ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа


5-р сарын 13
9 цаг 53 минут

     Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /2026.05.12/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 15.45 цагт тус Байнгын хорооны 28 гишүүнээс 16 нь хүрэлцэн ирснээр 57.1 хувийн ирцтэйгээр хуралдаж эхлэв. Хуралдаанд О.Алтангэрэл, Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Д.Батлут, Х.Баттулга, Ж.Баярмаа, Д.Ганбат, Г.Дамдинням, У.Отгонбаяр, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн нарын гишүүд оролцлоо. Товлосны дагуу Байнгын хороо Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин илтгэв.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын 2025 оны 123 дугаар тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, А.Ганбаатар, С.Замира, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас санал авч, нээлттэй хэлэлцүүлэг явуулж, таван удаа хуралдан, улмаар хуулийн төсөл боловсруулсан хэмээн танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлгийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтыг хүчингүй болсонд тооцож, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг Эрүүгийн хуулийн системчлэлийн хувьд “Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт” хамааруулах нь зохимжтой гэж үзэн, хүний үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг болон тусгай шаардлагад нийцүүлж, тус хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт 14.10 дугаар зүйл буюу “Гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг нэмж тусгасан гэв.

“Гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтаар хүний нэр төр, алдар хүнд, улмаар тухайн хүний талаарх нийтийн үнэлэмж, түүнтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Эрүүгийн хуулиар хамгаалахаар, гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг тодорхой болгож, худал, эсхүл хуурамч мэдээллийг мэдсээр байж, зориуд бэлтгэж, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, цахим хуудас, хурал, цуглаан болон эдгээртэй адилтгах олон нийтэд хүрэх боломжтой хэлбэрээр нийтлэх, байршуулах, түгээх, амаар илэрхийлэх зэргээр олон нийтэд тараах үйлдлийг үүнд хамааруулж, хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор тусгасан.

Өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хиймэл оюунд суурилсан технологи ашиглаж, захиалгаар, бүлэглэж үйлдсэн, түүнчлэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулсан тохиолдлыг хүндрүүлэх нөхцөлд хамааруулсан гэж Ажлын хэсгийн ахлагч тодотгосон.

Харин нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, нийтийн албан тушаалтныг шүүмжлэх, үйл баримтын шинжтэй мэдээлэлд үндэслэсэн үнэлэлт, дүгнэлт өгөх, тухайн үед “үнэн” гэж үзэх хангалттай бодит үндэслэлтэй мэдээлэл тараах, нийгмийн сүлжээ, цахим орчинд мэдээллийг өөрчлөхгүйгээр дахин түгээх, санал, сэтгэгдэл бичих зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлд хүний хувийн мэдээллийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор хууль бусаар задруулсан үйлдлийг нэмж тусгасан зэргийг танилцуулгад дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, гүтгэсэн гүтгээгүйг хэрхэн тогтоох, сөрөг мэдээлэл гэдгийг тодорхойлох, хоёрдмол утгагүйгээр төсөлд тусгах, цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулж, хүмүүсийг хохироохоос урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцооны талаар, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, өнөөдөр манай улсад гүтгэлэгт өртсөн иргэнийг хамгаалах ямар нэгэн хамгаалалт байхгүй гэдгийг, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, нэр төртэй холбоотой асуудлаар цагдаа, шүүхэд гомдол гаргаад нэмэргүй, шийдвэрлэлт тааруу, энэ бол зөвхөн гишүүдийн асуудал биш, иргэний эрх, эрх чөлөөг хангах тухай асуудал гэж, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нар хуулийн заалтыг хасах, хүчингүй болгох амархан хэдий ч иргэдийн эрх ашгийг хамгаалах нь чухал учраас Ажлын хэсэг цаг гаргаж, нийтээр хэлэлцүүлээд, нягт ажилласан талаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, нийгмийн сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг олширсонд, хэрэг шийдвэрлэлтэд санаа зовниж байгаа асуудлыг хөндөв.

УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин гишүүдийн асуултад хариулахдаа, Эрүүгийн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх, гүтгэх, доромжлох зэргийг өргөн хүрээнд буюу гурван гэмт хэргийг холиод биччихсэн байсан талаар Цэцийн дүгнэлт, үндэслэлд дурдагдсан талаар онцоллоо. Тиймээс “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасаж байгаа хэмээлээ. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох болон бусад асуудлыг авч хэлэлцэхдээ зөвхөн сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбон үзэх нь сошиал медиа хөгжсөн өнөө цагт учир дутагдалтай хэмээн Ажлын хэсэг үзжээ. 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Д.Сандаг-Очир нар үг хэлэв. Сэтгүүлчдийг яллах сонирхолтой гишүүд энд байхгүй, харин иргэдээ хамгаалах, дуу, дүрсийг хүссэнээрээ өөрчилдөг, техник, технологийн эринд сэтгүүл зүйн мэргэжилтнүүд бус, хүссэн хүн, ялангуяа үндэсний аюулгүй байдал, нийгмийн сэтгэл зүйд талцал үүсгэхүйц гүтгэх, доромжлох гэмт хэргийг цахим орчинд санаатай, захиалгатай үйлддэг болсон гэдгийг онцолж байлаа. Энэ нь улс орныг үймүүлдэг хэмээгээд, улмаар үүссэн хор, хохирлыг барагдуулах, хариуцлагын тогтолцоог бий болгох, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаравчлан хэлэлцэх, сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх зэрэг асуудлыг гишүүд хөндөн асууж, байр суурь илэрхийлэв.

Ийн хэлэлцсэний дараа Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин хуулийн төслийг санал хураалтад бэлтгэх хугацаа олгож түр хойшлуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэн тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулав. Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа илтгэхдээ, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан. 16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон, бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө журмыг шинэчилсэн байсан гэв.

Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй. Ам бүл 5-уулаа. Тэрбээр 1984-1994 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургууль, 1995-1999 онд “Их засаг” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2010-2020 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцан хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Нийслэлийн шүүхэд жижүүр, 2001-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2003 онд Улсын дээд шүүхэд нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч, 2003-2006 онд Улсын дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах, 2006-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2009-2012 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь төрийн албанд 26 жил, шүүгчээр 20 жил 1 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 13 жил 4 сар ажиллаж байгаа. Шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтад Т.Өсөхбаяр нь нийт 78.72 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг тогтоолоор баталгаажуулан танилцуулж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганбат, Л.Соронзонболд нар асууж, үг хэлсэн. УДШ-ийн шүүгч нь шүүн таслах ажиллагааны туршлагатай байхаас гадна судлаач байх чухал. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилт, шүүгчдийн ачааллыг бууруулах, шүүн таслах ажиллагааг чанаржуулах талаарх гишүүдийн асуултад нэр дэвшигч болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нар хариулахдаа, улсын хэмжээнд 504 шүүгч ажиллаж байгаа бөгөөд тэдний олонх нь 60 настайдаа тэтгэвэрт гардаг. Дундаж насыг тодорхойлсны үндсэн дээр хүний нөөцөө төлөвлөдөг. Шүүх хуралдааныг заавал танхимд хийхгүйгээр, шийдвэр гаргах олон улсын жишгийг хэрэгжүүлэх боломжтой хэмээв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь  хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь  хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асуухдаа Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д цогцос хадгалах хөргүүр ажиллуулах төсөвгүй зэргийг хөндөж, Зөрчлийн мэдээллийн систем ажиллуулах асуудлыг тодрууллаа.

Өнөө жилийн нийт суурь зарлагын хэмжээ өмнөх оноос 2.6 их наядаар нэмэгдэхээр төсөлд тусгагдаж, зориулалтынх нь дагуу зарцуулах төсөөлөлтэйг Сангийн яамны төлөөлөл онцлов. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн илтгэлд тусгасан санал, зөвлөмжийн хүрээнд цогцос хадгалах байрын хөргүүрийг шийдвэрлүүлэхээр төсөвт тусгуулахаар санал өгч, 21 аймгийн эмнэлэг, сумд хамтран ажиллахаар зохицуулж байгаа гэж Шүүх шинжилгээний ерөнхий газраас хариуллаа. Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Шүүхийн тухай хуулийн 46.8 дахь заалтын хэрэгжилт, Хүүхэд, гэр бүлийн шүүх шинээр байгуулахтай холбоотой төсөв тусгасан эсэх, ХЭҮК Улаанбаатар хотод Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах НҮБ-ын өмнө өгсөн Монгол Улсын амлалт биелэгдэхүйц санхүүжилт тусгагдсан эсэх, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, тэтгэвэр нэмэх боломж, тамхинд ногдох татварын талаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, цагдаагийн алба хаагчдын цалинг холбогдох сайдынх нь шаардлагагүй зардлаас шилжүүлэх байдлаар нэмэх санал хүргүүлсэнээ тодруулав.

Тэдний асуултад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн хариулахдаа, төсвийн төсөөллийг улс төрөөс ангид байлгаж, бодлогын, стратегийн ач холбогдолтой, зайлшгүй зардлуудаа санхүүжүүлэхээс өөрөөр зардлыг нэмэх боломжгүйг тайлбарлаж байлаа. Тэрбээр 2027 онд улсын төсвийн санхүүжилтээр шинэ бүтээн байгуулалт хийх боломжгүй. Үүнд НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал ч нөлөөлж буйг үгүйсгэсэнгүй. Түүнчлэн орон нутгийн төсөв улсын төсвөөс давж эхэлсэн, төрийн өмчит компаниудын өр, авлага ихэссэн байгаа тул арга хэмжээ авч, эрх зүйн зохицуулалтаар яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Эдийн засгаа тэлж, шинэ хөрөнгө оруулалт, шинэ арга замыг эрэлхийлэхгүй бол бүх зүйл тулчихлаа гэсэн хариуг өгсөн юм. 

Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг хуралдаан даргалагч Л.Соронзонболд холбогдох байнгын хороодод биечлэн танилцуулахаар болсноор хуралдаан 18.20 цагт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 16 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 55 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 цаг 2 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо8 цаг 4 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв8 цаг 9 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ8 цаг 14 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 18 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 22 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 24 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.