Н.Тэгшбаяр: Цалингаас өөр төсөвгүй эрдэмтэн, судлаачид хүрзгүй барилгачинтай адил


2-р сарын 25
9 цаг 36 минут

       Доктор Н.Тэгшбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сайхан шинэлэв үү, шинэлгээ өргөн дэлгэр болов уу?

-Сайхан шинэллээ. Цагаан сар бол монголчуудын эв нэгдэл, итгэлцлийг сэргээдэг онцгой баяр. Нийгмийн тогтвортой байдлын суурь нь ахмадаа хүндэлж, ураг төрлөө бататгах явдал гэж боддог.

-Цагаан сараар олон хоног амрах нь танд ямар санагддаг вэ. Хөдөө шинэлгээ хийв үү?

-Амралт бол хүний сэтгэл, оюуныг нөхөн сэргээх боломж. Гэхдээ улс орны хэмжээнд тасралтгүй ажиллагаатай салбаруудын ачаалал нэмэгддэг. Боломж гарвал ахмадуудаа зорьж золгож, ёс уламжлалаа сахихыг хичээдэг.

-Цагаан сараар эдийн засгийн эргэлт нэмэгддэг ч өсөлт байдаггүй гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм. Энэ бол бодит үнэн. Мөнгө илүү хурдан эргэлддэг ч шинэ үйлдвэрлэл, бүтээмж нэмэгддэггүй. Өөрөөр хэлбэл, хуримтлалаа хэрэглээ рүү шилжүүлж байгаа хэлбэр. Тиймээс үүнийг эдийн засгийн өсөлт гэж үзэх боломжгүй. Энэ талаар эдийн засагчид илүү нарийн тайлбарлах байх. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар тайлбарлагдах үзэгдэл. Үхрийн өвчүү үхрээсээ, хонины ууц хониноосоо үнэтэй байна гэдэг хошигнол ч үүнийг илтгэнэ.

-Нэг үеэ бодоход урд хөршөөс ирдэг гарын бэлэг багассан уу?

-Албан статистик байхгүй ч иргэдийн амьдрал дээр үнийн өсөлт, зардлын дарамт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Үүний улмаас бэлэг, хэрэглээнд илүү хэмнэлттэй, бодлоготой хандах хандлага ажиглагдаж байна. Асуудлыг аль нэг хөрштэй холбохоосоо өмнө Монгол Улс импортын хүнсэндээ 10 гаруй тэрбум ам.доллар зарцуулж буй бүтэц, бодлогоо шинжлэх ухаанч байдлаар дүгнэх шаардлагатай. Энэ бол гадаадын бус, дотоодын бодлогын хямрал.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ?

-Том зорилт ярьж байгаа ч хэрэгжилтийн сахилга, хариуцлага сул байна. Бодлого нь тооцоотой, хэмжигдэхүйц, хариуцлагатай байх ёстой. Сүүлийн 10 жил тасралтгүй нэг нам засаглаж байна. Улс орныг босгох хугацаа аль хэдийнэ өнгөрсөн. Гэтэл хямрал байсаар байна. Тэгэхээр хариуцлагын тухай асуудал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал.

-Хүйтний эрч чанга байна. Ус, дулаан, тог хязгаарлах эрсдэл үүсдэг. Яагаад бодит шийдэл гарч чаддаггүй юм бэ?

-Асуудал технологидоо биш, засаглалд бий. Алдагдалтай тариф, сул менежмент, алсын хараагүй, богино хугацааны улс төрийн шийдвэр эрчим хүчний салбарыг олон жил гацаалаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн өртгөөсөө доогуур үнээр талхаа зардаг талхны үйлдвэр дампуурдаг жамтай адил зүйлийг эрчим хүчний салбарын өнөөгийн байдал харуулж байна. Өнөөдөр Монголын эрчим хүчний салбар сэхээний тасагт байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад ороогүй бол улсаараа хөлдөх байлаа. Улс төрийн эр зориг гаргаж, эрчим хүчний үнийг чөлөөлөн зах зээлийн горимд оруулах цаг болсон. Гэхдээ энэ Засгийн газар үүнийг шийдэж чадна гэдэгт мэргэжилтнүүдийн итгэл сул байна.

-Тархмал эх үүсвэрийг нэмэхээс өөр ямар гарц байна вэ?

-Гурван чиглэл зайлшгүй хэрэгтэй. Нэгдүгээрт, эрчим хүчний үнийг чөлөөлөхтэй зэрэгцэн хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, дамжуулах, түгээх сүлжээг хувьчилж, шинэчлэх. Гуравдугаарт, суурь ачааллыг даах боит нэмэлт эх үүсвэрийг яаралтай ашиглалтад оруулах. Эдгээрийг зэрэг хэрэгжүүлэхгүй бол эрчим хүчний тасалдал, хямрал арилахгүй.

-Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг иргэдэд олгох асуудалд та ямар байр суурьтай вэ?

-Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг иргэдэд олгох зарчим бол зөв. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаа. Гэхдээ нэг удаагийн улс төрийн бэлэг байж хэрхэвч болохгүй. Ил тод хууль, бодит тооцоонд суурилсан, тогтвортой сангаар дамжиж, үе хоорондын шударга хуваарилалт хийх ёстой. Өмнө нь сангуудыг үр ашиггүй зарцуулж, улмаар татан буулгасан, хариуцах эзэнгүй болгосон гашуун туршлага бий. Эрүүл мэндийн даатгалын сангийн жишээ үүнийг тод харуулсан. Иймээс энэ удаад хяналт, хариуцлага, ил тод байдлыг нэгдүгээрт тавих ёстой.

-Уул уурхайн салбарыг эсэргүүцэх хандлага яагаад арилахгүй байна вэ?

-Нэг талаасаа итгэлцэл алдагдсантай холбоотой. Ашиг нь цөөн хүнд, эрсдэл нь олон хүнд ноогддог мэт ойлголт бий. Үүнийг ил тод байдал, орон нутгийн бодит өгөөж, шинжлэх ухаанч хяналтаар л засна. Мөн эх орончийн арьс нөмөрч, жагсаалаас тэрбумтан төрдөг явдлыг таслан зогсоох цаг болсон.

-Мега төслүүд, ялангуяа газрын тос боловсруулах, ураны төслүүд эдийн засагт бодит нөлөө үзүүлэх үү?

-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, системээрээ ажиллаж чадвал эдийн засагт бодитоор нөлөөлнө. Гэхдээ хугацаа хэтэрч, улстөржвөл хүлээлт л өснө. Ураны хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэнээр нэг мега төсөл хөдөлсөн. Уран бол өндөр стандарт, өндөр хариуцлага шаардсан салбар. Энэ асуудлыг эсэргүүцэгчдийн яриагаар биш, физикч, химич, геологич зэрэг нарийн мэргэжлийн шинжээчдийн санал, дүгнэлтэд тулгуурлан шийдэх нь зүйтэй. Байгалийн ухааны суурьгүй тэмцэгчдийн үгээр явбал ямар ч төсөл эрсдэлд орно.

-Танай судалгааны багийн "Монгол орны ундны усан дахь уран" нэгэн сэдэвт хамтын бүтээлийг Шинжлэх ухааны академийн Физик-технологийн хүрээлэнгээс Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлжээ. Энэ бүтээлийн судалгааны гол үр дүн, ач холбогдол юу вэ?

-Товчоор хэлбэл, олон хүний амь нас, эрүүл мэндийг урьдчилан хамгаалж, эрсдэлээс сэргийлсэн маш чухал үндэсний хэмжээний судалгаа юм. Учир нь бид 10 гаруй жил 330 сум, гурван тосгоны гүний ундны уст цэгүүдээс 1000 гаруй дээж авч физик-гидрогеохимийн шинжилгээ, судалгааны үр дүнд тодорхой хувьд нь цацраг идэвхт элемент болох уран нь олон улсын стандартаас давсан буюу хүлцэх дээд утгаас их байсныг тогтоосон. Үүний мөрөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэстэй хамтарч, зөвлөмж өгснөөр тухайн ундны гүний уст цэгүүдийг хаалгасан.

-Төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байна уу?

-Монголд асуудал шийдэхэд саад болж буй гол зүйл бол мэдлэг биш, засаглал. Шинжлэх ухаанд суурилсан, ил тод, хариуцлагатай бодлого л улс орныг хямралаас гаргана. Хөгжилтэй, эдийн засгийн өсөлттэй орнууд шинжлэх ухаанд ДНБ-ийхээ 3–4 орчим хувийг тогтмол зарцуулж байна. Харин Монгол Улсад энэ үзүүлэлт 0.1 хувьд ч дөхөхгүй байгаа нөхцөлд хөгжлийн тухай ярих бодит үндэс алга. Иймээс эрдэмтэн судлаачдадаа тодорхой даалгавар өгч, түүнийг хэрэгжүүлэх төсвийг шийдэж чаддаг төр, улстөрчид зайлшгүй хэрэгтэй. Цалингаас өөр төсөвгүй эрдэмтэн судлаач бол хүрзгүй барилгачинтай адил.

Эх сурвалж: Э.ТҮВШИН DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мопед, скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин нэмэгджээ6 цаг 23 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ6 цаг 32 минутын өмнө9.2 килограмм мөнгөн ус хураан авчээ6 цаг 36 минутын өмнөТариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов6 цаг 41 минутын өмнө"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE7 цаг 15 минутын өмнөУ.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж7 цаг 48 минутын өмнө39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа8 цаг 48 минутын өмнө"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно9 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ9 цаг 50 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа9 цаг 58 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 16. 10:20Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа4 сар 16. 10:14УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/4 сар 16. 10:10Трамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна4 сар 16. 9:32Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа4 сар 16. 9:30Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана4 сар 16. 9:27УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно4 сар 16. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 16. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 сар 16. 9:12Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна4 сар 15. 16:02С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай4 сар 15. 15:59Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна4 сар 15. 15:54Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй4 сар 15. 15:51Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна4 сар 15. 15:48146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө4 сар 15. 15:44Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай4 сар 15. 15:42ТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа4 сар 15. 15:39Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй4 сар 15. 15:352027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ4 сар 15. 14:33Жижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого4 сар 15. 14:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.