“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ


3-р сарын 6
18 цаг 57 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж, парламентаас дэвшүүлж буй бодлого, зорилтын хүрээнд санал солилцож байна.

Өнөөдөр тэд (2026.03.06) Орхон аймгийн иргэдтэй уулзаж, орон нутагт тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Түүхт 50 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт хот урд, хойд хөрштэйгөө төмөр замаар холбогдсон, дэд бүтэц, аж үйлдвэр, зам тээвэр, харилцаа холбоо эрчимтэй хөгжсөнөөс гадна хүн амын тоогоороо улсад хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Улсын Их Хурлын дарга өөрийн дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил болон авлигын эсрэг чөлөөлөлтөөр хэрэгжүүлнэ гэдгээ тодотгов. Тухайлбал, эдийн засгийн чөлөөлөлтөөр хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөхийг зорьж байгаа бол эрх зүйн чөлөөлөлтөөр хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээг арилгана гэлээ. Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцдөө түшиглэн, түлш шатахуун, эрчим хүчний импортын хараат байдлаас чөлөөлөхөд ногоон хөгжлийн буюу гурав дахь чөлөөлөлтийн зам чиглэх аж. Дөрөвдүгээрт, авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг тэмцлийг биечлэн манлайлж ажиллахаа илэрхийлээд, бүх шатанд ёс зүй, хариуцлагын цаг эхэлснийг тодотгов.

Мөн илтгэлдээ төсөв, эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц, импорт, экспортын зарим тоон өөрчлөлтүүдээс дурдав. Тодруулбал, сүүлийн таван жилд манай улсын экспортын орлого хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн оны байдлаар 15.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 75 хувь нь зөвхөн нүүрс, зэсийн борлуулалтаас орж ирсэн байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр импорт ч өсөж, жилд эрчим хүч, түлш шатахуун барилгын материал, хүнс зэрэгт 4.8 тэрбум ам.долларыг зарцуулж байгааг хэллээ. Тоон үзүүлэлтээс харахад эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн ч энэ нь иргэдийн амьжиргаанд бодитой мэдрэгдэхгүй байгааг Улсын Их Хурлын дарга тодотгож, төсвийн урсгал зардлыг багасгаж, сахилга бат, хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

Төсвийн тэлэлтийг хязгаарласнаар инфляцын дарамт буурна. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах Улсын Их Хурлын тогтоолыг баталж, хэрэгжилтийн хүрээнд хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг танилцуулсан юм. Эдгээр эрх зүйн шинэчлэл нь банкны салбарын реформ, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, төрийн өмчит компаниудын ил тод байдал болон нийгмийн даатгалын сангийн шинэчлэлд чиглэх юм байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэл хийх орон зайг бий болгох нь эдийн засгийн чөлөөлөлтийн гол ажил байх ажээ. Хоёр дахь зам болох эрх зүйн чөлөөлөлтийг хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглахаас эхэлнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгов. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зүйл, заалтууд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэхийг хиймэл оюун ухаанаар шинжилдэг болсноор хүний эрхийн зөрчилтэй хуулийг парламент хэлэлцэхгүй болно гэлээ.

Түүнчлэн энэ хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль, тогтоомжийн зөрчил, давхардал хийдлийг арилгаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгдэв. Энэ хүрээнд Гэр бүлийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг эхний ээлжинд хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм байна. Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч, хувийн хэвшлийнхнийг төрийн хүнд суртал, шат дамжлагаар залхааж, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй ч заавал шаардагддаг баримт бичгүүдийг цөөлнө гэв. Мөн заримыг нь тусгай зөвшөөрлөөс энгийн зөвшөөрөлд шилжүүлж, олгох явцыг хялбаршуулж, хүчинтэй хугацааг сунгах, 21 төрлийн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх зэрэг зохицуулалтуудыг уг төсөлд тусгажээ.

Эрчим хүч, түлш шатахууны импортын хараат байдлаас чөлөөлөх гурав дахь зам ногоон хөгжлийн бодлого руу чиглэж байна. Холбогдох журмыг шинэчилснээр айл, өрхүүд нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбох асуудлыг 11 өдрийн дотор шийдвэрлэдэг болсон нь энэ ажлын эхний үр дүн гэдгийг хэллээ. Энэ мэтчилэн ногоон шилжилтийг хурдасгахад саад, гацаа болдог журмуудыг цэгцэлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн эгнээнд эрэмбэлж хэрэгжүүлнэ гэв.

Улмаар айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлж, аймаг, сумдад төр, хувийн хэвшлийн түншлэлээр сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг байгуулах төлөвлөгөөг танилцууллаа. Улсын хэмжээнд цахилгаан автомашины тоо ердөө 100 хүрэхгүй байгааг нэмэгдүүлж, цэнэглэх дэд бүтцийг ложистикийн ашигтай байршлуудад байгуулах санаачилгыг онцлов. Эдгээр ажлыг багцаар нь хэрэгжүүлэх Улсын Их Хурлын тогтоолыг оны өмнө баталжээ. Эцэст нь авлигын эсрэг чөлөөлөлт буюу авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгтэй холбоотой хууль, тогтоомжийн өөрчлөлтийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх талаар танилцууллаа.

Орхон аймгийн иргэд Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Иргэд үнийн өсөлт, цалин тэтгэврийн нэмэгдэл, орон нутгийн засаглалын чадамж, шаардлагатай зарим бүтээн байгуулалттай холбоотой саналуудыг хэлж, асуулт асуулаа. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, системийг шүүмжилж, хэвийн ажиллагааг хангах, үйлдвэрийн цагаан тоос дэгдэх үеэр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг анхаарахыг хүсэв.

Түүнчлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нийслэл, орон нутагт ижил харьцаатай буюу 50, 50 хувь болгох, хэрэглээний зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгуулагуудыг цэгцлэх саналуудыг хэлж байв. Хуулийн хэрэглээг өөрсдийн үзэмжээр өөрчилдөг, хууль хүн бүрд ижил тэгш үйлчлэхгүй байгаа асуудлыг ч дэвшүүллээ. Өсвөр насныхны дунд  электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг анхаарч, холбогдох хуулиар зохицуулах асуудлыг ахлах ангийн сурагчдын төлөөлөл хэлсэн юм

Улсын Их Хурлын дарга иргэдийн асуултад хариулах үеэрээ бүсчилсэн уулзалтуудын мөрөөр Засгийн газрын хуралдааны шийдвэр гарч, тулгамдсан асуудлуудыг салбарын яамд, холбогдох албан тушаалтнуудаар дамжуулан тухай бүр шийдвэрлэж ажиллахыг тодотголоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэбат нар албаны хүмүүсийн хамт оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана3 сар 9. 9:32Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо3 сар 9. 9:29Орхон аймгийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа шийдвэрлэжээ3 сар 9. 9:04УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 9. 8:57Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан3 сар 9. 8:52Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ3 сар 6. 18:57“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.