УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ


3-р сарын 6
9 цаг 14 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн (2026.03.05) авто болон төмөр замын зангилаан дээр орших аж үйлдвэр, газар тариалангийн томоохон бүс Дархан-Уул аймгийн Дархан хотод ажиллаж байна. 


УИХ-ын дарга Н.Учрал Дархан хотын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулж, орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Хөгжил бол тасралтгүй урагшлах хөдөлгөөн гэдгийг УИХ-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцлоод, эдийн засгийн өсөлт макро түвшинд ахисан харагдавч микро нэгжид буюу айл, өрхийн хэмжээнд мэдрэгдэхгүй байгааг зарим тоонуудад үндэслэн тайлбарласан юм. Тухайлбал, уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн байна. Энэ хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн орлого ч өсөж, 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрчээ. Нүүрсний экспортын хэмжээ 10 сая тонноор буурахад, улсын төсвийн орлого 730 тэрбум төгрөгөөр багасч байгаагаас харахад манай эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнээс хэт хамааралтай байгааг УИХ-ын дарга дурдлаа. 


Түүнчлэн төсвийн урсгал зардлын өсөлт, хэт тэлэлтээс үүдэн нэгдсэн бодлогын орон зай хумигдаж байгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг ч хэллээ. УИХ-ын дарга үргэлжлүүэн, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, тогтоомжуудаас улбаалж, сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт 50 хувь хүртэл буурсныг сануулаад хаврын чуулганаар хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлнэ гэлээ. “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлого нь Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг иж бүрэн хангуулдаг эрх зүйн орчныг бүрдүүлдэг багц төлөвлөгөө юм. Эхний зам буюу эдийн засгийн чөлөөлөлтийг ажил хэрэг болгохдоо төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх бодлого баримтлах аж. Энэ ажлыг банкны салбарын реформоор дамжуулан, Төв банкнаас эхлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага байгааг УИХ-ын дарга үргэлжлүүлэн тайлбарлав. Өнгөрсөн оны байдлаар Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ 7.5 их наяд төгрөгт хүрчээ. Түүнчлэн ипотекийн зээлийн хүртээмж орон нутагт хангалтгүй байгаа төдийгүй зорилтот бүлэгтээ очихгүй байгааг шүүмжиллээ. Өнгөрсөн 2025 онд нийт 8841 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсанаас 3217 нь орон нутгийн иргэд байжээ. УИХ-ын дарга энэ харьцааг нийслэлд 50 хувь, орон нутагт 50 хувь байх бодлогыг баримтлахаа илэрхийллээ. Мөн дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг үе шаттай бууруулах, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн тулд гадаадын банк үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ тодотгож байв. 


Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулахдаа Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсаныг дурдав. Шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцооноос хуримтлалд суурилсан тогтолцоо руу шилжих шаардлагатайг тодотгоод, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-ын дарга танилцууллаа. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх хөрс суурийг Эрх зүйн чөлөөлөлтөөр бүрдлүүлэх аж. Энэ хүрээнд хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах, өргөн мэдүүлсэн хуулиудад хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр илрүүлдэг болох ажлыг эхлүүлжээ. 


Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад  төрийн байгууллагаас шаарддаг бичиг баримтыг цөөлж, хувийн хэвшлийнхнийг хүнд суртлаас чөлөөлөхөө мэдэгдэв. Энэ хүрээнд зөвшөөрөл хүсэх, олгох процессыг хялбаршуулж, тусгай болон энгийн зөвшөөрлийн хугацааг нь сунгаснаас гадна эрсдэлийн түвшин багатай, нэг удаагийн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх зохицуулалтыг тусгажээ. Монгол Улсын Их Хурал энэ оныг Хүүхэд эрхийн жил болгон зарлаж, хүүхэд хамгааллын үндэсний хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд эрх зүйн шинэчлэлийг чиглүүлэхээ зарласан. Улмаар Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн процессын хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэх аж. Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын гурав дахь нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

Манай улсын нийт эрчим хүчний 70 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж, 22.3 хувийг импортоор авдаг бол ердөө 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 3х100 санаачилгыг дэвшүүлж, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг оны өмнө батлуулсан талаараа УИХ-ын дарга онцоллоо. Үүнд, өрхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих “100 мянган нарны гэр” хөтөлбөр, орон нутагт 100 МВт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, цахилгаан авто машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборыг 100 байршилд барих ажлууд багтжээ. Цаашид ногоон эдийн засаг, дэд бүтцийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн эгнээнд эрэмбэлнэ гээд ирэх жилүүдэд эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд урагшлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Илтгэлийнхээ төгсгөлд Авлигын эсрэг чөлөөлөлтийн бодлогыг танилцуулж, холбогдох эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх ажлуудаасаа дурдав. Үүнд уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг иргэний журмаар хураах эрх зүйн зохицуулалтуудыг төлөвлөжээ.

Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтад УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төсөл багтсаныг дуулгаад, авлигын эсрэг тэмцлийг бүх шатанд биечлэн манлайлж ажиллахаа илэрхийллээ. Иргэдийн зүгээс орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, шаардлагатай тоног, төхөөрөмжийн төсвийг нэмэгдүүлэх, Ахмадын хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой саналуудыг дэвшүүлж байв. Түүнчлэн орон нутгийн бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих санаачилгуудын талаар өгүүлж, цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байр сууриа илэрхийлцгээв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар албаны бусад хүмүүсийн хамт байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв30 минут 39 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно37 минут 17 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 49 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 56 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.