Ойрх Дорнодын дайны нөлөөлөл Ази тивд


4-р сарын 3
9 цаг 26 минут

      Сар гаруйн турш үргэлжилж буй Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагааны явцад Ойрх Дорнодын орнууд Ираны пуужин, дроны цохилтод өртсөөр байгаа бол зэвсэгт мөргөлдөөнд огт хамаагүй Азийн улсууд эдийн засгийн хүндрэлтэй байдалд ороод байна.

Персийн булангийн орнуудаас Ормузын хоолойгоор дамжуулан өдөр бүр нийлүүлдэг 19-21 сая баррель нефть нь Азийн хамгийн том эдийн засгууд болох Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгосын хэрэгцээг хангадаг. Гэтэл дайны улмаас Хятад улсад нэг тонн бензиний үнэ 1 160 юаниар, дизель түлшний үнэ 1 115 юаниар нэмэгдлээ. Тус улсын импортолж буй нефтийн 45-50 хувь нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг бөгөөд Ираны тал уг хоолойг бүслэн хаасан тул тээвэрлэлт үндсэндээ зогсжээ. НҮБ-ын мэдээллээр, танкер хөлөг онгоцнуудын багийн 20 мянга орчим гишүүн, аяллын хөлөг онгоцнуудаар зорчиж буй 15 мянга орчим хүн Ормузад гацчихаад байгаа бол хоолойг хаасны улмаас дэлхийн эдийн засагт өдөр бүр 7 тэрбум долларын хохирол учирч байна.

Ийм үед Японы засгийн газар нийт 470 сая орчим баррель газрын тосны стратегийн нөөцөөсөө 80 сая баррелийг нь зах зээлд гаргалаа. Тус улс Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтээс 94 хувийн хамааралтай байдаг ба тээвэрлэлт нь бүхэлдээ Ормузын хоолойгоор дамждаг байна.

Харин Өмнөд Солонгос бол Персийн булангийн нефтээс 70 хувь, шингэрүүлсэн хийнээс 20 гаруй хувийн хамааралтай улс бөгөөд Ойрх Дорнодод хоёрдугаар сарын 28-нд дайн дэгдсэнээс хойш бензиний үнэ литр тутамд 200 воноор, дизелийн түлшний үнэ 300 воноор тус тус өсжээ. Засгийн газар үнийн хэт өсөлтөөс сэргийлэхийн тулд нефтийн бүтээгдэхүүний үнийг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Гэхдээ дээрх гурван улс хангалттай хэмжээний нөөцтэй тул ойрын гурван сард шатахууны хомсдолд орохгүй.

Харин Ази тивээс Филиппин, Шри Ланка, Энэтхэг, Вьетнам, Тайланд гэсэн улсуудад нөхцөл байдал нэлээд хүндэрчээ. 

Филиппин

Ойрх Дорнодын дайны улмаас одоогоор эрчим хүчний салбартаа онц байдал тогтоогоод буй улс бол Филиппин юм. Одоогийн хэрэглээний түвшнээр тооцож үзвэл, түлш шатахууны нөөц сар хагасын хугацаанд хүрэлцэнэ. Түлшний хямрал үүссэн гол шалтгаан нь тус улс хэрэгцээт газрын тосныхоо 95 хувийг Персийн булангийн орнуудаас худалдан авдагтай холбоотой. Ираны тал дэлхийн хэрэгцээний нефть, хийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хааснаар түлш шатахууны хомсдолыг үүсээд буй энэ үед Филиппиний тээврийн салбарынхан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, түлш шатахууны үнийг бууруулах, цалинг  өсгөх, нийтийн тээврээр зорчих төлбөрийг нэмэгдүүлэх шаардлага тавьж байна. Онц байдлын дэглэм тус улсад дор хаяж бүтэн жилийн турш үргэлжлэх бололтой.

Үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд Филиппиний засгийн газар шатахуун ба цахилгаан эрчим хүчийг хэмнэх, үүний сацуу бусад нийлүүлэгчээс худалдан авах арга хэмжээнүүдийг авч байна. 26-ны өдөр Оросоос 700 мянган баррель нефть хүлээн авсан нь 6 дугаар сар хүртэл хүрэлцэх юм.

Үүний зэрэгцээ шатахууны үнийг зөрүүг нөхөхөд нь тусламж болгож таксины жолооч нар, нийтийн тээврийн ажилтнуудад 83 доллар олгожээ. Зарим хотуудад оюутнууд болон ажилтай иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг олгов. Мөн эн тэргүүнд шаардлагатай түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, эм тариагаар хангах тусгай хороог байгуулсан байна.

Филиппиний эрх баригчид АНУ-д хандан, хоригт орсон Иран, Венесуэлээс нефть худалдан авах хүсэлт илгээжээ.

Тус улсын цахилгаан станцуудын 40 хувь нь шингэрүүлсэн хийгээр ажилладаг тул Ормузын хоолой хаагдсанаас үүдэн түлш шатахууны хомсдолоос гадна эрчим хүчний хямрал нүүрлэлээ. Хийн үнэ үнэ огцом өссөн тул түр хугацаанд нүүрс хэрэглэснээр цахилгааны үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой гэж Филиппиний Эрчим хүчний сайд мэдэгдсэн байна.

АХБ-аас Шри Ланкад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Ормузын хоолойг хааснаас хамгийн их хохирол амсаж буй улсуудын нэг бол Шри Ланк юм. Эрчим хүчний хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортоор хангадаг 22 сая хүн амтай тус улсад QR кодоор түлш шатахууныг нормчлон олгож байна. Гэвч энэ арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд дайн эхэлснээс хойш бензиний үнэ 33 хувиар өсжээ. 

Ойрх Дорнодын дайн Азийн улсуудад илүү хүнд тусч байгаа тул тэдгээрийн эдийн засагт нь учирч буй сөрөг нөлөөллийг багасгахын тулд Азийн Хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа санхүүгийн багц тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Тусламжийн хөтөлбөрт хамгийн түрүүнд Шри Ланк улс хамрагдсан байна.

Түүнээс гадна карбамид бордооны дэлхийн хэрэгцээний 50 орчим хувийг тээвэрлэдэг Ормузын хоолойг хааснаар бордооны үнэ огцом өслөө. Үүний улмаас Шри-Ланкад хүнсний бүтээгдэхүүний үнэ 15 хувиар өсөж магадгүй байна.

Иймээс засгийн газар түлш шатахууныг нормчлон хязгаарлаж олгохоос гадна нийтийн тээврээр зорчих төлбөрийг нэмэгдүүлж, шатахууны хэрэглээг багасгахын тулд төрийн байгууллагууд, дунд сургуулиудын хувьд лхагва гаргийг амралтын өдөр болгосон байна. Мөн хямдруулсан үнээр нефть худалдан авах асуудлаар Орос улстай хэлэлцээ хийж байгаа ажээ.

Энэтхэгт байдал ямар байна вэ?

Ерөнхий сайд Нарендра Моди саяхан мэдэгдсэнээр, тус улсад коронавируст цар тахлын үеэр тулгарсантай ижил асуудлууд үүссэн тул тухайн үед авсан байсантай адил арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тухайлбал, Энэтхэгийн 1 тэрбум 450 сая хүн амын 20 хувь нь шингэрүүлсэн хий хэрэглэдэг бөгөөд түүний 60 хувийг импортолдог байна. Үүнээс 90 хувийг нь Ойрх Дорнодын дайны голомтод орших Саудын Араб, Катар, АНЭУ-аас нийлүүлдэг ажээ. 

“Pradhan Mantri Ujjwala Yojana” (PMUY) гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Энэтхэгт шингэрүүлсэн хийн хэрэглээ 2016 оноос хойш огцом нэмэгдсэн байна. 2026 оны гуравдугаар сар гэхэд 100 сая айл өрх тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд ядуу иргэд болон хөдөө орон нутгийн айл өрхүүдэд уг түлшийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг.

Энэтхэгчүүд жилд 30 сая орчим тонн шингэрүүлсэн хий хэрэглэдэг бөгөөд үүнээс 87 хувийг нь иргэд хэрэглэдэг байна. Гэтэл Ормузын хоолой хаагдсаны улмаас хийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь өссөн тул хэрэглэгчид сандралд автан, их хэмжээгээр худалдан авсны улмаас хомсдол үүссэн байна.

Хямрал гүнзгийрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өөр эх үүсвэрүүд, тухайлбал Иранаас хий худалдан авч эхэлсэн боловч нийлүүлэлтийн өртөг нэмэгдсээр байна.

Шатахууны хямралаас зайлсхийхийн тулд 27-ны өдөр бензиний татварыг бууруулж, дизель түлшний татварыг бүрэн цуцалжээ. Энэтхэгийн импортолж буй нефтийн 40 хувь нь Ормузын хоолойгоор дамжин ирдэг. Үүний зэрэгцээ засгийн газраас мэдэгдэхдээ, нөөц шатахуун 2 сар гаруйн хугацаанд хангалттай хүрэлцэнэ хэмээн иргэдийг тайвшруулж байна.

Төв Азид үзүүлэх дайны нөлөөлөл

Ойрх Дорнодод дэгдсэн дайн бүс нутгаас хэдийн хальж, Евразийн эдийн засгийн тогтолцоог тогтворгүйжүүлэгч хүчин зүйл болж байна. Орос, Ойрх Дорнод, Өмнөд Азийг холбогч дамжин өнгөрүүлэх “гүүр” гэгддэг Төв Азийн улсууд дайнаас хохирол амссаар байна. Ялангуяа Суэцийн сувгийг орлохуйц чухал чиглэл болох “Умард-Өмнөд” гэдэг олон улсын тээврийн коридорын үйл ажиллагаа үндсэндээ зогсжээ. Энэхүү коридор нь үндсэн гурван чиглэлтэй. Үүнд: Азербайжанаар дайрах баруун чиглэл, Каспийн тэнгисийг дамнасан чиглэл ба Казахстан, Туркменистанаар дайрах зүүн чиглэл.

Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад улсын хувьд энэхүү коридор нь стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд ОХУ болон Хойд Европын орнуудыг Энэтхэг болон Персийн булангийн улсуудтай холбож, Европ ба Өмнөд Азийн хооронд бараа тээвэрлэх хугацааг багагүй хэмжээгээр хэмнэдэг.

Эдгээр чиглэл нь Ираны нутагт хоорондоо холбогддог тул юугаар ч орлуулшгүй ложистикийн чухал зангилаа юм. Гэтэл гуравдугаар сард Азербайжаны Астара боомтоор нэвтрэх хөдөлгөөн хэдхэн хоног түр зогсоход хүргэлтийн хугацаа 20-30 хувиар уртасч, тээврийн өртөг 15-25 хувиар нэмэгдэж байх жишээтэй. Энэ коридорыг анх байгуулахдаа 2027 он гэхэд 15 сая тн, 2030 он гэхэд 20 сая тн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай байна гэж тооцоолсон ажээ. Гэтэл дайны нөхцөлд ийм хэмжээнд хүргэж чадах эсэх нь эргэлзээтэй боллоо.

Төв Азийн орнууд далайд гарцгүй тул дамжин өнгөрөх тээврийн коридорууд маш чухал үүрэгтэй. Энэхүү тогтолцоонд Иран улс тус бүс нутгийн хувьд “өмнөд хаалга”-ны үүрэг гүйцэтгэдэг. Энэ хаалгаар дамжин Персийн булангийн боомтуудад хүрснээр Энэтхэг, Персийн булан ба Хойд Африкийн орнуудын зах зээлд бараагаа борлуулах боломж бүрдэнэ. 2024 онд гэхэд Ираны нутгаар дамждаг янз бүрийн чиглэлээр тээвэрлэсэн ачааны хэмжээ 60 сая тоннд хүрээд байлаа. Энэхүү тээврийн чухал зангилаа үл ялиг тогтворгүйтэхэд барааны урсгал өөрчлөгдөж, ложистикийн сүлжээний өртөг нэмэгдэхэд хүрнэ.

Төв Азийн эдийн засгийн загварчлал нь транзит тээвэр, түүхий эдийн экспорт, гадаад худалдаан дээр тогтдог тул тогтворгүй байдал бүтэн жил үргэлжлэхэд ложистикийн сүлжээнд саатал гарч, тус бүс нутгийн улс орнуудын ДНБ 1-3 хувиар буурах юм.

Тэгэхээр Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдал нь бүс нутгийн хэмжээнээс хальж, Төв Азийн эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурийг ганхуулж, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эргэлзээтэй болгож байна. 

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.