Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан, сонсгол хийнэ


6-р сарын 5
12 цаг 36 минут

     Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд дээр УИХ-аас Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ талаар сонсголыг даргалах УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төслүүд дээр Ерөнхий хяналтын сонсгол хийхээр болсон юм байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын Их хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах гэж байна. Төсвийн байнгын хорооноос 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Д.Энхтүвшин гишүүн, сонсголыг миний бие ахална. Нэг талаасаа орон нутгийн хөгжлийн хурдасгах зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж байсан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэж бий. Эдгээр хуулиудын хүрээнд сүүлийн жилүүдэд том, их олон төслийг зэрэг хэрэгжүүлж эхэлсэн. Дээрээс нь янз бүрийн компаниуд, тэр дундаа орон нутгийн өмчит, төрийн өмчит, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд маш олон төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслүүдийн хөрөнгө оруулалтын нийлбэр төсөв нь улсын төсвөөс нийслэл, орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсвийн хөрөнгө оруулалтаас хамаагүй их болчихсон байна. Тэгэхээр энэ чинь нэгдмэл улсын нэгдсэн төсөв гэдэг зүйл хэрэгжиж байна уу, үгүй юу. Хэрэгжихгүй байна гэсэн үндэслэл гарч ирээд байгаа юм. Үүнийг хууль тогтоогч байгууллага судалж, хэлэлцэх ёстой. Нийтийн төсвөөр хэрэгжүүлж байгаа төслүүд учраас олон нийт бас мэдэж байх ёстой юм. Энэ улсын нэгдсэн төсвийн бодлого хэрэгжиж байна уу.

Хяналт ямар байна. Маш эрчимтэй олон төсөл зэрэг эхлүүлснээс болоод хяналтаа алдаж байна уу гээд олон зүйлийг хэлэлцэх хэрэгтэй. Хяналтаа алдана гэдэг бол өнөөдрийн төсвөөс гаргаж байгаа мөнгө, гадаадаас зээлж байгаа, ирээдүйд хэн нэгэнд эрх шилжүүлээд хийлгэж байгаа ажил ч бай бүгдээрээ монголчууд дундаасаа буцааж төлөх мөнгө учраас бид болгоомжтой байх нь чухал. Яагаад гэвэл сүүлийн хэдхэн жил төсөв санхүү огцом өссөн учраас одоо нэг эргэж хараад дүгнэлт хийх цаг нь болчихжээ. Энэ зорилгоор ямар үнийн дүнтэй төсвөөр, хэдий хэр хугацаанд хэрэгжих гэж байна, нийт дүн нь улсын төсөвт хэрхэн дарамт болох юм. Эргэн төлөлтийг нь хийж дийлэх үү. Тэр дотроо яаралтай богино хугацаанд хэрэгжиж эхэлсэн төслүүдийн дунд процедурын хувьд хууль тогтоомжийн алдаа гарсан байна уу гээд олон зүйл бий. Одоо чинь гадуур зөндөө л яригдаж байна. Буруу шалгаруулсан, урьдчилгаа мөнгө шилжүүлсэн гээд олон зүйлийн талаар иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Хоёрдугаарт, УИХ эрх зүйн хувьд хяналтаа хэрхэн сайжруулах вэ гэдэг дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй.

-Энэ сонсголд хотын дарга байсан Х.Нямбаатар, нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байсан Т.Даваадалай, НИТХ-ын дарга асан А.Баяр гээд хүмүүс оролцох уу. Та бүхний зүгээс мэдэгдсэн үү?

-Ажлын хэсгээс шийдвэр гаргаад, орох ёстой хүмүүсийг бүгдийг нь дуудаж сонсголд оролцуулна. Яг энэ оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалт дээр Ажлын хэсэг ажиллаж байна. Шинжээчид томилогдсон, ажил хийгдэж байгаа. Энэ сарын 15, 16-нд сонсгол болно.

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт гэхээр нэлээд их мөнгө, олон төсөл яригдаж таарна. Тэгэхээр энэ богино хугацаанд судалж, шинжилж амжих болов уу?

-Мэргэжлийн есөн шинжээч томилогдоод ажиллаж байгаа. Дээрээс нь мэдээлэл гадуур маш их явсан. Тэгэхээр энэ бүхэн нь үнэн, худал эсэхийг ярилцана. Мөн хууль хүч, хяналтын байгууллагууд нийслэлийн зарим асуудал дээр шалгалт хийгээд эхэлчихсэн явж байгаа. Тэд нар хийдэг ажлаа хийж таарна. Бодлогын хувьд ер нь зөв байна уу, буруу юу гэдгийг үнэлж дүгнэх ёстой. Тиймээс энэ бүхнийг амжуулаад л хийнэ.

-Хэрэв энэ Ерөнхий хяналтын сонсголоос буруу явж байна гээд дүгнэлт гарвал хуулийнхаа хүрээнд цаашдаа ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Сонсголын үр дүнгээр дүгнэлт гаргаж, Байнгын хорооноос тогтоолын төсөл боловсруулах байх. Магадгүй хамаарах хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдах болов уу.

-Олон л сонсгол зохион байгууллаа шүү дээ. Ер нь сонсголд оролцож, мэдээлэл өгөх хүмүүсийн жагсаалтад нэр нь орсон ч ирж оролцохгүй бол яадаг юм бэ?

-Ажил хариуцаж байсан хүмүүс бол хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ирж оролцох ёстой. Нийтийн албан тушаалд байсан, хариуцлага хүлээгээд, төсөв захиран зарцуулаад явж байсан бол түүнийгээ тайлагнах үүрэгтэй шүү дээ.

-Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор зарим гишүүд мэдээлэл хийсэн. АМНАТ-ыг буурууллаа гэж байсан. Гэтэл хууль санаачлагчийн зүгээс болохоор ингэж буулгаснаар одоо хэрэгжиж чадахгүй байгаа олон төсөл эхлэх боломжтой болно гэсэн. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Зэсийн АМНАТ дээр суурь таван хувь, нэмэгдэх нь үнийн дүнгээс хамаараад 5-10 хувь буюу нийлээд 15 хувь байгаа. Зэс үйлдвэрлэдэг улсуудыг харахад 5-15 хувь гэдэг бол тэдэнд байгаа жишиг үнэ байна. Тэгэхээр энэ бол зэсийн төслүүд хэрэгжихэд хөшүүрэг болно гэж би үзэж байгаа.

-Ингэж гурав дахин бууруулсан нь хөшүүрэг болно гэж үү?

-Бууруулаад байгаа юм бол байхгүй. Одоо Оюу толгойгоос таван хувийн АМНАТ авч байгаа шүү дээ. Харин сая өргөн барьсан энэ хууль дээр 15 хувь гэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг харин тусад нь гаргаж байгаад бүр 25 хүртэл хувь болж нэмэгдэх тооцоо оруулсан байна лээ. Би хувьдаа тусад нь ингэж гаргалгүй бүгд л жигд байх ёстой гэж үздэг. Төрийн өмчийн компани дээр АМНАТ-ыг нь тусад нь гаргаж, өндөр тавих шаардлагагүй. Хууль бол бүгдэд ойлгомжтой, нэг жигд байж байгаад дараа нь төрийн өмчит компанийн ашиг нь нэмэгдэхээр ашгийн татвар нь нэмэгдэж таарна. Ингэж явах нь зөв болов уу л гэж үздэг хүн. Тиймээс АМНАТ-ыг бууруулсан зүйл байхгүй гэж бодож байна. Хуулийн бусад заалтууд байна лээ. Баяжуулах үйлдвэрт тусгай зөвшөөрөл өгөх, уул уурхайн хэмжилт хийдэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл авах гээд тусгасан байсан. Энэ мэт тусгай зөвшөөрлүүд надад ямар ч утгагүй санагдаж байгаа. Ер нь бол их олон зүйл байсан. Тэгэхээр гол зүйлүүд дээрээ анхаараад явах нь зөв болов уу.

-Зарим зүйлийг нь хэлэлцүүлгийн явцад засаад явах боломжтой гэж үзэж байна уу?

-Тэгэх бүрэн боломжтой. Шаардлагагүй тусгай зөвшөөрлүүдийн асуудлаас татгалзах нь зөв.

-О.Амгаланбаатар нарын гишүүдийн өргөн барьсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг өнөөдөр/өчигдөр/ чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Гэвч мөн л босоо тогтолцоотой нийгмийн салбаруудыг хэвтээ болгох нь гэсэн эсэргүүцэл гарч байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчим байдаг. Ялангуяа иргэдийн оролцоотой байх ёстой. Тэгэхээр иргэдийн оролцоотой ИТХ нь иргэдийнхээ асуудлыг ярьдаг чиглэл рүү орж байж тэр хэвтээ тогтолцоо нь үүснэ үү гэхээс биш нэгдсэн улс, нэгдмэл төртэй улсын төрийн байгууллагуудын шийдвэрийг орон нутагт аваачиж тараана гэдэг болохгүй байх аа. Засгийн газраас гаргасан бодлого, шийдвэр дор очоод шууд л хэрэгждэг байх ёстой.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.