Эрх баригчид нэг нэгнээ хорт могой, ховч муужгай, хутга, илд гэж хагаралдах зуур Ц.Нямдорж энд гарч ирэв. Өдгөө 70 настай, хар савхин хүрмээр гоёсон тэрбээр өнгөрсөн бямба гарагт (2026.03.28) МАН-ын залуучуудын “Youth Council Summit 2026” арга хэмжээний үеэр тайзан дээрээс Л.Оюун-Эрдэнийн эсрэг талынхны тухай суртал ухуулга хийжээ. Тодруулбал, “Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдоход би “УИХ-ын гишүүн хүнийг томил” гэж яг хажууд нь сууж байгаад эсэргүүцэж байсан. Албан тушаалд томилогдохын тулд бие биенээ хэрэгт хутгадаг систем тогтох гэж байна” гэж ярьсан бичлэг сошиал ертөнцөд түгжээ. Тэгвэл Ц.Нямдорж өчигдөр (2026.03.30) МАН-ын Бага хурлын III хуралдаан дээр “Хоёр ч Засгийн газар огцорсонд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар буруутай. Бага хурлаар хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой. Намаа аваръя гэвэл Л.Оюун-Эрдэнийн талаас УИХ-ын даргаа томил” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр “УИХ-ын шинэ даргаар хэнийг томилохоо Бага хурал дээр ярьцгаая” гэсэн нь олонхийн дэмжлэг аваагүй аж. Учир нь УИХ-ын шинэ даргын томилгоог УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх учиртай. Хэрэв Ц.Нямдоржийн хэлснээр УИХ-ын шинэ даргын асуудлыг МАН-ын Бага хурлын гишүүд хэлэлцвэл хууль зөрчсөн хэрэг болно.
МАН-ын залуучуудын “Youth Council Summit 2026” арга хэмжээн дээр Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өмөөрч үг хэлжээ. Тэрбээр “Х.Булгантуяаг яагаад яллагдагчаар чирээд байгаа юм бэ. Үүнийг манайхан л хийж байгаа. Х.Булгантуяа хурал л удирдсан. Өөр яасан юм, ямар эрх эдэлсэн юм. Үндсэн хуулийн Цэц дээр УИХ-ын шийдвэрийг хянадаг болохоос биш байнгын хорооны ажлыг хянадаггүй. Тийм хуультай юм. Гэтэл УИХ-ын чуулган даргалсан ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан. Үүнийг юу гэж үзэх юм. Х.Булгантуяа цагт шахагдсан. Арав хоногийн дотор хэлэлцэх хуультай. Энэ хугацааг хэтрүүлбэл Үндсэн хуулийн Цэц дээр очих байсан учраас өдөр, шөнөгүй сууж гишүүдийг хуралдаанд ирэхийг шаардсан. Өөр яах байсан юм бэ” гэсэн нь сошиал ертөнцөд ил болжээ. Х.Булгантуяаг өмөөрч, Я.Содбаатарыг онилж хэлсэн үгсээс харвал Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнэд галын дэмжлэг үзүүлсэн хэрэг, мөн биз.
Улс төр дэх Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын ашиг сонирхол “Шударга 5”-ын үед улам гүнзгийрсэн. Зохиолыг нь Ц.Нямдорж бичиж, уриаг нь Л.Оюун-Эрдэнэ төв талбайд хашгирч, эрх мэдлийн гол тайзыг эзэгнэсэн. УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдаж, АН олонхи байх үед УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “Ц.Нямдорж оо, чи улс төрийн зөнөглөл тусчихаж” хэмээн чуулганы танхимд улалзуулж байсан ч 2016 онд МАН үнэмлэхүй ялахад Д.Тэрбишдагва улс төрийн тойргоос гарч, Ц.Нямдорж тэг дунд нь үлдсэн. Хоржоонтой юм шүү. Т.Аюурсайхан чуулганы танхимд Ө.Энхтүвшингийн эсрэг “Өвөө нар одоо болно” хэмээн заналтай хэлж суусан атлаа өөрөө “Шударга 5”-ын нэг болмогцоо Ө.Энхтүвшинтэй үе чацуу Ц.Нямдоржийн сумны зэв, жадны үзүүр болсон. Эрх мэдлийн төлөө л тэр шүү дээ.
МАН-ын хагарал ширүүссэн энэ үед Л.Оюун-Эрдэнэ Ц.Нямдоржийг улс төрийн тайзнаа урьж гаргаж ирсэн нь учиртай. Тэрбээр “Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн Ц.Нямдоржид хортой “алим” үмхүүлсэн талаар улс төрийн хүрээнд ярьж байна. Л.Оюун-Эрдэнэ NTV телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ бол 2027 оны төлөөх улс төр” гэж хэлсний учир ч ийн тайлагдаж байна. “Надад нэг хувийн ч айдсын мэдрэмж байхгүй” гэж эфирээр хэлсэн Л.Оюун-Эрдэнэ 70 настай Ц.Нямдоржийг ач, зээгээ харах ажлаас нь түр хөндийрүүлж, МАН-ын тайзан дээрээс Я.Содбаатарын эсрэг үг хэлүүлж, Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн Цэцтэй сөргөлдүүлж, намынхаа Бага хурлын гишүүдийг “УИХ-ын шинэ даргын томилгоог Бага хурал дээр ярьчихъя” гэж ятгахад хүргэсэн үү гэх дүр зураг харагдаж байна. “Би орондоо ч, онгоцонд ч хууль засдаг” гэж даналзаж, “Үндсэн хууль зөрчсөн” гэх Цэцийн дүгнэлтээр 2007 онд УИХ-ын даргаас огцорч байсан Ц.Нямдорж “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг Цэцийн дүгнэлттэй, “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” хэмээн яллагдагчаар татагдсан Х.Булгантуяаг өмөөрч үг хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүллээ. Ингэхэд Ц.Нямдорж өөрөө хэн билээ. ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар 2010 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон” гэж дурдаж байв. С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгддэг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ял оноож, хууль хяналтынхан захиалагчийг нь илрүүлэхэд хэдхэн алхам ойртоод байх үед Ц.Нямдорж Б.Хурцтай дайсагналцсан нь саяхны түүх. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн “урилга”, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав тэргүүтэй UBS бүлэглэлийнхний дэмжлэгээр улс төрд эргэн ирж байна. Учир нь Н.Алтанхуяг 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбицтай байсан ч Хөгжлийн банкны хэргээр шүүгдэгчийн суудалд дахин суух нь тодорхой болсон. Л.Оюун-Эрдэнийн хувьд, улс төрд Ц.Нямдоржийн галын дэмжлэг хэрэгтэй. Тиймээс тэрбээр Ц.Нямдоржийг “2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн сөргөлдөгч талынхаа эсрэг сумлажээ. UBS бүлэглэлээс Н.Алтанхуяг 2027 онд нэр дэвших боломжгүй болсон учраас Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав Ц.Нямдоржид дэмжлэг үзүүлэх нь тодорхой. “71 настайдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд заларч үзье” гэх Ц.Нямдоржийн хүсэл шунал ч ямар ханах биш.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана
Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ.gif)

Сэтгэгдэл бичих