Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа


6-р сарын 17
12 цаг 19 минут

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай ярилцлаа.

-УИХ-аас хоёр өдрийн турш нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд дээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Ер нь ингэж сонсгол хийж байгааг таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Олон өнцөг байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын сонсгол иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд хийгдэж байгаа. Түүнээс энэ чинь шүүх хурал биш шүү дээ. Нийслэлийн төсөв 2024-2026 оны хооронд юу болж байгаа вэ гэдэг дээр иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хийж буйг нь би нээлттэй хүлээж авч байгаа. Нөгөө талдаа УИХ цаашдаа бүх зүйлийг ингэж төвлөрүүлээд байх юм уу. Бидний нутгийн өөрөө удирдах ёс яах вэ. Үндсэн хуульд тусгасан зохицуулалт хэрхэх вэ гэдэг асуултууд урган гарч ирнэ. Нийслэлийн төсвийг өнөөдөр ярьж байна.

Дараа нь 21 аймгаа бүгдийг нь ярих юм уу. Хэрэв ингэх юм бол төв дээрээ бүх зүйлээ төвлөрүүлээд яв л даа. Эрх зүйн зохицуулалт нь тийм байвал бид дагаад л явна. Гэхдээ бидний Үндсэн хуулийн үнэт зүйл, амин сүнс нь өөр. Тэгэхээр ер нь нутгийн өөрөө удирдах ёсонд нөлөөлж байгаа л үйл явдал. Гэлээ гэхдээ нийслэлээс 2024-2026 оны төсөвтэй холбоотой бүх мэдээллээ ил тод, нээлттэй өглөө. Иргэдийн эргэлзээ үүсч байгаа асуудлууд дээр нэг мөр тодорхой мэдээлэл өгөх боломж олдож байгаа гэдэг дээр манай албан хаагчид ямар нэгэн өнцөггүйгээр мэдээллээ өгөөд явж байна.

-Таны хувьд хотын дарга болоод удаагүй байгаа учраас энэ сонсголд оролцож, хүмүүсийн асуултад тодорхой хариулт өгөхөд хүндрэлтэй байна уу. Мөн өмнөх Засаг дарга Х.Нямбаатар энэ сонсголд оролцоогүйд зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Би 2020-2024 онд НИТХ-д төлөөлөгч байсан учраас нийслэлд шинэ хүн биш. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2022 онд батлагдахад хуулийн төсөл дээр нь хамт ажиллаад л явж байсан. Тэгэхээр гишүүдийн асуултад хариулахад айхтар хүндрэлтэй зүйл байсангүй. Бүх мэдээлэл нь бас байгаа учраас бүтэн оролцлоо. Энэ бас миний үүрэг. Нийслэлийн л асуудал яригдаж байгаа. Өнөөдөр би хариуцаж байгаа бол оролцох л ёстой. Харин Х.Нямбаатар даргыг яагаад сонсголд оролцоогүйг өөрөөс нь асуух нь зүйтэй. Би шалтгааныг нь мэдэхгүй байна.

-Энэ сонсголыг зохион байгуулах болсон гол шалтгаануудын нэг нь Туулын хурдны зам төсөл. Уг төслийг нэг хэсэг бүрэн зогсоож байгаа гэсэн мэдээлэл явж байсан ч та трассыг нь өөрчлөөд явуулж болох тухай хэлсэн байсан. Үүн дээр өнөөгийн бодит нөхцөл байдал нь ямар байгаа юм бэ?

-Туулын хурдны замтай холбоотой асуудлыг яг одоо нээлттэй ярих боломжгүй. Учир нь хууль хүчний байгууллагуудын шалгалт явж байгаа. Би АТГ руу энэ зам дээрх дүгнэлтийг яаралтай гаргаж өгөөч гэсэн албан тоот явуулсан. Бид ер нь гүйцэтгэх компанитай хэлэлцээр хийх эрх байна уу гэдгээ ч мэдмээр байна. Засаг даргын хувьд үүсч байгаа нөхцөл байдлыг юу руу эргүүлэх вэ гэхээр нэгдүгээрт, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах л шаардлагатай. Хоёрдугаарт, энэ замын эдийн засгийн үр өгөөж, түгжрэлийг бууруулах үүргээ биелүүлж чадаж байна уу. Эсвэл ийм хэмжээний дүнгээр илүү шийдэх шаардлагатай, эрэмбийн хувьд урдуур орох ямар замууд байна. Тухайлбал, Улаанбаатар хотын холбоос замууд, олон түвшний уулзварууд, гүүрэн байгууламжууд байна шүү дээ гэдэг асуултуудад хариулах хэрэгтэй. За, 500 тэрбум төгрөг гарчихсан байна. Дээрээс нь гадны байгууллагатай нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр гэрээ хийчихсэн зүйл байгаа. Бид бизнесийнхэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Хувь хүний хувьд гэвэл Туулын хурдны зам дээр бид байгаль экологийн тэнцвэртэй байдлыг барих хэрэгтэй. Мөн төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж, эдийн засаг болон асуудлыг шийдэх үр өгөөжтэй байх ёстой гэсэн шалгуураар хандаж байгаа. Бодсон хувилбар мөн бий. Гэхдээ хууль хүчний шалгалт явж байгаа учраас эцсийн дүгнэлт гарсны дараа иргэддээ нээлттэй мэдээлнэ.

-Уг нь энэ замын асуудал олон жилийн өмнөөс яригдсан. Гэтэл гэнэтхэн л бөөн эсэргүүцэгч гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр хувь иргэний талаас үүнийг хэрхэн хардаг вэ. Элдэв эрх ашгийн зөрчил байдаг болов уу?

-Миний хувьд ч хотын иргэн. Нэг орчинд амьдарч байгаа учраас хотын асуудал ч миний л асуудал. Тиймээс ярьж байгаа иргэдийг сонсохоор яг л өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм болов уу гэсэн бодол төрдөг. Харин цаана нь юу байгааг бол мэдэхгүй байна. Өнөөдөр/өчигдөр/ “SaveTuul” хөдөлгөөнийхөн сонсголд оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тийм ч эрхтэй хүмүүс. Тэр бүхнийг нь би дараагийн шийдвэр гаргалтандаа харгалзаад явна. Дээрээс нь Туул гол бол манай иргэдийн, хотын эмзэг сэдэв. Экосистемийн дийлэнх хувь нь Туул голоо дагаж байдаг. Ер нь эртний хотууд голоо дагаж л хөгжсөн байдаг. Тиймээс гол үнэт зүйл болсон голоо хайрлаж л явах ёстой.

-НИТХ-ын 43 төлөөлөгч нь ямар нэгэн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит компанид ажилладаг. Энэ нь Засаг даргадаа тайлан тавьдаг, ажилладаг болгож байна гэдэг шүүмжлэл явлаа. Хуулиар хориглоогүй гэдэг тайлбар ч мөн явсан. Тэгэхээр цаашид энэ байдлаараа яваад байх нь хэр зөв бэ?

-УИХ-ын гишүүд засаглалтай холбоотой асуудал ярьж байгаа. Гэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын дагуу сонгогдоод гараад ирсэн 45 төлөөлөгч рүү дайрах нь өрөөсгөл. Хэрвээ засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа. Алдаа мадаг байгаа бол өөрчлөх л ёстой. НИТХ бол нийслэлийн өмчийн эзэн байдаг. Тэр ч утгаараа ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-д байдаг жишиг бол сүүлийн 35 жил явж ирсэн зүйл. Нөгөө талдаа төлөөлөгчид тойргоос бараг УИХ-ын гишүүдтэй адилхан санал авч гарч ирдэг. Түүнийгээ дагаад иргэддээ амласан амлалт, зорьсон зорилго их байдаг. Гэвч үүнийгээ хийе гэхээр төлөөлөгчид цалин хөлс байхгүй учраас хуулийн хүрээнд ажил эрхлэх нь нээлттэй байгаа учраас ингэж давхар ажиллах нөхцөл байдалтай явж ирсэн.

-Нийслэлийн төлөөлөгчдийн тоог ер нь нэмэх хэрэгтэй юу?

-Одоо 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотын иргэдийг төлөөлөх байдлыг 45 төлөөлөгч бүрэн хангаж чадаж байна гэж бодож байгаа. Тийм болохоор тоог нэмэх эсэх дээр одоогоор тодорхой байр суурь алга.

-Хэвлэлүүдтэй гэрээ хийсэн гэдэг зүйлийг гаргаж тавьсан байсан. Гэтэл энэ чинь хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнүүд. Нөгөө талдаа хийсэн ажлаа ард иргэддээ хэвлэлээр дамжуулан сурталчлах, нээлттэй байх ёстой биз дээ. Та цаашид энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Би Засаг даргад нэр дэвшиж байхдаа иргэдийнхээ дэргэд, мэдээ мэдээллээ ил тод, нээлттэй өгч ажиллана гэдгээ хэлж байсан. Энэ ч утгаараа нийслэл дээр явж байгаа төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ, төсөв, сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг энэ сарын 25-нд иргэддээ өгөх гэж байгаа. Бидэнд нуугаад байх юм байхгүй. Иргэдийн мөнгөөр хийж байгаа ажлуудыг иргэд мэддэг, оролцдог л байх ёстой. Үүн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах нь олон улсын жишиг. Гэхдээ төсөвт батлагдсан өртөгтөө багтаж байх ёстой. Түүнээс биш өөр, тодорхойгүй эх сурвалжаас гэрээ хийж, урамшуулж явж болохгүй.

-Анх Засаг дарга болохдоо та махны үнийг буулгана гэж хэлсэн. Энэ долоо хоногоос эхлээд 1500-2000 төгрөгөөр буусан гэдэг мэдээлэл явж эхэлсэн. Үнэхээр ингээд буусан уу. Цаашдаа мөн буух төлөв байна уу?

-Амралтын өдрүүдээр "Амгалан", "Хүчит шонхор" захууд дээр ажилласан. Махны нийлүүлэлт нэмэгдсэн, кг тутамдаа 1000-2000 төгрөгөөр буусан байна. Өвөл нөөцөлсөн махны үлдэгдэл 340 тонн мах байсан. Өдөрт 15 тонныг гаргаж байсныг 25 болгож нэмэгдүүлээд үр дүн нь ингэж гарч байгаа. Дээрээс нь улирлын онцлог таарлаа. Бидний хувьд өнгөрсөн хавар гарсан алдааг дахиж давтахгүй байх нь л чухал. Төр махаа нөөцлөх нь зөв, буруу гэдгийг харах ёстой. Зах зээлийнхээ хуулиар үнийн зохицуулалт хийчих зүйл дээр заавал төр орж экосистемийг нь эвдсэнээр асуудал үүсдэг гэж боддог. Хувь нөөцлөгч нарын зах зээлийг үгүй болгож байна. Гэхдээ хамгийн гол нь улаанбаатарчууд эрүүл, хямд махаар хангагдаж байх ёстой. Нэмээд хэлэхэд, махны үнэ дээр 2023 оны зудны асуудал ч яригдана. Нийт 71 сая малтай байсан ч 56 сая болсон. Үүнээс маханд нийлүүлэх боломжтой 16 сая мал л үлдсэн. Ер нь цаашдаа малчид маань сүргийн бүтцийнхээ 70 хувийг эм байлгах, хаврын төл намартаа зах зээл рүү орж байх юм бол малчдад ашигтай. Нөгөө талдаа хэрэглэгчдэд ч тустай. Өргөн хүрээгээр нь харахгүй бол механик аргууд дандаа л муу үр дагавар авч ирж байдаг.

-Нийслэлээс ойрын хугацаанд хийх гол ажил, төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Хамгийн гол зүйл бол иргэдийн хүлээлттэй байгаа 16 мега төслийн эрэмбэ байгаа юм. Хууль хүчний шалгалтын процесс дуусахаар нэг, нэгээр нь иргэддээ зарлана. Бидний зорилго бол утаа, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийн хүртээмжгүй байгаа асуудлуудаа шийдэх шаардлагатай. Үүн дээр хязгаарлагдмал цаг хугацаа, санхүү хөрөнгийн нөөцөө зөв хуваарилах хэрэгтэй. Х.Нямбаатарын юм уу, Б.Пүрэвдагвын мөнгө гэж байхгүй. Иргэдийн л мөнгө. Тэгэхээр хамгийн зөв хувилбар нь юу вэ гэдэг дээр анхаарна. Хоёрдугаарт, хүн төвтэй бодлого барьж байгаа Засаг даргын хувьд өнгөрсөн долоо хоногт энэ зун 73.2 км дугуйн зам баригдана гэдгийг зарласан. Энэ олон асуудлыг шийднэ. Автомашины тоог цөөлнө. Оргил үедээ 9.8 км/ц байгаа хотын ачаалал 10.8 руу орох боломж бий. Тиймээс энэ ажлыг хийнэ. Ингэснээр 2028 он гэхэд 425 км унадаг дугуйн замын сүлжээтэй болно. Нөгөө талдаа явган хүний зам дээр гараад байгаа гэмтэл, осол буурна. Ноднин жил л гэхэд 2720 гэмтэл бүртгэгдсэн байна. Тийм болохоор явган хүний замаа чөлөөлж, үлдээнэ. Дугуйн зам хийснээр мопед, скүүтерийн тусгай зам гаргаж, хоёр өөр гарцаар хүртэл гарснаараа аваар осол багасна. Мөн “Явган хүний зам” гэдэг төслийг явуулах гэж байна. Улаанбаатар хотын явган зам үнэхээр хүндрэлтэй байгаа. Тиймээс 2-3 өдөрт үр дүн гаргадаг 20 бригад гаргаж ажиллах гэж байна. Томоор нь зарлачихаар бүгдийг нь хуулчихаад зунжингаа ажил болдог. Тиймээс ийм арга хэмжээ авч байгаа юм. Дараа нь төсвийн үрэлгэн байдлыг тодорхой болгоно, засна. Нийслэлийн харьяанд 114 байгууллага байна. Чиг үүрэг, үр ашгаар нь шинжилгээ хийгээд нэгтгэх, татан буулгах, бизнесийн хийж чаддаг чиглэлтэй байгууллагуудыг татан буулгаж, бизнесийнхэнд нь өгөх зэрэг зохион байгуулалтыг хийнэ. Ер нь энэ намар илүү үр ашгийн тооцоололтой, зардлын оновчтой, хэмнэлттэй төсвийн бүтцийг оруулахаар бэлдэж байна.

Эх сурвалж: Т.Дарханхөвсгөл DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ17 минут 42 секундын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа1 цаг 8 минутын өмнөЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов1 цаг 23 минутын өмнөСэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ1 цаг 29 минутын өмнөОюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно1 цаг 34 минутын өмнөТуулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд3 цаг 51 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа3 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан4 цаг 14 минутын өмнөДотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо6 сар 16. 17:18“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа6 сар 16. 16:29Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо6 сар 16. 16:22Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ6 сар 16. 15:28“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө6 сар 16. 13:52Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж байна6 сар 16. 13:28О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна6 сар 16. 12:22Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ6 сар 16. 10:41УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ6 сар 16. 10:24Сэрэмжлүүлэг: Энхтайвны гүүрнээс автомашин унасан ноцтой осол гарлаа6 сар 16. 10:21“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ6 сар 16. 10:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 16. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 16. 9:07Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учралд БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхав6 сар 15. 19:25“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ6 сар 15. 19:20Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ6 сар 15. 18:58Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ6 сар 15. 18:53Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ6 сар 15. 18:48Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо6 сар 15. 18:45Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо6 сар 15. 15:55Хаврын чуулган завсарлахаас өмнө Татвар, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг эцэслэн батална гэв6 сар 15. 15:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.