Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо


3-р сарын 31
9 цаг 19 минут

     Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.03.30)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаас Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авч, уг завсарлага дууссаны дараа Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, уг саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн үг хэллээ.

Эхэнд дурдсан нэг цагийн завсарлагаас өмнө Р.Батболд, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, С.Зулпхар, С.Эрдэнэболд нарын Улсын Их Хурлын 10 орчим гишүүн асуулт асууж, үг хэлсэн бол завсарлагын дараа Б.Бейсен, Ө.Шижир, Х.Тэмүүжин, Д.Бум-Очир, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, А.Ганбаатар нарын 40 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохоор нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Н.Учралд баяр хүргэж, дэмжиж байгаагаа илэрхийлээд, махны экспортын талаар баримтлах бодлого, Асгатын мөнгөний орд, эрүүл мэнд, боловсролын салбарт санхүүгийн хямрал нүүрлэж, эмч, багш нарын цалингийн нэмэгдэл бензин шатахуун, өргөн хүрээний барааны үнийн өсөлтөд идэгдэж байгаа, төрд бугшсан хулгай луйвар, авлига, хээл хахуулийн хэмжээ, далайц үлэмж хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаатай хэрхэн тэмцэх, татвар төлөгчдийн орон зайг яаж тэлэх, Евразийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, аж ахуйн нэгжүүдийг бойжуулах, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифын бус саад тотгоруудыг арилгах талаар хөрш оруудтай идэвхтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлж, санаачилгатай ажиллах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон асуудал хөндөж, үр дүн гаргаж ажиллахыг захиж байлаа.

Гишүүдийн асуултанд хариулахдаа Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Засгийн газрын бүтцийг төлөвлөхдөө үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтод чиглүүлэх асуудал чухал байгааг дурдаж, төрийн албаны цомхотгол чиг үүргийн шинжилгээ дутуу хийгдсэнээс болоод нүдээ олоогүйг болон зарим газрыг татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр халаа сэлгээ хийхгүй гэдгээ хэлж, Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ улам өсөж буй энэ сорилтын үед илүү хурдтай, зохих арга хэмжээг нэн даруй авч, үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлж ажиллах шаардлага тулгарч буй болон нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мөн БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэлээ. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд шаардлагатай гэж үзвэл зарим салбарт тодорхой хэмжээгээр татаас өгөх, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдаж болзошгүй бол эдийн засгийг халааж ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөх салбаруудад Засгийн газраас баталгаа гаргах, эргэлтийн хөрөнгийн зээлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах боломжтойг тэрбээр дурдан, шатахуун импортлогчдод зориулж тусгай ханшаар валют олгох, эсвэл форвард хэлэлцээр хийх замаар ханшийн савлагаанаас хамгаалах зэрэг бодлогын арга хэрэгслийг Монголбанктай ярилцаж байгаагаа мэдээлэв.

Асуудалтай шууд нүүр тулж ажиллана гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал илэрхийлж, сорилт, бэрхшээлийг даван туулахад улс төрийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр хурдтай, шуурхай ажиллах нь энэ цаг үед чухал байгааг хэлж, хөрөнгө оруулалтын болон төрийн өмчийн эрх зүйн орчныг сайжруулах, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, татварын шинэчлэл, эдийн засгийн эрх чөлөөг хангах зэрэг олон асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлага байгааг ярьж байлаа. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг нэгтгэх, өөрчлөх, зохион байгуулах, татан буулгах, эсвэл нээлттэй болгох бодлогыг тууштай баримтална гэдгээ хэлж, зөвшөөрлүүдийг цахимжуулах, төсвийн зарлагыг бууруулах, хүнд суртал, авлигатай тэмцэж, иргэдээ, эдийн засгаа дарамтаас чөлөөлөх ажлаа эрчимтэй үргэлжлүүлнэ гэсэн юм.

Асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Х.Тэмүүжин, Ж.Золжаргал, Ш.Бямбасүрэн, М.Энхцэцэг, Д.Жаргалсайхан, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ц.Туваан нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд хуулиар засаглаж, ард түмний талд ажиллахыг захин, “Чөлөөлье” санаачилгаа хэрэгжүүлэхдээ эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын Монголд учруулсан алдагдсан боломжийг чөлөөлж болохгүйг санхуулж, бизнес эрхлэгчдэдээ хайртай Ерөнхий сайд байхыг хүсэв. Мөн татварын дарамтыг бууруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах бодлогоо бодитой хэрэгжүүлж, авлигыг тогтолцоогоор нь устгах, төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг хангаж ажиллах, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, бие даасан байдлыг бататган, хараат байдлыг цэглэх, дотоод нөөцөө бүрэн ашиглах, хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байгааг сануулсан юм. Түүнчлэн, төрийн албаны тогтвортой байдал, инфляц, үнийн хөөрөгдөлд онцгой анхаарч, хуулийн хэрэгжилт болон хууль сахиулах асуудалд бодитой үр дүн гаргах, ил тод нээлттэй байж, парламент болон иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч ажиллах, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг сонсож ,тэдэнтэй зөвлөлддөг байх, төрийг хүчгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй болгож байгаа бусармаг бүхнээс зайлсхийж, чин шударгаар ажиллахыг зөвлөж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуалдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.

Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсгосны дараа Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байгаагаа дурдаад, Засгийн газар түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолын, түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдлын, дотоодын гацаа, улс төрийн талцал бутралын гэсэн гурван том эрсдэл, гурван давхар дарамтыг сөрөн ажилдаа орж байгааг тодотгон дүгнэсэн юм. Засгийн газар ид шид амлахгүй, үнэнийг үнэнээр нь хэлж, эрсдэлийг сөрж, “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн  чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ гээд тэрбээр, энэхүү бодлогыг боловсруулахдаа хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан үзсэнээ дэлгэрэнгүй тайлбарлав.

Мөн тэрбээр, эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх, эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос чөлөөлөх явдал гэдгийг онцолж, дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд хийх эрхзүйн шинэчлэл, эдийн засаг, нийгмийн арга хэмжээг нэг бүрчлэн танилцуулсан юм. Монголчууд эвлэлдэж нэгдэх бүрдээ мандан бадарч, эвдэрч бутарсан цагтаа уруудан доройтож явсныг тэрбээр сануулж, үнийн өсөлт, хомсдол, тээвэр, логистик худалдааны хямралыг өдөөсөн дэлхийн цаг төрийн үймээн самууныг үзэл бодол, намын харьяалал, ажил мэргэжил үл харгалзан Монгол хэмээх нэгэн тугийн дор нэгдэн сөрж, асуудлыг шийдэл болгон хамтдаа зүтгэхийг Улсын Их Хурлын гишүүдэд уриалав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна4 минут 41 секундын өмнөАлдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ1 цаг 12 минутын өмнөҮйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо1 цаг 23 минутын өмнөХилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь1 цаг 28 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ1 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа1 цаг 41 минутын өмнөН.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо1 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан2 цагийн өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 30. 15:32”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана3 сар 30. 14:42Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3 сар 30. 14:37Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна3 сар 30. 14:33Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн3 сар 30. 12:36О.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү3 сар 30. 11:39Ш.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна3 сар 30. 11:29УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв3 сар 30. 11:18УИХ-ын даргын төлөөх марафонд Н.Учрал С.Бямбацогтыг, Я.Содбаатар Ж.Энхбаярыг дэмжиж байна3 сар 30. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 30. 10:31ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна3 сар 30. 10:27ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив3 сар 30. 10:25Аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа3 сар 30. 10:21О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна3 сар 30. 9:01УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.30-04.033 сар 30. 8:54УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 30. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 сар 30. 8:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.