Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл


1-р сарын 29
11 цаг 19 минут

       Сүүлийн үед Гренландад хяналтаа тогтоохыг эрмэлзэж байгаагаа АНУ ил тод мэдэгдэх болов. Энэ бол Арктикийн бүс нутагт өргөжин тэлж буй Орос, Хятадын нөлөөнөөс АНУ өөрийгөө болон Европын холбоотнуудаа хамгаалах цорын ганц арга мөн гэдгийг Ерөнхийлөгч Д.Трамп түншүүддээ итгүүлэн үнэмшүүлэхийг эрмэлзэж байна.

Үүний зэрэгцээ тэрбээр Гренландыг авахын тулд хүч хэрэглэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд уг асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг Дани, Гренланд хоёроос шаардлаа.

Д.Трампын өөрийнх нь хэлснээр “мөсний хэлтэрхий” болох Гренланд бол 83 хувь нь мөсөөр хучигдсан, далайн түвшнээс дээш 3400 м-ийн өндөрт оршдог дэлхий дээрх хамгийн том арал юм. Түүний хэлснээр, уг арал дээр Данийн гэхээр ул мөр огт байхгүй бөгөөд зөвхөн АНУ л энэхүү “аварга том мөсний хэлтэрхий”-г хамгаалан хөгжүүлж чадах ажээ.

Уарлаас асар том мөсний хэлтэрхийнүүд үе үе гэнэт салж, нүсэр том мөсөн уулнуудыг үүсгэдэг бөгөөд тэдгээрийн нэг нь “Титаник” хөлөг онгоцыг сүйрэлд хүргэсэн билээ. 

Газарзүйн хувьд Гренландын арал бол Хойд Америк тивийн нэгэн хэсэг бөгөөд хойд америкийн литосферийн тектоник хавтан дээр,  Хойд Америк ба Европын дунд Атлантын ба Хойд мөсөн далайгаар хүрээлэгдэн оршдог бөгөөд тэндээс Хойд туйл хүртэл 800 км зайтай. Монголын нутгаас 40 хувиар илүү том, 2 сая 166 мянган хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн орших энэхүү “мөсний хэлтэрхий”-ний зузаан нь 1650 м бөгөөд арлын эргийн шугамын урт нь 44 мянган км ажээ. Мөсөн талбайгаас чөлөөлөгдсөн эргийн дагуух 80 км өргөнтэй бүсэд л хүн амьдрах боломжтой. Харин түүх, улс төрийн хувьд Европтой тивтэй нягт харилцаа холбоотой.  

Гренландын товч түүх

Энэхүү мөсөн арал өвөрмөц сонин түүхтэй. Түүнийг өнөөгийн эскимосуудын өвөг дээдэс одоогоос 4 мянга орчим жилийн өмнө анх нээсэн бөгөөд тэд ан гөрөө хийж, загасчлан амьдарч байжээ. Харин үүнээс хойш 2 мянган жилийн дараа Гренландын арал гэнэт эзгүйрэн хоосорч, манай эриний эхэн хүртэл хүнгүй зэлүүд газар байв.

Европчууд энд X зууны үед анх ирсэн бөгөөд тодруулбал, Гренландын ногоон эрэгт хамгийн түрүүнд буусан хүмүүс бол Исландын викингчүүд гэж үздэг. Хүн амины хэрэг үйлдээд Исланд орноосоо хөөгдөн цөлөгдсөн норвег гаралтай викинг болох Эрик Рауда гэгч эр арал дээр ирснийхээ дараа амьдрахад тохиромжтой газар болохыг нь олж мэдээд гэр бүлээ авчрахаар шийджээ. Уг газарт Greenland буюу “Ногоон газар” гэдэг нэр өгөөд  Исландад буцаж ирсэн тэрбээр Гренланд бол амьдрахад таатай газар болохыг ухуулан сурталчилжээ. Ингэснээр удалгүй арал дээр викингчүүдын Eystribyggd гэдэг анхны суурин бий болов. Цаг хугацаа өнгөрөх тусам суурингууд олширч, викингчүүд мал маллаж, загас барьж, далайн амьтдыг агнаж амьдрах болжээ. 

Ингээд 1261 онд гренландчууд Норвегийн хаанд үнэнч гэдгээ илэрхийлэн тангараг өргөсөн бөгөөд үүнийхээ хариуд хэрэгцээт бараагаа авч байхаар тохиролцсон боловч эх газраас хэт хол тул өөрсдөө бие даан амьдрахаас аргагүйд хүрэв.

Тухайн үед арлын уур амьсгал амьдрахад харьцангуй таатай байсан тул суурингууд нэмэгдсээр, скандинавчуудын тоо 6 мянгад хүрчээ. Харин 15 дугаар зууны үед викингчүүд Гренландыг гэнэт орхин явсан гэдэг. Үүний учрыг эрдэмтэд өнөөг яг таг тайлж чадаагүй байгаа бөгөөд тахал дэгдсэн, хэт хүйтэрсэн, уугуул оршин суугчид халдан довтолсон гэгчлэн янз бүрийн таамаг дэвшүүлдэг.

XIV зууны үед Норвег, Исланд, Гренланд арлууд Данийн бүрэлдэхүүнд орсон бол 1350 онд Хойд Америкийн уугуул иргэд болох инүитүүд Гренландыг эзлэн авч, европчуудыг хөөн явуулсан гэж үздэг эрдэмтэд бий. Зарим эрдэмтдийн таамаглаж буйгаар, далайн түвшин гэнэт нэмэгдсэнээр үржил шимтэй газрууд усанд автаж, давсаар бүрхэгдсэн тул викингчүүд эх газар руу буцахаас аргагүйд хүрчээ.

Европчууд буцаж ирсэн нь буюу Данийн колончлол

Олон жилийн дараа буюу 1721 онд дани-норвег гаралтай шашны номлогч Ханс Эгеде викингчүүдийн үр удмынхныг хайн олж, тэднийг Христийн шашинд оруулахын тулд Гренландыг зорьжээ. Арал дээр очиход тэнд зөвхөн инүитүүд байсан бөгөөд тэрбээр Готхоб гэдэг сууринг /одоогийн нийслэл Нүүк хот/ байгуулан суурьшжээ.

Ингэснээр Гренландын хувьд Данийн колончлолын үеийн орчин цагийн түүх бичигдэж эхлэв. Гэсэн хэдий ч Данийн нөлөө бэлгэ тэмдгийн чанартай байсны зэрэгцээ тус арлыг XX зуун хүртэл их гүрнүүд огт сонирхдоггүй байлаа.

Гэтэл 1940 онд байдал өөрчлөгдөж, Гитлерийн цэргүүд Дани улсыг эзлэн авав. Эх газартайгаа холбоо тасарсан гренландчууд АНУ-аас тусламж хүслээ. Тус арал стратегийн чухал ач холбогдолтой болохыг мэдэрсэн америкчууд Хойд Атлантыг хянаж, Германы шумбагч хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүйн тулд Гренландад цэргийн баазуудаа байгуулав.

"Хүйтэн дайн" дөнгөж эхэлж байх үед буюу 1946 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Харри Трумен уг арлын стратегийн ач холбогдлыг үнэлээд 100 сая доллароор худалдан авах саналыг Данийн талд тавьж байсан гэдэг. 

Улмаар 1951 оны дөрөвдүгээр сард Дани, АНУ хоёр 14 зүйл заалт бүхий Гренландын “Батлан хамгаалах хэлэлцээр”-ийг байгуулж, түүний хүрээнд арлын баруун хойд хэсэгт “Туле” агаарын цэргийн баазыг байгуулжээ. Энэ бол ЗХУ-ын пуужингийн довтолгооноос эрт сэрэмжлүүлэх системийн бүрэлдэхүүн хэсэг юм. Ийнхүү “Хөлдүү хязгаар нутаг” байсан Гренланд геополитикийн тоглолтын чухал цэг болон хувирчээ.

1978 онд тус арал Данийн бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэйгээр багтсан бөгөөд бие даахыг эрмэлздэг инүитүүд Данийн далбааг өөрсдийн далбаагаар сольж, Исланд, Фарерийн арлууд болон Канад, Оросын эскимосчуудтай нягт харилцаа тогтоов. Гэсэн хэдий ч Гренландын эдийн засаг Даниас жил бүр олгодог 600 сая долларын татаасаас ихээхэн хамааралтай хэвээр байна.

Мөсөн дорх баялаг ба геополитикийн өрсөлдөөний талбар

Өнөөдөр мөсөн арал дэлхий нийтийн анхаарлын төвд дахин орлоо. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Гренландын мөс хайлж байгаа нь нефть, хий, газрын ховор элементийн ордуудад хүрэх замыг дөт бөгөөд эрсдэл багатай болгож байна. Мөн уг арал Арктикаар дамжих худалдааны замуудын уулзвар дээр оршдог тул Барууны орнууд төдийгүй Орос, Хятад хоёрын сонирхлыг татах болов.  

Дээр дурдсан 1951 оны хэлэлцээрийн дагуу Гренланд арлыг Данийн нутаг дэвсгэр болохыг АНУ албан ёсоор хүлээн зөвшөөрч, аливаа цэргийн үйл ажиллагаа нь Данийн Засгийн газрын зөвшөөрлөөр явагдана хэмээн тохиролцсон байна. Харин хувьсан өөрчлөгдөж буй геополитикийн бодлогод сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан томоохон өөрчлөлтүүд, технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад дээрх тохиролцооны зарчим, агуулга өөрчлөгджээ.

Өмнөх ерөнхийлөгч Ж.Байдены үед буюу 2022 онд баталсан Арктикийн бүс нутагт хэрэгжүүлэх үндэсний стратегийн баримт бичигт Гренландыг дурдаагүй боловч Хойд Атлантын ба Арктикийн бүс нутаг бол АНУ-ын аюулгүй байдлыг хангах, пуужингийн довтолгооноос эрт сэрэмжлүүлэх чадавхийг сайжруулахад чухал ач холбогдолтой зангилаа газар хэмээн тодорхойлжээ.

Улмаар ерөнхийлөгч Д.Трамп дахин сонгогдсоноор АНУ–Данийн харилцаа ээдрээтэй болж, Гренланд арлыг худалдаж авах эсвэл цэргийн хүчээр хавсарган нэгтгэх хувилбарууд яригдаж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн АНУ ба Дани, Гренланд, АНУ ба НАТО-гийн харилцаанд зөрчилдөөн үүслээ. Харин саяхан болсон Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Рютте “маш үр дүнтэй уулзалт” хийж, Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд хүрснээр дээрх зөрчлийг түр ч атугай намдаав.

Гренланд арал 1979 онд автономит эрхтэй болж, 2009 онд энэхүү эрхээ өргөжүүлснээр илүү биеэ даасан статустай болох чиглэлд итгэлтэй урагшилсаар байна. Үүний сацуу их гүрнүүдийн ашиг сонирхлын хүрээнд явагдаж буй чимээгүй өрсөлдөөний талбар болжээ. Түүхэн цаг хугацааны үүднээс саяхныг хүртэл хэнд ч хэрэггүй, эзгүй хоосон, хөлдүү хязгаар нутаг гэгдэж байсан Гренландын арал Арктикийн төлөөх тэмцлийн нэгэн гол талбар, геополитикийн амбицийн тусгал болж хувирсан байна.

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа20 минут 52 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 11 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 20 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 23 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 цаг 27 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 цаг 30 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 цаг 34 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 цаг 39 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 5 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 10 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 10 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 16 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 21 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.