Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.17/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлж буйгаа Сангийн сайд энэ үеэр онцолсон.
Тэрбээр, тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,224.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 19,550.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 96.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэв.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу нийт 729 төсөл, арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан хэмээн Сангийн сайд хэллээ.
Өнгөрсөн онд Төсвийн тогтворжуулалтын санд 429.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос 119.0 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 443.5 тэрбум төгрөг, нийт 562.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч, 95.9 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөөнөөс 807.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны гүйцэтгэлээс 1,101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд нийт зарлага ба цэвэр зээлийн 81.8 хувийг урсгал зардал, 18.4 хувийг хөрөнгийн зардал, -0.3 хувийг эргэн төлөгдөх цэвэр зээл эзэлж байгаа аж.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.1, 8.10.2 дахь заалтад тус тус заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг баталгаажуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих