Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний цэгүүдийн байршил, зохион байгуулалтын талаар албан ёсны мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгийн мэдээлснээр, баяр наадмын худалдаа, хоол үйлдвэрлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан цэгүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 204 цэг ажиллах бөгөөд үүний 118 нь хоол үйлдвэрлэл, 65 нь жижиг, дунд хүнсний үйлдвэрлэл болон худалдаа, харин 21 нь явуулын хоолны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Байршлын хуваарилалтын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлэхээр зохицуулсан байна.
Харин Хүй долоон худагт "Дэлхийн адууны өдөр" тохиож байгаатай холбогдуулан нийт 278 цэгт худалдаа, үйлчилгээ гаргахаар бэлтгэжээ. Үүнд хоол үйлдвэрлэлийн 168, худалдааны 40, хөдөлгөөнт тоглоомын 70 цэг багтаж байна. Үүнээс гадна Хүй долоон худгийн соёлын талбайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан 50 цэг, худалдаа үйлчилгээний 10 цэгийг нэмэлтээр төлөвлөсөн бөгөөд энэ бүсэд Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн үйлчилгээ эрхлэгчид хуваарилагджээ.
Наадмаар үйлчилгээ эрхлэх түр зөвшөөрлийг энэ жил цахим хэлбэрт шилжүүлж, license.mn системээр дамжуулан олгохоор болсон байна. Хүсэлт хүлээн авах хугацаа долоодугаар сарын 1-ний 17:00 цагаас эхлэн долоодугаар сарын 3-ны 17:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагын тухайд хоол үйлдвэрлэл эрхлэгчид заавал хуулийн этгээд байх бөгөөд ажиллах тогооч, ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэгт орсон цагаан дэвтэртэй байх ёстой. Харин хүнсний худалдааг иргэн болон хуулийн этгээд аль аль нь эрхэлж болох бөгөөд бүртгүүлэхдээ худалдаалах бүтээгдэхүүний зураг, төрлийг тодорхой тусгах шаардлагатай. Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэгчид цахим системээс "Монгол наадам цогцолбор"-ыг сонгож, тоглоомын танилцуулга, аюулгүй байдлын зааварчилгаа, дүгнэлтийг хавсаргаж илгээнэ. Мөн үндэсний үйлдвэрлэл, гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа борлуулах иргэд, аж ахуйн нэгжүүд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний төвийг сонгон хүсэлтээ гаргахыг зохион байгуулагчид анхаарууллаа.
Facebook
Twitter
Youtube


Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар сарын 8-нд олгоно
Наадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг 5 боомт амарна
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сэтгэгдэл бичих