Хот дахь үймээн ба Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл


4-р сарын 27
19 цаг 28 минут

       Хот үймж байна. Огцрох өргөдлөө өгөх нь цаг хугацааны л асуудал болсон Х.Нямбаатарыг тойрсон хана хэрэм нурж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа 1.6 сая хүн амтай метрополитан хотын хувь заяаг Орхон их сургууль, Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль дүүргэсэн, өөртэй нь “Шударга 5” болон төв талбайд жагсаж явсан нөхөрт даатгасан нь түүний үеэл гэгддэг Х.Нямбаатар. Д.Сумъяабазар “Ногоон автобусны хэрэг”-ээр олны хэл амны бай болж, “Огцор” гэдэг шаардлагатай нүүр тулж, байх суух газраа олохгүй болох үед Л.Оюун-Эрдэнэ түүнтэй Төрийн ордонд хэдхэн хором уулзаад Х.Нямбаатарыг оронд нь хотын мэрээр томилсон. УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж, их улс төрд анх хөл тавихдаа Асашёорюү Д.Дагвадоржоор “Х.Нямбаатарыг дэмжээрэй” хэмээн сонгогчдодоо уриалуулж явсан Х.Нямбаатар ийнхүү Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болж байв. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хотын мэр болж дэвшив. Хот гэдэг их мөнгөний сан, юун сайдын төсөв шүү дээ. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Хот баялгийн хараал хүрсэн” гэдэг нь нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэдэн зуун тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтууд тойрсон бүлэглэлүүдийн зодооныг хэлсэн биз. Яг одоо дуулианы сэдэв болоод буй “Туулын хурдны зам” төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг. Нийслэлийн төсвөөс 538.6 тэрбум төгрөгийг энэхүү төслийн санхүүжилтэд зарцуулахаар баталсан.

Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр (2026.04.26) нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай саатуулав. Т.Даваадалайн хувьд, “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирлаар ажиллаж байсан. НИТХ-ын 2024 оны сонгуулийн үеэр “Бодь интернэшнл” ХХК 25 тэрбум төгрөг, “Бодь пропертиз” компани 6.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсний хариуд Х.Нямбаатар Д.Баясгаланд хотын нэгдүгээр орлогчийн суудлыг бэлэглэсэн гэх яриа улс төрийн хүрээнийхэнд байдаг. “Бодь”-ийн БЭТ гэгддэг Т.Даваадалай анх томилогдсон цагаасаа Х.Нямбаатарын сэлэмний ир, жадны үзүүр мэт зүтгэж ирсэн нь үүнийг батлах мэт. Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээрх компани “Туулын хурдны зам” төслийн тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдсэн. Тэрхүү мэдээллийн дараа Эрүүгийн цагдаагийн албаныхан Т.Даваадалайг 48 цаг саатуулав. Т.Даваадалайг саатуулахаас өмнө НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба зөв” намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ш.Мөнхсайхан нарын хувьцаа эзэмшдэг “Профессионалстрой” ХХК Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор барих тендерт шалгарсан нь ил болж, АТГ-ынхан тэднийг 48 цаг саатуулаад сулласан. Эрх баригчид өнгөрсөн сонгуулийн үеэр гаргаж ирсэн ШБОС-уудын нэг болох “Хорин минутын хот” нийслэлд “Сэлбэ хорин минутын хот” төсөл болон хэрэгжихдээ хурган намчдын халаасыг зуу, зуун тэрбумаар хэрхэн түнтийлгэсний нэг жишээ нь Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нартай холбоотой хэрэг юм. Тэдний хувь эзэмшдэг “Профессионалстрой” ХХК “Сэлбэ дэд төв”-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. АТГ-ын бариа хорионоос суллагдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар өнөөдөр (2026.04.27) НИТХ-ын ээлжит хуралдаанд ирж оролцсон нь АН-ынхны шүүмжлэлд өртлөө.  

2026 он бол улс төрийн намуудын хувьд тун чухал жил. Парламентад суудалтай намууд 2024 онд сонгогчдод амласнаа биелүүлэх нэг жил. Харин 2027, 2028 онд сонгуультай. Өөрөөр хэлбэл, эрх баригчдад ажил хийх ганцхан жил үлдсэн нь 2026 он. Гэвч эрх баригчдын хагарал нийслэлд яг одоо ид үедээ байна. Х.Нямбаатар өнөө өглөө “Тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог хоёр арга бий. 1. Намын хурлаар 2. Хонгилоор. Мэдээж, хоёр дахийг нь сонгосон бол тойруулж буудаж, олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга” гэлээ. Тэрбээр өнгөрсөн оны зун “Бороо орохоор нойр хүрдэггүй” гэж лаивдаж байсан бол өдгөө эргэн тойрныхон нь хууль хяналтынхны гаванд ээлж, ээлжээр орж эхэлсэн учраас унтахтай манатай яваа биз. Загнахаа загнаад хэрэлдэхээ хэрэлдээд цавчаад явчихдаг Х.Нямбаатарын эсрэг улс төрийн цагийн зүү эргэжээ. Анд бололцож явсан УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантайгаа дайсан боллоо. Э.Бат-Амгалангийн үеэл, УИХ-ын гишүүн А.Ганбаатар Баянзүрх дүүргийн АН-ын дарга болсон. Э.Бат-Амгалан, А.Ганбаатар нар Баянзүрхэд МАНАН байгуулчихаад Х.Нямбаатарын эсрэг хөдөлж байна. “Э.Бат-Амгалангийн хүн” гэгддэг НИТХ-ын дарга А.Баяр Х.Нямбаатараас өнөөдөр (2026.04.27) зугтлаа. Тиймээс Х.Нямбаатар санаачилгыг гартаа авч, нийслэлийн МАН-ын даргын хувьд 29 төлөөлөгчөөр А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулах шийдвэр гаргууллаа. НИТХ 45 төлөөлөгчтэйгөөс 31 төлөөлөгч хуралдаанд оролцож, А.Баярыг огцруулав.

Х.Нямбаатарт хотын мэрийн суудлыг алдах эрх байхгүй. Түүний ард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эрх ашиг бий. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа нийслэлийг хувь улс төрийнхөө хамгийн том түшиц газар болгосон. Тиймээс Д.Сумъяабазар LRT төслийг зүтгүүлж, хүний, өөрийн намынханд нүдүүлж явахад Л.Оюун-Эрдэнэ “LRT төслийг дэмжинэ” гэж мэдэгдэж байсан. Тэрбээр Д.Сумъяабазартай хамт автобус компаниуд дээр ажиллаж байв. Эндээс харвал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Х.Баттулга, “Бодь”-ийн Д.Баясгалан нар хот гэдэг их мөнгөний уурхай дээр эрх ашгаа нэгтгэсэн мэт. Х.Нямбаатар хотын мэрээс гадна нийслэлийн МАН-ын дарга. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн МАН-аа хуралдуулж, Тусгаар тогтнолын ордны эсрэг гал өрдсөн мессэжүүдийг Д.Сумъяабазараар өгүүллээ. Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлд хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр Ц.Нямдоржоор Я.Содбаатарын эсрэг үг хэлүүлсэн бол Х.Нямбаатар Д.Сумъяабазараар тэр үгийг давтан хэлүүлэв. Харин одоо Х.Нямбаатар хотын мэрээс огцорвол Л.Оюун-Эрдэнэд том гарз болно. Нийслэлийн МАН гэдэг эрх баригч МАН-ын 50 хувь. Х.Нямбаатар бол Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлээ хадгалах сүүлчийн найдвар. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарт даатгасан хот болон нийслэлийн МАН-ыг алдвал улс төрд эрх мэдлээ бүрэн алдахын цондон. Тиймээс Х.Нямбаатар нийслэлийн МАН-ыг “аврах хантааз” болгон эхлээд Я.Содбаатарын эсрэг мессэж бүхий хурал хийлээ, дараа нь А.Баярыг НИТХ-ын даргаас огцрууллаа. Харин хуулийнхны гаванд орсон нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон “Туулын хурдны зам” тэргүүтэй хотын том төслүүдийн араас, бүр тодруулбал Х.Нямбаатар ийм том буйн цаанаас АТГ, Эрүүгийн цагдаагийнхан Л.Оюун-Эрдэнэ, “Бодь”-ийн Д.Баясгалан, Х.Баттулга тэргүүтэй эрх ашгийн бүлэглэлийг суга татаж гаргаж ирж чадах болов уу гэдэг нь анхаарал татаж байна. МАН-ынхан өнгөрсөн намар 30:38-аараа зодолдож байхад Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэд хэдэн удаа уулзсан гэдэг. Тэр үед “Х.Нямбаатар У.Хүрэлсүхтэй тохиролцож, улс төрийн хамгаалалтад нь оржээ” гэх таамаг байсан. Гэвч одоогийн улс төрийн өрнөл Х.Нямбаатарын хувь заяаг өөр тийш хөтөлж эхлэв бололтой. Тэр У.Хүрэлсүхэд биш, Л.Оюун-Эрдэнэд үнэнч үлдэхээр шийджээ. Х.Нямбаатарт хадгалуулсан хотын мэр, нийслэлийн МАН-ын даргын суудал бол Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл юм.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.