Ж.Чинбүрэн: Вакцинжуулалтыг 95 хувьд хүргэхгүй л бол цагаан сарын дараа улаанбурхны дэгдэлт нэмэгдэнэ


2-р сарын 10
10 цаг 50 минут

     Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрүүл мэндийн сайдын хувьд ямар ажлуудад голлон анхаарч байна. Сүүлийн үед анхаарч, ажиллаж байгаа асуудлаараа та мэдээлэл өгөхгүй юу?

-Гол анхаарал маань салбарын ажилтнуудын цалин, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад төвлөрч байна. Манай эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалин олон жил нэмэгдээгүй, даатгалын сангаас санхүүжилт нь бүрэн хүрэхгүй байсан учраас энэ асуудал сүүлийн үед онцгой чухал болчихлоо. Мөн аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд ажиллахдаа өрх, сумдын ЭМТ-ийн үйл ажиллагааг үзэж, санхүү, хүний нөөц, тоног төхөөрөмж, санал хүсэлтийг нь сонсож байна. 2026 оны төсөв батлагдсантай холбогдуулан салбарын санхүүжилт, цалин нэмэх, хөрөнгө оруулалтын асуудлыг анхаарч ажиллаж байна. Хамгийн гол нь цалинг нэмэхэд төвлөрч ажилласан. Өнгөрсөн нэгдүгээр сарын цалин дээр улс даяар эрүүл мэндийн салбарынхны цалинг 30 хувиар нэмлээ. Цаашид 8-12 дугаар сард тус бүр есөн хувиар нэмээд, нийтдээ 75 хувийн өсөлт 2026 онд бүрэн хэрэгжинэ. Өмнөх жилүүдэд санхүүгийн сахилга бат алдагдсан. Үүнийг засч, залруулах бодлого авч хэрэгжүүлээгүй байсан бол 2025 онд 520 тэрбум төгрөгийн өртэй гарахаар байлаа. 2024 оны 316 тэрбум төгрөгийн өрийг 2025 онд төлж барьснаар нийт өрөө 800 гаруй тэрбумд хүрэхээс сэргийлсэн

Өөрөөр хэлбэл, даатгалын сан буюу эрүүл мэндийн салбар өөрөө элгээрээ хэвтэх өндөр эрсдэлтэй байсан учраас санхүүгийн сахилга батыг маш сайн хэрэгжүүлсэн. Өмнө нь лабораторийн шинжилгээ, витамин зэрэг нэмэлт үйлчилгээ рүү их мөнгө зарцуулдаг байсан. Жишээ нь, жилд 20 орчим тэрбум төгрөг лабораторийн шинжилгээний зардалд зарцуулагдаад, хүний амь насанд аюултай өвчнийг эмчлэхэд зарцуулагдах мөнгө багасдаг. Бид одоо өвчнийг эрт илрүүлж, оновчтой эмчилгээ хийдэг тогтолцоонд шилжиж байна.

-Ер нь даатгалын сан зөв чиглэл рүүгээ орж байна гэж ойлгож болох уу?

-Тийм, зөв чиглэл рүүгээ орох гэж байна. Манай даатгалын сангийн гол зорилго бол иргэд өвдсөн үед шаардлагатай тусламж үйлчилгээ авах боломжийг л хангах асуудал. Харин энэ сангийн бодлого буруу явсны хамгийн том шалтгаан нь даатгалын тэнцвэржилтийг хангахгүй явж ирсэн нь алдаа болсон. Тухайлбал, төрөөс шимтгэлийг нь даадаг иргэд гэж байгаа. Тэдний цалингийн доод хэмжээний хоёр хувийг улс төлж байгаа. Харин ажил эрхэлж байгаа хүн даатгалын хоёр хувийг, мөн ажил олгогч хоёр хувийг нийлээд дөрвөн хувийг төлдөг. Энэ зөрүүгээ л бид тэнцвэржүүлэх шаардлагатай. Хамгийн их тусламж үйлчилгээ авдаг нь төрөөс шимтгэлийг нь дааж байгаа иргэд байдаг. Үүнээс болж сангийн орлого болон зарцуулалт хооронд зөрүү үүсч, сан хямарч ирсэн. Тэгэхээр бид 2026 онд эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, даатгалын хувь хэмжээг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна. Ний нуугүй хэлэхэд, эрүүл мэндийн даатгалын хураамж тийм өндөр биш. Гэхдээ бид ард түмэндээ татварын дарамт үзүүлэхгүй гэсэн том зорилттой байгаа. Тэгэхээр иргэдэд ачаалал болгохгүйгээр энэ хувийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг хуулийн зөв гаргалгааг хайн ажиллаж байна.

-Хувийн хэвшилтэй хамтарч ажиллах талаар юу хэлэх вэ?

-Төр хийж чадахгүй байгаа тусламж үйлчилгээ, технологи шингэсэн тусламжийг хувийн хэвшилд даалгаж, санхүүжилт олгодог тогтолцоог хэрэгжүүлж байна. Гемодиализын тусламж, хөнгөвчлөх тусламж гэх мэт. Энэ нь зөвхөн хувийн эмнэлгүүдийг санхүүжилт өгч амьд байлгая гэж байгаа зүйл огт биш. Нөгөөтэйгүүр шударгаар үнэнээ хэлж байгаа нэг зүйл нь сувиллын газруудыг даадгаа больё гэж байгаа юм. Энэ нь нийгмийн халамжийн бодлогоороо явна байх. Бидний хувьд яг өвдсөн хүмүүсийн амь насыг аврах чиглэлд л илүү анхаарах ёстой. Түүнээс биш сувилал талдаа илүү санхүүжилт өгөхөө зогсооё гэж байна. Харин уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмнэ. Энэ нь иргэдэд сувиллын биш, уламжлалт анагаах ухааны үйлчилгээ хүргэх зорилготой.

-Сүүлийн үед баригдсан шинэ эмнэлгүүдэд ажиллах хүний нөөц дутагдалтай байна гэж хүмүүс ярьж байна...

-Энэ үнэн. Зүгээр л барилга барихад төсөв тавьсан байхад хүний нөөцийг урьдчилан тооцоогүй бол амьдралд хэрэгжихгүй. Тиймээс бид кластерын бүтэц буюу тухайн оршин суугаа хэсгийн хүн амын өвчлөл, шаардлагатай тусламжийг урьдчилан тооцсон цогц системээр ажиллаж байна. Ингэхгүйгээр хаа хамаагүй эмнэлгүүд барьдаг, тэр дотор нь тусламж үйлчилгээг нь харахаар 10 мянган хүн тутам ноогдох эмнэлгийн орны тоогоороо Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Гэтэл хүнд амь тэнцсэн, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний ор цөөхөн байна. Тиймээс бид хөрөнгө оруулалтаа хүний амь нас аврах чиглэлийн ор, тоног төхөөрөмж, хүний нөөцөд чиглүүлж байна.

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт энэ онд эрс нэмэгдсэн. Энэхүү хөрөнгө оруулалтаар ямар асуудлууд шийдэх чиглэлд ажиллаж байгаа вэ?

-2026 онд хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдийнхээс анх удаагаа 5.5 дахин нэмлээ. Энэ нь зөвхөн барилга биш, төсөл дээр суурилсан хөрөнгө оруулалт шүү гэж салбарынхандаа хэлж байгаа. Тухайлбал, 21 аймагт эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах төсөл хэрэгжих гэж байна. Аймаг бүрд доод тал нь 6-12 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж, зүрхний шигдээсийн аппарат, хүчилтөрөгчийн үйлдвэр, мониторингийн систем зэрэг цогц шийдлийг бий болгох юм. Мөн улс даяар өндөр тоноглосон түргэн тусламжийн 130 машин, нэгдсэн удирдлагатайгаар хүнээ тээвэрлэж явахдаа эмчилдэг байхаар шийднэ. Иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран амь тэнссэн тусламж цаг алдалгүй авах, сэргийлж болох нас баралтыг бууруулахад чиглэнэ гэсэн үг. Энэ амь тэнссэн үеийн чухал тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаг байх тогтолцоог бүрэн ажиллуулахын тулд 800 гаруй тэрбум төгрөг буюу 225 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Энэхүү том ажил энэ оноос эхлээд 2028 он гэхэд бүрэн хэрэгжсэн байхаар төлөвлөн ажиллаж байна.

-Өөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ямар том төсөл, арга хэмжээнүүд хийгдэхээр байгаа бол?

-Томоохон төсөл гэвэл, жишээ нь, Зүрх судасны төвийн барилга, 60 сая ам.долларын төсөвтэй. Үүнээс 36 сая нь зээл тусламж, 24 сая нь буцалтгүй тусламж. “Хавдар-2” эмнэлгийн ажил бас явагдаж байна. Энэхүү эмнэлгийн 34 тэрбум төгрөгийг бид төсөвт суулгачихсан. Мөн Экзим банк болон БНСУ-ын талтай хамтран тоног төхөөрөмж нийлүүлэх, төсөвлөх, удирдлага зохион байгуулах ажлуудыг зохион байгуулж байна.

-Сүүлийн үед иргэд гадагшаа эмчлүүлэх урсгал хэр байна вэ

Жишээ нь, Хөх хот руу очиж эмчлүүлэх монголчуудын тоо эрс нэмэгдсэн гэж ярьж байна шүү дээ...?

-Монголын иргэд жилд 130 гаруй сая ам.долларыг гадагшаа эмчилгээний зардалд зарцуулж байна гэж саяхан Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлсэн. Энэ зөвхөн тухайн иргэдийн эмчилгээтэй холбоотой зардал. Үүнийг дагаад тухайн өвчтөнтэй хамт ах дүүс, үр хүүхэд нь хамт явж байгаа. Мөн аялал, байр буудлын зардал нэмэгдээд нийт 190–200 сая ам.доллар болдог. Энэ бол 21 аймагт түргэн тусламж сайжруулах төсөлтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө. Тиймээс энэ урсгалыг бууруулах нь иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг бодитой болгох чухал алхам юм. Иргэд эмнэлэгтээ, эмчдээ итгэж байвал эмчилгээний 20 хувь нь бараг биелж байна гэсэн үг. Бид зөв онош тавиад, эмчилгээний тактикаа зөв тодорхойлж чадвал эмчилгээний үр дүнгийн 50 хувь. Үлдсэн 30 хувь нь эмчийн чадвар, эмнэлгийн чадлаас хамаардаг. Тиймээс энэ бүрэлдэхүүний гол цөм болдог иргэдийнхээ эрүүл мэндийн салбартаа итгэх итгэлийг олж, тэднийгээ олноор нь гадагш явуулж, эмнэлэг хайлгадаг биш, Монголдоо эмчлүүлэх тогтолцоог хэрэгжүүлэх нь яамны гол бодлого, зорилт юм. Иргэдэд төлөвлөгөөт болон яаралтай тусламжийг илүү хүртээмжтэй болгохын тулд хамтын төлбөр, төлбөртэй тусламжийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь даатгалын санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тул иргэд урсгалаар гадагшаа явах шалтгааныг багасгах зорилготой. Түүнчлэн Монголд шинэ технологиудыг нэвтрүүлэх шаардлага их байна.

-Нийгэмд Улаанбурхны өвчлөл өндөр байна гэж ярьж байна. Ер нь энэ өвчлөл ямар түвшинд байна вэ?

-Улаанбурхны өвчлөл 2025 оны хоёрдугаар сард дулаан орноос тээвэрлэгдэн ирсэн. Энэ хугацаанаас хойш бид вакцинжуулалт, нөхөн дархлаажуулалтыг амжилттай хийж, 1–6 насны хүүхдүүдийн дархлаажуулалтын түвшинг 69-70 хүртэл хувиар өсгөсөн. Үүний үр дүнд хүүхдүүдийг коридорт хэвтүүлэх шаардлага гараагүй. Гэхдээ

өвчлөл бүрэн тасрахгүй. Улаанбурхны халдвар хэзээ тасрах нь халдварын нөхцөл, вакцинжуулалтын үргэлжлэлээс шалтгаална. Иймд бид халдварыг хяналтдаа байлгах, урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байна. Вакцинжуулалтын түвшинг 95 хувиас дээш гаргачихвал өвчлөл бүрэн тасрах боломжтой. Гэвч өнөөдөр энэ түвшинг бүрэн хангаж чадаагүй учраас өвчлөл үргэлжилсээр байна. Өдөрт 23 тохиолдол гарч, хагас бүтэн сайнд багасч, дараа нь дахин нэмэгддэг. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт өнөөдөр 4-5 хүүхэд амьсгалын аппаратад байгаа. Нийт орон дээр 47-48 хүүхэд улаанбурхны шалтгаанаар хэвтэж байна. Үүний ихэнх нь вакцин хийлгээгүй, нөхөн дархлаажуулалт хийгдээгүй бага насны хүүхдүүд. Тиймээс дархлаажуулалтын эсрэг сурталчилгаа явуулж байгаа хүмүүсийг анхааруулах хэрэгтэй. Тэд хүүхдүүдийн амь нас, эрсдэлийг тооцохгүй байна. Бид урьдчилан сэргийлэх боломжоо бүрэн ашиглаж, хаалга бүрийг тогшиж вакцин хийж байна. Гэвч нөхөн дархлаажуулалтанд хамрагдахгүй байгаагаас асуудал тасрахгүй байгаа юм. Хатуухан хэлэхэд вакцинжуулалтыг эсэргүүцдэг, их мэдэмхийрдэг хүмүүс амь нас нь эрсдэлд орсон, өвчлөл нь хүндэрсэн хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээж чадах уу. Эрүүл мэндийн салбар л ажлаа хийх ёстой, ажлаа хариуцах ёстой гэж нэг салбарт бүх асуудлыг даатгадаг хандлагаа одоо болих хэрэгтэй. Бидэнд хамгаалах, урьдчилан сэргийлэх боломж байна, тэр нь вакцинжуулалт гээд уриалаад байхад хийлгэхгүй явсаар өвчлөлд хүргэж байгаа нь зарим иргэдийн ухамсаргүй байдал гэж хэлмээр байна. Тиймээс эцэг эхчүүд, өвөө эмээ, ах эгч нар хүүхдүүдээ хамгаалж, вакцинжуулалтад хамруулж байх шаардлагатай.

-Удахгүй Цагаан сарын баяр болох гэж байна. Энэ үеэр өвчлөл нэмэгдэх үү?

-Мэдээж энэ баяраар ээж, аав ах дүүс, элгэн садан дээрээ очиж золгоно. Бие биенээ үнсэнэ. Энэ утгаараа ирэх гуравдугаар сарын дунд үеэс өвчлөл дахиад нэмэгдэнэ. Тиймээс бид дохиолол, удирдлагын төвийг ажиллуулж, эрчимтэй эмчилгээний ор, шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Яах аргагүйгээр энэ өвчлөл цагаан сарын баярын дараа нэмэгдэнэ. Тиймээс бид тэр үед бэлэн байхын тулд одооноос бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм. Эрүүл мэндийн салбарын урьдчилан сэргийлэх, вакцинжуулалт, цахим системийн хөгжил, эмийн хяналт зэрэг нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн тулгуур юм. Бид бүгдээрээ хичээж ажиллахгүй бол өвчлөл, нас баралтыг бууруулах боломжгүй. Иргэдээ вакцинжуулалтад хамруулж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх нь хамгийн чухал. Нөгөөтэйгүүр урьдчилан сэргийлэх, эрт оношлох тогтолцоо улам боловсронгуй болж, цахимжсан. Эмийн үнийн мэдээллийг ч цахим болгосон. Иргэд ямар эм хаана, ямар үнээр зарагдаж байгааг интернэтээр шууд харах боломжтой болсон. Жишээ нь, И-Монголиа системд орж, таван км-ийн радиус доторх аптек, үнэ, эмийн мэдээллийг авч болно. Үүний үр дүнд эмийн үнэ тогтвортой болсон, иргэдэд бодитой мэдээлэл хүрч байна.

-Хавдартай хүмүүсийн хэрэглэдэг эм, эм бэлдмэлүүдийн чанарт ахиц гарсан болов уу. Энэ талаар та ямар байдлаараа ажиллаж байгаа вэ?

-Хавдрын эмийн эмчилгээний чанарт нэлээд үсрэнгүй дэвшил гарсан. Манай иргэд “Хавдрын чанар муутай эмээр биднийг эмчилж, эндээс гаж нөлөө гардаг, үр дүн ч сул байна” гэж гомдоллодог байсан. Тиймээс бид эм үйлдвэрлэгч “Roche”, “As­traZeneca” зэрэг дэлхийн том брэндтэй тусгайлсан үнийн гэрээ хийж, чанартай, оргинал эм, эм бэлдмэлийг Монголдоо оруулж ирж, боломжийн үнээр худалдах нөхцөлийг бүрдүүллээ. Мөн хавдрын эмчилгээнд химийн тарианаас гадна “бай эмчилгээ”, хүний биеийн өөрийн дархлааг идэвхжүүлж, хавдрыг эмээр биш, хүний дархлааны эсээр устгах эмчилгээний шинэ төрлийг нэвтрүүлж, ЭМД-аар санхүүжүүлж байна. Нөгөөтэйгүүр санхүүгийн хувьд сахилга баттай байсан учраас 500 тэрбумын өрийг 190 тэрбум төгрөг болгож бууруулсан.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа5 минут 41 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна2 цаг 56 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 5 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 8 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 цаг 12 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 цаг 15 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 цаг 19 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 цаг 24 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 цаг 50 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг5 цаг 55 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна6 цаг 55 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 1 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 6 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа9 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.