Ван И-гийн айлчлалын эргэн тойронд


6-р сарын 15
10 цаг 17 минут

       Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист  намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сарын 13-15-нд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай энэ сарын 13-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Дэд бүтцийн бүтээн байгуулалт, Сэргээгдэх эрчим хүчний салбар зэрэг олон чиглэлд хамтарч ажиллахаар ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-тай найрсаг хөршийн өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад хамтын хүчин чармайлт гаргах нь зүйтэй болохыг онцоллоо.

Энэ удаагийн айлчлалаар хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нэлээд өргөн хүрээг хамарсан асуудлуудаар санал солилцлоо. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр улсын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх. Хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, хорио цээрийн протоколуудыг байгуулаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх  ажлын хүрээнд холбогдох хилийн боомтуудын бүтээн байгуулалтыг урагшлуулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын холболтыг эрчимжүүлэх, зарим боомтоор газрын тосны бүтээгдэхүүн, химийн болон тэсэрч дэлбэрэх аюултай бүтээгдэхүүний нэвтрүүлэх нөхцөлийг хангах, газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр улсын ААН-үүд хоорондын санал санаачилга, хамтын ажиллагаа, тодорхой төслүүд хэрэгжүүлэхийг дэмжих. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг урагшлуулах хүрээнд Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн хурдны авто замын төсөл, байгалийн хийн хоолойн төслийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.

Гадаад харилцааны сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд Иж бүрэн стратегийн түвшинд эрчимтэй урагшилж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа гэдэгт санал нэгдэв.

Талууд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох болон өөрсдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотлов.

“Талуудын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт удахгүй биелнэ гэдэгт итгэлтэй байна” 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И гэж хэн бэ.

Тэрээр өнөө цагийн Хятадын дипломат бодлогыг тодорхойлогч хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг юм. Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашихаас гадна БНХАУ-ын гадаад бодлогыг удирддаг Коммунист намын дээд түвшний удирдлагад багтдаг онцгой нөлөөтэй улстөрч гэж үнэлэгддэг байна. 1981 онд Хятадын Коммунист намд элсэж, дипломат албанд олон арван жил ажиллажээ. Улмаар 2004-2007 онд БНХАУ-аас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан байна. 2008-2013 онд Ван И Тайванийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, эх газрын Хятад болон Тайванийн хоорондын харилцааг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Ван И 2013 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон бөгөөд дэлхийн тавцанд Хятадын байр суурийг илэрхийлэгч гол төлөөлөгч болон гарч иржээ. Тэрээр АНУ, ОХУ, Европын холбоо, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцах Хятадын бодлогыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж иржээ. Улмаар 2023 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалд дахин томилогдсноор  Хятадын дипломат бодлогын залгамж чанарыг үргэлжүүлэн удирдах болжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ Монгол Улстай харилцахдаа “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлогыг баримталж, сайн хөршийн найрсаг харилцааг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын дипломат харилцаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох чухал үүрэгтэйг онцолж, төрийн тэргүүн нарын хүрсэн нэгдсэн ойлголцол, тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа тэмдэглэв.

Тэрээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон талуудын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт удахгүй биелнэ гэдэг итгэлтэй байгаа бөгөөд цаашид худалдааны хэмжээг нэмэгдүүлэх илүү том зорилт тавин ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

Хятадын тал энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.   Мөн Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч буйтай холбогдуулан вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдээлэв.

Энэ үеэр талууд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар илэн далангүй санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн онд БНХАУ-д болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцон, нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэв.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Ван И сайдаас хүслээ.

Гадаад хэргийн сайд Ван И, хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцолж, цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Тэрээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн албан захидлыг гардууллаа.

Уг мэндчилгээнд “Урт хугацааны, тогтвортой хөгжлийг цогцлоох нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэх нь дамжиггүй. Харилцан итгэлцлээ бэхжүүлэн, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэдгээ тэмдэглэжээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, төмөр замын холболт, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, газрын тос, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2022 онд манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж байсан юм.

Эх сурвалж: Ч.БЯМБАХАЖИД “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа26 минут 57 секундын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ35 минут 29 секундын өмнө“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ39 минут 53 секундын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа2 цаг 1 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав2 цаг 4 минутын өмнөБ.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана2 цаг 9 минутын өмнөВан И-гийн айлчлалын эргэн тойронд2 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа2 цаг 19 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.193 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан3 цаг 19 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв6 сар 14. 9:29Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.