АБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив


4-р сарын 29
18 цаг 12 минут

 

     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.04.29) хуралдаан 11 цаг 32 минутад гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс О.Амгаланбаатар, Ч.Анар, Э.Бат-Амгалан, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, Д.Ганбат, Л.Гантөмөр, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Л.Энхнасан, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, А.Эрдэнэбүрэн нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэллээ.

Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг эхлээд хэлэлцэв. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут сайд танилцууллаа.

Улаанбаатар хотноо 2016 онд байгуулсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт зааснаар талууд хоёр улсын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг үе шаттайгаар, олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхээр тохиролцсон байна. Мөн 2019 онд байгуулсан Найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээнд талууд өөрийн нутаг дэвсгэрт байрлах хөрөнгийн хувьд бие, биеийн хууль ёсны эрх ашиг болон ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч хангана гэж заасан байдаг аж. Үе шаттайгаар шийдвэрлэх зорилтын хүрээнд 1, 2 дугаар үе шатны талаар Д.Батлут сайд дурдаад, энэ хүрээнд талууд холбогдох үл хөдлөх хөрөнгийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийг тусгасан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хавсралтуудын хамт боловсруулан эцэслээд байгаа гэв.

Мөн 2025 оны арван хоёрдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 27 дугаар хуралдааны протоколд талууд хамтарсан ажлын хэсгийн хүрээнд боловсруулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах Оросын Холбооны Улсын хоёрдугаар ээлжийн үл хөдлөх эд хөрөнгийн объектуудын эрхийг шинэчлэн бүртгэх арга хэмжээг авахаар тохиролцсон гэв. Засгийн газар хоорондын тус хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулиар соёрхон батлах олон улсын гэрээ тул хэлэлцээрт гарын үсэг зурахад шаардлагатай холбогдох дотоодын журмыг хангаж өгөхийг Монголын талын ажлын хэсгээс буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Гадаад харилцааны яаманд хүсэлт болгосны дагуу тус яамнаас Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаан болон Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа аж.

Ийнхүү Д.Батлут сайд холбогдох танилцуулгыг хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргав.  Энэ дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 52.9 хувь нь дэмжлээ. Иймд хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Дараа нь Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут сайд танилцуулав.

Улсын нисэхийн тухай хуулийг 2003 онд баталж, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орж байжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулсан гэв.

Тухайлбал, улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан тодорхойлсон байна. Мөн хуулийн үйлчлэлд хамаарах зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллага шинээр агаарын хөлөгтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг зохицуулах асуудлыг төсөлд тусгасан байна.

Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварыг гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг, улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан зааж, улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн ажиллагааны хяналт, зохицуулалтын талаар харилцааг боловсронгуй болгох зэрэг эрх зүйн зохицуулалтуудыг нэмж тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас онцлогтой болохыг сайд танилцуулав.

Хуулийн төсөл нь 9 бүлэг, 25 зүйл, 68 хэсэг, 91 заалттай бөгөөд батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй юм байна. Улмаар улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болох юм байна. Мөн нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, түүнийг дагалдаж хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичиг боловсронгуй болох ач холбогдолтой гэв.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, П.Наранбаяр, С.Эрдэнэболд нар асуулт асууж, Батлан хамгаалахын сайдаас хариулт авав. Төсөлд дроны талаар “… алсаас удирдлагатай, эсхүл автомат удирдлагатай нисгэгчгүй нисэх хэрэгсэл …” хэмээн томьёолсон байгааг Ч.Анар гишүүн онцолж, орчин цагт дроныг олон ангилаад, зарим дрон галт зэвсэг, сумны төрөлд ордог болсныг тайлбарлав. Төсөл дэх эл зохицуулалтаас үүдэн бүх төрлийн дроныг тээврийн нисэх хэрэгсэл гээд ангилах үр дагаврын талаар тодруулав. Дронтой холбоотой зохицуулалтуудыг хуулийн төсөл батлагдсаны дараа холбогдох журмаар нарийвчлан зохицуулна хэмээн сайд хариулаад, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дроны хэрэглээтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж байгаа гэх мэдээллийг өгсөн. П.Наранбаяр гишүүн төсөл дэх нэр томьёоны талаар тодруулж, санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн төсөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж буй эсэхийг, мөн уг үзэл баримтлал шинэчлэгдэхээр төлөвлөж байгааг дуулгаад тодруулсан. Тодорхой хэмжээний хэлэлцүүлэг, судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж, холбогдох баримт бичгүүдэд нийцүүлэхээр ажилласны үндсэн дээр хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснээ Д.Батлут сайд хэлэв.

Хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 10 нь буюу 55.6 хувь нь Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулан шийдвэрлээд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив1 цаг 16 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ1 цаг 19 минутын өмнөНисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ1 цаг 24 минутын өмнөДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ1 цаг 33 минутын өмнөХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ1 цаг 36 минутын өмнөЭнэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно1 цаг 40 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна1 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 44 минутын өмнөНийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ1 цаг 50 минутын өмнө“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав1 цаг 53 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ1 цаг 56 минутын өмнөИргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ2 цагийн өмнөХүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна2 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа2 цаг 43 минутын өмнөБусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан Т, Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлэв2 цаг 52 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ5 цаг 1 минутын өмнөЭзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнө5 цаг 10 минутын өмнөЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна5 цаг 17 минутын өмнөЗасгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна5 цаг 21 минутын өмнөНийслэлийн мега төслүүдийг шалгах түр хороо байгуулахаар 40 гаруй гишүүн гарын үсэг зуржээ5 цаг 35 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна5 цаг 38 минутын өмнөНийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна6 цаг 50 минутын өмнөД.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ6 цаг 56 минутын өмнөБ.Даваадалай: Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлж үлдээх боломжтой боллоо7 цагийн өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана7 цаг 6 минутын өмнөӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв8 цаг 52 минутын өмнө“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна8 цаг 57 минутын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар9 цаг 1 минутын өмнөХуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй9 цаг 9 минутын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой9 цаг 12 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.