БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав


6-р сарын 5
15 цаг 45 минут

      Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.05) нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр 10.03 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр товлов.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан зарим үед цаг сунган 22 цаг хүртэл хуралдаж 19 хууль, 14 тогтоол, нийт 33 хууль тогтоол баталсан гэлээ. Тухайлбал, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн гурван анхдагч хууль болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан амьдралд илүү нийцүүлж сайжруулсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн  Улсын Их Хурлын гишүүдийн ирц сайжирч буйг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглээд өнгөрсөн тавдугаар сард 100 хувийн ирцтэй нэг удаа ч хурал таслаагүй, хоцроогүй, гадаад, дотоод томилолт, эмнэлгийн чөлөө аваагүй Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Р.Батболд, С.Бямбацогт, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, М.Сарнай, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нарт талархал дэвшүүллээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав.

Тодруулбал, Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 17 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус хуваарилсныг хуралдаан даргалагч мэдээлэв.

Ингээд хуралдааны эхний асуудал болох хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 68 гишүүн буюу 89.5 хувь нь дэмжлээ. Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал үлдсэн хоёр хуулийн төслийг эцэслэн батлах асуудалд дөрвөн цагийн завсарлага авах саналыг гаргахад хуралдаан даргалагч 14 цаг хүртэл завсарлага өгөв.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар яаралтайгаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан байна. (дэлгэрэнгүйг эндээс

Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийн санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  61.7  хувь нь дэмжлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцуулсан.

Тус Байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 31 санал, найруулгын 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийн 10 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргаснаа тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын Б.Жаргалан хуулийн төслийг шинэчилсэн найруулах агуулгаар оруулж ирэх үндэслэл шалтгаан, мөн улсын агаарын хөлгийн тоог байгууллага тус бүрээр нь танилцуулах, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч буй эсэхийг тодруулж, хариулт авсан. Үүний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 34 саналаар санал хураалт явуулав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. (дэлгэрэнгүйг эндээс) Тэрбээр танилцуулгадаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилсан тогтвортой хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулах, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах зэрэг нийт 26 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Б.Жаргалан, Ц.Туваан, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийн үзэл баримтлалыг хөдөө аж ахуйн салбарыг зах зээлийн зарчмаар нь бус төрөөс дэмжих агуулга руу чиглүүлсэн үндэслэл шалтгааныг лавлав.

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай урамшуулал татаасыг олгож ирэхдээ дандаа үйлдвэрийн орцод чиглүүлсэн. 2015 онд 20 хувийн бүтээмжтэй байсан өсөлт өнөөдөр 6 хувь болж буурсан байна гээд хөдөө аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулан хөгжүүлье гэвэл бүтээмжтийг сайжруулан ёстой гэж үзсэн гэлээ. Мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гарган чанарт суурилж, бүтээмжийг сайжруулснаар үр дүн гарах тул урамшуулал, татаас шууд болон тариф болон тарифын бус хөнгөлөлтүүдээ ангилж, хуваарилах зохицуулалтыг төсөлд тусгаснаараа онцлог гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хөдөө аж ахуйн салбарын хөгжил улсын дунджаас 3-5 дахин буурсныг тэмдэглээд эл салбарт яаралтай цогц арга хэмжээ авах нь чухал гэв. Тэрбээр хөдөө аж ахуйн бизнес, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжилтэн бэлтгэх гээд асуудлыг экосистемээр нь авч үзэх шаардлагатай гэсэн санал хэлэв.

Ингээд Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн санал хураалтыг үдээс хойш явуулахаар боллоо

Дараа нь Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчууд ихээр зорчиж, амьдарч, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв. 

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр нь 5 хэсэг 29 зүйл, хавсралтаас бүрдэж байгаа бөгөөд хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох чиглэлд талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно гэлээ.

Энэхүү хэлэлцээрийн төслийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжээд, Засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Ингэснээр уг хэлэлцээрт талууд гарын үсэг зуржээ.

Тус хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон заавал соёрхон батлах олон улсын гэрээ бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах зохицуулалттай гэдгийг С.Амарсайхан сайд танилцууллаа.

Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга танилцуулсан. (дэлгэрэнгүйг эндээс)

Уг танилцуулгад Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ удаадаг, ач холбогдлыг нь бууруулдаг нөхцөл байдалруу орж байна гээд хэлэлцээрийн төслийг дэмжиж жилийн өмнө гарын үсэг зурж байхад хугацаа алдаж Хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг оруулж ирснийг холбогдох яамдуудад анхааруулав. Энэ талаарх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болсноор хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул53 минут 11 секундын өмнөБНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав56 минут 41 секундын өмнөӨнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр1 цаг 4 минутын өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол уу?1 цаг 11 минутын өмнөХурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 5 дахин нэмэгдүүллээ2 цаг 35 минутын өмнөЖ.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан, сонсгол хийнэ4 цаг 6 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 22 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина4 цаг 25 минутын өмнө“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв6 цаг 22 минутын өмнөӨнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо6 цаг 28 минутын өмнөЗагас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ6 цаг 39 минутын өмнөУлсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг дэмжлээ6 цаг 46 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 49 минутын өмнөАМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна6 цаг 52 минутын өмнө“Тал хээрийн төлөвлөгөө-COP17” төслийн санал хүлээн авч эхэллээ6 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан7 цаг 39 минутын өмнөГ.Занданшатар: Шатар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт орно6 сар 4. 18:23Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 сар 4. 18:11Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ6 сар 4. 17:36Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэж ажил хийгдэж байна6 сар 4. 17:31Д.Сүхбаатарын талбайд 1000 шатарчны нээлттэй тэмцээн болж байна6 сар 4. 17:27Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 4. 17:23Цаг уурын байгууллагын техник, хүний нөөцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ6 сар 4. 17:20Маргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана6 сар 4. 17:17Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа6 сар 4. 17:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 14:23Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо6 сар 4. 14:18“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ6 сар 4. 14:15Б.Ган-Очир: Авлигын музей байгуулахаар болсон6 сар 4. 13:09Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна6 сар 4. 13:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.