Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өнөөдөр /2026.06.16/ боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, салбарын төлөөллүүд оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн хэлсэн үгэндээ "Хэдэн жилийн өмнө би “Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байв. УИХ-ын гишүүний хувьд Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах түр хороог санаачлан байгуулж ажилласны дотор эмийн үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудал багтсан.Өнөөдөр бидний нээж буй энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит үр дүн юм” гэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна” хэмээн онцоллоо. Тэрээр мөн лаборатори ашиглалтад орсноор эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн үнэлэх үндэсний чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүнд тавих хяналт шинэ түвшинд хүрэхийг тэмдэглэв.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байдаг. Энэ бол зөвхөн техникийн асуудал биш, хүний амь насанд аюул учруулж буй асуудал юм. Хүчирхэг лаборатори гэдэг нь зүгээр нэг барилга байгууламж биш. Энэ бол иргэд, гэр бүл, нийт нийгмийг эрсдэлээс хамгаалдаг хамгаалалтын тогтолцоо юм. Монгол Улс өнөөдөр энэхүү хамгаалалтаа улам бэхжүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Энэхүү лабораторийг Дэлхийн банкны Цар тахлын сангийн 1.8 сая ам.долларын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд шинэчлэн байгууллаа.Шинэчлэлийн хүрээнд эмийн чанарын хяналт, шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэх орчин үеийн багаж тоног төхөөрөмж, хэмжил зүйн болон био аюулгүй ажиллагааны дэвшилтэт системүүдийг нэвтрүүлсэн байна.
Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала нар Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийг хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр эмийн идэвхт бодисын агууламж, хольц, үлдэгдэл уусгагч, хүнд металл зэрэг чанар, аюулгүй байдлын гол үзүүлэлтүүдийг олон улсын шаардлагын түвшинд тодорхойлох боломж бүрджээ. Мөн лабораторийн мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, дадлага, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Шинэчлэл бүрэн хэрэгжсэнээр лабораторийн хүчин чадал эрс нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломжтой болохоос гадна зах зээлийн тандалт, хяналтын үр нөлөө сайжирч, иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа улам бэхжих юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор Монгол Улсын эмийн чанарын хяналт, зохицуулалтын тогтолцоо бэхжиж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх үндэсний лавлагаа лаборатори болох хөгжлийн шинэ эхлэл тавигдаж байна.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих