Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна.
Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр дүүжин тээврийн G1 буудалд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-өөс эхлэн туршиж эхэлнэ. Ингээд 10 дугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20 хүртэл улсын комисс ажиллах юм. Төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Харин G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай буюу төлөвлөгөөт хугацааны дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийсэн. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Ийм 98 кабин иргэдэд үйлчилнэ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл иргэдэд хүрнэ” гэв.
Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой.

Дүүжин замын тээвэр төслийн Талбайн менежер Жуан Муниер “Төслийг хэрэгжүүлэх хугацаанд оролцогч талууд болох НТУГ, “Моннис инженеринг” ХХК, “Максимал” ХХК, “Пома”-гийн инженер техникийн ажилчид нэг зүгт харж ажилласан. Бид маш сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол инженерүүдтэй ажиллахад их таатай байна. Гэрээнд заасны дагуу төсөл ашиглалтад орсны дараа гурван жилийн турш сургалт, засвар үйлчилгээг үзүүлнэ. Энэ долоо хоногоос Францын мэргэжилтнүүд аврах ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагуудад явуулж байна” гэв.

НОБГ-ын Аврах ангийн Штабын дарга М.Цогтбаяр “Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир аврагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах өндрийн дадлага сургуулилалтуудыг зохион байгуулж байна. Хэдийгээр дүүжин замын тээвэрт осол аваар гарах эрсдэл бага боловч бид бэлэн байдлыг хангаж энэ цэгт хүрч ажиллах аврагч бүрэлдэхүүнийг сургаж байгаа юм” гэв.




Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой

Сэтгэгдэл бичих