Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы баасан гарагийн /2026.05.29/ нэгдсэн хуралдаан 52.4 хувийн ирцтэй эхэлсэн. Үдээс өмнө 95 гишүүн хүрэлцэн ирж, 11 асуудал хэлэлцлээ. Энэ өдөр хамгийн түрүүнд ирж, цагаа бүртгүүлсэн УИХ-ын гишүүн Аюушийн Ариунзаяа, Отгоны Саранчулуун, Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Ганбатын Очирбат, Бөхчулуун Пүрэвдорж нарыг УИХ-ын дарга С.Бямбацогт нэр дуудан онцлов.
Хуралдаанаар урд өдөр явуулсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хууль, тогтоолын төслүүдийг батлах эсэх санал хураалт явууллаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн 84 хувь нь буюу 68 гишүүн дэмжиж санал өгсөнөөр эцэслэн батлав. Энэ нь цаашид “Эхийн алдар” одонг олгохдоо хүүхдийнх нь насыг үл харгалзах, урамшуулах шалгуурыг цөөлж буйгаараа онцлог юм.
Санал хураалтыг үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах эсэхийг шийдвэрлэхэд, 70 гишүүн дэмжсэн санал өгч, төслийг баталлаа.
Мөн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 70.8 хувийн саналаар дэмжлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Харин хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүд дэмжсэнгүй.
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 73 гишүүн дэмжиж, баталлаа. Хүүхэд хамгаалал, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, мэдэх эрх, хүний эрх хамгаалагч, жендэрийн эрх тэгш байдлын асуудлаар Засгийн газарт үүрэг болгосон энэхүү тогтоол нь хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт бүхий хавсралттай. Үр дүнг бодитоор үнэлж, хяналт-шинжилгээ хийх, төрийн байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх онцлогтой шийдвэр гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт онцолж, Ажлын хэсэгт баяр хүргэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явууллаа. Хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл шаардлага хангаагүй гэж үзэн хууль санаачлагчид буцаах тухай Байнгын хорооны санал, дүгнэлтэд тэмдэглэсэн байв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц тодруулахдаа, 25 км/цаг хурдтай тээврийн хэрэгслүүд явган хүний замаар зорчиж, осол, гэмтэл их гарах болсон, гэтэл энэ хуулийн төсөлд үүнээс хоёр дахин хурдтай тээврийн хэрэгсэл унах нөхцлийг тусгасан нь асуудлын гарц биш учраас дэмжихгүй гэв. Ажлын хэсгийг төлөөлж, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал нар гол асуудлыг хуульд ерөнхийлөн зааж, нарийвчилсан зохицуулалтыг замын хөдөлгөөний дүрэмд оруулна хэмээн тайлбарлалаа. Хуулийн төсөлд гишүүдийн олонх дэмжсэн санал өгсөн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Харин дараа нь хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаарх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, 61 гишүүн буюу 64.2 хувийн саналаар баталлаа. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай бүрэн хамруулж, нэг хүүхдэд ноогдох хоолны норматив зардал, шим тэжээлийн агууламж, чанарыг сайжруулах “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 95 гишүүнээс 65 нь дэмжиж, батлав.
Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир танилцуулав. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд усыг төрийн тахилгатай болгох заалт тусгасныг эс тооцвол энэ төрлийн харилцааг зохицуулсан түүх манайд байдаггүй ажээ. Тиймээс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 2001 оны 31 дүгээр чуулганаар баталсан "Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц"-ыг Монгол Улсын Засгийн газар өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай нэг зүйлтэй хуулийн төслийг санаачилжээ. Уг конвенц нь усан доор байгаа соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээх, ашиглахтай холбоотой харилцааг үндэсний хэмжээнд зохицуулах боломж бий болгох ач холбогдолтой гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гарсангүй тул хуралдаан даргалагч санал хураалтыг 16 цагт явуулахаар хойшлууллаа.
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд нийт 203 санал гаргасан боловч, 115-г нь хэлэлцэх боломжгүй гэж Ажлын хэсэг болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үзжээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц илтгэв.
Парламентаар хэлэлцүүлж буй асуудалд холбогдох албан тушаалтан, байгууллага хүндэтгэлтэй хандаж, тухайн хуралдаанд заавал ирсэн байх ёстойг, ирээгүй бол албан үүргээ хүлээлгэн өгөх хариуцлагын асуудлыг УИХ-ын дарга С.Бямбацогт санууллаа. Мөн хуульд зааснаар үнэн зөв мэдээлэл өгөх, мэдээллийг нуун дарагдуулахгүй байх, дэг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалтыг тэрбээр уншиж танилцуулсан. Хөгжлийн төлөвлөгөөтэй холбогдуулан гишүүдээс ирүүлсэн саналыг хассанд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа бухимдаж, үнийн өсөлт, төсвийн зардал нэмэгдсэн асуудлаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, зам тээврийн ослыг бууруулах зорилготой гүүрэн гарц барих саналыг нь дэмжээгүйг, хөгжлийн төлөвлөгөө шаардлагад нийцэж буй эсэхийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, ахмадуудын тэтгэврийг нэмэх эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хөндөж, Даянгийн боомтыг холбох зэрэг саналыг дэмжээгүй шалтгааныг УИХ-ын гишүүн С.Зулпхар асууж, байр суурь илэрхийлэв.
Улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдээс 203 санал оруулж ирснээс 88 саналыг санал хураалтаар шийдвэрлэсэн. Ер нь гишүүдээс ирүүлсэн саналуудын дийлэнх нь төлөвлөлтөд тусгагдчихсан байсан хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал хариулсан. Гишүүдийн асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариулахдаа, төсвийн чадавх хязгаартай цаг үед төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшилд эрх олгож, гүйцэтгүүлэхийг чухалчилна гэсэн юм.
Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан “Онги-Цагаан бургастай” төслийг говийн бүсээс сонгогдсон 7 гишүүн санаачилсан, Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж өгөхийг, УИХ-ын гишүүн Ч.Анар, улсын асуудлыг чухалчлах, хэмжигдэхүйц төлөвлөх, УИХ-ын гишүүн Б.Түвшин, төслүүдийг Дэлхийн банкны шалгуурт нийцүүлэн эрэмбэлэх, Арцсуурь боомтын асуудлыг хөндөж, байр суурь илэрхийллээ. Санал хураалтыг үдээс хойш явуулахаар хойшлуулж, нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Х.Тэмүүжин гишүүн, төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг А.Ариунзаяа гишүүн илтгэсэн юм. Тус байнгын хорооны хуралдаанаар төслийг дэмжээгүй гэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир тодруулж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр чуулганы хуралдаанд оролцсон Ажлын хэсгийн төлөөллүүд гишүүдийн асуултад бүрэн, үнэн зөв хариулахгүй байгаад дүгнэлт хийж, бичгээр нөхөж хариу ирүүлсэн эсэхэд хариуцлага тооцсон эсэх талаарх судалгаа авъя гэлээ. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ард түмний төлөөлөл болохын хувьд гишүүдийн санал өгөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, “дарга” төвт хандлагыг чуулганы танхимаас эхлээд засаж залруулах тухай хөндөв.
Ийн хэлэлцээд төслийг дэмжиж УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нар үг хэлэв. Тэд энэхүү хуулийн төсөл нь чуулганы хуралдааны танхим дахь сандал, суудал хуваарилах төдий зүйл биш, харин засаглал хоорондын зааг ялгаа, парламентын дархлаа, соёлыг бэхжүүлэх ач холбогдолтойг онцолж, дэмжихийг уриалж байлаа. Хуулийн төслүүдийг дэмжих эсэх санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав.gif)

Сэтгэгдэл бичих