Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа


5-р сарын 1
18 цаг 07 минут

     Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.01) нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 80 гишүүн хүрэлцэн ирснээр товлосон цагтаа хуралдаж эхэллээ. Энэ өдөр таван асуудал хэлэлцэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцууллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын эхэнд жагсаах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн тул урагш татан хэлэлцэхээр тогтов. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон 89 гишүүнээс 68 нь буюу 76.4 хувь нь дэмжив.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон 90 гишүүнээс 70 нь буюу 77.8 хувь нь дэмжин баталлаа. 

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд илтгэсэн юм. Хяналтын сонсголыг явуулсантай холбогдуулан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн олон нийтээс өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авахад, 38 иргэнээс 21 хавтаст хэрэг, 2386 хуудас материал ирүүлсэнд хууль зүйн шинжилгээ хийгээд, бодлогын түвшинд шийдвэр гарган үе шаттай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг удаагийн бус дахин давтан үйлдэгддэг, тогтолцооны шинжтэй хүний эрхийн ноцтой зөрчлүүд илэрч, хөдөлшгүй баримтаар нотлогдсон тул Улсын Их Хурал бодлогын шийдвэр гаргаж, үе шат бүхий цогц хэлбэрээр арга хэмжээ авах шаардлагатай хэмээн тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Энэхүү тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт, бие даасан хяналтын механизм бий болгох, эрүүгийн процессын тогтолцооны суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан гэв. 

Иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгааг хангаж, цагдан хорих арга хэмжээний хэрэглээг хязгаарлах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч, нотлох баримтын хууль ёсны стандарт, шалгуурыг чангатгах, прокурорын болон шүүхийн хяналтын хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээ авах, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бий болгох ажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Тэмүүжин, О.Номинчимэг, Х.Баасанжаргал нар асууж, үг хэлсэн. Эрүү шүүлтийн улмаас хохирсон иргэдтэй биечлэн уулзаж, хууль зүйн шинжилгээ хийсэн Ажлын хэсэг сайн ажилласан гэж гишүүд үнэлэв. Тогтолцооны түвшинд өөрчлөлт хийх шаардлагатайг анх удаа парламент ийн тогтоож, шийдвэр гаргах гэж байгааг, эрүү шүүлтийн асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг байлцуулан хэлэлцүүлэх, Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр өргөн мэдүүлдэг “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д тусгасан асуудлууд, санал, зөвлөмжид анхаарч шийдвэр гаргах, буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх, “хар жагсаалт” гарган зарладаг болох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Аливаа хууль, тогтоолын шийдвэрийн биелэлтийг иргэдийн амьдралд ямар өөрчлөлт, ахиц авчрав гэдгээр үнэлж, Засгийн газрын тайлан шаардлага хангаагүй бол хэлэлцэхгүй буцаадаг, биелэлт хангалтгүй тохиолдолд хариуцлага тооцдог болмоор байна гэв.

Хуралдааны үеэр, парламентаас гарсан шийдвэр бүрээр хэрэгжилтийг нь үнэлж, байгууллага тус бүрээр гаргаж, өгөхийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газарт даалгасан юм.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 74-т “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэж заасны хэрэгжилтийг хангах хүрээнд боловсруулжээ.

Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/12 дугаар тушаалаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үнэлгээний тайланг хийхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу тус хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох нөхцөл үүссэн тул хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан байна. Улсын нисэхийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудад улсын агаарын хөлөг шинээр авч ашиглах цар хүрээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг харгалзан улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, чиг үүргийг нь хуулиар тодорхойлох, улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан тусгах, агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх болон улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут илтгэв.

Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргийг төсөлд нарийвчлан тодорхойлсон онцлогтой ажээ. Шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулж, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлөгтэй болж байгааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардахгүй, эрх зүйн зохицуулалтын үр нөлөө, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ач холбогдолтой гэж танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Б.Батбаатар, Г.Ганбаатар, Д.Пүрэвдаваа, Х.Булгантуяа нар асууж, байр суурь илэрхийлсэн.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг П.Сайнзориг гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулав. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг Иргэний хуультай зөрчилдсөн буюу төрийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулж байгааг халж, компани хэлбэрээр өөрчлөн байгуулах асуудлыг зохицуулах зорилготой энэхүү хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Уг хуулийн төслийг баталснаар хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуультай нийцүүлэх нь хуулийн этгээдийн засаглал ойлгомжтой болох, улмаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоо бүрдэх ач холбогдолтой хэмээн танилцуулгад дурдсан. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Батбаатар нар тодруулж, үг хэлэв. Хуралдаан даргалагч С.Бямбацогт, төрд байх зайлшгүй шаардлагатай өмч гэж бий, тухайлбал, бизнес эрхлэгчид тэр бүр зориглож ордоггүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг төр өөрөө үүрэх ёстой хэмээлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, Н.Алтаншагай, С.Цэнгүүн, С.Зулпхар, Г.Тэмүүлэн, Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг, Ш.Бямбасүрэн нар асуулт асууж, байр суурь илэрхийлэхдээ, төрийн өмчийн компанийн засаглалыг зохицуулах, олон улсын жишигт хүргэх чухал, эдийн засгийн эрүүл бүтэц бий болгохын тулд хувийн хэвшлийг дэмжих, Нийтийн өмчийн тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх, төрийн өмчийн компани байгуулахыг хориглосон атал өчнөөнийг байгуулчихлаа, ямар эрх зүйн үндэслэлийг баримтлав зэрэг асуудлыг хөндөв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, О.Алтангэрэл нар дэмжих эсэх талаар байр суурь илэрхийлж, үг хэлсэн. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулахдаа, мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбоотой харилцааг улсын бүртгэлийн байгууллага хариуцаж, холбогдох журмыг улсын бүртгэлийн байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар тусгасан байна. Энэхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцуулав. Байнгын хороо уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын санал гаргажээ. Тухайн саналыг дэмжих эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, нэгдсэн хуралдаанд оролцсон 99 гишүүнээс 54 нь дэмжлээ. Ийнхүү Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 54.5 хувийн саналаар дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. 

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал хураалтад оролцсон 100 гишүүний 60 нь буюу 60 хувь нь дэмжиж, баталлаа. Хүний эрхийн зөрчлийг арилгах, дахин давтуулахгүй, иргэдийн эрхийг хамгаалах чухал шийдвэр бүхий тогтоолыг парламент шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод, С.Эрдэнэболд гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсэгт баяр хүргэлээ. Тэрбээр, хогтоол батлах нэг хэрэг, тогтоолыг хэрэгжүүлэх, бодит үр дүнд хүрэх их чухал зүйл. Тиймээс УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтэд хяналт тавьж, чанд анхаарах нь зүйтэй гэсэн юм.

Энэ өдөр нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, хуралдаанд оролцсон 100 гишүүнээс 56 нь буюу 56 хувь нь дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслүүдээр нэг бүрчлэн санал хураахад, гишүүдийн олонх мөн дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Санал хураалт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр үргэлжиллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 100 гишүүний 54 нь уг төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал өгөв. Харин хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр нэг бүрчлэн санал хураахад, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслөөс бусдыг нь хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна35 минут 8 секундын өмнөШинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа1 цаг 28 минутын өмнө100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй5 цаг 16 минутын өмнөБНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ5 цаг 34 минутын өмнөУгсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна6 цаг 47 минутын өмнө“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ6 цаг 52 минутын өмнөГурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина6 цаг 56 минутын өмнө“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр есөн байршилд мод тарина6 цаг 58 минутын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо7 цаг 5 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ7 цаг 8 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 22 минутын өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина9 цаг 22 минутын өмнөХувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо9 цаг 25 минутын өмнөЭнэ сарын цаг агаарын ерөнхий төлөв9 цаг 30 минутын өмнөГол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа9 цаг 43 минутын өмнөЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ9 цаг 49 минутын өмнөЯармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина9 цаг 56 минутын өмнөСтандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв9 цаг 59 минутын өмнөНийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 1. 9:32Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа5 сар 1. 8:54УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 1. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан5 сар 1. 8:40Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна4 сар 30. 18:46Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа4 сар 30. 17:39Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэц ирэх сарын 08-нд хуралдана4 сар 30. 17:15Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ4 сар 30. 16:42Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина4 сар 30. 16:13Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ4 сар 30. 16:11"Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 сар 30. 15:41Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа4 сар 30. 15:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.