Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх санаачлан, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэхүү төсөлд туссан хамгийн анхаарал татсан заалтуудын нэг нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг бодитой хэрэгжүүлэх асуудал юм. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг батлах эсэхийг хэлэлцэх гэж буй энэ үед зарим намын бүлэг, зөвлөлүүд уг хуулийг эсэргүүцэж, “парламентын дархлаа алдагдана”, “төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй” гэх мэт тайлбар хийж эхэллээ.
Гэвч бодит үнэнийг хэлэх цаг болсон.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай ойлголт бол шинэ зүйл биш. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн, төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй байх зарчмын бодит хэрэгжилт юм.
Ард түмэн сонгодог бол, шаардлагатай үед хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Сонгуульд ялсан цагаасаа эхлэн дөрвөн жил юу ч хийсэн хэн ч яах вэ гэсэн хандлага ардчилал биш, харин хяналтгүй эрх мэдлийн хэлбэр юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд иргэдийн дунд нэгэн нийтлэг гомдол байсаар ирсэн. Тэр нь “нэг удаа сонгогдсон улс төрч ард түмнээ мартдаг”, “амлалтаа биелүүлдэггүй”, “төрийн мөнгө шамшигдуулсан ч хариуцлага хүлээдэггүй”, “дархан эрхийн цаана нуугддаг” гэх шүүмжлэл юм. Энэ бол хий хоосон бухимдал биш, бодит туршлагаас урган гарсан олон нийтийн үнэлгээ. Өнөөдөр энэхүү хуулийг хамгийн хүчтэй эсэргүүцэж буй зарим гишүүдийн үйлдэл өөрөө олон нийтийн хардлагыг баталж байна. Хэрэв тэд үнэхээр ард түмний төлөө ажиллаж, хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, сонгогчдын итгэлийг алдаагүй бол эргүүлэн татах механизмаас яагаад айх ёстой гэж?
Шударга улстөрчдөд энэ хууль аюул биш. Харин амлалтаа мартсан, албан тушаалаа ашигласан, авлига хээл хахуульд нэр холбогдсон хүмүүст бол бодит хариуцлагын дохио юм.
Парламентын дархлаа гэдэг нь гэм бурууг халхлах бамбай биш. Харин хууль тогтоох үйл ажиллагааг гаднын хууль бус дарамтаас хамгаалах механизм. Үүнийг гишүүний хувийн эрх ашигтай хутгаж ойлгож болохгүй. Хэрэв дархлаа нэрийн дор ёс зүйгүй үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугддаг бол тэр дархлаа ард түмэнд биш, цөөнхөд үйлчилж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль батлагдсанаар хэд хэдэн эерэг үр дүн гарна.
Нэгдүгээрт, гишүүд сонгогчидтойгоо илүү ойр ажиллана.
Хоёрдугаарт, амлалтаа биелүүлэх, хариуцлагатай байх соёл тогтоно.
Гуравдугаарт, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс төрд шигдэх эрсдэл буурна.
Дөрөвдүгээрт, ард түмний төрдөө итгэх итгэл сэргэнэ.
Төрийн эрх мэдлийн жинхэнэ эзэн нь ард түмэн. Тиймээс ард түмэн сонгосон төлөөлөгчдөө хянах, шаардлагатай бол эргүүлэн татах эрхтэй байх нь хамгийн энгийн ардчилсан зарчим мөн. Энэ зарчмыг эсэргүүцэж буй хэн боловч өөрийн эрх ашгийг ард түмний эрхээс дээгүүр тавьж байна гэж ойлгогдоно. Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль бол ард түмний эсрэг биш, ард түмний төлөө хууль. Шударга гишүүдэд аюулгүй, харин авилгачдад аюултай. Тиймээс энэ хуулийн төсөл бол Монголын ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагатай төрийг цогцлоох чухал алхам мөн.
Facebook
Twitter
Youtube


“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгууллаа
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, баталлаа
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна.gif)

Сэтгэгдэл бичих