-2.2 их наядын хүлээлттэй татварын хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ын босго давахад бэлэн боллоо-
Үндэсний статистикийн хорооны таван жилд нэг удаа хийдэг тооллогын үр дүнд 2025 онд эцэслэн баталсан тоогоор Монгол Улсад бүртгэлтэй 263.4 мянган аж ахуйн нэгж, тэр дундаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 116.8 мянган байгууллага, дансаа хаалгасан ч эргэж нээлгээд буй 12 мянга, татварын маргаанаас үүдэн шүүхийн хаалга татсан 369 аж ахуйн нэгж хийгээд 3.5 сая иргэн, татвар төлөгч та бидний амьдралд шууд утгаараа нөлөөлөх Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газар эцэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсноо өчигдөр дуулгалаа. Бүтэн хоёр жил дуншиж, сүүлийн жил гаруйн хугацаанд хэдэнтээ буцсан төсөл ийнхүү УИХ-ын чуулганы босго давж орж ирэх нь тодорхой болов. Монгол Улс сүүлийн 36 жилийн хугацаанд гурван удаа татварын шинэчлэл хийсэн бөгөөд 1990-1992 онд хийгдсэн шинэчлэлээр татварын таван багц хуулийг баталж, шинэ үеийн татварын тогтолцооны суурийг тавьж байжээ. 2007 оны шинэчлэлээр татварын дөрвөн 10-ын зарчмыг хуульчилж, ачаалал бууруулахаас гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байсан бол 2020 оны шинэчлэлээр хялбар татварын тогтолцоо, олон улсын татварын шинэ зарчим, хуулиар ногдуулсан татварыг бүрэн хураах шинэчлэл хийсэн байдаг. Тэгвэл 2024 оноос хойш яригдаж, 13 мянган татвар төлөгч оролцсон 150 удаагийн уулзалтаар гарч ирсэн 176 мянган саналыг хэлэлцэж, эцэслэн баталсан энэхүү нэмэлт өөрчлөлтөөр жижиг аж ахуйн нэгжээ эрсдэлээс хамгаалах цогц бодлого, татвар төлөгч нэг бүрийн орлогыг дэмжих буюу төр авдаг бус өгдөг, шалгадаг бус зөвлөдөг, хаадаг бус дэмждэг байх зарчмын шинэчлэл хийнэ гэсэн хүлээлт бий.
НӨАТ-ын босго өндөрсөж, жижиг бизнес эрхлэгчид дарамтаас чөлөөлөгдөх үү
Татварын багц хуулийн төслийг буцаан татаж шинэчлэх болсон шалтгаанаа Ерөнхий сайд Н.Учрал тайлбарлахдаа “Олон улсын эдийн засгийн хурцадмал байдалтай уялдуулаад хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэгчдээ идэвхжүүлэх зорилготой. Сая битүүмжилсэн дансыг сарын хугацаанд нээхэд л 40 гаруй тэрбум төгрөг төлөгдөнө гэдэг бол төр нь иргэндээ итгэх ёстойг харуулж байгаа хэрэг. Тиймээс бодит байдалд нийцүүлэх үүднээс багц хуулийг буцаан татаж, уян хатан болгосон нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж байна” гэв. Угтаа иргэнээ хамгаалж, бизнесийг тэлэх шинэ бодлогын эргэлт болсон, дэлхий дахины хямралт нөхцөл байдлын цаана гялтайж буй багахан өсөлтийн үр шимийг иргэн, өрх, аж ахуйн нэгж бүхэнд хүргэх зорилготойгоор нэмэлт өөрчлөлтийг өөрчилж, УИХ руу оруулж ирэх нь ээ. “Аж ахуйн нэгж, иргэддээ 2.2 их наяд төгрөгийн бодит дэмжлэг үзүүлэх Татварын хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байна” хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулийн алдааг засаж залруулахаас гадна хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ачааллыг бууруулах бодлого нь нэмэлт өөрчлөлтийн амин сүнс байх гэнэ. 2020 онд батлагдсан Татварын багц хууль нь татвар төлөгчдөд шинэчлэл бус дарамт дагуулсан хууль гэж шүүмжлүүлсээр ирсэн бөгөөд хэдхэн том групп компани, аж ахуйн нэгжид давуу тал олгож, эсрэгээрээ жижиг аж ахуйн нэгжүүдээ сөхрөөх, хөл дээрээ босож чадахгүй болтол нь нухчин дарах зорилготой гэж эдийн засагчид шүүмжилж байлаа. Тухайлбал, жилийн 50 сая хүртэл борлуулалтын орлоготой бол НӨАТ төлөгч болохоос гадна жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар татвар төлж байсныг 400 сая хүртэл болгон босгыг өндөрлөсөн нь хамгийн чухал заалт боллоо. Бизнес эрхлэгчдийн толгойн өвчин, жижиг аж ахуйн нэгжүүдийн дампуурлаа зарлах шалтгаан болох НӨАТ-ын босго, төлбөрийн хугацааг нэмэгдүүлж чадвал олон мянган жижиг бизнесийг нэмэлт дарамтаас чөлөөлж чадах билээ. Энэхүү өөрчлөлтийг үе, үеийн Засгийн газар, улстөрчид ярьж, амлаж, хуулийн төсөл санаачилдаг ч хэрэгжиж байгаагүй. Эдийн засгийн асар том мөнгөн эргэлт НӨАТ дагаж өрнөдөг учраас Сангийн яам хийгээд татварын байгууллагын дарамт шахалтаас үүдэн босго эсрэгээрээ улам бүр намсаж, улс төрийн намуудын амлалт төдий л явж ирсэн нь худлаа биш. “Жижиг аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөх ёсгүй, иргэдийн буцаан олголтыг таван хувьд хүргэнэ, сугалааг хална” гэх мэт амлалтуудад бид олон жил хууртаж дөжирчихсөн нь худлаа биш. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая болгохоос гадна хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулах заалтыг татварын байгууллагатайгаа ойлголцон чуулганаар батлуулж чадаж гэмээн залуу Ерөнхий сайдын түүхэнд үлдэх хамгийн том шийдвэр нь ч болж мэдэх юм. Түүнчлэн, нэмэлт өөрчлөлтөөр жижиг үйлчилгээ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулж хялбаршуулсан татварын горимын босго өмнөх багц хуулиар 300 сая байсныг тэрбум төгрөгөөр тогтоож, борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломж бүрдүүлжээ. Энэ нь бичил бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулж, сүүдрийн эдийн засгийг хумихад чухал алхам болох учиртай. Үүнээс гадна Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлэх, ААНОАТ-ын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах, 90 хувийн татварын буцаалт эдлэх босгыг 1.5-аас 2.5 тэрбум төгрөг болгон өсгөлөө. Ингэснээр олон аж ахуйн нэгж татварын нэг хувийн бодит ачаалалтайгаар үйл ажиллагаагаа тэлэх боломжтой болж байна.
Дорж хувийн байшингаа зарахад төр татвар авахгүй
Иргэн Дорж өөрийн эзэмшиж, худалдаж авсан байраа иргэн Дулмаад зарахад төр дундаас нь хоёр хувийн татвар авдаг хуулийн зохицуулалт олон жил хэрүүлийн алим болж байлаа. Тухайлбал, өнгөрөгч онд хуульч О.Батхүү үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг цуцлах асуудлыг УИХ-д тавьж, 100 гаруй мянган иргэний гарын үсэгтэй нийтийн өргөдлийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж байв. Энэ үед татварын байгууллагаас өгсөн мэдээлэлдээ “Иргэн үл хөдлөх хөрөнгөө борлуулснаас авдаг хоёр хувийн татвараар сум, дүүргүүдийн нийтийн үйлчилгээ, зам засвар, хог хаягдлын менежмент, өдөр тутмын үйлчилгээг санхүүжүүлдэг. Хэрвээ үүнийг хүчингүй болговол эдгээрийн орлого 115 тэрбум төгрөгөөр тасарна” хэмээн мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, нэг жилд иргэний борлуулсан үл хөдлөх хөрөнгөөс төр 100 гаруй тэрбумыг татвар хэлбэрээр авч байсан гэсэн үг. Төсвийн байнгын хороо нийтийн өргөдөл гомдлыг эцэслэн хэлэлцэж, тогтоолын төсөл боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгч байсныг өчигдрийн хурлаар эцэслэж, хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирэхэд бэлэн болсноо дуулгав. Цаашдаа иргэн Дорж үл хөдлөх хөрөнгөө борлуулсны хоёр хувийн татвараа төрд өгөхгүй болсноор иргэдийн халаасанд 110 тэрбумыг үлдээж чадлаа. Засгийн газраас өргөн барих хуулиар Долоон буудлын Должин эмээгийн гэрт орох бодит дэмжлэгийг ч орхиогүй нь олзуурхууштай. Тухайлбал, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно хэмээлээ. Энэ нь бага, дунд орлоготой иргэдийн гар дээр үлдэх мөнгийг нэмэгдүүлж, өрхийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх шийдвэр болохоос гадна иргэн ажил хийснийхээ үр шимийг илүү хүртэх боломж юм. Хонгилын үзүүрт бага ч болтугай гэрэл гялтайлгаж буй 2.2 их наядын хүлээлттэй энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ нэн яаралтай хэлэлцэж, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар буюу иргэдийн нуруун дээр ирсэн татварын ачааллыг илүү ихээр багасгах гарцыг ч орхиж мартахгүй хэлэлцэнэ гэсэн хүлээлт улам бүр өндөрсөж байна. Төр одоо ажлаа хийж туйлдсан эдийн засгаа сэргээхгүй бол өдөр, өдрөөр нэмэгдэж буй өргөн хэрэглээний барааны үнэ, дэлхий дахины хямралт нөхцөл байдлын дараа 12 мянга байтугай идэвхтэй ажиллаж буй 110 мянган аж ахуйн нэгж чинь бөөнөөрөө хоёр гараа өргөөд бууж өгөхөд бэлэн болчихоод буйг нуух юун.
Эх сурвалж: itoim.mn
Сэтгэгдэл бичих