Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр саяхан “Ирэх хаврын улс төр халуухан болно” гэж мэдэгдсэн. Гол дүр нь хэн байх бол... Намрын халуун өдрүүдийн улс төрийн гол дүр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар байсан. Харин энэ хаврын халуухан улс төрийн гол дүр нь бас л Ерөнхий сайд Г.Занданшатар байх нь тодорхой. Яагаад! Тэрбээр 2015 онд ингэж хэлж байжээ. “Дур зоргоороо, өөр өөрсдийнхөөрөө, тэр нь цэгцрээгүй, уялдаа холбоогүй, эмх цэгцгүй тогтолцоо руу яваад байна. Энэ чигээрээ явбал маш аюултай. Нийгэмд хаос бий болж, эмх замбараагүй байдалд орно. Юу болохыг бид таашгүй” гэж... Хашир туршлагатай улстөрчийн үг мөн. Сошиалынхны хэлдгээр, Г.Занданшатар баялгийн хулгайч нар Монголд авлигын нэн шинэ мөсөн уулын оройд заларч, тамгатай төрийг “Тамгагүй төр” нь эзэгнэж, “Ардын дайсан” тодруулах өндөр төлбөртэй, өргөн фронттой суртал ухуулга явуулж, орд газруудыг онилсон хөлсний армийнхнаар хүч нэмж, хагарал талцал, турхиралт, өдөөн хатгалгаар хахсан хаос Монголд нүүрлэхийг аль 2015 онд сошиалынхны хэлдгээр Ванга шиг хэлж байсан нь энэ. Худлаа гэвэл өнгөрсөн он жилүүдэд юу болоод өнгөрснийг эргэн санацгаа даа. Улс төр гэдэг ой санамж!
Г.Занданшатар УИХ-ын дарга байхад буюу 2019 онд УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг таван сар гаруй буюу 158 хоног хэлэлцэж, УИХ-ын 64 гишүүний 100 хувийн саналаар баталж байв. Харин одоо тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд. Үндэсний баялгийн сангийн гол авторын хувьд Г.Занданшатар Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь заалтыг байнга онцолдог.
-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
Энэ бол Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа батлуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2... Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн намар “Эв нэгдэл шударга ёс дээр тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй”, “Баялгийн сан авлигын сан болох ёсгүй”, “Үндэсний баялгийг ард түмэнд тэгш, шударга хүртээнэ” хэмээн Монголын улс төрийн цаг агаарыг дээд цэгт нь хүртэл улайсгаж, хатуу үнэнийг илчилж байсны гол учир ийм. Г.Занданшатар гэдэг хувь улстөрч хийгээд Монгол Улсын Ерөнхий сайдын баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн цаад зорилгыг ойлгоё гэвэл Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь заалтыг унших хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа батлуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу, бас Үндэсний баялгийн сангийн гол авторын хувьд баялгийн хулгай нүүрлэсэн гол цэгийг хатгасан нь өнгөрсөн намрын халуун улс төрийг улам өрдсөн хэрэг.
Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулаад зогссонгүй. Түүний улс төрийн идеологи нь Цэгцрэх хөдөлгөөн. Тиймээс 20 шахам жил яригдсан ч нэмэлт өөрчлөлт оруулж чадаагүй байсан Үндсэн хуулийн шинэчлэлийг хийснийхээ дараа буюу 2022-2023 онд УИХ-ын даргын индрээс баялгийн хулгайтай хийх тэмцлээ хийсэн. Нүүрсний хулгайч нарт хуулийн хариуцлага тооцохыг тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр холбогдох албан тушаалтнуудад сануулж байв. УИХ-ын даргын хувьд захирамж гаргаж, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол явуулж, ард түмний мэдэх эрхийг хангасан улстөрч бол Г.Занданшатар. Ши Жиньпин “Авлигатай тэмцвэл нам маань сүйрнэ. Авлигатай тэмцэхгүй бол улс орон маань сүйрнэ” гэж хэлсэнчлэн Г.Занданшатарт хүний, өөрийн намын авлигачидтай Үндсэн хуулийн дагуу тэмцэх амар байгаагүй нь тодорхой. Гэвч тэрбээр Цэгцрэх хөдөлгөөнөө идэвхжүүлсэн. Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр 7.8 их наяд төгрөгийн зээлийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Нүүрсний хулгайн ерөнхий хяналтын сонсгол явуулах захирамж гаргаж, 225 иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнууд оролцож, улстөрчид хийгээд ард иргэдийн үгсийн санд “Оффтэйк гэрээ” гэдэг нэн шинэ үг нэмэгдсэн. Нүүрсний хулгай тойрсон дуулиант сэдвээр 2023 оны арванхоёрдугаар сард нотлох баримт шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан нь Монголын улс төр, нийгэмд том доргилт болж байв. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохдоо “Би үнэн Ерөнхий сайд байна” гэж хэлж байсан. Харин тэрбээр УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Хөгжлийн банк, нүүрсний хулгайн талаар нээлттэй сонсгол явуулж, ард иргэдэд хатуу үнэнийг ямар ч хаалт хориггүй илчилсэн удаатай.
Улс төрийн хроникийг эргэн сануулъя. 2025.10.30... Ерөнхий сайд Г.Занданшатар Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулснаа мэдэгдлээ. Тэрбээр энэ үеэр “Уул уурхай, баялгийн хулгайтай холбоотой тусгай ажлын хэсэг байгуулж байна. Үүнийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах ёстой. Тийм ч хэрэг, ийм ч хэрэг, 44 их наяд гэж ярьцгаадаг. Жагсаал цуглаан ч боллоо. Олон хэргийн талаар олон жил шуугилаа. Зарим гэмт хэргийг хууль тогтоомжийн дагуу сэргээн шалгах шаардлагатай. Үндсэн хуулийн 6.2-ын дагуу уул уурхай, газрын хэвлийн баялаг бол ард нийтийн өмч. Баялгийн хулгай олон хэлбэр төрөлтэй болж, шахааны бизнес цэцэглэсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нийтийн өмчийг ашиглаж шамшигдуулсан, нийтийн албан тушаалтнуудын сүлжээ байгуулсан, танил тал, нутаг усны шинж чанартай томилгоо хийж бүлэглэл үүсгэсэн байдал төрийн өмчит компаниудад хавтайрсныг анхаарч, хариуцлага тооцно. Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Нууцалж гэрээ байгуулдаг үзэгдлийг таслан зогсоож, хяналттай болгох хэрэгтэй” гэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч байсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар тоо боддог, тоо ярьдаг улстөрч. Тэрбээр “Намайг Ерөнхий сайдаар анх томилогдоход улсын төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүсэж, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан байсан. Энэ нь нүүрсний үнэ буурснаас шалтгаалсан. Тиймээс би ажлаа аваад улсын төсвийг түүхэнд анх удаа 2.2 их наяд төгрөгөөр хэмнэсэн төсвийн тодотгол хийсэн. 2025 оны наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд 2025 оны наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашиг нь гурав дахин өссөн. Орлого 1.3 дахин, олборлолт 1.1 дахин нэмэгдсэн. Энэ бол тэнд бугшсан хулгайтай тэмцсэний үр дүн. Хулгайтай тэмцсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрч, валютийн нөөц 5.7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарлаа” гэж мэдэгдсэн нь өнгөрсөн намар. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 22-нд MCS-ийн Ж.Оджаргал, МАК-ийн Н.Цэлмүүн, “Энержи ресурс”-ийн Г.Батцэнгэл тэргүүтэй уул уурхайн орд газруудын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзаж, Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухайд тэднээр “За” гэж хэлүүлж байв.
2025.10.08... Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн ордон дахь улс төрийн хэмийг дахин дээд цэгт нь хүргэв. Тодруулбал, энэ өдөр Засгийн газар хуралдаж, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай тогтоолын төслийг баталсан юм. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгын ажлын гэрээ, нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээ, хэлэлцээрүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна энержи” компанийн хооронд хийсэн яриа хэлэлцээ, баримт бичгүүдийг ил болгох чиглэлийг өгсөн. Нууц гэрээнүүдийг төрийн нууцаас ийнхүү гаргасны дараа Их гурвал буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогчид болох Moody’s, S and P Global ratings, Fitch ratings Монгол Улсын зээлжих зэрэглэлийг түүхэн дээд хэмжээнд үнэлсэн. Баялгийн хулгайтай тэмцэж, эдийн засгаа сэргээх Засгийн газрын үйл ажиллагааны нэг гол үр дүн энэ. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа батлуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндэсний баялгийн сангийн гол авторын хувьд баялгийн хулгайтай хийх NON-STOP улс төрөө үргэлжлүүлж байна. Б.Энхбаярын хэлсэнчлэн ирэх хаврын халуухан улс төрийн гол дүр нь Ерөнхий сайд Г.Занданшатар, харин түүний тэмцлийн гол бай нь баялгийн хулгай. Баялгийн сангийн гол автор нь Г.Занданшатар гэдэг Монгол төрийн ой санамж...
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна
Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна
Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо
УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо.gif)

Сэтгэгдэл бичих