдрэмжүүдийг сэрээж чадах хүч чадлыг аялгуу эгшиг өгдөг, заадаг юм шиг санагддаг. Монгол хөгжмүүд маань ч гэсэн биширмээр сайхан. Н.Жанцанноров гуайн Цагаан суварга, Мандухай цэцэн хатан тэргүүт аялгуу бол гайхамшиг.

Залуучууд өөрсдийн дотоод хүнээ чагнаж түүндээ таалагдах янз бүрийн хөгжим сонсож байгаа байх. Гэхдээ бидний анзаарч байгаачлан язгуур чанар, монгол өв уламжлалаа шингээсэн, шинэлэг хэв маягтай бүтээлүүдэд нийтийн үнэлэмж их хандах болсон байна. Энэ нь ч сайн хэрэг. Мэдээж дуу хөгжим, урлаг уран сайхны нэг шид нь нийгэмд дуу хоолойгоо хүргэх, нөлөөлөх шүү дээ. Соён гэгээрүүлэх гэхээсээ эрхэм чухал гэх зүйлсээ умартахаас сэргийлж, сануулан сэрээж байдаг юм шиг санагддаг.

Надад дууны ая эгшиг нь үгнээс чухал мэт санагддаг. Ая нь амьгүй бол үг нь хэдий сайн байгаад нэмэргүй мэт. Гэхдээ мэдээж үг чухал. Ая эгшиг, үг нь нэгэндээ биежин нийлж нэг болж чадсан бүтээл л урт насалдаг байх. Дээр нь сэдэв, буюу хөндөж буй асуудал, юуны тухай өгүүлж буй нь бас чухал.

“Гэгээн” дууны талаар гэвэл, би нэг удаа сонссон. Сайхан дуу байсан. Тэрээр үнэхээр зогсдоггүй хүчирхэг залуу уран бүтээлч. Миний хувьд бол гайхан бишрээд цоо шинээр алмайран хүлээж авах зүйл их байгаагүй. Клип нь ихээхэн утга учир өгч байгаа байх. “Оройгүй сүм” зохиолоос санаа авсан гэдгээ хэлсэн байсан. Магадгүй “Оройгүй сүм” романыг өмнө уншсан байсан болохоор надад гойд санагдаагүй байж магадгүй юм.

Э.Пүрэвсүрэн: Дуу бүтсэн түүх, тэрхүү үг, аяыг зохиосон өрнөл нь миний сонирхлыг их татдаг

-Би сүүлийн үед “ThunderZ”-ийн “Гэгээн” дууг их сонсож байна. Цацагдсан өдөр нь анх сонсоход гүн сэтгэгдэлгүй төрөөгүй. Надад дууны ая нь таалагдахгүй бол дахиж шимтэж сонсдоггүй юм. Цахим орчинд “Гэгээн” дууны үгтэй пост, эвлүүлэг, стори, их байлаа. Тэрийг ч тоосонгүй. Гэтэл уран бүтээлч нь клипээ хийхдээ “Оройгүй сүм” зохиолоос авсан мэдрэмжээрээ хийсэн гэдгийг сонсоод дахиж сонсох сонирхол төрөөд клипийг нь бүтэн үзсэн. Тэр үеэс хойш энэ дууг байнга сонсох болсон.

Сүүлийн үед залуучууд хөгжмийн нэг төрөлд баригдалгүй, олон жанрыг хослуулж, тухайн үеийнхээ мэдрэмж, уур амьсгал, юу хийж байгаагаасаа шалтгаалаад дуугаа сонсдог болсон. Хүн бүрийн сонирхол өөр. Бас амьдралын явцад өөрчлөгддөг шүү дээ.

Дуу нь хүмүүсийн сэтгэхүй, үзэл бодолд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг санагддаг. Тухайн уран бүтээл зөв санаа, ухаарал өгөх үг, агуулгатай байвал нийгэмд соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэж чадна. Жишээлбэл, ThunderZ-ийн “Гэгээн” дуу нь өөрөө тренд болоод зогсохгүй, “Оройгүй сүм” зохиолоос сэдэвлэсэн гэх утга агуулгаараа залуучуудыг ном унших, өнгөрсөн түүхийнхээ тухай ярилцахад нөлөөлж байна. Би “Оройгүй сүм” романыг мэддэг ч бүтнээр нь уншиж байгаагүй. Харин энэ дууг сонссоныхоо дараа номын дэлгүүр орж заавал авч уншмаар санагдсан. Миний бодлоор энэ дуу олны анхаарлыг татаж буй гол шалтгаан нь хит аялгуу биш. Харин соёлын утга агуулга, уран бүтээл хоорондын уялдаа, мөн үндэсний үнэт зүйлсийг  орчин үеийн залуучуудтай холбох гүүр бий болгосон нь гол шалтгаан гэж бодож байна.

Хөгжмийн ая, хэмнэл хүний сэтгэлийг хамгийн сайн хөнддөг юм шиг ээ. Би жаргалтай үедээ цоглог, гунигтай үедээ намуухан хэмнэлтэй дуу сонсож, өөртэйгөө ярилцахыг илүүд үздэг. Мөн дуу бүтсэн түүх, тэр ая, шүлгийг бичсэн шалтгаан нь миний сонирхлыг их татдаг. Тэдгээр нь тухайн дууг мэдэрч сонсоход илүү нөлөөлж, утгыг нь тодруулж  өгдөг санагддаг. Тухайлбал, киноны дууг эхлээд сонсоход энгийн дуу шиг санагддаг бол киног нь үзсэний дараа дахин сонсоход сэтгэлд илүү ойр, гүн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс би шинээр гарсан дууг сонсохдоо зөвхөн ая, үгнээс гадна тухайн дуу хэрхэн, ямар түүхтэй бүтсэнийг нь мэдэхийг хүсдэг.

О.Ариунтуяа: Залуус нэг жанрт баригдахгүй, дууныхаа утга санааг ойлгож, үг, аялгууг нь мэдэрч сонсож байна

-Би багаасаа дуу сонсох дуртай хүүхэд байсан. Аль нэг төрөл жанрт баригдахгүйгээр монгол, гадаад, хуучны болон орчин үеийн өөрт таалагдсан бүх дууг сонсдог.

Хүн бүрийн сонирхол өөр. Магадгүй орчин үеийн залуус рок поп, хип хоп дуунуудыг илүү сонсдог байх. Ингэхдээ дууныхаа утга санааг ойлгож, үг, аялгууг нь мэдэрч сонсож байна. “Би тийм төрлийн дуу сонсдоггүй” гэх байдал харьцангуй бага болж байгаа санагддаг. Би нийтийн дуучдаас гэхэд Л.Болдбаатар дуучны дуунуудад дуртай.

Аливаа уран бүтээлч дуу хөгжмөөрөө дамжуулж, нийгэмд нөлөөлөх боломжтой санагддаг. Дуу хөгжимгүйгээр амьдралыг төсөөлшгүй шүү дээ. Хэд сонссон ч уйдамгүй сонсоод л баймаар дуу гэж байдаг. Дуу хүнийг амьдруулж ,тайтгаруулж байдаг шидтэй зүйл. Шинэ уран бүтээл төрөхөд дууны үг болоод аяыг түрүүлж анзаардаг. Дараа нь  уран бүтээлчийн дуулалт, хөгжмийн найруулга, клипний зохиол зэргийг хардаг.

ThunderZ-гийн “Гэгээн” дууны үг аялгуу, клипний зураг авалт, хөгжмийн найруулга, зохиол, дүр гээд бүгд өөр түвшинд байж чадсан. Тийм учраас энэ дуу олны анхаарлыг татаж байгаа болов уу. Дуу цацагдаад хэдхэн цагийн дотор олон мянган үзэлт авсан байна. Өнгөрсөн түүхээ сануулан таниулж, сэтгэл уярааж, бодол ухааруулсан онцгой бүтээл хийсэн уран бүтээлчдэд баяр хүргэе.

М.Сэцэнзол:  Гашуун түүхийг эргэн санаж, сэхээрч явах сэдлийг төрүүлсэн

-Сүүлийн үед тайван, уянгалаг аястай дуунууд их сонсож байна. Ажил, хичээлийн ачаалал их үед ийм дуу сэтгэл санааг арай хөнгөлдөг юм шиг санагддаг.  Залуус орчин үеийн поп, хип хоп хөгжмийг илүүтэй сонсож байгаа нь анзаарагддаг. Ялангуяа шинэ үеийн уран бүтээлчид хувь хүний орон зай, эрх чөлөөг уран бүтээлдээ тусгаж, сонсогчдыг ихээр татах болсон. Харин надад сүүлийн үед уламжлалт монгол хөгжмийн элементүүдийг орчин үеийн хөгжмийн хэлбэртэй хослуулсан бүтээлүүд сонирхолтой санагдаж байгаа. Жишээ нь, морин хуур, хөөмий, уртын дуу зэрэг уламжлалт өвийг орчин үеийн поп, рок, электрон хөгжимтэй уялдуулсан. Эдгээр нь залуучуудад үндэсний өв соёлоо орчин цагийн хэлбэрээр харах, сонсох, мэдрэх, түүгээрээ бахархах, мөн даяаршлын нийгэмд соёлын дархлааг хадгалах, шинэчлэн хөгжүүлэх чухал илэрхийлэл болно. Биднийг хүүхэд байхаас л аав ээж нар маань ардын зүйр, цэцэн, мэргэн үгсээр зааж, сургаж, хүмүүжүүлж ирсэн шүү дээ. Тиймээс дууны үг, утга нийтийн ухамсарт хүрч, өөрчлөх боломжтой. Мөн дуу хөгжим бол хамгийн хурдан, өргөн хүрээг хамардаг соёлын хэрэгсэл. Тиймээс зөв утга санаа, ёс зүй, үнэт зүйл, түүх, өв соёл, нийгмийн асуудлыг уран сайхны хэлбэрээр илэрхийлж хүмүүсийн ухамсар, үзэл бодлыг нь төлөвшүүлэх боломжтой санагддаг.

Дуучид шинэ уран бүтээл гаргахад эхлээд тухайн бүтээлээрээ ямар санаа, мессежийг нийгэмд хүргэхийг зорьж байна вэ гэдгийг анхаардаг. Уран бүтээл нь сонсголонтой байхаас илүү бодит утга, агуулгатай байх нь чухал санагддаг. Үүний дараа ая, клипний зохиол, зураг авалт, найруулга зэрэг хоорондоо хэр зохицсон байгааг хардаг. Мөн тухайн дуу нь гарч буй цаг үеийнхээ нийгмийн уур амьсгал, эсвэл түүхэн цаг үе, мөн сонсогчдын сэтгэл зүйтэй хэрхэн нийцэж байгаа нь чухал санагддаг.

ThunderZ-ийн шинэ дуу “Гэгээн” бол яах аргагүй үг, аялгуу, клипний зохиол, зураг авалт зэрэг нь дууг зүгээр нэг сонсдог, клипийг нь зүгээр нэг үздэг ойлголтоос илт давсан маш сайн бүтээл болсон. Мөн сайн уран бүтээл үзэж баясахын зэрэгцээ өнгөрсөн түүх, үзэж туулсан зовлон, шаналал, гашуун үнэнийг эргэн санахын эмзэглэл, гуниг төрсөн. Өнгөрсөн зуунд бидний туулсан, хэзээд мартаж, давтаж үл болох, аль л эрдэмтэй, чадалтай мэргэд, хэдэн арван мянган гэм зэмгүй ардын амь насыг хилсдүүлэн хөнөөсөн их хэлмэгдүүлэлт, түүний түүхэн сургамжийг энэ бүтээл харуулж чаджээ. Мэдээж энэ бүхнийг хэдхэн минутад хүүхэд, залуус бүрэн ойлгож ухаарахгүй. Гэхдээ тэр бүхнийг эргэн санаж, сэхээрч явах сэдлийг энэ дууг сонссон хэн бүхэн авсан биз ээ.

Эх сурвалж: П.Лхагважаргал "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна9 цаг 17 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.