З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо


7-р сарын 3
10 цаг 01 минут

     УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай Оюу толгойн асуудлаар нааштай хэлэлцээрт хүрсэн талаар ярилцлаа.

-Оюу толгойн зээлийн хүүгийн хэлцлийн талаар тодорхой мэдээлэл өгөөч. Монголчуудад үр өгөөжтэй, хүлээж байсан шийдвэр гаргалаа гэж мэдэгдсэн шүү дээ...?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу долоон жил тутамд нэг удаа зээлийн хүүг эргэн харах боломж байдаг. Энэ эрх 2025 оны аравдугаар сарын 30-наас үүссэн. Үүний дагуу Засгийн газар ажлын хэсэг байгуулж, Рио тинтотой тасралтгүй хэлэлцээ хийж, өчигдрийг хүртэл ажиллалаа. Би дөрөвдүгээр сард Сангийн сайдаар томилогдсоноос хойш энэ асуудалд илүү төвлөрч ажилласан учир тодорхой үр дүн гаргасан талаараа хэлье. Оюу толгойн зээлийг харахад төслийн санхүүжилтийн буюу олон улсын 15 банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нийт бүтцийн 19.2 хувийг эзэлж байна. Энэ зээл өнөөдөр есөн хувийн хүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл SOFR дээр нэмэх нь 3.6 хувь буюу нийтдээ 5.4 хувьтай гэсэн үг. Мөн Рио тинто группээс олгосон давуу эрхтэй спонсорын зээл есөн хувийн хүүтэй бөгөөд нийт зээлийн 8.2 хувийг эзэлж байгаа. Урьдчилгаа төлбөрийн гэрээ 8.7 хувийн хүүтэй байна. Бидний гол хэлцэл хийж байгаа зээл бол хувь нийлүүлэгч буюу Рио тинтогийн оруулсан 6.1 тэрбум ам.долларын зээл юм.

-Хүүгийн өөрчлөлтөөр ямар үр дүн гарсан бэ?

-Өмнө нь нийт зээлийн хүү 10.4 хувь байсан бол хэлцлийн хүрээнд 7.9 хувь болгож буурууллаа. Өөрөөр хэлбэл, SOFR дээр буюу жишиг хүү дээр нэмэх нь дөрвөн хувь гэсэн нөхцөлөөр тохирсон. Энэ нь цаашдаа маш том давуу талтай. SOFR буюу жишиг хүү нь АНУ-ын Холбооны нөөцийн бодлогын хүүтэй уялдан тогтдог, олон улсад хэрэглэгддэг хэлбэлзэлтэй хүү юм. Өмнө нь LIBOR хэрэглэдэг байсан бол одоо SOFR хэрэглэж байна. Иймээс өнөөдрийн байдлаар 7.9 хувь байгаа ч Америкийн бодлогын хүү буурвал энэ хүү дагаад буурах боломж хадгалагдана. Өөрөөр хэлбэл, 7.9 хувиас цааш буурах боломж нээлттэй гэсэн үг.

-Хөрөнгө оруулалтын гэрээг долоон жил тутам хэлэлцдэг байсныг гурав болгосон. Дараагийн том өөрчлөлт нь юу вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээгээр долоон жил тутамд нэг удаа хүүгээ өөрчлөх боломжтой байсан бол бид хэлцлийн хүрээнд үүнийг гурван жил болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, одоо гурван жил тутамд зээлийн хүүгээ эргэн харж, олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэх боломжтой болж байна. Энэ бол Монголын талд маш том боломж.

-Хүүг бууруулснаар эдийн засгийн хувьд ямар өгөөж гарах вэ. Энэ талаар та мөн тодруулахгүй юу?

-Менежментийн зардлыг бид 2.5 нэгж хувиар бууруулж дөрвөн хувь дээр авчирснаар нийтдээ 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гарна. Үүний үр дүнд Монголын талд ирэх өгөөж 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Анхны гэрээгээр Монголын талын өгөөж 53:47 гэсэн харьцаатай байхаар тооцогдож байсан. Харин өнөөдрийн бодит нөхцөлд Монголын талд оногдож байгаа өгөөж 35 хувь орчим байгаа. Энэ хүүгийн өөрчлөлтийг хийснээр Монголын талын өгөөж 40.5 хувьд хүрч байна. Өмнө өдөр тутмын зээлийн хүүгийн төлбөрт хэчнээн хэмжээний зардал гаргадаг байсан бэ гэж. 2025 оны тавдугаар сарын 31-ний байдлаар Оюу толгой 13.1 тэрбум ам.долларын өртэй байсан. Үүн дээр тооцоход Монголын тал өдөрт 13.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байсан. Хэлцлийн үр дүнд энэ зардал 25 хувиар буурч, өдөрт 10.2 тэрбум төгрөг төлөхөөр болж байна. Цаашид бид ямар шинэчлэл хийхээр тохиролцсон бэ гэж. Оюу толгойн санхүүжилтийн бүтцийг бүрэн шинэчлэх чиглэлээр хоёр тал хамтарч ажиллахаар тохирсон. Юуны өмнө хамгийн эхэнд төлөгдөх ёстой буюу олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлүүдийн бүтцийг өөрчилнө. Тэндээс хүүг бууруулж чадвал нийт санхүүжилтийн бүтцийн хүү дагаад өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Энэ асуудлыг мөн саяны хэлцлээр тохирсон.

-Ноогдол ашгийн хугацаанд өөрчлөлт орсон талаар та тодруулахгүй юу. Энэ жилээс ноогдол ашгаа авч эхэлнэ гэж байгаа шүү дээ...?

-Өмнө нь ноогдол ашиг хүртэх хугацаа 2039 он болж хойшилсон байсан. Харин энэ хэлцлийн шууд үр дүнд 2037 он болж наашилж байгаа. Гэхдээ хамгийн гол шийдэгдсэн асуудал бол бид 2026 онд Оюу толгойгоос ноогдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрийн үр дүнд бид ногдол ашгийг 2026 он руу шууд авчирч байна аа гэсэн үг. Ногдол ашиг авахтай холбоотой хэлцэл үргэлжилж байна. Яг хэдий хэмжээний ногдол ашиг авах вэ, ямар үндэслэлээр авах вэ гэдэг асуудлаар Рио Ттинтотой цаашид хэлэлцэнэ. Харин бидний хүрсэн хамгийн том үр дүн бол Монгол Улс 2026 онд ногдол ашиг авахаар болсон. Үүнийг Рио тинтогийн тал хүлээн зөвшөөрсөн. Энэ бол хэлэлцээний бодит үр дүн юм.

-Хэлэлцээртэй холбоотой өөр ямар зүйлийг онцолж хэлэх вэ?

-Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Засгийн газар энэ хэлэлцээрийг хийхдээ, мөн миний бие хэлэлцээг ахалж ажиллахдаа Рио тинто болон Оюу толгойн өмнө ямар нэгэн үүрэг, амлалт хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн далд тохироо байхгүй. Үүнийг ард иргэддээ ил тод хэлэх ёстой. Бид дараагийн шатны хэлэлцээг эхлүүлнэ. Хэлэлцээг батлахаас өмнө нэг асуудлыг тодорхой тавина. Монголын талын өгөөж өнөөдөр 35 хувь байгаа бол энэ хэлэлцээрийн үр дүнд 40 хувь руу ойртож байна. Харин хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээнд Монгол Улсын хүртэх өгөөж 53 хувь байна гэж тусгасан байдаг. Тэрхүү 53 хувийн өгөөжийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, бусад хураамж болон ногдол ашгаар бүрдүүлнэ гэж гэрээнд заасан. Тиймээс бид ноогдол ашгийг авах тохиролцоонд хүрсэн. Цаашид ажлын хэсэг Монголын талын өгөөжийг гэрээнд заасан 53 хувьд хүргэх чиглэлээр ажиллана. Ийм учраас бид ямар нэгэн үүрэг, амлалт хүлээгээгүй. Харин гэрээнд заасан 53 хувийн өгөөжийг бүрэн хангуулна гэсэн байр суурьтай ажиллаж байна.

-Гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ. Мөн анх зээлийн хүүг 4-5 хувиар бууруулах шаардлага тавьж байсан. Гэтэл 2.5 нэгж хувиар буюу 7.9 хувь болгосон нь ямар үндэслэлтэй вэ?

-Хэлэлцээг эхлүүлэхдээ хоёр тал өөр өөр саналтай байсан. Г.Занданшатар сайдын Засгийн газрын үед SOFR дээр нэмэх нь 1.5 хувь болгох санал тавьж байсан. Гэхдээ хэлэлцээний явцад хоёр тал санхүүгийн тооцооллоо хийж, өөр өөрийн үндэслэл, нотолгоог гаргасан. Бид ч мөн өөрсдийн няцаалт, саналаа тавьсан. Бидний гол баримталсан жишиг бол төслийн санхүүжилт байсан. Олон улсын 15 банк, санхүүгийн байгууллага Оюу толгойн төслийн эрсдэлийг үнэлээд есөн хувийн хүүтэй санхүүжилт олгосон. Энэ нь өнөөдрийн байдлаар SOFR дээр нэмэх нь 5.4 хувь гэсэн үг. Харин бид хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг үүнээс доогуур түвшинд буюу SOFR дээр нэмэх нь дөрвөн хувь болгож чадсан. Өөрөөр хэлбэл, олон улсын 15 банк төслийн эрсдэлийг үнэлээд ийм нөхцөлөөр зээл олгосон байхад Рио тинто өөрийн төслийн хувь нийлүүлэгчийн зээлдээ 10.4 хувийн хүү тооцож байсан.

-Энэ хүүг яагаад өндөр гэж үзсэн юм бэ?

-Учир нь эргэн төлөлтийн дарааллыг харвал олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авсан зээл хамгийн түрүүнд төлөгдөнө. Харин Рио тинтогийн хувь нийлүүлэгчийн зээл хамгийн сүүлд төлөгдөхөөр бүтэцлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бүх эрсдэлийг хаасны дараа төлөгдөх, эргэн төлөлтийн баталгаа хамгийн бага зээл гэсэн тайлбараар хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Ногдол ашиг ч мөн адил бүх зээлээ төлж, алдагдлаа нөхсөний дараа олгоно гэсэн хөрөнгө оруулалтын гэрээтэй. Тиймээс саяны хэлэлцээний хамгийн том үр дүнгийн нэг нь энэ бүтцийг өөрчилж, Монгол Улс 2026 онд ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм.

-2026 оны ногдол ашиг гэдэг нь 2037 онд авах байсан ногдол ашгийг урагшлуулж байгаа хэрэг үү, эсвэл 2026 оноос эхлэн жил бүр ногдол ашиг авах уу?

-Хэрэв энэ хэлэлцээрийг хийгээгүй байсан бол Монгол Улс 2039 онд анхны ногдол ашгаа авах байсан. Харин хүүг 2.5 нэгж хувиар бууруулснаар нийт 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт бий болж байна. Эдгээр бүх өөрчлөлтийн үр дүнд ногдол ашиг авах хугацаа 2039 оноос 2037 он болж хоёр жилээр наашилж байсан. Гэхдээ саяны хэлэлцээрийн үр дүнд бид ногдол ашгийг 2026 он руу шууд авчирч байна гэсэн үг.

-Оюу толгойн мөнгөн урсгал сүүлийн жилүүдэд сайн байгаа. Өнгөрсөн жил 2.3 тэрбум ам.долларын мөнгөн урсгалтай ажилласан. Цалин, үйл ажиллагааны зардлаа төлөөд ч их хэмжээний мөнгө үлдэж байна. Ер нь мөнгөн урсгалын хэдэн хувийг ногдол ашиг болгох вэ. Эсвэл бага хэмжээний мөнгийг ногдол ашиг гэж үзэх юм уу?

-Г.Дамдинням сайд бид хоёрын ахалсан ажлын хэсгийн Засгийн газрын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд гаргасан гол үр дүн бол ногдол ашиг авах хугацааг шууд 2037 он руу наашлуулсан явдал. Үүнээс гадна хэлэлцээрийн явцад бид нэмэлтээр нэг асуудлыг тавьж, ногдол ашгийг 2026 он руу авчрах санал дэвшүүлсэн. Үүн дээр Рио тинтогийн талаас зарчмын хувьд зөвшөөрч, 2026 онд ногдол ашиг олгох шийдэлд хүрсэн. Харин таны асууж байгаа шиг яг хэдийг авах вэ, ямар үндэслэлээр авах вэ, өнөөдрийн байгаа нийт зээлээс хэдийг нь эерэг мөнгөн урсгалаар төлөх вэ, энэ нь цаашдын тогтмол ногдол ашигт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нарийвчилсан тооцооллыг бид намрын чуулганаас өмнө гаргана.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана52 минут 2 секундын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ1 цаг 2 минутын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо1 цаг 8 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 16 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 19 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо1 цаг 22 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна1 цаг 43 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд1 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан2 цагийн өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой7 сар 2. 9:19Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ7 сар 2. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан7 сар 2. 9:06УНТЭ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг АТГ-аас саатуулжээ7 сар 1. 22:19НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо7 сар 1. 19:41Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав7 сар 1. 19:39УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7 сар 1. 19:31Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 19:28УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа7 сар 1. 19:23Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө7 сар 1. 19:16Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна7 сар 1. 19:12Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.