УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа


6-р сарын 30
13 цаг 10 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.06.30/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт төлөөлөгчдөд Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүлээд, Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг гуравдагч хөрш, Европ дахь гол түнш хэмээн үздэгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийж, уг айлчлалын үеэр хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн ахиулсан нь хоёр талын харилцааны түүхэн чухал үйл явдал болсныг онцлов. Ингэснээр Монгол Улс Европын орнуудаас хамгийн түрүүнд Герман Улстай Стратегийн түншлэл тогтоосон улс болсон юм.

Тэрбээр олон улсын нөхцөл байдал эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ үед ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоог бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой чухал болохыг тэмдэглэв.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлэг, мөн парламентын байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хуралд суудалтай байсан улс төрийн намуудын төлөөлөл 2023 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажиллаж, Бундестагийн үйл ажиллагаа, сонгуулийн тогтолцоотой танилцан туршлага судалсан нь 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа 126 гишүүнтэй шинэ парламентын үйл ажиллагааг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт Бундестагийн Ерөнхийлөгч Юулиа Клёкнэрт мэндчилгээ уламжилж, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилга нээлттэй хэвээр байгааг уламжилж өгөхийг хүслээ.

Мөн Бундестагт бие даасан Герман-Монголын парламентын бүлэг байгуулах асуудлыг Германы талаас үргэлжлүүлэн судалж, дэмжин ажиллахыг хүсэв. УИХ-ын дарга Монгол Улс газарзүйн хувьд Төв Азид оршдог боловч ардчилсан засаглал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай хөгжүүлж ирснээрээ бүс нутгийн бусад улсаас онцлог байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэлээ.

Тэрбээр 2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж, 78 гишүүн мажоритар, 48 гишүүн пропорциональ тогтолцоогоор сонгогдсон нь олон ургалч үзэл, парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тодотгов. Мөн Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, илүү хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй парламентыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд ажиллаж байгааг танилцуулж, энэ чиглэлээр Германы парламентын туршлагыг судлан ажиллаж байгаагаа дурдлаа.

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке Төв Азийн бүс нутагт хийх айлчлалынхаа эхний улсаар Монгол Улсыг сонгосныг онцолж, төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан УИХ-ын даргад талархал илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсын хөгжлийн хурд, эдийн засгийн өсөлтийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсыг олон улсад Төв Азийн бүс нутаг дахь ардчиллын бэлгэ тэмдэг, зарим улсууд “гэрэлт цамхаг” хэмээн үнэлдэг болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг өндрөөр үнэлж байгаагаа дурдсан.

Түүнчлэн УИХ-ын дарга С.Бямбацогтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг уламжлав.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт энэ оны аравдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Бундестагийн эмэгтэй гишүүдийг оролцохыг урьж, Монгол, Германы хууль тогтоох байгууллага хоорондын харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буй парламентын бүлгийн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа албаны хүмүүсийн хамт оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана47 минут 39 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа50 минут 27 секундын өмнөБогдхан ууланд могойтой холбоотой дуудлага нэмэгдэж байна56 минут 34 секундын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна1 цаг 49 минутын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна1 цаг 54 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ3 цаг 40 минутын өмнөБундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна3 цаг 46 минутын өмнөДолоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв3 цаг 49 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ4 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан4 цаг 59 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна6 сар 29. 18:57Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна6 сар 29. 18:52ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо6 сар 29. 18:48Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 18:45“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав6 сар 29. 15:27Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна6 сар 29. 15:16Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна6 сар 29. 15:13Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ6 сар 29. 15:07Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 15:04Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа6 сар 29. 12:09140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 сар 29. 9:45Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 сар 29. 9:41Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 сар 29. 9:37Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана6 сар 29. 9:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.036 сар 29. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан6 сар 29. 8:57“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.