Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай


2-р сарын 18
9 цаг 49 минут

         Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хөвсгөлийн их тайгаас Өмнийн шаргал говь, Дорнын их талаас Алтайн их уулс хүртэл өргөн уудам эх орондоо аж төрөн суугаа азай буурлууд, алдрай бяцхан үрс, идэр чийрэг залуус, хотол олон Та бүхэн минь өвлийг өнтэй давж, хаврыг өнгөтэй угтаж, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэдэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалын охь шим болсон өнө эртний түүхтэй билээ.

Монголчууд бид энэ их баяр ёслолоороо эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, азай буурал, ахас ихсээ хүндлэн золгож, ураг төрөл, удам судраа мэдэлцэн, ёсыг даган журмыг сахиж, сайныг эрхэмлэн саарыг тэвчиж, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайхныг урладаг бахдам сайхан уламжлалтай.

Энэхүү өв соёл, үнэт зүйл, зан заншил, түүхэн уламжлалаа үеийн үед эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээх нь монгол үндэстний бахархал, монголчууд бидний эрхэм үүрэг юм.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй Модон могой жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган хүүхдээр ам бүлээ нэмж, бид гурван сая 592 мянгуулаа боллоо.

Малчин, тариаланч түмнийхээ нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн хишиг буянаар эрдэнэт мал сүргийн тоо толгой 60 саяар тоологдож, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авлаа.

Манай улсын эдийн засаг зургаан хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улиран одож буй Могой жилд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.

Миний Монголын ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эзэн Богд Чингис хаан бол Монгол төр, монгол түмний эрхэм дээд шүтээн билээ.

Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

Их хааныхаа музейг байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн хүндэтгэн залсны зэрэгцээ монгол түмний бахархал монгол морио алдаршуулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа.

Ингэснээр дэлхийн улс орнууд энэ өдрийг манай Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байна.

Ирж буй Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа.

Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна.

Ийнхүү Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн Морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Ирж буй Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.

“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь галын дөл шигээ өөдөө байж, өтгөс буурлууд маань энх тунх, идэр залуус маань цог жавхаатай, хүүхэд багачууд маань цовоо сэргэлэн, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай1 цаг 52 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ2 цагийн өмнө“Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ2 сар 17. 9:51Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ2 сар 17. 9:45Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөн шинэчилнэ2 сар 17. 9:42Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна2 сар 17. 9:09Улаанбаатарт 6 хэм хүйтэн, багавтар үүлтэй2 сар 17. 9:04Болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна2 сар 16. 12:45Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана2 сар 16. 12:36Сар шинийн барилдааны 1,2-ын даваа өнөөдөр болно2 сар 16. 12:02Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ2 сар 16. 11:58Хилийн автозамын боомтууд цагаан сараар буюу энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана2 сар 16. 11:54“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ2 сар 16. 9:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа2 сар 16. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 сар 16. 8:53АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр2 сар 15. 21:58Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.