АБГББХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


6-р сарын 10
12 цаг 40 минут

      Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2026.06.09) хуралдаан 14 цаг 28 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Ч.Анар, Б.Батбаатар, Э.Болормаа, Д.Бум-Очир, Х.Жангабыл, П.Наранбаяр, Б.Тулга Х.Тэмүүжин Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Ө.Шижир, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин, Р.Эрдэнэбүрэн нар нар хүрэлцэн иржээ.

Эхлээд Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэсэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй 32, найруулгын 2 саналыг төслүүдэд тусган, төслүүдийн үзэл баримтлал, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр зүйл, хэсэг, заалтыг уялдуулан дэс дараалал, бүтцэд өөрчлөлт оруулж, нэр, томьёог жигдлэн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Гишүүд дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжлэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн зүйлийн 17-д “… төр, түүний байгууллагаас хууль, ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан байдаг. Энэ дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус баталснаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг тавьсан гэдгийг тэрбээр дурдав. Үүнээс хойш 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж, албаны нууц хэмээх нэр томьёо тодорхойлогдон, өдгөө практикт хэрэглэгдэж байгаа гэв. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал үзэл баримтлалын 3.6.3.2-т “Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой болгож, нууц хамгаалалтыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно” гэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.4.1-т “Төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулж, шилэн ажиллагааг үргэлжлүүлж, төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно” гэж тус тус заасан байдаг. Эдгээр бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хүрээнд төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагын нууцын хадгалалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 7 бүлэг, 39 зүйлтэйгээр боловсруулжээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон, төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор нууцад авах нөхцөлийг бүрдүүлж, улмаар төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж үндэслэлгүйгээр албаны нууцад хамаарах зөрчил түгээмэл байгаа нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байх,  авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Иймд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуульд байгаа албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь халж, хуулийн нэрийг Төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж, зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.

Энэхүү төсөл батлагдсанаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газраас баталж байгаа одоогийн эрх зүйн зохицуулалтыг Улсын Их Хурал батлах эрх зүйн үндэс бүрдэх аж. Төрийн байгууллага, албан тушаалтан, дэд бүтцийн томоохон төслүүд болон бусад мэдээллийг үндэслэлгүйгээр нууцад хамааруулах явдлыг таслан зогсоож, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг арилгах гэмт үйлдэл гарахаас сэргийлэх, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Албаны нууцад хамаарах 882 мэдээлэл ил болж, улмаар төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй байх эрх зүйн орчин бүрдэх юм байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдана гэдгийг Б.Энхбаяр сайд хэллээ. Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор батлагдсан салбар, байгууллагын хэмжээнд төрийн нууцад хамаарах 574 мэдээлэл 200 болж буурна хэмээн тодотгов.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Энхбаяр, Ч.Анар, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Монгол Улсын сайд Б.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан бол төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Д.Ганбат нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Дараа нь Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 19 гишүүний 52.6 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Тус төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулсан.

Үндсэн хуульд заасны дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлаас 1995, 2004 онд баталж байсан Төрийн нууцын тухай хуулийн бүтцийн жишгийг баримтлан төрийн бодлогын хүрээнд 20, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хүрээнд 5, батлан хамгаалах хүрээнд 70, тагнуул, сөрөх тагнуул, хууль сахиулах ажлын хүрээнд 62, мэдээллийн аюулгүй байдал болон бусад хүрээнд 43, нийтдээ 200 мэдээллийн жагсаалтыг тусгажээ. Хуулийн төслийг боловсруулахдаа төрийн нууц хариуцсан 45 байгууллагаас санал авч, энэ хүрээнд ирүүлсэн 762 мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэдээллийг үндэслэлгүйгээр нууцлах, салбар, байгууллагын хэмжээнд хэт өргөжүүлэх, эрсдэлийг хумих, үндэсний аюулгүй байдлын шинэ болон бодит аюул заналыг харгалзан үзсэн хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулав.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцын жагсаалтыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар батлах эрх зүйн үндэс бүрдэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан салбар, байгууллагын хэмжээнд төрийн нууцад хамаарах 574 мэдээлэл 200 болж буурах аж. Мөн үндэсний нууц хамгаалах тогтолцоо бэхжиж, мэдээллийн аюулгүй байдлыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, хууль хэрэгжилтийн нэгдмэл байдлыг хангах үндэс бүрдэх юм байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6 хувь нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүний 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хуралдаанд танилцууллаа.

Нийтийн ашиг сонирхол буюу улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, хэв журмыг хангах зорилгоор тодорхой мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох замаар иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хязгаарлаж болохоор Үндсэн хуульд заасан. Гэвч Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон нь Үндсэн хуульд нийцэхгүйгээс гадна мэдээллийг төрийн нууцад хамааруулах шалгуур босго буурах үндэслэл болсон гэв. Улмаар Улсын Их Хурлаас хяналт тавих нөхцөлийг хязгаарласан гэж төсөл санаачлагчид үзжээ. Тодруулбал, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох Засгийн газар нь мэдээллийг төрийн нууцад авахдаа Улсын Их Хурлын хяналтгүй, дур зоргоор шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн гэв. Үүнийг дагаад иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хумигдаж, Засгийн газар хууль бус үйлдлүүдээ дур мэдэн нууцлах болсон гэлээ.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу 60 орчим мэдээллийг төрийн нууцад хамааруулж байсан бол Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад авсан мэдээлэл давхцалгүйгээр 500 гаруй болж нэмэгдсэн гэдгийг О.Цогтбаатар гишүүн хэлсэн. Үүнээс гадна албаны нууц хэмээх ойлголт, төрийн байгууллага нь төрийн байгууллагын нууц гэсэн ойлголтыг дотооддоо бүрдүүлэх болсон гэв. Төрийн байгууллага бүр мэдээллээ нууцалдаг болсон нь нууцын талаарх ойлголтыг хавтгайруулж, иргэдийн мэдээлэл хайх, авах эрхийг боогдуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулж байгааг дурдсан.

Компаниудын өндөр үнийн дүнтэй худалдан авалт, оффтейк гэрээ зэрэг олон нийтийн хяналтад байх ёстой үйл ажиллагааг төрийн болон албаны нууцын ангилалд хамруулж ирсэн нь мэдээллийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн хяналт, нээлттэй өрсөлдөөн, сонгон шалгаруулалтын зарчмыг хязгаарлах нөхцөл болсон талаар дурдав. Үүний улмаас төрийн өмчит компаниудтай холбоотой олон тэрбум төгрөгийн авлига, албан тушаалын гэмт хэрэг ихсэж, энэ төрлийн гэмт хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд холбогдох болсон хэмээлээ. 

“Монгол Улс сүүлийн жилүүдэд Авлигын төсөөллийн индекс, Ардчиллын индекс, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс зэрэг олон улсын үнэлгээнүүдээр тогтмол ухарч байгаа. Иймд төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шаардлага нэмэгдэж байна” гэсэн. 

Хуулийн төсөлд Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар баталж, төрийн нууцыг тогтоох, ил болгох эрхийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалуулж, хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглох, төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн мэдээллийг албаны нууцад авах зориулалтыг хуулиас хасах зохицуулалтыг тусгасан байна. Мөн хууль зөрчсөн үйлдэл, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл, хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн баримтыг төрийн нууцад оруулахыг хориглох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах, үндэсний тогтолцоо эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад төслийн зорилго оршиж буйг тэрбээр тэмдэглэлээ.

Төрийн нууцыг хадгалах, хамгаалах хуулиар хүлээсэн үүрэггүй хүн төрийн нууцыг олж авсан нь төрийн нууцыг хууль бусаар олж авах гэмт хэрэгт хамтран оролцох шинжгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан холбогдох хуулийн төслийг хамт боловсруулан, өргөн мэдүүлжээ. Ингэснээр иргэн, сэтгүүлч төрийн нууцыг хууль бусаар олж аваагүй бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй хэмээн О.Цогтгэрэл гишүүн танилцуулсан.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ө.Шижир нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 19 гишүүний 10 нь Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд хамт өргөн мэдүүлсэн төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна21 минут 9 секундын өмнөХЭҮК: Мэдээндээ албан тушаалтны зураг ашигласан нь хүний эрхийн зөрчил гэж үзсэн С.Ганзоригийг төрийн албанаас хална1 цаг 44 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 55 минутын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа3 цаг 29 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ3 цаг 33 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд3 цаг 38 минутын өмнөУИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав3 цаг 47 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна3 цаг 49 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна3 цаг 52 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрт хамрагдаж буй залуу сэтгүүлчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа3 цаг 56 минутын өмнө“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа4 цагийн өмнөБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалаа4 цаг 2 минутын өмнөЭрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ4 цаг 9 минутын өмнөТом төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно5 цаг 5 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ5 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 цаг 16 минутын өмнө“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?6 сар 9. 22:25“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 сар 9. 15:46Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 9. 15:38Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо6 сар 9. 15:36Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв6 сар 9. 15:31Хууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ6 сар 9. 15:26Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов6 сар 9. 15:22ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов6 сар 9. 15:19Сэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх6 сар 9. 15:16Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.