Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.05.05) Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонсож, хуулийн төслийг хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн батлах чиглэлд ажлаа шуурхайлахыг үүрэг чиглэл болголоо.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, ажлын хэсгийн дэд ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ж.Алдаржавхлан, Б.Баярбаатар, Д.Ганмаа, Б.Жаргалан, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр нарын 18 гишүүн ажиллаж байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталсанаас хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа өргөн хүрээтэй болсон бөгөөд үүнээс үүсэх үр дагаврын асуудлыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байсан. Тийм учраас шинэчилсэн найруулгын төслөөр гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм. Тодруулбал, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, үүрэг, гэрлэлттэй адилтгах харилцаа, гэрлэлтийн гэрээ, тэжээн тэтгэх гэрээ, тэжээн тэтгэх, тэтгэлэг тогтоолгох, хүүхэд үрчлэхтэй холбоотой харилцаа, асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоох, асралт гэр бүлд шилжүүлэх харилцаа, хүйсээ солиулсны улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхийн асуудал, түүнээс үүсэх үр дагавар, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах харилцааг нарийвчлан зохицуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагуудаас хуулийн төслийн талаар саналыг авч, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах зэргээр иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг сонсож, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлжээ.
Улсын Их Хурлын дарга 1999 оноос хойш дөрвөн удаагийн парламент дамжсан боловч батлагдаж чадаагүй Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг тавдугаар сард Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэн ханган ажиллаж, цаашлаад энэ хаврын чуулганаар хуулийн төслийг батлах зорилготой ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж, Ажлын хэсэгт ажлаа шуурхайлах үүрэг чиглэлийг өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ
“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Архангай аймагт ажиллаж байна

Сэтгэгдэл бичих