Яагаад Москвагаас гэж...?
Үлгэр домгийн мэт Москва хотод сүүлийн 200 жил ороогүй их цас оржээ. Орос ардын үлгэрт гардаг мөнх ногоон гацуур цасан нөмрөгтэй, өнө эртний түүхт уран барилгууд нь эрхэмсгээр орших Москва хот шинэ жилийн гоёлтой, харин хуучин Арбатын гудамж нь найрагч Пушкинийг эхнэр Наталья Гончароватай хөтлөлцөн зогсож буйгаар урласан хүрэл хөшөөтэй, баруунаас зүүн, зүүнээс баруун тийш мандаринаар чимэглэсэн моддоор зүг чиг заах мэт энэ хотод тайван амгалан. Москва хот монголчуудын хувьд, түүх, дурсамж юм. Монгол Улсын тусгаар тогтнолын ээдрээт цагийн түүхэнд бичигдэн үлдсэн, энд сурч, ажиллаж, амьдарч байсан монголчуудын зүрх сэтгэлд “Москва орчмын үдэш” болон эгшиглэдэг, 2025 оны статистик мэдээгээр 13 сая 274 мянга 285 хүн амтай, дэлхийд тэрбумтнуудынхаа тоогоор тэргүүлдэг, бас дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын тоонд ордог, Оросын улс төр, эдийн засаг, бизнес, соёл, шинжлэх ухааны төв болсон Москва хотод Монгол төрийн 02 эрхэм хөл тавьсан нь УИХ-ын дарга Н.Учрал байлаа. Харин тэрбээр УИХ-ын даргын хувьд анхны гадаад айлчлалаа яагаад ОХУ-д хийх болов...! Сониуч, өөнтөгч, улстөрчид рүү хатуу ширүүн шүүмжлэлийг харамгүй шиддэг сошиал ертөнцийнхний гол сэдэв ч энэ байв.
Хуанлийн хуудсыг эргэн сөхвөл, Н.Багабанди 1994 онд, Р.Гончигдорж 1997 онд, С.Төмөр-Очир 2002 онд, Н.Энхбаяр 2005 онд, Ц.Нямдорж 2006 онд, Д.Дэмбэрэл 2009 онд, З.Энхболд 2015 онд, М.Энхболд 2016, 2018 онд, Г.Занданшатар 2023 онд УИХ-ын дарга байхдаа ОХУ-д айлчилж байжээ. Монгол, Орос мөнхийн хөрш. Монголын төр залгамж чанартай. Хойд хөршид айлчилж байсан үе үеийн УИХ-ын дарга нарын ярьдаг сэдэв нь “Их өр”-ийг тэглэх, эрчим хүч, шатахуун, “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”... Харин УИХ-ын дарга Н.Учралын айлчлалын үеэр нэгэн шинэ сэдэв нэмэгдсэн нь Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр юм. Энэ тухай эргэн сануулахад, Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдаан, Евразийн эдийн засгийн IV чуулган 2025 оны зургадугаар сарын 26-27-нд Беларусийн нийслэл Минск хотод болсон. Н.Учрал тухайн үед Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, гарын үсэг зурсан нь Н.Учрал. Харин Евразийн эдийн засгийн холбооныхонтой хэлэлцээрийн ширээний ард сууж, Монгол Улс түр хэлэлцээрт нэгдэх үү, яах вэ гэдэг яриа хөөрөө өрнөсөн нь 10 жилийн түүхтэй.
УИХ-ын дарга Н.Учрал нас залуу ч улстөрчийн хувьд нялх зоригтой нэгэн биш. Тиймээс Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрээр Монголын эдийн засагт нэн шинэ гарц нээхээр Москваг зорьсон юм. ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз бол Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд. Орос бол их гүрэн. “Бид бол империя” гэдэг их гүрний амбицтай. Өрнөдийнхөн өөрсдийнх нь эсрэг “Red flag” өргөчихсөн байгаа энэ үед оросууд “Бид дотооддоо бүгдийг үйлдвэрлэнэ, бүтээнэ” гэсэн улс төр, эдийн засгийн идеологио хэрэгжүүлж байна. Харин Украинд дайн эхэлсний дараахан ОХУ-ыг орхин гарсан гадаадын хөрөнгө оруулагчдыг Казахстаны төр засгийнхан эх орондоо урьсан. Хэдийгээр ТЭД Евразийн эдийн засгийн холбоо хэмээх нэгэн дээвэр дор нэгдсэн ч улс орныхоо эдийн засгийг хүчирхэгжүүлэх өөр өөрсдийн гэсэн бодлоготой. УИХ-ын дарга Н.Учралын дэвшүүлж буй Монгол бодлого нь Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрт түшиглэж Монголын эдийн засгийг дэлхийтэй холбох нэн шинэ гарц нээх юм. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван улс болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргизэд мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ борлуулах 15 тэрбум ам.долларын зах зээл бий. Тийм ээ, 200 гаруй сая хүн амтай том зах зээл! Монголын компаниуд 367 төрлийн бараа бүтээгдэхүүнээ дээрх таван улсын зах зээлд экспортолно гэсэн үг. УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн онд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Минск хотноо мах, махан бүтээгдэхүүний 29, арьс ширний 60, ноос, ноолуурын 204, хөдөө аж ахуйн гаралтай 65 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн зах зээлд экспортлох худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурсан хэрэг. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралыг ОХУ-д айлчлах үеэр зохион байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэгт Монголын 30 гаруй аж ахуйн нэгжээс 70 орчим төлөөлөл оролцлоо. Спикер айлчлалынхаа үеэр байнга хөндсөн сэдэв бол тариф! Тэрбээр Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзах үеэрээ түр хэлэлцээрт тусгасан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалын болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифийн болон тарифийн бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон. Б.А.Сагинтаевийн эх орон Казахстан. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын нэг болох Казахстан улсын нэг хүнд ногдох ДНБ 24 мянган ам.доллар. Энэ үзүүлэлтээрээ тэд Дундад Азид тэргүүлдэг.
Монгол улстөрчийн харизм ба В.В.Володины урилга, В.И.Матвиенкогийн ҮГ!
Монгол, Оросын Төрийн далбаа Москва хотноо намирсан энэ өдрүүд 1987 онд төрсөн цэл залуухан улстөрч, УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралынх байлаа. Түүнд урилга илгээсэн эрхэм ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин. В.В.Володин манай улсад 2023 онд айлчилж байсан. В.Володин УИХ-ын дарга Н.Учралд эх орондоо айлчлах урилга илгээсэн энэ онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна. УИХ-ын дарга Н.Учрал, Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ энэ ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцсон юм. Харин энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хоёр тал соёрхон баталсан нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон. Хэлэлцээрийг харилцан ашигтай хэрэгжүүлж, Монголын экспортын боломжийг тэлэхэд УИХ онцгой анхаарч ажиллана” гэлээ. Тэрбээр МАН-ын даргын хувьд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, Нэгдсэн Орос намын дарга Д.А.Медведевтэй уулзсан. ОХУ-ын гурав дахь Ерөнхийлөгч асан Д.А.Медведев түүнийг хэвлэлийнхний дуран авайд хэдийнэ өртсөн Мао Зэдун стайл бүхий хүрэмтэйгээ угтлаа.
УИХ-ын дарга Н.Учралыг Москвад хүлээн авч уулзсан нөлөө бүхий гурав дахь улстөрч бол ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко. Хатагтай В.И.Матвиенко өдгөө 77 настай. Оросын улс төрийн нөлөө бүхий лидер энэ эмэгтэйн анхаарлыг 39 настай залуу улстөрч, УИХ-ын дарга, эрх баригч МАН-ын дарга Н.Учралын шийдэмгий төрх, зоримог яриа, дэвшилтэт бодлого, хувь улстөрчийн харизм ихээхэн татсан нь эргэлзээгүй. Тэд одоогоос 81 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээг баталсан түүхэн өдөр уулзсан юм. Энэ бол 2026 оны хоёрдугаар сарын 11. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко УИХ-ын дарга Н.Учралд Гитлерийн Германы эсрэг эвсэл буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зураг бүхий 1945 онд хэвлэгдсэн “Правда” сонины эх хувийг дурсгалаа. Харин УИХ-ын дарга Н.Учралын хувьд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл: 1924-1945 он” сэдвээр докторын зэрэг хамгаалсан нь хатагтай В.И.Матвиенкогийн сонирхлыг ихэд татсан юм. Үүнээс гадна анхаарал татсан өөр нэгэн сэдэв нь оросууд “Монголын залуу үе барууны чиг хандлагатай. Оросын талаар сөрөг сэтгэгдэл илэрхийлэх нь цөөнгүй. Н.Учрал бол залуу улстөрч. УИХ-ын даргын хувьд анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж байгаа нь дээрх ойлголтыг өөрчилж байна” гэсэн байр суурьтай байгааг зарим эх сурвалж ярьж байлаа.
ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монголд 2014 онд айлчилж байсан. УИХ-ын дарга Н.Учралыг хүлээн авч уулзах үеэрээ “Монгол Улс бол ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш” гэж онцолсон тэрбээр Монголын их өрийг тэглэхэд хувь нэмрээ оруулсан улстөрч. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хатагтай В.И.Матвиенког “Алтангадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Н.Учрал Москвад гардууллаа.
Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан нарын аяны богц-Шатахуун нөөцлөх сав, Улаанбаатар-Москва чиглэлийн нислэг
Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нар УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтлаа. УИХ-ын дэд дарга, Орос-Монголын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж болон ХҮН, ИЗНН-ын зарим төлөөлөл ч энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ. Г.Дамдинням сайдын хувьд, Оросын талтай хэлэлцэж тохиролцох сэдэв тодорхой. Шатахуун! Тэрбээр ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нартай албан уулзалт хийсэн. Тэр дундаа А.А.Козлов 1981 онд төрсөн, Г.Дамдинням сайдтай үе тэнгийнх. Тэд Москвад хоёр ч удаа хэлэлцээрийн ширээний ард суусан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл огцом нэмэгдэж байна. Монгол Улс 2024 онд 75 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2025 онд 90 сая тонныг экспортоллоо. Харин энэ онд 100 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Энэ болгон дизель түлш, бензиний хэрэглээг нэмэгдүүлж байна. Нэг ёсондоо, сав суулга, агуулах барих боломж өгөхгүйгээр хэрэглээ огцом нэмэгдэж байна. Бид 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол 2025 онд 2.9 сая тонн, бүх төрлийн бүтээгдэхүүнээ оруулж тооцвол гурван сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Энэ онд 3.1 сая тонноос илүү гарна. Ний нуугүй хэлэхэд, сав суулга, агуулах бариагүй их удсан юм билээ. УИХ 2025 оны арванхоёрдугаар сард Стратегийн зарим бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд улсынхаа шатахууны 3-6 сарын нөөцийг хадгалах савыг барих ёстой. Сав барихад хамгийн багадаа 1.6-2 жилийн хугацаа шаардагдана. Гэвч энэ хооронд яах вэ. Үндсэн савны хэмжээ жижиг, хэрэглээ огцом нэмэгдэж байна. Тиймээс ОХУ-ын Эрхүү мужийн нөөцийн савнуудад хадгалах талаар ярьж байгаа. Аж ахуйн аргаар шийдэх боломжгүй байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, ОХУ-ын бүх “юм” нь нууц. Тиймээс хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцэж, Эрчим хүчний яам нь зөвшөөрсөн. Шатахуун нөөцлөх сав түрээслэхэд техник ажил ихтэй” гэсэн юм. Г.Дамдинням сайдын дуулгасан өөр нэгэн мэдээ нь Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон нэмэлт өөрчлөлт оруулах хувилбарыг эцсийн байдлаар зөвшилцжээ. Тэрбээр “ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов Монгол, Оросын харилцаанд чухал хувь нэмэр оруулж яваа хүн. А.А.Козлов сайд хил орчмын эрэл, судалгааны ажилд онцгой ач холбогдол өгч, энэ сэдвийг байнга хөнддөг” гэв. Г.Дамдинням сайдын онцолсон өөр нэгэн мэдээ нь ирэх зургадугаар сараас Улаанбаатар хот тэр чигтээ евро-5 стандартын түлшний хэрэглээтэй болно.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг дэмжих зорилгоор Красноярск хотоор дамжин нислэг үйлдэхээр тохиролцлоо. Энэ чиглэлд хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчээр “Аэромонголиа” ХХК-ийг томилсон. Монгол, Орос, Хятад улсын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих төмөр замын төв коридорын Монголын хэсгийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болсон. Гурван улсын нэгдсэн ТЭЗҮ ойрын хугацаанд дуусах төлөвтэй байна. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн коридорын төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын түвшинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна” гэв. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хоёр сайд аяны богцоо ийнхүү задаллаа. Харин УИХ-ын дарга Н.Учрал айлчлалын үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Зах зээлийг захиргааны аргаар биш, либерал арга барилаар хөгжүүлэх бодлоготой МАН-ын дарга” гэдгээ тодотгосон. Тэрбээр эрх баригч намын дарга, УИХ-ын даргын хувьд Москвад хөл тавьж, Евразийн зах зээлийг Монголтой ойртуулах гео улс төрийн зураглалаа ийнхүү гаргалаа. УИХ-ын дарга Н.Учралын дараагийн маршрут Хятад.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно
Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
УИХ-ын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо.gif)

Сэтгэгдэл бичих