ТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа


4-р сарын 15
15 цаг 39 минут

     Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.15/ хуралдаан 09 цаг 55 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 29 гишүүний 17 нь буюу 58.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Ж.Батжаргал, Р.Батболд Ж.Батсуурь,   Х.Булгантуяа Г.Ганбаатар, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, З.Мэндсайхан, Ч.Номин, Д.Пүрэвдаваа, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирсэн бөгөөд дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд ““Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболдоос дээрх асуудлыг нарийвчлан судалж, холбогдох санал, дүгнэлт гаргах зорилгоор Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллах хүсэлтийг гаргасан байна. Иймд уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа нар ажлын хэсэг байгуулах эсэх талаар дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийллээ.

Ингээд ““Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 47.2 хувь нь дэмжив. Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Г.Ганбаатар, Д.Цогтбаатар, Б.Мөнхсоёл нар ажлын хэсэг байгуулах санал хураалтыг дахин явуулах горимын саналтай байлаа. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд ийм асуудлаар горимын саналаар санал хураалт явуулахгүй гэж заасныг мэдэгдлээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо

Дараа нь Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны эхний үлдэгдэл 102.3 тэрбум төгрөг байсан бөгөөд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 503.5 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан бусад эх үүсвэрээс 144.7 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэхээр баталснаас 574.9 тэрбум төгрөг төвлөрч, гүйцэтгэл 88.7 хувьтай гарсныг  онцлов.

Мөн аудитаар нийт 158.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 1.0 тэрбум төгрөгийн 75 төлбөрийн акт тогтоож, 109.4 тэрбум төгрөгийн зөрчилд 613 албан шаардлага, 46.0 тэрбум төгрөгийн зөрчилд 702 зөвлөмж өгч, 2.1 тэрбум төгрөгийн найман асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлснийг танилцуулгад дурджээ.

Мөн аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дүгнэлт гаргасан байна. Тодруулбал,

-Аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан төлөвлөсөн ч иргэдийн саналаар дэмжигдээгүй, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, баталдаг дутагдал нийтлэг байна;

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн 523.5 тэрбум төгрөгийн 8,998 төсөвт арга хэмжээний 2.0 хувь буюу 17.8 тэрбум төгрөгийн 180 төсөл, арга хэмжээ нь журамд заасан чиг үүрэгт хамааралгүй, урсгал зардлын шинжтэй 84.6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн байна;

-Орон нутгийн хөгжлийн санд 2024 оны сүүлээр төвлөрсөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогыг аймаг, нийслэлд хуваарилаагүйгээс төлөвлөсөн орлого тасрахад нөлөөлсөн байна;

-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг батлагдсан хуваарийн дагуу санхүүжүүлсэн хэдий ч орон нутгийн нэмж төлөвлөсөн эх үүсвэрийн бүрдүүлэлт хангалтгүй байна;

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 750.5 тэрбум төгрөгийн 10942 төсөл, арга хэмжээний 26.1 хувь буюу 209.0 тэрбум төгрөгийн 916 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй байгаад анхаарах шаардлагатай байна;

-Захиалагчаас төсөл, арга хэмжээний хэрэгцээ шаардлага, хүртэх үр өгөөжийг тооцоолоогүй, гүйцэтгэгчид ажил, үйлчилгээг чанаргүй гүйцэтгэснээс зарим аймагт ашиглалтгүй хөрөнгүүд бий болсноос гадна, нэгэнт бий болсон эд хөрөнгийн ашиглалтын байдалд холбогдох албан тушаалтны хяналт сул байгаагаас эд хөрөнгө эвдэрч, гэмтэх, зориулалт бусаар ашиглах зэрэг алдаа, зөрчил давтагдсанаар үр ашиггүй зардал гарч байна;

-Удирдлагын мэдээллийн систем болон Шилэн дансны цахим системд мэдээллийг бүрэн оруулаагүйгээс  иргэд, олон нийт ил тод, үнэн зөв мэдээллийг авч чадахгүй байна гэсэн байлаа. 

Түүнчлэн Монгол Улсын Их Хуралд малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг бүсчлэн нэгдсэн байдлаар тогтоож, Төсвийн тухай хууль болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллах зөвлөмжийг өгсөн гэсэн байлаа.

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал аудитын дүгнэлтэд орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдээгүй төсөл хөтөлбөрүүд нэмэгдсэн, тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил нь буураагүй гэх зэргээр жил бүр өгдөг аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй, алдаа нь давтагдсаар буйг дурдаад цаашид энэ асуудалд ямар арга хэмжээ авах талаар тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Орон нутгийн хөгжлийн сангаас хийж байгаа хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдэд нарийвчилсан хяналт тавихгүй бол асуудал нэг мөр ойлгогдож, хэрэгжихгүйд хүрээд байгааг онцлоод уг асуудлын учир шалтгааныг эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт хийх талаар зөвлөмж өгсөн эсэхийг лавлаж байлаа.

Монгол Улсын Ерөнхий аудиотор С.Магнайсүрэн хариултдаа, Орон нутгийн хөгжлийн санд жил бүр санхүүгийн цаглаварт хугацаанд аудит хийдгийг дурдаад зөрчлүүд буурахгүй, Засгийн газрын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журамд заасан тодорхой заалтууд биелэгдэхгүй байна. Иймд Сангийн сайд болон төсвийн захирагч бүрд зөвлөмж өгсөн. Зөвлөмж хэрэгжихгүй бол хуулийн хүрээнд дараа жилд нь хариуцлагын асуудлыг хөндөнө гэлээ.

Үндэсний аудитын газраас зөвлөмж өгөхдөө ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг аймаг, нийслэлд олгохдоо орлогын гүйцэтгэлд нь үндэслэж шилжүүлэх, Сангийн сайдын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос Орон нутгийн хөгжлийн санд олгох, шилжүүлэх, тооцох аргачлалыг Төсвийн тухай хууль,  Засгийн газрын 2023 оны 757 дугаар тогтоолд нийцүүлж, шинэчлэн батлах, хяналтаа сайжруулахад чиглүүлсэн хэмээн ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгөв.

Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцлаа

Үргэлжлүүлэн Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа, Хүү, торгуулийн эх үүсвэрээс 2023, 2024 онд нийт 322.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 361.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, орлогын 97.2 хувь /351.1 тэрбум төгрөг/-ийг орон нутгийн төсөвт, 2.8 хувь /10.1 тэрбум төгрөг/-ийг улсын төсөвт төвлөрүүлсэн гэж байлаа.

Мөн аудитаар нийт 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, үүнээс 2.9 тэрбум төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт, 12.4 тэрбум төгрөгийн зөрчилд 41 албан шаардлага, 17.0 тэрбум төгрөгийн зөрчилд 163 зөвлөмжийг шалгагдагч байгууллагуудад хүргүүлсэн гэв.

Тус тайлангийн танилцуулгад аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дүгнэлт гаргасныг дэлгэрэнгүй танилцуулав.

Уг дүгнэлтэд, -Хүү, торгуультай холбоотой харилцааг зохицуулж байгаа зарим хууль, эрх зүйн актын уялдаа, нийцлийг хангуулж боловсронгуй болгох шаардлагатай;

-Сангийн яамнаас хянасан хүү, торгуулийн орлогын төлөвлөгөөг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бодит нөхцөл байдал, судалгаанд үндэслээгүй, харилцан адилгүй хувь хэмжээгээр өсгөж, бууруулж баталсан;

-Хүү, торгуулийн орлогоос Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд болон Авто замын санд хуваарилах санхүүжилтийг дутуу олгосон, хуваарилсан хөрөнгийн 4.2 хувийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, соён гэгээрүүлэх үндсэн зорилтын үр дүнг бууруулсан гэж үзэхэд  хүргэж байна;

-Байгууллага хоорондын мэдээллийн нэгдсэн сан бүрдээгүй, хүү, торгууль ногдуулсан нэгж, нэхэмжлэлийн дугаар тодорхойгүйгээс орлогын төлөвлөгөөний биелэлтийг байгууллага бүрээр гаргах боломжгүй байна;

-Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналт хангалтгүйгээс 321.8 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн торгуулийн орлого төлөгдөөгүй байгааг танилцуулгад дурдсан байлаа.

Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлэв.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Батжаргал, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Батжаргал нар хуулийн төсөлд туссан “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах” төсөл арга хэмжээг хасах саналыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн хэдий ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу тухайн асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Хуулийн төслийн 5 дугаар зүйлд “Дунд хугацаанд хэрэгжих төслийн орлогоос хөрөнгө оруулалтаараа зардлаа бүрэн нөхөх боломжтой эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл, арга хэмжээг нэгдсэн төсөвт нөлөө үзүүлэхгүйгээр санхүүжүүлэх чиглэлийг баримтална” гэсэн хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна3 цаг 6 минутын өмнөС.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай3 цаг 9 минутын өмнөЭх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна3 цаг 14 минутын өмнөНийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй3 цаг 17 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна3 цаг 20 минутын өмнө146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө3 цаг 24 минутын өмнөМарафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай3 цаг 26 минутын өмнөТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа3 цаг 29 минутын өмнөФото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй3 цаг 33 минутын өмнө2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ4 цаг 35 минутын өмнөЖижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого4 цаг 39 минутын өмнө“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна4 цаг 44 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ4 цаг 53 минутын өмнөХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна5 цаг 3 минутын өмнөГэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна5 цаг 6 минутын өмнө“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна8 цаг 47 минутын өмнөИспани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ8 цаг 49 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа8 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?8 цаг 55 минутын өмнөХ.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ9 цаг 5 минутын өмнөХөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 цаг 8 минутын өмнөМонголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана9 цаг 49 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль ард түмэнд ашигтай, авилгачдад аюултай9 цаг 51 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж9 цаг 55 минутын өмнө“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна9 цаг 58 минутын өмнөМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ4 сар 15. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 15. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан4 сар 15. 8:58ШҮҮХ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасав4 сар 14. 23:56С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй4 сар 14. 14:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.