Г.Занданшатарын легаситай 287 хоног ба Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-ийн хүч хавсарсан дайралтад өгсөн “Ухрахгүй, тохирохгүй” гэх хариу цохилт


3-р сарын 29
20 цаг 54 минут

   Шатарчин эсрэг нүүдлээ хийлээ. Г.Занданшатар гэдэг хувь улстөрчийн тоо 7-ийн тоон дээр огтлолцож байна. Тэрбээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд. 3+4=7. Ерөнхий сайдаар ажилласан хугацаа нь 287 хоног. Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өгч, УИХ хэлэлцэж дэмжсэн өдөр нь 2026 оны гуравдугаар сарын 27. Харин түүний улс төрийн цагийн зүү 2027 оныг заав уу гэдэг нь одоохондоо таамаг төдий. Г.Занданшатар яагаад өргөдлөө өгөв... Энэ асуултад хариулахын тулд өнгөрсөн өдрүүдэд юу болж өнгөрснийг эргэн сануулъя.

2026 оны гуравдугаар сарын 26. Пүрэв гараг. УИХ дахь АН-ын бүлгийнхэн “Н.Учрал гэдэг МАН-ын даргаар УИХ-ыг даргалуулахгүй. Наад индрээсээ буу. Бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй. Намын дарга Ерөнхий сайд болох ёстой” гэдэг бойкотоо Төрийн ордонд эхлүүлснээс хойш яг 10 хоног болж байв. УИХ-ын үйл ажиллагаа гацаанд ороод 10 хоносон гэсэн үг. Тиймээс УИХ-ын дарга Н.Учрал МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалд “Намын бүлгээ хуралдуул” гэдэг чиглэл өгсөн. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “МАН-ын Удирдах зөвлөлөөр улс төрийн шийдвэр гаргуулах нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдсэн. “Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас хэрхэн гаргах талаар МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж шийдүүлье” буюу төрийн дээр нам байгааг илтгэсэн байр суурийг УИХ дахь МАН-ын бүлгийн 52 гишүүн ийнхүү гаргасан. Харин дараа нь Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар уулзсан. Энэ уулзалтын дараа хэвлэлүүд нэгэн шуурхай мэдээг дамжуулсан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын уулзалт. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд Г.Занданшатар эл уулзалтын талаар мэдээгүй байсан?!

Пүрэв гарагийн 22.00 цаг. Ерөнхий сайд Г.Занданшатар цахим ертөнцөд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Би шударга ёс зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайч нартай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна. Харин тэд чанга хашгирч, улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусаж эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцаж, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна. Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрах хэрэгтэй болохоос аль нам, ямар улстөрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга” гэсэн юм. У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын уулзалт өндөрлөхтэй зэрэгцэн Г.Занданшатар байр сууриа ийнхүү илэрхийлсэн нь анхаарал татна. “Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга, хоёр сайдын суудлаар наймаалцах болзол тавьсан” гэж зарим хэвлэлд мэдээлсэн ч энэ бол тэдний хувьд чамлалттай тоо. Тэд хоёрхон сайдын суудлаар наймаалцах гэж энэ хүртэл яваагүй нь ч тодорхой. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Н.Учрал “УИХ-ын даргын ажлаа өгнө” гэдгээ хэлчихсэн байхад тэд барьцаа улам лавшруулах нь ойлгомжтой. Харин У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар нэг зүйл дээр санал нэгдсэн нь төрийг гацаанаас гаргах, намын эв нэгдлийг сахиулах юм. Тэд үүн дээр гар барьцгаасан. У.Хүрэлсүх Д.Амарбаясгалангаас сөргөлдөгч талуудыг эвлэрүүлж, УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргахыг хүссэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, “Сүүдрийн генсек” гэгдэж буй Д.Амарбаясгалангаас өөр хэн үүнийг хийж чадна гэж! У.Хүрэлсүхтэй ч, Н.Учралтай ч, Л.Оюун-Эрдэнэтэй ч нүүр тулж ярилцаж чадах хүн нь Д.Амарбаясгалан...

Г.Занданшатарын зэвүү хүрсэн. Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш “Нүүрсний хулгайч нартай эвлэрэхгүй. Авлига, албан тушаалын хэрэгтэй хүний, өөрийн нам гэж ялгалгүй хатуу тэмцэнэ” гэж удаа дараа мэдэгдсэн тэрбээр Л.Оюун-Эрдэнэд “Шударга ёсны илд чинь байна” гэж ам тангараг өргөсөн Б.Энхбаярыг өөрийнхөө илд болгох эрсдэлтэй шийдвэрийг гаргасан. Г.Занданшатар өнгөрсөн намар ард түмэнд хандаж “Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоо мэдэгдэж байна” гэсэн нь Төрийн ордон дахь улс төрийн хэмийг дээд цэгт нь хүргэсэн. Ерөнхий сайдын хувьд, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайгаа УИХ-д танилцуулах болоход эсрэг талынхан нь чуулганы танхимын хаалгыг цоожлоод хэд хонолоо?! Намрын халуун өдрүүдэд гаргасан энэхүү галтай шийдвэр нь энэ хаврын халуухан улс төрийг улам өрдөх нь тодорхой байсан. Л.Оюун-Эрдэнийн талынхны дайралтын хариуд Б.Энхбаярыг огцруулах уу, яах вэ гэдэг нуман тулгуурт Г.Занданшатар Засгийн газартайгаа орсон. Гэвч Г.Занданшатар У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын уулзалтын мэдээний эсрэг “Эвлэрэхгүй, ухрахгүй, тохирохгүй” гэдэг үгтэй пост бичсэн. Пүрэв гарагийн тэр үдэш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хооронд ямар яриа болсон нь сонин. Монгол Улс хоёр оронтой тоо ярихаараа толгой нь эргэдэг Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдтай таван жилийн нүүр үзсэн. Харин “Тоо худлаа хэлэхгүй” хэмээн хэлж, эдийн засгийн өсөлтийг 6.8 хувьд хүргэсэн Ерөнхий сайд Г.Занданшатартай есөн сарыг өнгөрүүллээ. Тоо ярьж, Цэгцрэх хөдөлгөөнөө улс төрийн идеологио болгож, “Авлига, хулгайтай тэмцэнэ. Төрийг цомхон болгоно. Төсөвт хэмнэлт хийнэ. Баялгийн сангаас ард түмэндээ илүү ихийг хүртээнэ” хэмээн Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг нээлттэй танилцуулж байсан Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа өгөх шийдвэрээ пүрэв гарагийн 22.00 цагт гаргасан нь хувь улстөрчийнхөө хувьд хийсэн битүү нүүдэл байв. Гэвч тэрбээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө яагаад өгөв... Г.Занданшатартай ойр зарим эх сурвалж “Энэ бол Г.Занданшатарын өөрийнх нь шийдвэр. Бодож байсан нүүдэл гэхээс илүү ёс зүйн манлайлал юм. Төрийн удирдлагын манлайлал бол ёс зүйн манлайлал байх ёстой гэсэн итгэл үнэмшил нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн” гэв. Гэхдээ л энэ хангалттай хариулт биш... Г.Занданшатар ёс зүйн манлайлал үзүүлж огцрох ямар “гэм” хийсэн билээ?!

Г.Занданшатар ганцаардсан. Түүнд галыг өөртөө авч, ачаа үүрэлцэх сайд бараг үгүй байв. Н.Номтойбаяр “Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа сайд нарыг өөрөө мэдэж томилоогүй. Үүнд нь би эргэлзсэн. Тийм учраас танхимдаа урихад нь татгалзсан” гэсэн. Энэ үнэн. Тиймээс Г.Занданшатар Ерөнхий сайдын хувьд Эрүүл мэндийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын ажлыг бараг өөрөө хийх шахам салбар бүрийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудтай нүүр тулж байсан. Хотын мэр Х.Нямбаатартай ч хос мэр болох шахам Улаанбаатарын гудамжаар хамт алхсан нь бий. Харин тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаас Монгол Ерөнхий сайд шиг хатуу бодлоготой, зангарагтай үг хэлж байсан. Тэр тусмаа “Рио Тинто”-ийнхонд! Өнгөрсөн баасан гарагт (2026.03.27) Г.Занданшатар МАН-ынхны хагарал талцал, улс төрийн хэрүүл тэмцлийг “Шившиг” гэдэг ганцхан үгээр тодорхойлсон. Харин тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 09-нд “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй хүмүүст “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Хариултууд бидэнд таалагдахгүй байна. Менежментийн төлбөр 40 хувь гэж байснаа 30 хувь болчихсон байна. Өндөр хүүтэй зээлээ бууруулахгүй байна. Нэг тал нь зээлийн өндөр хүүгээс ашиг хүртэж, нөгөө талд нь ноогдол ашиг хүрэхгүй байгаа нь шударга биш байна. Ийм шударга бус байгаад Монголын ард түмэн, парламент дургүйцэж байна” гээд хэлчихсэн юм. Харин Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх шийдвэр гаргахаасаа хэдхэн цагийн өмнө буюу 2026 оны гуравдугаар сарын 26-нд “Оюутолгой” ХХК ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй байвал ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөхөөс өөр аргагүй” гэж мэдэгдсэн. Хүний, өөрийн намынхан Засгийн газар руу нь чиглэсэн дажин өрнүүлж байхад Г.Занданшатар “Рио Тинто”-ийнхний эгдүүцлийг төрүүлэх ээлжит мэдэгдлээ хийсэн нь энэ. “Дарин дээр давс” гэж!  

Оюутолгой гэдэг орд Монголын улс төрийн гол сэдэв болсноос хойш “Рио Тинто”-ийн аманд ороогүй, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудаас айлгасан, сануулсан, сүрдүүлсэн утгатай захидал авч байгаагүй УИХ-ын гишүүд, сайд нар бараг үгүй. “Оюутолгой”-нхон улстөрчдийг төдийгүй хэвлэлийнхэн, олон нийтийн байгууллагуудыг “Будаатай хуурга”-ндаа урьдаг байсан нь саяхан. Харин Г.Занданшатар гэдэг Монгол Ерөнхий сайд “Рио Тинто”-ийн захирлыг урдаа суулгаж байгаад “Хариулт чинь таалагдахгүй байна” гэж харц далдиртал хэлсэн нь Н.Учралаар Г.Занданшатарыг мөргөж унагах гэсэн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийн талынханд “Рио Тинто”-той хүч хавсрах далим өгсөн бололтой. Бас “Онтрэ”! Л.Оюун-Эрдэнийн кнопчидийн нэг О.Батнайрамдалын ПР хийх гол зэвсэг нь болчихоод буй “Онтрэ”-ийн лицензийг Г.Занданшатар цуцлах үүрэг өгсөн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Г.Занданшатар Ерөнхий сайдын хувьд “Оюутолгой” төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд “Рио Тинто”-д таван зүйл бүхий шаардлага тавьсан. Гэвч “Рио Тинто” компани товлосон хугацаанд хариу өгөөгүй учраас өнгөрсөн лхагва гарагт буюу 2026 оны гуравдугаар сарын 25-нд Засгийн газрын хуралдааны үеэр “Оюутолгой”-н хэлэлцээ хэр ахицтай байгаа талаар ажлын хэсгийнхний мэдээллийг сонссон. Ингээд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд “Онтрэ”-ийн лицензийг цуцлах чиглэл өгсөн талаарх эх сурвалжуудын мэдээ хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Ерөнхий сайд асан Г.Занданшатар монголчууд “Оюутолгой” төслөөс хүртэж буй өгөөж 27 хувь байгааг 60 -аас доошгүй хувь болгон нэмэгдүүлж, зээлийн хүүг 5-6 хувь болгон бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах, 2026 оноос ноогдол ашиг хуваарилах зэрэг таван шаардлагыг “Рио Тинто”-д тавьсан нь түүнийг өргөдлөө өгөхөд хүргэсэн гадаад улс төрийн нэг том шалтгаан гэдэг нь эргэлзээгүй. Харин Г.Занданшатарын эсрэг дотоод улс төр Л.Оюун-Эрдэнэ 2026 оны гуравдугаар сарын 20-нд “Жапан таун” дахь гэртээ Х.Баттулгатай өдөржин хамт өнжсөн өдрөөс эхлэн улам ширүүссэн. Өөрөөр хэлбэл, хаврын улс төрийнхөө оршил болгож У.Хүрэлсүхийн эсрэг зоригтой дуугарсан Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгатай уулзсаныхаа дараа буюу өнгөрсөн даваа гарагт Г.Занданшатарын илд болсон Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-ын өмнө хайрцаг тэврэн ирсэн... Харин “Гадаадын дайснаас илүү дотоодын дайсан аюултай” гэдэг үг улс төрд трэнд болж буй энэ үед Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан 287 хоногоо “Хэрүүл талцалгүй, амгалан тайван, тоо ярьдаг Ерөнхий сайдтай байсан 287 хоног. Тэр ард түмнийхээ хараалыг идсэн биш, харин ерөөлийн үгсээр үдүүлсэн Ерөнхий сайд боллоо” гэх ард иргэдийн сэтгэгдэлтэйгээр өндөрлөлөө. Харин Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдох гэж буй МАН-ын дарга Н.Учрал Г.Занданшатарыг Засгийн газартаа урьж ажиллуулахаа өнөөдөр (2026.03.29) намынхаа Бага хурал дээр мэдэгдлээ.

С.Тулга   

           



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатарын легаситай 287 хоног ба Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-ийн хүч хавсарсан дайралтад өгсөн “Ухрахгүй, тохирохгүй” гэх хариу цохилт3 цаг 24 минутын өмнөМонгол Ардын намын Бага хурлын III хуралдаан эхэллээ3 сар 29. 12:23ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй3 сар 28. 18:23Г.Занданшатар: Зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа3 сар 27. 22:40МАН-ын Бага хурал ням гарагт хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ3 сар 27. 21:35ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3 сар 27. 21:11“Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 27. 21:07Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ3 сар 27. 20:58Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өглөө3 сар 27. 15:27РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!3 сар 27. 14:26"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо3 сар 27. 14:20Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно3 сар 27. 14:13МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана3 сар 27. 13:39Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа3 сар 27. 10:27“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ3 сар 27. 10:21Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна3 сар 27. 10:11Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө3 сар 27. 9:16Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа3 сар 27. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 27. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 сар 27. 9:02Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй3 сар 26. 22:31УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Н.Учралын эсрэг зогсож, “Бид засгийг ч, төрийг ч нурааж тоглож чадна” гэж даналзжээ3 сар 26. 21:44Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт "Жапан таун" дахь гэртээ Х.Баттулгатай уулзжээ3 сар 26. 20:02Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ3 сар 26. 19:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байна3 сар 26. 19:29Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил3 сар 26. 18:10Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу Толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө3 сар 26. 18:06МАН-ын Удирдах зөвлөл хурлын тов тодорхойгүй байна3 сар 26. 17:45МАН-ын бүлгийн хуралд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар оролцсонгүй3 сар 26. 17:41Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ3 сар 26. 17:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.