Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив


5-р сарын 13
14 цаг 01 минут

     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2026.05.12) хуралдаан 12 цаг 35 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс Ч.Анар, М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, Д.Ганбат, Л.Гантөмөр, Х.Жангабыл, С.Лүндэг,   П.Наранбаяр, Г.Очирбат, Г.Хосбаяр, Ө.Шижир, Л.Энхнасан, Д.Энхтүвшин нар хүрэлцэн иржээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэх дэгтэй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод хүргүүлэхээр шийдвэрлэв.

Дараа нь Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргах дэгтэй. Энэ сарын 06-ны өдөр Засгийн газраас уг саналыг ирүүлсэн болохыг Г.Тэмүүлэн дарга хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдаанд холбогдох танилцуулгыг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд дээрх хоёр хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах асуудлаар холбогдох судалгааг хийжээ. Засгийн газар энэ оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар уг саналыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд холбогдох зардлыг Гадаад харилцааны яамны батлагдсан төсвийн багцад багтаан санхүүжүүлэхээр тусгажээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2025 оны байдлаар 9000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас 5300 орчим нь Франкфурт хотын ойролцоох таван мужид амьдарч байгаа аж. Австралийн Холбооны Улсад 2025 оны байдлаар 24650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь хилийн чанадад оршин сууж байгаа монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт хэмээн сайд тодотгов. Франкфурт, Сидней хотуудад Ерөнхий консулын газар нээснээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австралийн Холбооны Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк, санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг Б.Батцэцэг сайд танилцуулсан. Мөн Берлин, Канберра дахь Элчин сайдын яамнаас алслагдмал хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа чухал болохыг тодотгож байв.

Цаашид хилийн чанад дахь монгол иргэд, тэдгээрийн үүсгэн байгуулсан холбоод, хүүхэд, залууст чиглэсэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд санал өгөх эрхээ эдлэх боломжоор хангахад шинээр нээх Дипломат төлөөлөгчийн газрууд чухал үүрэгтэй болохыг дурдсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамдаас Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрыг нээх асуудлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Л.Энхнасан, Д.Бум-Очир, Ч.Анар нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.

Монгол иргэдийн төвлөрөл ихтэй хотуудад консулын үйлчилгээг хүргэх нь зүйтэй гэдэг байр суурийг П.Наранбаяр гишүүн илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Франкфурт хотноо нээхэд 606 мянган ам.долларын, Сидней хотноо нээхэд 597 мянган ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж тооцсон байгааг тэмдэглэн, төсөвт хэрхэн тусгах төлөвлөгөөтэй байгааг лавлав. Санал тусгагдсан хотуудад Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус бүр 4 орон тоотойгоор байгуулахаар холбогдох зардлыг төсөвт тусгасан байгаа гэх хариултыг сайд өгсөн.

Л.Энхнасан гишүүн дээрх улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн талаар тодруулан асуухад “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс 8962 иргэн оршин сууж байгаагийн 5247 нь Франкфурт хот орчимд амьдарч байна. Ихэнх нь хөдөлмөр эрхэлдэг, холимог гэр бүлтэй. Харин Австралийн Холбооны Улсын Сидней хот орчимд 14784 монгол иргэн оршин сууж байна. Дийлэнх нь суралцдаг, мөн хөдөлмөр эрхэлдэг гэх мэдээлэл бий” хэмээсэн. Сидней хотыг онцлон сонгосон шалтгааны талаар лавлахад “Канберра дахь Элчин сайдын яамнаас жилд авдаг консулын үйлчилгээ болон монгол иргэдийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа нөхцөл байдлыг үндэслэж Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар  байгуулах саналыг оруулж ирж байгаа. Түүнчлэн тус хотын ойролцоох мужуудад Монгол Улсын олон иргэн оршин сууж байгаа юм” гэж ажлын хэсгээс хариулав.

Д.Бум-Очир гишүүн хилийн чанад дахь монгол иргэдийн Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхийг хангах асуудлыг хөндөж, боловсруулж буй төсөлдөө уг асуудлыг хэрхэн тусгаж буй талаараа товч мэдээлэл өгсөн. Тэрбээр цаашид ямар хотуудад Дипломат төлөөлөгчийн газрыг нээх шаардлага байгаа талаар асуулаа. Б.Батцэцэг сайд хариулахдаа Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Испанийн Хаант Улс, Ирланд Улсад консулын газар нээх шаардлага байгааг хэлж, Өмнөд Африкийн аль нэг улсад Элчин сайдын яам нээх саналыг олон жилийн туршид ярьж байгааг дурдсан юм. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж байгааг Д.Бум-Очир гишүүн тэмдэглээд, эл шалтгааны улмаас хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээх асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх агуулгаар гадаад харилцааг хөгжүүлэх, Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээхдээ энэ төрлийн ач холбогдлыг чухалчлах шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, холбогдох тодруулгыг хийсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 58.5 хувь нь Австралийн Холбооны Улсын Сидней хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулахыг дэмжив. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу Улсын Их Хурлын 10 гишүүн дэмжсэн. Иймд энэ асуудлаарх Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 19 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 58 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 цаг 5 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо8 цаг 8 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв8 цаг 12 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ8 цаг 17 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 21 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 27 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.