Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа


3-р сарын 17
19 цаг 40 минут

     Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг онилжээ. Өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа тэрбээр “МАН-ыг би сонгуульд ялуулсан. Энэ бол миний ялалтаар баталгаажуулсан эрх мэдэл. Галаар битгий наадаарай. Би үндэсний хэмжээний хувьсгал хийж чадна шүү” гэж У.Хүрэлсүх болон намынхнаа сүрдүүлэв. Тэр ч атугай “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шоронд хийлгэсэн хүн бол У.Хүрэлсүх. Намайг дэмждэг хүмүүсийн фэйсбүүк хаягийг өчигдрөөс эхлэн хаалаа. Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг. Нам бус мөртлөө МАН-ыг жолоодож байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайдынхаа чиг үүргийн дагуу ажиллаж чадаж байна уу, үгүй юү. Н.Учрал яг өөрийнхөөрөө МАН-ын дарга байж чадаж байна уу, үгүй юү. Энэ бол ноцтой асуудал. Монгол Улс де факто Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоод байна” гэлээ. Айхтар үг байгаа биз. Л.Оюун-Эрдэнэ зоригтой байна. У.Хүрэлсүхтэй тулахад хүчээ нөөцөлсөн нь түүний дээрх ярианаас харагдана. Харин тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд “У.Хүрэлсүх дарга аа, Оюука нь хэвээрээ байгаа шүү” гэж нүд ирмэв. Намрын халуун өдрүүдэд найз Д.Амарбаясгаланг нь хүний, өөрийн намынхан ноцоход өмөөрч ганц үг ганхийгээгүй Л.Оюун-Эрдэнэ “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар ахыг нь хууль хяналтынхан яллагдагчаар татсан тухай мэдээ түгэхэд цочиж гарч ирсэн нь энэ.   

УИХ-ын хаврын чуулган өчигдөр (2026.03.16) эхэллээ. Ц.Нямдоржийн хэлснээр, сайд огцруулах, төсөв хэлэлцэхэд чуулганд хааяа ирж суудаг, бусад үед “Баянгол” зочид буудалдаа хэвтэж байдаг Х.Баттулга, УИХ итгэл үзүүлэлгүй огцруулсан анхны Ерөнхий сайдаар тодорсон Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордонд ирсэн. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ NTV телевизэд өгсөн ярилцлагаараа энэ хаврын халуун улс төрийн оршлыг тавьж, Н.Номтойбаяр, Нара нараар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг онилсон үг хэлүүлсэн нь амархан “уншигдана”. Н.Номтойбаяр “Энэ Засгийн газар бол Г.Занданшатарын Засгийн газар биш. Ерөнхийлөгчийн Засгийн газар” гэж хэлсэн бол Нара “У.Хүрэлсүх өөрөө Төрийн ордонд зодоон хийж л байсан биз дээ. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа хараалын үг хэлж байсан байх аа” гэсэн нь “15 давхар”-аас өгсөн чиглэл үү гэмээр... Харин УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг үзээд зориг орсон уу, аль эсвэл өнөөх муухай сценаритаа орсон уу “Би буруугүй. УИХ-ын чуулганыг даргалан явуулах ажлаа л хийсэн. Гэтэл ТЕГ надад хэрэг үүсгэн шалгаж байна. ТЕГ чинь Засгийн газрын харьяанд байдаг биз дээ. УИХ-ын дэд даргын ажлаа хийсэн атал Үндсэн хуулийн Цэц яахаараа намайг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэдэг юм бэ” гэж даналзлаа. Л.Оюун-Эрдэнийн сүрдүүлэг, Х.Булгантуяагийн буруугаа бусдад тохсон ярилцлага, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын эсрэг хийсэн Н.Номтойбаярын мэдээлэл, Нарагийн хорон мессэж зэргээс харвал Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар нумаа агсаж, сумаа тавихад хэдийнэ бэлэн болжээ. Улс төрийн хүрээнийхэн “Л.Оюун-Эрдэнийн ярилцлага бол оршил” гэж хэлсний учир ч эхнээсээ ийн тайлагдаж эхлэв. Л.Оюун-Эрдэнийн талынхан сошиалд “NTV телевиз АПУ-ийнх. С.Баярцогтын оффис тэнд байрладаг” гэж шуугилдаад байсан нь ч санаандгүй хэрэг биш биз. Экс Ерөнхий сайд сэтгүүлчид амласан амлалтаа биелүүлэх гэж биш, С.Баярцогтын оффис байрладаг газраас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Учрал нар руу зориуд “гал” нээчихсэн юм биш үү... Х.Баттулгын С1 телевиз, аль эсвэл “15 давхар”-таа ярилцлага өгөх боломж түүнд байсан.  

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуулиар “Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж үгүй” хэмээн баруун бүсэд Д.Амарбаясгаланг дэмжиж хэлсэн. Яг түүн шиг Монголын улс төрд У.Хүрэлсүхгүй Л.Оюун-Эрдэнэ гэж байгаагүй юм. Хэнтийн Бэрхээс Улаанбаатар руу хөтлөн авчирч, МАХН (МАН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болмогцоо “Залуустаа итгэл хүлээлгэж, дэмжинэ” гээд Л.Оюун-Эрдэнийг намынхаа Намын байгуулалтын хэлтсийн дарга болгож байсан. Харин У.Хүрэлсүх 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа Л.Оюун-Эрдэнэд тамгаа гардуулж байв. Үүнээс хойш таван сарын дараа Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болсон. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх улс төр дэх наяад оны төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнийг нам, засгийг удирдах эрх мэдэлтэй болгосон. МАН бол 300 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том нам. Тэр дунд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг өлхөн хийчих өндөр боловсролтой, ажил, амьдралын арвин туршлагатай кандидатууд цөөнгүй бий. Харин У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд итгэж дэмжсэн. Нам, засгийн жолоог түүнд атгуулсан. У.Хүрэлсүхгүй Л.Оюун-Эрдэнэ гэж үгүй. У.Хүрэлсүхгүйгээр Л.Оюун-Эрдэнийн эрин үе хүчирхэгжихгүй байх байсан. Гэвч Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн өр рүү өшиглөлөө.  

“Хонгилын түлхүүр хэний гарт байдаг гэж бодож байна…”. Л.Оюун-Эрдэнэ NTV телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ингэж хэлээд У.Хүрэлсүх рүү заалаа. Харин одоо Л.Оюун-Эрдэнээс “С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон хүмүүсийг хэн суллуулсан бэ. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа байгаа вэ. Мартын 8-наар Т.Чимгээг хорих ангид эргэж очсон нь Л.Оюун-Эрдэнэ та өөрөө биз дээ. УИХ-ын 2024 оны сонгуулиар “Хэро энтертайнмент”-ийн ажилтан залуу хаалттай хорих ангид хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатартай ярилцлага хийх давуу эрхийг хэн олгосон бэ. Алуурчныг айл бүрийн хойморт залж, криминал цувралаар тархи угаалт явуулсан төсвөө Засгийн газраас гаргуулсан уу. “Хонгил”-ын түлхүүр Л.Оюун-Эрдэнийн гарт байсан юм биш үү” гэж асуух цаг. Учир нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилох эрх мэдлээсээ татгалзаж байгаа тухай мэдэгдлээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Я.Содбаатараар хийлгэж байсан. Г.Занданшатар УИХ-ын дарга байх үед буюу 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Л.Оюун-Эрдэнэ үнэмлэхүй эрх мэдэлтэй анхны Ерөнхий сайд болж байв. Өөрийнх нь хэлсэнчлэн жагсаалаар гарч ирж, жагсаалаар огцорсон Л.Оюун-Эрдэнэ ийнхүү сайд нарыг томилох, чөлөөлөхөөс гадна АТГ, ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг томилох үнэмлэхүй эрх мэдэлтэй болсон юм. Харин У.Хүрэлсүх 2021 оны нэгдүгээр сарын 21-нд юу гэж хэлж байсныг санаж байна уу. Тэрбээр “АТГ нэг хүнээс хараат бус байх ёстой. Хэн нэгнийг дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүсийг ялладаг, сонгуулиар өрсөлдөгчдөө улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагуудын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг Төрийн тэргүүн байж болохгүй” гэж байв. У.Хүрэлсүхийг ингэж хэлэх үед Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байсан билээ, бодох л асуудал.  

Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийг амлан авч, АН-ын дарга О.Цогтгэрэл, Х.Баттулга нартай хүч хавсран Н.Учралд “МАН-ын дарга юм бол Ерөнхий сайдаа ав” гэж шахалт үзүүлэн Г.Занданшатарыг мөргөж унагах арга хэрэглэнэ гэдэг лааны гэрэлд далавчаа шатаах эрвээхийтэй адил юм. У.Хүрэлсүхгүй Л.Оюун-Эрдэнэ гэж үгүй. У.Хүрэлсүх “Өргөдлөө өг” гэж хэлээд түүний эрх мэдлийн цагийг дуусгавар болгосноор тэр хэн ч биш болсон. Н.Энхбаяр, Х.Баттулга нар цагтаа массын хэмжээний улстөрч шиг байж чадсан. Харин Л.Оюун-Эрдэнэ тэдний энд хүрэхгүй. Л.Оюун-Эрдэнийн өмчлөөд байгаа МАН-ын ялалтын ард У.Хүрэлсүх байсан. У.Хүрэлсүх бол МАН-д символ нь болсон шахам улстөрч. Харин Л.Оюун-Эрдэнэд Н.Энхбаяр шиг нам байгуулаад МАН-аас таслаад гарах олонхи алга. Үсрээд л сошиалд хэдэн троллтой биз. Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнэтэй улс төрд дөрөө харшуулахгүйгээ сайн мэднэ. Тэр зүгээр л МАН-ын хагарал дээр имижээ өсгөж, Үндэсний эвслээ таниулах медиа акци хийж байна. Нара бол энтертайнмент. Монгол Улсын Ерөнхий сайдаар таван жил ажиллахдаа үндэсний хэмжээний лидер болж чадаагүй Л.Оюун-Эрдэнэ үндэсний хэмжээний хувьсгал хийнэ гэдэг үлгэр. Х.Баттулга нь хөмсөг зангидаад чив чимээгүй. Б.Баатар нь хууль хяналтынхнаас зугтсан уу, яасан Нидерланд руу ниссэн гэнэ. “15 давхар”-ын ахлах ПР-чин нь байсан А.Амундра Канад руу дайжсан мэдээтэй. Л.Оюун-Эрдэнэд одоо хэн үлдсэн гэж. Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Э.Болормаа тэргүүтэй найзууд нь эхнээсээ яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэзээ мөдгүй хөндөгдөх гэж байна. Сошиалд хөлсөлсөн хэдэн тролл нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Учрал нарыг элдэвлэхээс хэтрэхгүй байна шүү дээ. Ийм байхад энэ хаврын халуун улс төрийн оршлыг эхлүүлдэг баатар болох гээд хий дэмий “шатлаа” даа, Л.Оюун-Эрдэнэ ээ. Ингэхэд У.Хүрэлсүх дарга чинь хэвээрээ байна лээ шүү. Л.Оюун-Эрдэнэ гэдэг наяад оны төлөөллийг Ерөнхий сайд болгож байсан бол МАН болон УИХ-ыг Н.Учрал гэдэг 1987 оны залуу даргатай болголоо. Далан оны Г.Занданшатарт засгийг даатгалаа. Монгол Улсын гадаад харилцааг шинэ шатанд гаргаж, хойд, урд хөршийнхөө Төрийн тэргүүн нарт хүлээн зөвшөөрөгдөж, барууны орнуудын Ерөнхийлөгч нартай гар барьж, У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчийн эрин үеийн легасиг өөрийнхөөрөө тамгаллаа. Харин Л.Оюун-Эрдэнэ хамгийн олон жил буюу Ерөнхий сайдаар таван жил ажиллахдаа Монголын төрд ямар легаси үлдээсэн бэ. Х.Баттулга, Б.Баатар нарын найруулсан “15 давхар”-ын криминал кинонуудыг л битгий нэрлээрэй дээ. У.Хүрэлсүх дарга чинь хэвээрээ байхад харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа хэн болж хувирсан билээ! Одоо хувьсгалаар айлгаж, УИХ-ын даргыг МАН-ын даргын суудлаар нь барьцаалж, Засгийн газрыг огцруулахыг санаархдаг цаг биш. 126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхийнхээ хугацааны талдаа орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн байсны хувьд, улс орон, ард түмний эрх ашгийн төлөө бодлого уралдуулдаг үе биш үү.    

С.Тулга

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв23 минут 44 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно30 минут 22 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 42 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 46 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 49 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.