Ж.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм


3-р сарын 18
10 цаг 33 минут

       Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэгдэн гарсны 100 жил, мөн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой тус тус болж байна. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад ажилтан, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан Жамьяндоржийн Нэргүйтэй уулзаж ярилцлаа.

-Хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл гарсан  түүхийн талаар ярилцлагаа эхэлье.

-Ардын засаг, төр анх байгуулагдсан цагаас эхлэн хууль шийдвэрээ олон нийтэд хүргэж сурталчлахад ихээхэн анхаарч байжээ. Тухайлбал, 1924 оны 11 дүгээр сарын 28-нд болсон Улсын анхдугаар Их Хурлаас баталсан тогтоолд “хурлаар тогтсон хэрэг ба хэлэлцсэн илтгэл, элдэв саналыг огт орхигдуулахгүйгээр харьяат Улсын Бага Хурал болон эрхлэх газруудаас эрхлэн гүйцэтгэх ба олон төлөөлөгч нар цөм санаа тавин ард олонд ухуулан явуулах буй за хэмээн итгэж байна” гэж заасан байв. Мөн тухайн үеийн Улсын Бага Хурал “…алив хэлэлцэн тогтоосон ба баталсан олон зүйлийн чухал чухал хэргүүдийн учир утгыг олон нийтэд сэнхрүүлэн ухуулж танилцуулах ба басхүү Үндсэн хуулийг тайлбарлан  гаргаваас зохих тул ийнхүү ухуулга гаргах ба тайлбарлах явдлыг харьяат хурлын тэргүүлэгчид эрхлүүлэн гүйцэтгэхээр тогтоов” гэх зэргээр энэ асуудлыг чухалчлан үзэж байсан байна.

Улмаар улсын хэмжээнд мөрдөж буй хууль, дүрэм, журмыг нэгтгэж олон нийтэд  мэдээлэх шаардлагатай гэж үзэн 1925 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болсон Засгийн газрын 14 дүгээр хурлын шийдвэрээр “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл” гэсэн хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэлийг хэвлэн гаргах болсон байна.

Энэ шийдвэрийн 3 дугаар зүйлд”… тус улсын дотор зохион батлуулж журамлан дагаж бүхий аливаа дүрэм зэргийг тусгай сэтгүүл дэвтэр хэвлэн гаргах тухайг хэлэлцээд ийнхүү дүрэм зэргийг хэвлэн гаргах нь олны үзэж мэдэхүй дор дөхөм тустай бөгөөд …аливаа батлан тогтоосон хууль дүрэм, Засгийн газрын тогтоол зэргийг Засгийн газраас сар тутам хоёр удаагаас доошгүй сонин сэтгүүл дор хэвлүүлж, Дотоод яамнаа шилжүүлэн хүргүүлж харьяат олон газраа нийтээр зарлан гүйцэтгүүлэх ба мөн харьяат олон яам газруудад өөр өөрийн эрхлэх хэрэг зүйлийг цөм мөнхүү Засгийн газрын сонин сэтгүүлээс уншиж даруй ёсоор журамлан дагаж  нийтээр зарлан гүйцэтгүүлэхээр” тогтоож байжээ.

Сэтгүүлийн анхны дугаарыг 100 жилийн өмнө буюу 1926 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хэвлэн гаргасан байна. Түүний оршил хэсэгт, тухайлбал, “Энэхүү дэвтэрт хэвлэсэн тогтоол, дүрэм зэргийг аливаа яам, албан газрууд албан бичгийн нэгэн адил хүчин төгөлдөр болгон дагаж шийдвээс зохино” гэж тэмдэглэжээ.

Анхны дугаарт, “Засгийн газрын нэгдүгээр хурлын зургаан зүйл бүхий хэрэг”, “Улсын цагдан сэргийлэх газруудын  дүрэм”, “Түр цагийн шүүн таслах газрын дүрэм”, “Улс төрийн хэрэгт холбогдох этгээдийг шүүн таслах түр хурлын дагаж явах заавар”, “Хянан байцаах яамны дүрэм” зэрэг шийдвэрийг нийтэлсэн байна.

Энэхүү сэтгүүл нь 1926-1930 оны хооронд хэвлэгдэн гарч байсан бөгөөд  эрх зүйн баримт бичгийн албан ёсны эх сурвалж болж, хууль тогтоомж, шийдвэрүүдийг байгууллага, албан тушаалтан болон олон нийтэд хүргэх гол хэрэгсэл болж байсан байна. Энэ хугацаанд тус сэтгүүлийн нийт 57 дэвтэр буюу дугаар хэвлэгдэн гарсан гэсэн бүртгэл байдаг аж.

Үүнээс хойш, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхэтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхэтгэл”, 1971 оноос “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл” нэртэйгээр тус тус хэвлэгдэж байв. Харин 1991 оноос эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэл хэвлэгдэн  гарч эхэлсэн билээ.

-“Төрийн мэдээлэл” эмхэтгэл гаргах хэрэгцээ юунд байв?

-1991 оноос өмнө   батлагдсан хууль, зарлиг, тогтоолуудыг зөвхөн албан хэрэгцээнд зориулж хэвлэн гаргадаг байж. Үүнээс болж  иргэд тэдгээрийг  уншиж судлах бололцоо бага,  мөрдөж хэрэгжүүлэхэд ч хүндрэлтэй байсан байна. Тиймээс тухайн үеийн  Улсын Бага Хурал төрийн хууль тогтоох бодлого, үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох зорилгоор “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг тогтмол, сар бүр гаргахаар шийдвэрлэжээ.

Сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10.000 хувь хэвлэж, Ардын Их Хурлын депутатууд, Бага Хурлын гишүүд, төрийн байгууллагууд, олон нийтийн болон хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тараахын зэрэгцээ холбоо болон номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдахаар шийдвэрлэж байсан байна.

1991 оны гуравдугаар  улирлаас эхлэн сэтгүүлийг олон нийт захиалан авах боломжтой болсон.Тэр үед нэг дугаар нь 4 төгрөгийн үнэтэй байв. Хууль болон  бусад шийдвэрийг зөвхөн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд төдийгүй “Ардын эрх” сонинд нийтлэх боломжийг мөн хуульчилсан байлаа.

Эмхэтгэлийн түүхээс товч дурьдвал, 1993 оны намрын чуулганаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн статусыг өөрчилж улмаар 1994 оноос эхлэн “Төрийн мэдээлэл”-ийг  сар бүр гардаг эмхэтгэл болгожээ.

Мөн 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан УИХ-ын тогтоолоор  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээг авч, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар эрх олгогдсон байгууллагуудын гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байх журам тогтоосон байна.

Эмхэтгэлийн хавсралт болгон Монгол Улсын хууль, тогтоомжийн тайлбар, зөвлөмж бүхий “Төр, засгийн ажилтанд тусламж” нэртэй  сэтгүүлийг 1995 оноос эхлэн улирал бүр гурван дугаар гаргадаг байв. Тус сэтгүүлийн зорилго нь УИХ-аас баталсан хууль, тогтоолын агуулгыг товч тайлбарлаж, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэхийн зэрэгцээ бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг сурталчлах, туршлага солилцох, санал бодлоо хуваалцахад оршиж байсан.

1996 оноос эхлэн УИХ-ын Тамгын газраас  “Парламентын мэдээлэл” нэртэй сонины туршилтын анхны  дугаарыг гаргаж, дотоод мэдээллийн зориулалтаар долоо хоног бүр 400 хувь хэвлэж, уншигчдад үнэгүй тарааж эхэлсэн билээ.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсын нэгдэн орсон болон соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцийг нийтэд хүргэхэд анхааран ажиллаж, улмаар 2004 оноос эхлэн холбогдох яам, байгууллагуудтай хамтран  эмхэтгэлийн цуврал тусгай дугаарыг хэвлэн гаргаж байв.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд түүх, уламжлалаа сэргээж, монгол хэл бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хос бичгээр  хэвлэн гаргаж байна.

-Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн үйл ажиллагааг ямар хууль, дүрмээр зохицуулсан байдаг вэ?

-Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай.

“Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”. “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлсэнээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн заалтууд. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан монголын цорын ганц хэвлэл мөн болохыг нотолж  эдгээр заалтыг эш татлаа.

-Юуг үндэслэж “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг албан ёсны эх сурвалж гэж үздэг вэ?

-“Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн долоо хоног тутам гаргадаг албан ёсны хэвлэл. “Төрийн мэдээлэл” гэсэн нэр нь тухайн эмхэтгэлд нийтлэгдсэн мэдээлэл нь төрийн албан ёсны, баталгаатай эх сурвалж болохыг илэрхийлдэг.

Эмхэтгэлийн гол зарчим бол хууль, шийдвэрийг алдаагүй, цаг хугацаанд нь нийтлэх явдал юм. Учир нь шүүх бусад байгууллагууд хууль хэрэглэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ  эмхэтгэлд нийтлэгдсэн хуулийг албан ёсны эх сурвалж болгон ашигладаг.

Өнгөрсөн хугацаанд энэхүү эмхэтгэл нь төрөөс олон нийтэд хүргэх мэдээллийн албан ёсны, найдвартай төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн,  олон нийтэд итгэл төрүүлсэн чухал эх сурвалж  болон төлөвшиж чадсан гэж хэлж болно.

Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хуульд заасан цаг хугацаанд нь алдаа мадаггүй, чанартай, өнгө үзэмжтэй хэвлэн нийтлэх, шуурхай түгээхийн зэрэгцээ түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн билээ.

-Яагаад хууль тогтоомжийг эмхэтгэж нийтлэхийг хууль тогтоох үйл ажиллагааны нэг хэсэг гэж үздэг вэ?

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Ардын багш Бяраагийн Чимид гуай агсан “Хууль тогтоомжийг системчлэхэд Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэлийн онол, практикийн ач холбогдол” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж байсан билээ. Ийнхүү илтгэлээ тэрээр 2010 онд олны хүртээл болгож байв. Илтгэлдээ, “хууль тогтоомжийг эрэмбэлж цэгцлэх, нийтлэх ажлын нэгэн хэлбэр болох алив нэгэн албан ёсны эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм.” гэж эмхэтгэлийн ач холбогдлыг үнэлж байжээ.

Хууль нэгэнт баталсан бол түүнийг нэн даруй бүрэн эхээр нь албан ёсоор нийтлэх  журамтай. Ийнхүү нийтлэх нь хууль гаргах ажиллагааны эцсийн  үе шат гэж онол, арга зүйн хувьд үздэг. Тиймээс  эмхэтгэлийг хэвлэн гаргах нь зөвхөн хэвлэх техникийн ажиллагаа мэт явцуу ойлгож болохгүй. Хууль ил тод, хүртээмжтэй байх, түүнийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэргээр түүний  ач холбогдол нь үнэлэгддэг. Шүүх, хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн хэрэглээний албан ёсны эх сурвалж болдог төдийгүй өдөр тутмын үйл ажиллагааных нь гарын авлага болдогт түүний үнэ цэнэ бас оршино.

Нөгөө талаар, судлаачдын үзэж буйгаар, хууль тогтоомжийн эмхэтгэлийн түүх бол эрх зүйн мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх, ангилан судлахаас гадна үе үеийн хууль хэрэглэж, хэрэгжүүлж ирсэн туршлага, арга зүйг ойлгоход ч танин мэдэхүйн суурь болдог ажээ.

-Хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг цаг алдалгүй эмхэтгэн нийтлэхээс гадна тодорхой салбарт хамаарагдах хэм хэмжээнүүдийг  сэдэв, зориулалтаар нь төрөлжүүлэн тэдгээрийг бүлэглэх, нэгтгэн эмхэтгэл болгон гаргах тохиолдол цөөнгүй байдаг.

-Тийм ээ. Хууль, зарлиг болон эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад актыг тэдгээрийн батлагдсан он, сар, өдөр, дэс дугаарыг баримтлан эмхэтгэн нийтлэхээс гадна урьд батлагдсан хэм хэмжээнүүдийг эмхлэн цэгцлэж, нийгмийн харилцааны болон эрх зүйн зохих салбар, дэд салбараар ангилж эрэмбэлсэн олон зүйл эмхтгэл гарган хэрэглэж ирсэн түүхтэй. Тухайлбал, “БНМАУ-ын Их, Бага Хурлын тогтоол. Үндсэн хууль, тунхагууд”, “БНМАУ-ын Үндсэн хууль түүнд холбогдох эрхийн актын эмхэтгэл”, “БНМАУ-ын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн системчилсэн бүрэн эмхэтгэл”, “Монгол Улсын хууль” гэх зэрэг бүтээл  гаргаж байжээ.

Тодруулж зарим жишээ дурдья. Улсын болон намын түүх судлаачдад зориулан ““Ардын засгаас 1921-1924 онд авсан хувьсгалт арга хэмжээ”  эмхэтгэлийг 1954 онд нийтэлж байсан байна. Гурван бүлэг бүхий энэ эмхэтгэлд, “Нам, засгаас ойрын цагт гүйцэтгэх бодлогууд”, “Улсын түр цагийн Хурлыг байгуулах бичиг ба дүрэм”, “Захирах, захирагдах ёсны тухай тогтоол”,”Төрийн ордонг Улсын Их Хурлын газар болгох тухай”,  “Үндсэн хуулийг зохиох ба Улсын Их Хурлын бэлтгэл ажлын тухай”, “Хууль цаазыг зохиох тухай”, “Бодоо нарыг шийтгэх тухай”, “Дамбийжанцанг цаазаар аваачсан тухай”, “Цахилгаан гэрлийг дэлгэрүүлэх тухай” зэрэг нийт 150 орчим шийдвэрүүд болон БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг эмхэтгэн нийтэлж байжээ.

1963 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хуулийн хорооноос Засаг захиргааны эрхийн талаар гаргасан хуульчилсан актуудыг системчилсэн эмхэтгэл гаргаж түүнд, тухайлбал, “БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох сонгуулийн дүрэм”, “БНМАУ-ын АИХ-ын депутатуудыг огцруулах журмын тухай хууль”, “Аймаг, хот, сум, хороодын ардын депутатуудын хурлуудын сонгуулийн тухай дүрэм”, “Чойбалсан аймгийн нэрийг өөрчлөх тухай” зарлиг, “Дарханыг хот болгох зарлиг”, “Соёлын тэргүүний ажилтан” гэдэг энгэрийн тэмдгийн тухай тогтоол зэргийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

-Эмхэтгэл нь Монгол Улсын хууль тогтоох үйл ажиллагааны түүхийг хадгалж үлдэхэд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Хууль тогтоомжийн эмхэтгэлийн түүх нь төрийн хууль тогтоох үйл ажиллагаатай салшгүй холбоотой, нэгэн бүхэл түүх юм. Сүүлийн 35 жилийн хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн нийт 1400 гаруй дугаар гарчээ. Энэ нь зүгээр нэг тоон үзүүлэлт биш бөгөөд Монгол Улсын хөгжлийн  чиг хандлагыг илэрхийлсэн төрийн бодлого, хууль тогтоох  байгууллагын гаргасан шийдвэр, баримт бичгүүдийг хадгалсан үнэт сан хөмрөг юм. Мөн Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүдийн оюун ухаан, хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн энэ эмхэтгэлд тусгалаа олж, төрийн хууль тогтоох үйл ажиллагааны бодит түүх болон үлддэг билээ.

Хууль тогтоомжийн анхны эмхэтгэл хэвлэгдэн гарснаас хойш зуун жилийн хугацаанд хууль, эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэн эмхэтгэж, олон нийтэд хүргэх ажил бараг тасралтгүй хөгжсөөр иржээ. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн мэдээлэл түгээх үүргээр хязгаарлагдахгүй харин улам бүр боловсронгуй болж өргөжин тэлсэн байна.

Ийнхүү цаг хугацааны явцад хууль тогтоомжийн албан ёсны мэдээллийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж, Монгол Улсад хууль тогтоох үйл ажилагааны түүх, эрх зүйн соёл, уламжлалыг хадгалсан чухал өв бий болсон юм.

Ч.Бямбаа                                                                     Зууны мэдээ сонин 2026.03.18 Лхагва гараг №50,51 (7792, 7793)



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.