Төр ачаагаа иргэдэд ҮҮРҮҮЛНЭ, Б.Найдалаад НАЙДААД хэрэггүй


4-р сарын 22
12 цаг 52 минут

      Манай төр тэгээд үүрүүлж л сурсан даа. Өмнөх нийгэмд ч үүрүүлж байлаа. Одоо ч бас үүрүүлсээр. Төсөв хүндэрлээ гэж татвар төлөгчдөө гөвнө. Иргэдээ бодлоо гэх нэрээр зээлийн “крант”-ыг нь хаана.  Тог байхгүй ээ гээд цахилгааныг нь тасална. Дайн дажин гээд шатахуун импортлогчдоо гөвнө. Гөвөхгүй юм, үүрүүлэхгүй ачаа гэж алга. Одоо байтлаа эрчим хүчний бодлогогүй "сулдаа ганхан жороолж явсан" манай төр цахилгааны үнийг нэмнэ гэнэ. Тасалдаг мөртөө л үнээ нэмнэ. Гэхдээ иргэдэд дарамтгүйгээр. Дарамтгүйгээр нэмнэ гэдгийг мөхөс би бус Ерөнхий сайд Н.Учрал өөрийнхөө амаар хэлсэн юм шүү.

Өрхийн орлого нь бүс нутгаасаа гурав дахин, дэлхийн дунджаас арав дахин бага манайх шиг улсад иргэдэд дарамтгүйгээр үнэ нэмэгдэнэ гэж байдаггүй юм.

Өрхийн орлого нь бүс нутгаасаа гурав дахин, дэлхийн дунджаас арав дахин бага манайх шиг улсад иргэдэд дарамтгүйгээр үнэ нэмэгдэнэ гэж байдаггүй юм. Яахав манайхан л инфляц, үнийн өсөлтөд алгадуулаад “сурчихсан” болохоос. Орлого багатай ч амбиц нь дэндсэн төртэй Монгол Улс 30 жил эрчим хүчний шинэчлэл гэж ярьсан. Ардчиллын төлөө тэмцэж асан С.Зориг гишүүн болчхоод байхад л албан тасалгаанд нь тог тасардаг байлаа. Одоо ч ялгаагүй. Гэхдээ ямба нь дэндсэн төрийн ордонд тог тасрахгүй л дээ. 90-ээд оноос өөрчлөгдсөн ялгаа гэвэл энэ. Сайд болгон Эрчим хүчний салбар чухал салбарын нэг гэж аман бувтнадаг. Шинэ сайд болгон томилогдоод удаагүй байхдаа цахилгаан станцуудтай танилцдаг юм. Танилцсаар 30 жил болсон. “Алсын хараа: Хорь тавь” гэсэн даажин дунд ч эрчим хүчний шинэчлэл гэсэн хоосон лоозон бий. Н.Учрал ч дөрөвдүгээр цахилгаан станцтай танилцсан. Танилцаад хэцүү гэдгийг нь мэдсэн. Мэдэхдээ үнэ нэмэхээс аргагүй гэж хэлсэн. Магадгүй өмнөх Ерөнхий сайд нараас ялгаатай нь үнэ нэмнэ, гэхдээ дарамтгүйгээр гэж хэлсэн нь л байлаа.  “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн удирдлагууд бодит байдлаа учирласан. Нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. 2025 онд тус байгууллага цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ гэдгээ ч хэлсэн. Бодит байдал ийм байхад л Н.Учрал сайд “Эрчим хүчний салбарыг үе шаттайгаар шинэчилж, 2026-2028 онд хуримтлагдсан өрийг үе шаттай барагдуулж, 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй болгоно “ гэв ээ. Цаг хугацааны интервалыг нь хараад байгаарай. 2026-2028 он бол сонгуулийн циклийн жил. Хоёр жилд нь өр барагдуулсан болж, сонгуулийн шоугаа хийж аваад, 2029 оноос засаг, заяа хоёртоо найд гээд үлдээх л улс төрийн башир арга харагдаад байгаа юм.

Эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Бас болоогүй сүүлийн 8-9 жилийн хугацаанд гаднын зээл тусламжаар олгосон төсөв 1.5 их наяд төгрөг.

Одоо хэдүүлээ бодит тоо ярьцгаая. Г.Занданшатарын хэлдгээр тоо худлаа хэлдэггүй. Эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ердөө таван жилийн өмнө 2021 онд эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгө оруулалт 38 тэрбум төгрөг байсныг харвал өссөн байгаа биз. Бас болоогүй сүүлийн 8-9 жилийн хугацаанд гаднын зээл тусламжаар олгосон төсөв 1.5 их наяд төгрөг. Тийм ээ та буруу сонсоогүй. Арав хүрэхгүй жилийн дотор гаднынхан ийм хэмжээний мөнгө өгсөн. Гэхдээ байна аа, манайхан эндээ бодлогогүй учраас алдагдал нь бараг нэг их наяд төгрөг болжээ.

Хөрөнгө оруулалт татсан мөртөө л бодлогогүй яваад байсан улс даа. Бодлогогүй дарга ангийн шатлан дэвших дамжлага бааз нь ч эрчим хүчний салбар байсаар ирсэн. Шатлан дэвших дамжлага бааз дээр одоо ХҮНий хүн Б.Найдалаа ирсэн. Одоо бидэнд Б.Найдалаад найдаж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Асуултын учир нь найдаж болохгүйд л байгаа юм. Чухам яагаад гэвэл эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн баримт бичгийг шинэчлэх шаардлагатай. Уг нь 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” гэгчийг УИХ-ын 63-р тогтоолоор баталж байлаа. Хэрэгжилтийн хугацаа нь 2015-2030 оныг хүртэл хамраад “Эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах, эрчим хүч экспортлогч орон болох нөхцөл бүрдүүлэх” зорилготой баталж байв. Нэгэнт хэрэгжихээсээ өнгөрсөн учраас энэ баримт одоо хүчингүй болчихсон.

Түүнчлэн шат дараалсан олон зөвшөөрөл, журмыг болиод, чөлөөт өрсөлдөөний зах зээл рүү шилжих шаардлага зайлшгүй тулгарлаа. Ердөө ганц жишээ дурдъя. Тухайн аж ахуйн нэгж өөрийн цахилгааны хэрэглээх хангах жижиг станц барих газрын зөвшөөрөл авахад зургаан сар, бичиг баримт бүрдүүлэх процесс 1.5 жил, станцаар асуудлаа шийдэх хүртэл 2.5 жил зарцуулдаг аж.

Эрчим хүчний салбарыг Төрийн өмчид гэхээс илүүтэй хувийн хэвшлүүдэд, бүр болохгүй 40/60 хувиар нь хуваагаад төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах ёстой. Үнийг нэмэхээс илүүтэй бодлогоор нь, углуургаар нь харж чадвал энэ салбар богино хугацаанд сэргэх нигууртай.

Эрчим хүчний үнийг иргэдэд дарамтгүйгээр нэмэгдүүлнэ гэдэг нь “Наран дээр шөнө бууна” гэснээс өөрцгүй.

“Иргэдэд дарамтгүйгээр үнэ нэмэгдүүлнэ” гэдэг нь “Наран дээр шөнө бууна” гэснээс өөрцгүй. Учир юу гэвэл болзошгүй хямралын дохиотой байгаа дэлхий дахинд хөгжиж буй гэх ангилалд орох манайх шиг улс инфляцын өсөлтөөс сэргийлэх бодлого баримталж, нийгмийн халамжийн зорилтот хөтөлбөр боловсруулах ёстой гэдгийг ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулсан. Махны үнийн өсөлт нь л инфляцад нөлөөлдөг Монгол Улсад шатахууны үнэ, дээрээс нь гурилын үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл гипр инфляц учрах нь зайлшгүй. Ингээд яахав, мандан бадрах мөрөөдлөөр хөмсөг зангидсан дарга ангийн хэлсэн үг хадны цуурай адил замхран одно. Тэр цагт мөрөөдлөө цуурайтуулсан дарга анги “одоо яг хөгжүүлнэ ээ” гээд л гараад ирнэ. Ачааг нь харин ард түмэн бид үүрнэ...

ЗҮҮЛТ: Хоёр жилийн өмнө эрчим хүчний салбарын реформ гэж ярьж байхтай зэрэгцээд Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдийн цахилгааны тарифыг нэг кВт цаг тутамд 216 төгрөг байсныг 280 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнийгээ бодит өртгийн 85%-д дөхүүлсэн гэж тайлбайрладаг. Тооцъё:

  • 3 тарифт тоолууртай айл өрх, аж ахуй нэгж нь өглөөний 06 цагаас 17 цаг хүртэлх кВт цахилгааныг 285 төгрөг, 17-22 цаг хүртэл кВт цахилгааныг 476 төгрөг, 22-06 цаг хүртэл кВт цахилгааныг 160 төгрөгөөр
  • 2 тарифт тоолууртай айл өрх, аж ахуй нэгж 150 кВт цагаас ихгүй хэрэглэдэг бол 06-21 цаг хүртэл кВт цаг нь 182 төгрөг, 21 цагаас 06 цаг хүртэл 147 төгрөг
  • 150 кВт цагаас 300 кВт цаг дхүртэл хэрэглэдэг бол 06-21 цаг хүртэл кВт цаг нь 225 төгрөг, 21-06 цаг хүртэл 160 төгрөг
  • 300 кВт цагаас их хэрэглэдэг бол 06 цагаас 17 цаг хүртэл 220 төгрөг, 17-21 цаг хүртэл 300 төгрөг, 21-06 цаг хүртэл кВт цаг нь 113 төгрөг гэсэн үг.

Өрхийн хэрэглээгээр тооцъё:

  • Энгийн тоолууртай айлын сарын нийт хэрэглээ 150 кВт цагаас ихгүй бол кВт цаг нь 175 төгрөг,
  • 150 кВт цагаас их буюу 300 кВт цаг хүртэлх бол кВт цаг нь 256 төгрөг,
  • 300 кВт цагаас их хэрэглээтэй бол кВт цаг нь 285 төгрөг
  • 2 тарифт тоолууртай бол 150 кВт цаг дотор 06-21 цаг хүртэл кВт цаг эь 182 төгрөг 21-06 цаг хүртэл кВт цаг нь 147 төгрөг
  • Сарын хэрэглээ нь 150-300 кВт цаг дотор бол өдрийн хэрэглээ 06-21 цаг хүртэл 225 төгрөг
  • Шөнийн хэрэглээ нь 21-06 цаг хүртэл кВт цаг нь 160 төгрөг гэхчлэн мөн гурван тарифт тоолууртай бол сарын хэрэглээний хэмжээнээс шалтгаалан 113-290 төгрөгийн хооронд хэлбэлзэх юм.
Эх сурвалж: Б.Сэцэн Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ1 цаг 6 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан1 цаг 16 минутын өмнөМонголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс7 сар 24. 20:52Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд7 сар 24. 12:55Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 11:01Старс төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраалаа7 сар 24. 10:58“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг7 сар 24. 10:54Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ7 сар 24. 10:50Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна7 сар 24. 10:37Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 10:33“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа7 сар 24. 10:29“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа7 сар 24. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 24. 9:11Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо7 сар 23. 16:47Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо7 сар 23. 15:59Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ7 сар 23. 13:43Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө7 сар 23. 10:16Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг7 сар 23. 10:10Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно7 сар 23. 10:04“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”7 сар 23. 10:00УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо7 сар 23. 9:08Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв7 сар 23. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 23. 8:57“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв" байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна7 сар 22. 15:39Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна7 сар 22. 15:36Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 22. 15:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.