Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!


4-р сарын 20
19 цаг 26 минут

     Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент гэж хонь, чоно шиг нөхдийн цуглуулга болсныг монголчууд бүгд харж байна. Өнгөн дээрээ ард түмний төлөөлөл, хууль тогтоогч гэх гоё нэртэй ч үнэн хэрэгтээ улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн БЭТ-үүд УИХ-д суудлаа эзэлцгээсэн нь энэ. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын кнопчидоос эхлээд MCS, АПУ зэрэг үндэсний томоохон компаниудаас гадна "Рио Тинто"-ийн ашиг сонирхлыг илэрхийлэгчид ч төрийн хууль батлалцаж байгаа нь нууц биш. "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, парламентын дархлаанд халдах гээд байна" гэх суртал ухуулгыг хийж буй эрхэм гишүүд өөрсдөө дотоод, гадаадын бизнесийн бүлэглэлүүдийн халаасны кнопчид болцгоосон нь угтаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, парламентад тулгарсан аюул юм. Энэ парламентад сэжиг бүхий гэж болохуйц гишүүд бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, О.Номинчимэг нар. Тэднийг улс төрийн хүрээнд "Рио Тинто"-той ашиг сонирхлын зөрчилтэй" гэж ярьцгаадаг. Яагаад тэр юм бол... Х.Булгантуяаг "Оюутолгой" ХХК-д ажиллаж байсан, О.Номинчимэгийн нөхөр "Оюутолгой" ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал учраас улстөрчид тэгж харддаггүй байх.

"Рио Тинто"-ийнхон Х.Булгантуяад нэг тэрбум ам.доллараар Сангийн дэд сайдын суудал бэлэглэж байсан" гэх ам дамжсан ярианаас гадна Х.Булгантуяаг Сангийн дэд сайдаар ажиллаж байх үед буюу 2019 онд Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орох эрсдэл үүссэн талаар тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд болон эдийн засагчид анхааруулж байв. Тодруулбал, Европын холбоо 2017 оны арванхоёрдугаар сарын 05-нд татварын ил тод бус тогтолцоотой, хамтран ажилладаггүй улс орнууд, бүс нутгийн хар жагсаалтыг анх удаа дэлгэхэд Монгол Улс багтсан. Тэр үед Сангийн дэд сайд асан Х.Булгантуяа "Та бүхний тавьсан шаардлага манай улсын хууль тогтоомж, Татварын хуульд нийцэхгүй байна" гэсэн утгатай хариу захидал бичсэн нь дарин дээр давс цацахтай адил болж, Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад оруулахад хүргэж болзошгүй байдал үүсгэсэн талаар З.Энхболд тэргүүтэй улстөрчид, эдийн засагчид шүүмжилж байсан юм. Х.Булгантуяагийн энэ үйлдэл Монголыг саарал жагсаалтад оруулах санаатай үйлдэл байсан уу, гадныхны захиалга байв уу гэдэг нь өдгөө ч хардлага дагуулсан хэвээр...

Х.Булгантуяа 2020-2024 онд УИХ-ын гишүүн байхдаа Төрийн ордонд дарга нарын өрөөгөөр дагуулж гүйдэг "найз"-тай болсон нь О.Номинчимэг. О.Номинчимэгийн тухайд, Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад 2021-2022 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, 2022-2023 онд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Харин Х.Булгантуяа найз нь "Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг бараадаж байгаад 2024 онд нийслэлд нэр дэвших тойрог ав" гэж зөвлөсөн үү, Г.Занданшатарын дэргэдээс буйр сэлгэж Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж, хүүхдийн тоглоомын талбайд хүн загнаж камерийн үзүүлбэр үзүүлсэн удаатай. Ингээд 2024 онд МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Төдийгөөс өдийг хүртэл Төрийн ордон, МАН-ын цагаан байранд дарга нарын өрөөнд хөтлөн орж УИХ-ын гишүүн болгосон Х.Булгантуяад О.Номинчимэг өртэй!

 УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны 152 дугаар хуралд оролцжээ. Энэ тухайгаа рекламный пауз хийж, сошиал риил хийхээ ч мартсангүй. Тэрбээр "...миний даргалдаг Парламентчдын хүний эрхийн хороо..." гэж байгаад тун цочир мэдээлэл өгсөн нь "...хорооны дэд ерөнхийлөгч, Замби улсын парламентын гишүүн Харри Камбони Монголын парламентчтай холбоотой хэргийн шийдвэрийг зарлав. Уг шийдвэрээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө "Төрийн эрхийг хууль бусаар булаан авах" гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо. Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргасныг танилцууллаа" гэжээ. Үгүй мөн лут аа! ОУПХ бол парламент хооронд туршлага солилцох, ардчилал, хүний эрх, ил тод байдлыг дэмжих, зөвлөмж, тогтоол гаргах үүрэгтэй олон улсын байгууллага. Харин тусгаар улсын парламентад үүрэг, даалгавар өгөх эрх ОУПХ-д байхгүй гэдгийг О.Номинчимэг гишүүн мэддэггүй гэж үү... Монголын парламент хууль баталдаг, ОУПХ зөвлөмж гаргадаг, асар том ялгаатай байгаа биз. Тэр дундаа УИХ хууль тогтоох бүрэн эрхээ бие даан хэрэгжүүлдэг. Харин ОУПХ тусгаар улсын парламент, Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд халдах учиргүй билээ. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцсийнх. Харин О.Номинчимэг гишүүн ОУПХ-ны 152 дугаар хуралд оролцох далимдаа Х.Булгантуяаг өмөөрүүлсэн шийдвэр гаргуулахын тулд Монгол төр хийгээд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн талаар ямар сөрөг суртал ухуулга хийсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үндэсний аюулгүй байдлын нүд, чих болсон ТЕГ Х.Булгантуяаг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргээр шалгаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн атал ОУПХ Монголын тагнуул, шүүхийн өмнүүр орж шийдвэр гаргадаг нь ямар учиртай вэ, О.Номинчимэг гишүүн ээ.

"Дарга аа, уучлаарай. Ёстой муухай сценарит орчихлоо". Энэ бол 2025 оны аравдугаар сарын 17-нд Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчиж Ерөнхий сайдаас огцруулсны дараа Х.Булгантуяагийн хэлсэн үг. Тэрбээр УИХ-ын дэд даргын хувьд хуралдаан даргалж, санал хураалт явуулсныхаа дараа Г.Занданшатартай гар барихдаа ийн хэлсэн нь шууд дамжуулалтаар ил болсон. Өөрөөр хэлбэл, Х.Булгантуяа найзуудынхаа зохиосон "Муухай сценари"-ийн гол дүрд тоглож, УИХ-ын чуулганы индэрт өдөр, шөнөгүй алх нүдэн Г.Занданшатарыг огцруулж л байвал "Хууль ХУЦ! Үндсэн хууль ХУЦ!" гэж аягласан үйлдлээ ийнхүү Г.Занданшатартай гар барихдаа хүлээн зөвшөөрсөн хэрэг. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хуулийн заалттай бол Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэх Цэцийн шийдвэр 2025 оны аравдугаар сарын 22-нд гарсан ч УИХ таг чиг! УИХ-ын тухай хуулийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гишүүнийг тангаргаасаа няцаж, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан. Гэвч Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэсэн 08 дугаар дүгнэлт хаврын халуухан улс төрийн дүйвээнд дарагдаж хоцров уу.

 Х.Булгантуяагийн хувьд, УИХ-д хөтөлж оруулж ирсэн найз О.Номинчимэг ОУПХ-ны 152 дугаар хуралд оролцох зуураа сошиалд өөрийгөө рекламдаж, "Би, би"-тэй пост бичихдээ төрийн хууль, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн талаар ОУПХ-ныхонд ямар буруу ойлголт өгсөн бол?! Улстөрчид нэг хэсэг "Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л бий" гэдэг байсан бол одоо "Үндсэн хуулийн Цэцийн дээр хууль бий" гэлцдэг болсон. Харин О.Номинчимэг гишүүний бичсэн постоос харвал, тусгаар Монголын УИХ, Үндсэн хуулийн Цэцийн дээр ОУПХ, бүр цаашилбал О.Номинчимэг гишүүн Ерөнхийлөгчөөр нь ажилладаг гэх Парламентчдын хүний эрхийн хороо сандайлдаг болчихсон юм уу. Ж.Батзандан, Лу.Болд нар С.Зоригийг хөнөөсөн хэргийг улс төрийн зэвсэг болгохдоо ОУПХ-оор "занималддаг" байсан технологийг мартаагүй биз. С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсож, хаалттай хорих ангид ял эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сөргөлдөгч талынхаа эсрэг ашиглах хэрэгсэл болгож, хүний эрх, эрүүдэн шүүлт гэх үгсээр айлгах технологи хэрэгжүүлж, ОУПХ-оор бамбай хийн улс төрийн шоу дэглэж байсан удаатай. Монгол Улсын хараат бус, бие даасан үйл ажиллагаатай, хэний ч нөлөөнд автах ёсгүй шүүх засаглалын шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэж байсан нь Ж.Батзандан, Лу.Болд гэдэг дүрүүдтэй, Ц.Нямдоржийн дэглэсэн зохиол байсныг улстөрчид ярьдаг. Харин одоо О.Номинчимэг ОУПХ-оор түрээ барьж, Монгол төрийн хууль, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, тагнуулынхны шалгаж буй хэрэг дээр эсрэг суртал ухуулга хийж, Х.Булгантуяаг хэлмэгдсэн, чөлөөтэй зорчих эрхээ хасуулсан, сошиалд буллидуулсан хөөрхийлөлтэй нэгэн болгож харагдуулах жүжгийг дэглэж явна. Зөвлөмж, тогтоол л гаргах үүрэгтэй ОУПХ-г Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, тагнуулын байгууллагын эсрэг хөдөлгөж байж Х.Булгантуяа найздаа чирэгдэж унав даа, О.Номинчимэг гишүүн ээ!

Х.Булгантуяа УИХ-ын даргын индрээс "Муухай сценарит орчихлоо, уучлаарай" гэж Г.Занданшатарт камерийн өмнө хэлсэн нь өөрөө баримт. Баримт ярьдаг гэж энэ. Гэвч Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн улаан буйдангаас "Галаар битгий наадаарай" гэж гоц мэдэгдэл хийсний дараа Х.Булгантуяа найз Ч.Номингийнхоо МонголHD телевизээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн эсрэг өөрийгөө өмөөрөх зоригтой болж гарч ирсний цаана ямар далд хүч байна вэ гэдэг нь сонирхолтой. Үндсэн хуулийн Цэц, төрийн хууль, тагнуулын байгууллагын эсрэг өөрийгөө өмөөрч дуугарна гэдэг мөн том зориг оо. Ийм том зоригтой байгаагийнх нь цаана асар хүчтэй ашиг сонирхлын бүлэглэл байна уу гэж хардахад хүргэнэ. Тэр бүлэглэл нь арай "Рио Тинто" биш биз. Ийм хардлага хэнд ч төрөхөөр авирлаж байна, тэд. О.Номинчимэг УИХ-д жагсаалтаар анх удаа сонгогдсон, харин түүний найз Х.Булгантуяаг ТЕГ "Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан" гэдэг хэргээр яллагдагчаар татсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тийм атал ийм том байгаагийн нууц яг юу вэ!? Төрийн хууль, Үндсэн хууль, Үндсэн хуулийн Цэцийг хүртэл зүгээр л зөвлөмж гаргах үүрэгтэй ОУПХ-оор шүүлгэж, бүр шийдвэр гаргуулж байна гэхээр даам байгаа биз дээ. Цэцийн шийдвэрийг шүүлгээд зогсохгүй О.Номинчимэгийн даргалдаг Парламентчдын хүний эрхийн хорооноос УИХ-д "Цахим орчинд Х.Булгантуяагийн нэр хүндийг унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийсэн нөхдийг олж тогтоо" гэж даалгасан шийдвэр гаргасан талаар эрхэм гишүүн цахим постдоо дурджээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн даргалдаг гэх Парламентчдын хүний эрхийн хорооноос УИХ-д Х.Булгантуяаг "уйлуулсан" "Орос чихрийн цаасны эзэн"-ийг олж тогтоох даалгавар өгсөн байгаа юм. Арай хэтэрч байна уу, үгүй юү. А.Сүхбат нэгэнтээ "Бөх бол төр" гэсэн бол одоо Х.Булгантуяа, О.Номинчимэг хоёр ТӨР юм биш үү. Жагсаалтын гишүүн О.Номинчимэг найзаа аврах гэхдээ ОУПХ-г Үндсэн хуулийн Цэц, тагнуулынхны эсрэг пропаганда болгон ашиглаж, УИХ-д даалгавар өгүүлсэн байна шүү дээ.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!3 цаг 30 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна6 цаг 10 минутын өмнөАгаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ6 цаг 14 минутын өмнөСэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна6 цаг 19 минутын өмнөАН-ын бүлэг "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоох шаардлага хүргүүллээ6 цаг 22 минутын өмнөТолгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна6 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо6 цаг 33 минутын өмнөБОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо8 цаг 55 минутын өмнөУлсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 59 минутын өмнөГадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй4 сар 20. 12:36Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 12:31ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон4 сар 20. 12:26Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 20. 12:08Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ4 сар 20. 12:05Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа4 сар 20. 12:01Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв4 сар 20. 10:59НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно4 сар 20. 10:53Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ4 сар 20. 9:42Төв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно4 сар 20. 9:37УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.244 сар 20. 8:41УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 20. 8:37Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 20. 8:35"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.