Нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог сайжруулах, инженерийн хангамжийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва инженерийн хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа.

Хуралдааны үеэр бүтээн байгуулалтын ажлын давхардал, зардлыг бууруулах, авто замыг дахин сэтлэх, давтан ухах тохиолдлыг багасгах, осол, саатлын үед байгууллагуудын хамтарсан ажиллагааг шуурхай зохион байгуулах, хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэрийг бодит мэдээлэлд тулгуурлан хамтран гаргах чиглэлээр инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо. Тэрбээр инженерийн хангамжийн байгууллагуудын хамтын ажиллагаа хангалтгүй байгаагаас шалтгаалан нийслэлд хэрэгжиж буй зарим бүтээн байгуулалтын ажил удааширч, иргэдэд хүндрэл учруулж байгааг анхааруулж, цаашид аливаа бүтээн байгуулалтын ажил байгууллагуудын уялдаа холбоогүйгээс шалтгаалан саатах ёсгүй гэдгийг онцлов.

Хуралдааны төгсгөлд инженерийн хангамжийн байгууллагуудыг бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог бүрэн хангаж, аливаа саатлыг шуурхай шийдвэрлэн, байнгын бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо. Мөн байгууллага хооронд үүсэж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болов.

Түүнчлэн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын явцад шугам сүлжээний давхцал, шилжүүлэлттэй холбоотой асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүйгээс барилгын ажил 2–3 хоногоор саатах тохиолдол гарч байна. Ийм нөхцөл байдал дахин үүсгэхгүй байхыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа. Улаанбаатар хот үерийн өндөр эрсдэлтэй бүсэд хамаардаг бөгөөд эрсдэлийг бууруулахад Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах таван шатлалт усан сан болон үерээс хамгаалах далангийн бүтээн байгуулалт чухал ач холбогдолтой. Иймд уг төслүүдтэй холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг шуурхай зохион байгуулж, энэ онд төлөвлөсөн үерээс хамгаалах барилга угсралтын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Мөн авто зам, явган хүний зам дээр хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлуудын уялдаа холбоог бүрэн хангаж, 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төлөвлөгөөний дагуу ажлыг бүрэн дуусган, зам талбайг стандартын шаардлагад нийцүүлэн хэвийн ашиглалтад шилжүүлэхийг үүрэг болгов.

Өргөтгөсөн хуралдаанд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Мэдээлэл, холбооны сүлжээний байгууллагууд, геодези, зураг зүй болон газрын асуудал хариуцсан байгууллагууд, Нийслэлийн Замын хөгжлийн газар, хот нийтийн аж ахуй болон инженерийн дэд бүтцийн ашиглалтын байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Сэтгэгдэл бичих