О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна


6-р сарын 16
12 цаг 22 минут

      Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гаргаж буй шийдвэр, дүгнэлтүүдтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхааралд байгаа. Энэ талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт иргэний зөвшөөрөлгүйгээр зургийг нь нийтэлсэн гэх үндэслэлээр ХЭҮК тухайн зургийг “биометрик мэдээлэл” гэж үзэн хэвлэл мэдээллийн байгууллагад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэхүү асуудалд холбогдуулан ХЭҮК-ыг хуулийн дагуу ажилласангүй гэх маргаан өрнөсөн. Та үүнтэй санал нэг байна уу?

-Энэхүү асуудалд санал нэг байна. ХЭҮК хуульд заасан хүний эрхийг хамгаалах, ард иргэдийн дуу хоолой болох үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Үүний нэг жишээ нь, “Зөв.мн” сайтад нийтийн албан тушаалтны олон нийтийн сүлжээнд байсан зургийг нийтэлснийг “Хувь хүний биометрик мэдээлэл учраас хүний эрхийн зөрчил” гэж үзсэн нь буруу. Энэ бол хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа хэрэг.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд агуулгын хувьд ийм зүйл байхгүй. Энэ асуудалд ХЭҮК-ын дарга нь “Үүнийг би хариуцахгүй, намайг байхгүй хойгуур ийм асуудал гарсан” гэж хандаж байгаа нь ч буруу. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага бол нийгмийн дуу хоолой болж, эрх барьж байгаа албан тушаалтнаас асуулт асууж, шүүмжилдэг. Гэтэл гомдол гаргасан хүнийхээ эсрэг талд, ямар нэгэн албан тушаалтны талд орж шийдвэр гаргах нь байж болохгүй зүйл. Хуулийг гажуудуулж, хуулийн дагуу ажиллаагүй асуудал яах аргагүй хөндөгдөх нь зүй ёсны хэрэг.

-ХЭҮК хүний эрхийн зөрчлийг тогтоосон хэрнээ түүнийгээ арилгуулах чиглэлээр дорвитой ажилладаггүй гэсэн шүүмжлэл байдаг. Өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд ийм асуудалтай тулгарч байсан тохиолдол бий юу?

-Миний хувьд өмгөөлөгчөөр ажилладаг учраас ХЭҮК-ын ажил үүрэг, шийдвэртэй холбоотой нэгэн кейс яримаар байна. Нэг үйлчлүүлэгч маань автомашиныхаа сэлбэгийг баталгаат хуудастайгаар худалдан авсан боловч тухайн хугацаандаа эвдэрсэн учраас очиж бухимдлаа илэрхийлсэн байдаг. Тухайн үед эргэн тойрных нь хүмүүс цагдаад дуудлага өгсөн юм билээ. Ингээд лангууны худалдагч болон худалдаж авсан хоёр хүнд Зөрчлийн хэрэг үүсгээд, Хялбар ажиллагааны шүүх рүү оруулсан. Гэвч Хялбар ажиллагааны шүүх рүү ороход хэд хэдэн хууль зөрчигдсөн байдаг. Тухайлбал, өмгөөлөгч авах эрхээр нь хангахгүйгээр хурал хийсэн. Ингээд манай үйлчлүүлэгчид долоо хоног баривчлах шийтгэл шүүхээс ногдуулсан. Үйлчлүүлэгч маань над руу ярихдаа "Би уг нь торгуулна гэж бодож байсан ч намайг баривчлахаар болчихлоо, энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас давж заалдмаар байна" гэсэн.

Харамсалтай нь Хялбар ажиллагааны шүүх тэр өдөртөө шийдвэрээ амаараа гаргаад, ачаад аваад явсан. Цагдан хорих байранд суучихаад гарч ирсний дараа шүүхийн шийдвэр бичгээр гарч байж давж заалддаг. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил. Ингээд миний хувьд Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх, давж заалдах, гомдол гаргах, шударга шүүлгэх эрх зөрчигдөж байна гээд тухайн үед ХЭҮК-т гомдол гаргасан. Миний гаргасан гомдлын дагуу ХЭҮК газар дээр нь очиж үзээд, "Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил байна. Зөвхөн танай үйлчлүүлэгч гэлтгүй он гарснаас хойш 200 орчим хүнийг давж заалдах эрхээр нь хангаагүй байна" гэдэг дүгнэлт гаргасан. Гэвч үүнийхээ араас ямар ч арга хэмжээ аваагүй. Тайландаа нэг өгүүлбэр байдлаар бичээд өнгөрсөн. Уг нь ХЭҮК хуулиараа маш том эрхтэй байгууллага. Хууль тогтоох байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хүргүүлэх эрхтэй. Шаардлагатай гэвэл олон улсын байгууллагад хүртэл хандах эрхтэй. Шүүхээр орж байгаа хүмүүсийн давж заалдах эрхийг нь хангахгүй маш олон тохиолдол гарч байхад ажиллах ёстой байтал огт ажиллагаагүй. Өнөөдөр хүртэл Хялбар ажиллагааны шүүх дээр давж заалдах болон гомдол гаргах эрхээ эдэлж чадахгүй маш олон хүн байгаа. Энэ тал дээр ХЭҮК огт ажиллахгүй байгаа гэж хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд үздэг.

-ШЕЗ-ийн удирдах албан тушаалтны ажлын байрны бэлгийн дарамтын талаар тухайн байгууллагын ажилтны гомдлыг "Ажлын байрны найрсаг харилцаа" гэж ХЭҮК дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлтэд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан л даа?

-Ер нь хүний эрхийн зөрчил хаа сайгүй байгаа. Энэ бүр дээр тусгай эрхтэй байгууллага болох ХЭҮК газар дээр нь очоод, өргөдөл гомдол гаргасан хүмүүстэй нь тусгайлан ярилцлага хийгээд, дүгнэлт гаргах ёстой. Гэхдээ зөвхөн дүгнэлт гаргаад зогсдоггүй байх ёстой. Үүнийг өөрчлөх, сайжруулах, зөрчил гаргахгүй байх талаас нь ХЭҮК ажиллах ёстой байтал өнөөдөр тодорхой, бодитой өөрчлөлт харагдахгүй байна. Миний хувьд энэ тал дээр маш шүүмжлэлтэй ханддаг. Төсөв мөнгөтэй, өөрийн гэсэн ажлын албатай тусгай байгууллага хэрнээ байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Хуульч, өмгөөлөгчдөөс асуувал, шүүхийн шатанд хүний эрх зөрчигдөхтэй холбоотой маш олон асуудал гардаг. Тухайлбал, орон сууцны залиланд өртсөн хүмүүс шүүхэд гомдол гаргаад, хуулиараа 60 хоногийн дотор шийдүүлэх ёстой. Гэтэл 60 хоногтоо шийдэгддэггүй, 2-3 жил болж байгаа хүмүүс зөндөө байдаг. Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх, өмч хөрөнгөө хамгаалуулах, эрхээ сэргээлгэх үйл явц эцсийн дүндээ ХЭҮК-той л холбоотой. Шүүх, цагдаа, прокурор зэрэг бие даасан байгууллагуудын үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалж байна уу, эсвэл эсрэгээрээ хүний эрхийг хохироож байна уу гэдэгт ХЭҮК ажиллаад, тодорхой үр дүн гаргах хэрэгтэй байна.

-Тэгвэл ХЭҮК хуульд заасан үүргийнхээ хувьд хүний эрхийг зөрчсөн, хуулийн дагуу ажиллаагүйдээ ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Хүний эрх, эрх чөлөө бол 1992 оны Үндсэн хуулиар бидний олж авсан хамгийн үнэт зүйл. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт эрхэд хөндлөнгийн хараат бус, хяналт шалгалт хийдэг, хамгийн гол нь араас нь арга хэмжээ авах ёстой газар бол ХЭҮК. Түүнээс биш ХЭҮК-оос дүгнэлт, хэдэн хуудас тайлан өгөөд, нөгөө асуудлууд нь байдгаараа байгаад байвал энэ байгууллагын үйл ажиллагааг "муу" л гэж дүгнэнэ. ХЭҮК-ын гишүүдийг УИХ-ын сонсголын журмаар томилж, байгууллагын үйл ажиллагаанд парламент хяналт тавих ёстой. Тиймээс үйл ажиллагааны үр дүн, хариуцлагын асуудал цаашид УИХ-ын түвшинд яригдах байх. Мөн олон нийтийн зүгээс ч ХЭҮК-т тийм ч сайн үнэлэлт дүгнэлт өгөхгүй болов уу. Хэрэв хүний эрхийн зөрчил хэвээр үргэлжилсээр байвал тус байгууллагын үйл ажиллагаанд эерэг үнэлгээ өгөхөд хүндрэлтэй.

Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна2 минут 9 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.