Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалантай дайн зарласан чинь үнэн юм бол Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурчих


4-р сарын 24
8 цаг 54 минут

      Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Б.Энхбаярыг “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 1.3 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй талаар сэтгүүлчдэд ярьж, АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярын авлигын хэргийг илчлэх 894 хуудас бүхий дөрвөн бүлэг материалыг АТГ-ынханд өгснөө мэдэгдсэний маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам барих бүтээн байгуулалтад “Бодь интернэшнл” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК хооронд байгуулсан гэрээний дүн 1.5 тэрбум ам.доллар. Энэ ажлыг өмнө нь гүйцэтгэж байсан Samsung LCT компани Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар. Нийлбэр дүнгээрээ улсын төсвийн 13 хувийг эзлэхүйц их хэмжээний үнийн дүнтэй асуудал яригдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нарын хэн нь үнэн, худал яриад байгаа нь мэдэгдэхгүй байна. Гэрээг үзэглэсэн талууд болох “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар хаана байна вэ. АТГ-ынхан нүүрсний хулгайд нэр холбогдсон Х.Баттулга тэргүүтэй 17 хүний нэрсийг зарлаж байсан. Зарим нь тэр өдөртөө гадаад руу оргон зайлсан. Энэ асуудалд гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдсан хэрэг цагдаад бүртгэлтэй байгаа. Өмнөх парламентын үед нүүрсний сонсгол зохион байгуулж байсан. Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр шинжээч нарын дүгнэлт бүхий нотлох баримтуудыг хуулийн байгууллагад хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авсангүй. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асар том авлига, хулгай, өртөг хөөсрүүлэлт байна. Тиймээс би “Бодь интернэшнл” ХХК гүйцэтгэгчээр нь ажилласан төмөр замын төсөлтэй холбоотой асуудлыг дахин нягталж шалгах шаардлагатай гэж үзэж, Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан юм.

Н.Номтойбаярыг дээрх мэдэгдлээ хийснээс хойш хэдхэн хоногийн дараа МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдов. Тэрбээр Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг танхимдаа Шадар сайдаар ажиллахыг урив. Яг энэ үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Н.Номтойбаярт би “Энэ Засгийн газарт орж ажиллах хэрэггүй” гэж хэлсэн. “Бодь интернэшнл” ХХК-ийн асуудлаар сонсгол хийх гэж байгаа хүн Засгийн газарт орж ажиллах нь зохимжгүй” гэж хэлсэн” гэдэг байгаа! Л.Оюун-Эрдэнэ яагаад ингэж хэлэв. Цагтаа Б.Энхбаяр “Шударга ёсны илд тань байна” гэж Л.Оюун-Эрдэнэд ам тангараг өгч, түүний танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах үедээ Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, нүүрсний хулгайн талаарх нээлттэй сонсголыг явуулж байсан. Гэтэл одоо Н.Учралын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж буй Н.Номтойбаяр “Бодь интернэшнл” ХХК гүйцэтгэгчээр нь ажилласан Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын төслийн талаар сонсгол зохион байгуулахад яагаад болохгүй болчихов! Н.Номтойбаяр “Бодь интернэшнл” ХХК-ийн хамаг булхайг дэлгэж, Б.Энхбаяр Д.Баясгалангаас 1.3 сая ам.долларын авлига авсан эсэхийг олны өмнө нотлох баримтаар илчлээд өгвөл харин ч сайн хэрэг биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ. “Бодь интернэшнл” ХХК-ийнхан өмнийн говьд бүтээн байгуулалт хийж, “Х.Баттулга овоолсон шороо л үлдээлээ” гэх үг түүх болон үлдсэнийг нотлох гэж улстөрчдийг баяр ёслолын байдалтай урьдаг байсан тэр үед Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байсан. АТГ-ын өмнө цаасан хайрцаг сугавчлан ирж, Б.Энхбаяр ямар гутамшигтай авлигач болохыг сэтгүүлчдэд ярьж өгсөн Л.Оюун-Эрдэнэ Н.Номтойбаярыг Н.Учралын танхимд Шадар сайдаар томилогдоход дургүй байсан шигээ “Бодь интернэшнл” ХХК гүйцэтгэгчээр нь ажилласан төмөр замын төсөлтэй холбоотой сонсгол зохион байгуулахыг арай эсэргүүцээд байгаа юм биш биз. Х.Баттулга, “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалан нар нам дамнасан бизнесийн бүлэглэлийн гол судсыг атгагчид. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундраг зөвлөхөөрөө ажиллуулж, “15 давхар”-ын ПР-ынхаа мастер төлөвлөгөөг гаргуулдаг байсан нь саяхан. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалангаас 1.3 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй” хэмээн АТГ-т шалгуулахаар өгсөн ч өөрийнх нь хувьд “Бодь интернэшнл” ХХК-тай төдийгөөс өдий хүртэл ашиг сонирхлын ямар зөрчилтэй явж ирсэн бэ гэдэг анхаарал татна. Түүний үеэл гэгддэг хотын мэр Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал асан Т.Даваадалай ажиллаж байна. “Бодь интернэшнл”-ийн БЭТ гэгддэг Т.Даваадалай Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч нь. Х.Нямбаатар ийнхүү 2024 оны сонгуулийн дараа “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгаланд хотын нэгдүгээр орлогчийн суудлыг 300 тэрбум төгрөгийн бондтой хамт бэлэглэсэн талаар хэвлэлүүд бичиж байв. Тодруулбал, нийслэлд 500 тэрбум төгрөгийн бонд босгосноос 300 тэрбум төгрөгийн бондыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаар дамжуулан Д.Баясгаланд өгсөн тухай юм. Тэгэхээр Х.Баттулга-Д.Баясгалан-Л.Оюун-Эрдэнэ-Х.Нямбаатар гэсэн ашиг сонирхлын тойрог Б.Энхбаярын хэлсэнчлэн “Баялгийн хараал хүрсэн” гэх нийслэл дээр байгаа юм биш биз гэх хардлага бий. Энэ тойрогт Д.Сумъяабазар нэмэгдэнэ. Д.Сумъяабазарыг хотын мэр байхад Л.Оюун-Эрдэнэ LRT төслийг дэмжихээ илэрхийлж байсан бол Х.Нямбаатар “Намайг алчихаад энэ төслийг зогсоогоорой” хэмээн тэнхээ мэдэн хамгаалж буй Туулын хурдны замын төслийг мөн л дэмжиж буйгаа хэлсэн. “Х.Нямбаатар Туулын хурдны зам бариулж, нийслэлийн түгжрэлийг бууруулснаар од болчих гээд байгаа юм. Түүнийг од болохоос зарим хүн айгаад байна” гэдэг тайлбарыг Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.  

Н.Номтойбаяр “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгаланг буланд шахаж, төмөр замын төсөл тойрсон авлигын хэргийг илчилж чадах уу. Тэрбээр “Бодь интернэшнл” ХХК-ийн гэрээгээр түр хороо байгуулахыг дэмжиж, Үндэсний эвслийн дөрвөн гишүүн гарын үсэг зурсан. Гэвч дөрвөн хүн хаанаа хүрэлцэх вэ. Хуулиараа 32 гишүүн гарын үсэг зурж байж Хянан шалгах түр хороо байгуулна. МАН, АН-ынхныг харж байна. ИЗНН, ХҮН намынхныг хүлээж байна. Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн намайг шүүмжилж байхаар гарын үсгээ зураач” гэсэн утгатай үгийг өчигдөр (2026.04.23) хэллээ. Түүнийг ийн мэдэгдсэний дараа Л.Оюун-Эрдэнэ “Шадар сайд Н.Номтойбаяр “Бодь интернэшнл” ХХК-ийн гэрээтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах гарын үсэг цуглуулж эхэлсэн бол дуусгах хэрэгтэй” гэв. Гэвч Л.Оюун-Эрдэнэ өөрөө яагаад гарын үсэг зурахгүй байгаа юм бол. Хүсвэл тэрбээр Ухаахудагийн талаар Хянан шалгах түр хороо байгуулахаар 33 гишүүний гарын үсэг аль хэдийнэ цуглуулсан байсан шигээ найзуудаа дагуулж ирээд Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурчихмаар юм. Гэтэл Н.Номтойбаярт итгэхгүй байна уу, аль эсвэл “Бодь интернэшнл” ХХК-ийн гэрээнээс өөрийнх нь хүсээгүй ямар нэгэн “но” илэрчих гээд байна уу, тойрч гүйгээд байгаа нь сонин. Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2025 оны аравдугаар сарын 08-нд нүүрсний 581 оффтэйк гэрээг нууцаас гаргаснаа мэдэгдсэн. Тэдгээр 581 оффтэйк гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” компани “Бодь интернэшнл”-тэй 2019-2022 онд 30 гаруй гэрээг нууцын зэрэглэлд оруулж хийсэн нь ил болсон юм. Ерөнхий сайд асан Г.Занданшатар 581 оффтэйк гэрээг нууцаас гаргахдаа айгаагүй байхад Л.Оюун-Эрдэнэ Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурж, “Бодь интернэшнл” ХХК-ийн ганцхан төсөлтэй холбоотой их мөнгөний асуудлаар сонсгол явуулахаас айгаад байгаа юм биш биз. Н.Номтойбаяр хэлсэндээ хүрч сонсгол зохион байгуулбал Б.Энхбаярын 1.3 сая ам.долларын авлигын хэрэг, “Бодь интернэшнл” ХХК-аас улстөрчдөд тараасан гэх 110 сая ам.долларын авлига баримт нотолгоотойгоо ил болох биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ. Н.Номтойбаярын бланкан дээр тав дахь гишүүн нь болоод гарын үсгээ зурчих л даа.      

С.Тулга      



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.