Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө


7-р сарын 29
12 цаг 54 минут

      "Өөдлөх айл үүднээсээ" гэдэг. Олон улсад үүдээ нээхээр, “COP17”-гийн бэлтгэл ажил ид өрнөж байгаа ойрын өдрүүдэд урьсан зочдоо хоггүй хотод угтах юмсан, нэгэнт хоггүй болчихвол цэвэр хотын соёлыг дадал болгоод үлдээх юмсан гэсэн хотын иргэний үүднээс энэ удаагийн Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээ хоггүй хотын төлөөх сэдвийг сонгон эхлүүлж байна. 
Ирэх наймдугаар сарын 17-н гэхэд манай улс дэлхийн олон орны төр, засгийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид гээд 6000 гаруй зочныг хүлээж авна. Цөлжилтийн эсрэг бага хурлыг зорин ирсэн тэд мэдээж хурлын танхим, албан ёсны арга хэмжээгээр биднийг дүгнэхгүй. Хотын гудамж, цэцэрлэгт хүрээлэн, Туулын эрэг, Тэрэлжийн үзэсгэлэнт бүс, тэр байтугай энэ хурлын гол сэдэв болсон Монголын цөлжилтөөс ч илүүтэйгээр иргэдийн өдөр тутмын соёлыг тэд олж харах болно. 

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй нэмэгдэж, тэр хэрээр хүмүүсийн “үйлдвэрлэх” хогний хэмжээ ч эрс нэмэгдсээр байна. Хог хаягдлын асуудлыг бид өнөөдөр анх удаа ярьж байгаа юм биш. Хогны цэгийн ачаалал, дахин боловсруулах тогтолцоо, хууль эрх зүй, хог хаягдлын менежментийн талаар олон жил ярьж, шийдэл хайж ирсэн. Гэсэн ч жил бүрийн зун хотын аль ч дүүрэгт, эсвэл хотын захад Туул голын эрэг, Богд уулын ам, Тэрэлж гээд байгалийн сайхныг нь бахархдаг олон газрууд хогондоо дарагдсан дүр зураг жилээс жилд давтагддаг. 
Статистикаас үзэхэд манай улс жилд 3.4 сая тонн хог бий болгодог. Мэдээж хүн байгаа цагт хог байх нь ойлгомжтой ч хогоо зөв хаяж хэвших, хоггүй байж болох шийдэл бий ч амьдралд тэр бүр хэрэгжихгүй өдийг хүрэв. 
Үнэндээ зарим нь байгалийн сайхныг мэдэрч аялдаг бол зарим нь бусдын үлдээсэн хогийг түүж амардаг гэхэд хилсдэхгүй. Жил бүр сайн дурын залуус, иргэний нийгмийн байгууллагууд хэдэн арван тонн хог цуглуулж байгаа нь бахархмаар ч, нөгөө талаар бидний өдөр тутмын дадалд өөрчлөлт төдийлөн гарахгүй байгааг илтгэж байна. Уг нь хог бол зөвхөн аль нэг байгууллага, хот тохижилтынхны асуудал биш. Хэдэн газарт хогны сав тавьснаар асуудал шийдэгдчихгүй. Харин эсрэгээрээ бидний өдөр тутмын дадал, хандлага төдийлөн өөрчлөгдөхгүй байгаа нь энэ асуудлыг жилээс жилд давтагдах шалтгаан болсоор байна.

Хогны асуудал зөвхөн хогны цэгийн асуудал биш

Хог хаягдал гэдэг зөвхөн хотын өнгө үзэмжийн тухай биш, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эдийн засаг, цаашлаад хот төлөвлөлттэй шууд холбоотой цогц асуудал. Тэр ч утгаараа цогц шийдэл шаарддаг. Харин тэрхүү цогц шийдэл нь иргэдийн оролцоо, нөгөө нь төрийн зохицуулалт, сайн дурынхны болон мэргэжлийн байгууллагын бодит ажлууд дээр суурилж байж хэрэгжилт болдог. 
Дээр хэлсэнчлэн 3.4 сая хүн амтай манай улс жилд 3.4 сая тонн хог бий болгож байна. Хувиар тооцоход нэг хүн жилд нэг тонн хог үйлдвэрлэж байгаа гэж хэлж болно.  Үүний 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч бодит байдал дээр дөнгөж 10 хүрэхгүй хувь нь л дахин боловсруулагдаж байна. Монгол Улсын хүн амын талаас илүү нь оршин сууж байгаа нийслэлчүүдийн 1.4 сая тонн хог гаргаж, эдгээрийг хогны цэгт аваачиж булж байна. Ялангуяа нэг удаагийн хуванцар сав, сав баглаа боодол, ахуйн хогны хэмжээ ч жилээс жилд өссөөр байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулдаг. Тэдний хэлж буйгаар нийт хогны 20 орчим хувь нь хуванцар буюу байгальд хамгийн их хор нөлөөтэй, ахуйн хог хаягдал байдаг. 
Тиймээс өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ хэмжээний хогийг өнөөдрийнх шигээ ангилалгүйгээр төвлөрсөн хогны цэгт булах нь урт хугацааны шийдэл биш. Ялангуяа нийслэлийн төвлөрсөн хогны цэгүүдийн ачаалал жилээс жилд нэмэгдсээр байна. Хотын экзс дарга Х.Нямбаатар 2027 оноос Улаанчулуутын төвлөрсөн хогны цэгийг үе шаттайгаар хааж, нөхөн сэргээх тухай ч ярьж байсан. Улаанчулуутын хогны цэг хаагдлаа гэхэд дараагийн хогны цэгийг хаана байгуулах вэ гэсэн асуулт дахиад л гарч ирэх нь тодорхой юм. Гэхдээ шинэ хогны цэг байгуулах нь өөрөө шийдэл биш юм. Хэрэв бид өнөөдрийнх шигээ хогоо ангилахгүй, хэмжээг нь бууруулахгүй хэвээр байвал шинээр байгуулсан хогны цэг ч удалгүй дүүрнэ.
Өөрөөр хэлбэл, асуудал хогны цэгт биш, хогтойгоо хэрхэн харьцаж байгаад оршиж байна. Хогийг гэрээсээ гаргах мөчөөс эхлэн зөв ангилж, зөв хаях дадал хэвшихгүй бол ямар ч шинэ бодлого, ямар ч шинэ байгууламж дангаараа асуудлыг бүрэн шийдэхгүй билээ.

Тэд асуудлаа ингэж шийдсэн

Хог хаягдлын асуудал дэлхийн бүх улсад бий. Харин хогийг хэрхэн удирдаж, иргэдийнхээ дадлыг хэрхэн өөрчилсөнд хөгжлийн гол ялгаа байдаг. Зарим улс хогоо булахаа багасгаж, зарим нь дахин боловсруулалтыг хөгжүүлж, зарим нь хаягдлыг эрчим хүч болгон ашиглах тогтолцоог бүрдүүлж шийдсэн нь бий. Тухайлбал, Швед улс хогийг эрчим хүчний эх үүсвэр болгосон. Тэнд олон жилийн турш дахин боловсруулалт, хогноос эрчим хүч үйлдвэрлэх тогтолцоогоо хөгжүүлсний үр дүнд ахуйн хогны дийлэнхийг булшлахгүйгээр ашигладаг болжээ. Тэр байтугай хэдэн жилийг өмнө өөрсдийн хоггүй болж, хөрш орнуудаас хог авах боломжтой гэдгээ ч зарлаж дэлхийг дэлдийлгэж байсан. Өөрөөр хэлбэл, хог бол хог биш, эрчим хүчний нөөц болгож асуудлыг шийдсэн нь дэлхийд томоохон жишиг болсон шийдэл юм. Харин Сингапурт явж байгаад санамсаргүй хог хаявал маш өндөр торгууль төлдөгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Цэвэр цэмцгэрээрээ алдартай Сингапур энэ дадлыг бий болгохын тулд хуулийн хатуу зохицуулалтыг зөв дадал, иргэдийн боловсролтой хослуулсан хийж чадсан. Ил задгай хог хаях, бохь нулимах зэрэг үйлдэлд өндөр торгууль ногдуулдаг ч үүнээс илүүтэйгээр бага наснаас нь цэвэр орчны соёлыг төлөвшүүлдэг. Үүний үр дүнд Сингапур өнөөдөр дэлхийн хамгийн цэвэр орчинтой улсын нэг болсон. Тив дэлхий, олон улсын томоохон спорт тэмцээний дараа япончууд хогоо авч гаран цэвэрлэдгээрээ ихэд алдартай. Тэгвэл япончуудын хувьд энэ нь өдөр тумын амьдралынх нь нэг хэвшил. Тэд хогийг ангилан ялгах нь иргэний үүрэг гэж үздэг. Хогийг төрөл бүрээр нь ялгаж, товлосон өдөр гаргах журамтай бөгөөд шаардлага хангаагүй хогийг үйлчилгээний байгууллага буцаах нь ч бий. Ийм тогтолцоо нь иргэдийн өдөр тутмын хэвшил болон тогтжээ. Германд иргэд нь ундаа, усны шил, лааз зэргийг эргүүлэн тушааж мөнгө авдаг тул хаягдал биш, үнэ цэнтэй түүхий эд гэж үзэх хандлага төлөвшсөн. Энэ нь дахин боловсруулалтын тогтолцоог тогтвортой ажиллуулах чухал хөшүүрэг болжээ.
Эдгээр улс орны туршлагаас харахад хогны асуудлыг нэг шийдвэрээр биш, урт хугацааны бодлого, тогтвортой тогтолцоо, хамгийн чухал нь иргэдийн зөв дадлаар шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, цэвэр орчны үндэс нь зөвхөн дэд бүтэц бус, иргэн бүрийн өдөр тутмын сонголт юм. 

Экспертийн үг:

Санхүүгийн сайн хөшүүрэг байдаггүй

Манай улсад яагаад хог хаягдлын менежмент хэрэгжиж чадахгүй байгаа талаар МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инжнерчлэлийн тэнхимийн дэд профессор Т.Энхдөл ингэж ярьж байна. 

-Хог хаягдлын менежмент гэхээр бид зөвхөн цуглуулах, тээвэрлэх, булшлах гэж ойлгодог. Яг үүний хүрээнд хуулийн зүйл заалт дээр ч гэсэн энэ гурван үйл ажиллагааг оруулсан. Мөн үүн дээр хог хаягдлыг булшлах ажил санхүүгийн эх үүсвэр тодорхой байхаар зааж өгсөн боловч дахин боловсруулахыг оруулаагүй. 
Ер нь хог хаягдлын менежмент гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Ангилах, цуглуулах тээвэрлэх, үйлдвэрийн нөхцөлд дахин боловсруулах, боломжгүй хог хаягдлыг булшлах гэсэн зүйлийг ойлгодог. Гэтэл энэ нь бүтэн цогц үйл ажиллагаа байдгаас зөвхөн цуглуулах, тээвэрлэх, булшлах дээр төвлөрдөг. Тийм учраас хуульд бүрэн тусаагүй учир дахин боловсруулах нь сайн дурын, эрсдэлтэй үйл ажиллагаа болчихоод байгаа юм. Яагаад гэвэл санхүүгийн хөшүүрэг, урамшууллын тогтолцоо байхгүй. Тийм учраас “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга дээр дахин боловсруулалтыг дэмжсэн санхүүгийн хөшүүрэгтэй хэрэгжилтийг хянах механизмыг тодорхой болгож оруулахгүй бол хог хаягдлын менежмент сайжрах боломжгүй. 
Хог хаягдлын тухай хуулийн шинэчлэн найруулгын төсөлд бид ангилан ялгасан хог хаягдлын тойрог эдийн засгийг дэмжсэн бодит хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгож оруулах хэрэгтэй. Ингэснээр ард иргэд маань ангилан ялгаж, бүтээгдэхүүн болгоход хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. 
Мөн хог хаягдлын асуудлыг шийдэхэд нэг тулгамдаж байгаа асуудал бол ихэнх хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд хувийн хэвшлийнх байдаг учир НӨАТ-гүй байдлаар өндөр өртөг бүхий түүхий эд худалдан авдаг учир НӨАТ, татварын дарамт их байдаг. Ийм нөхцөл байдлаас болж цөөнгүй үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд хаалгаа барьж байна. Тиймээс эдгээрийг дэмжих зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай. Мөн хариуцлагын тогтолцоонд импортлогчид болон үйлдвэрлэгчийн хооронд ихээхэн ялгаатай зохицуулалттай. 

Хууль байгаа ч, хэрэгжилт нь хангалтгүй…

Монгол Улсад Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан байдаг. Энэ хуулиас хойш хогийг ангилан ялгах, дахин боловсруулах, үйлдвэрлэгчийн хариуцлагыг үе шаттай хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Эрх зүйн орчин бүрдсэнээр хогийг ангилан ялгах, дахин боловсруулах талаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ хэрэгжилт, хяналт, иргэдийн оролцоо хангалтгүй байгаа нь гол асуудал болсоор байна. Тиймээс хогны асуудлыг шийдэхийн тулд иргэн төр, хувийн хэвшил аль аль нь оролцоотой, хяналттай байх шаардлагатай гэдгийг эндээс харж болно. Тиймээс дээр хэлсэнчлэн хогны асуудал гэдэг цогцоор шийдэх шаардлагатай байдгийг иргэд ч, шийдвэр гаргагчид ч анхаарч аль алиндаа хэрэгжүүлдэг болох нь асуудлыг шийдэх гол шийдэл юм. Тиймээс юуны өмнө айл өрхөөс эхлээд ангилан ялгах тогтолцоог жигд хэрэгжүүлэх нь хамгийн чухал алхам болно.
Уг нь сүүлийн жилүүдэд хогоо ангилдаг дадалд жаахан суралцаж эхэлсэн ч нөгөө талаар нэг л хогны машинд ачдаг юм байна гэсэн яриа гарах болсон нь өнөөх дадлыг нь бараг үгүй хийхэд хүргэж байна. “Бид энд ангиллаа ч хогны цэг дээр очоод бүгд нийлдэг л юм билээ шүү дээ” гэж гэрийнхээ гадаа хогоо хаяж байгаа иргэд ч цөөнгүй ярьж байхыг сонсож байлаа. Товчхондоо бол тогтолцооны гажуудал байгааг эндээс харж болно. Тэгэхээр ангилан ялгах нь зөвхөн иргэний үүрэг бус, түүнийг хүлээн авч боловсруулах тогтолцоо бүрэн ажиллах ёстой нь асуудлын гол болж байгаа хэрэг.

“Хогны шийдлийг “түрийвчтэй” нь ярья” 

Дээр хэлсэнчлэн манай улсад хог боловсруулах, ангилан ялгах асуудлыг сүүлийн жилүүдэд багагүй ярьж, бичиж байгаа. Гэхдээ бичээд байгаагийн зэрэгцээ бодитоор шийдэл гаргах нөхцөл хэр байна вэ. 
Ингэхийн тулд дахин боловсруулах үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих шаардлага бий болж байна. Хуванцар, шил, цаас, металл зэрэг дахин ашиглах боломжтой материалыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь байгаль орчны төдийгүй эдийн засгийн үр ашигтай шийдэл байх боломжтой. Нөгөө талаар том хог хаягдал үүсгэж байгаа үйлдвэрлэл, иргэдэд хогны хураамжийг нэмэгдүүлэх нь ч эргээд энэ тогтолцоог дэмжих санхүүжилтийн нэг эх үүсвэр болох ч боломжтой.

Хогны асуудалд орхигдоод байгаа өөр нэг асуудал бол том хог хаягдал, барилгын хогны хураамж гэж бараг байдаггүй. Гэтэл барилгын хог нийт хог хаягдлын 20 орчим хувийг эзэлдэг.  
Манай улсад үнэндээ барилгын хог хаягдлыг тэр болгон анхаарч хаядаг газар байдаггүй. Зарим компаниудаас тодорхой хураамж авдаг байж болох ч иргэдээс гарч байгаа барилгын болон том овортой хогноос нэмэлт хураамж авах, хаана хэн хаяж байгааг, зориулалтын газарт хаяж байна уу үгүй юу зэрэгт тусгайлсан хараа хяналт байдаггүй. Тиймдээ ч зуны улиралд засвар хийсэн айлуудын хог бункерийн гадаа хөглөрч, хэзээ ч тэрнийхээ төлөө илүү хураамж төлөөд ачаад явуулъя гэдэг ухамсар жирийн иргэдэд байдаггүй. Энэ бүхэн эргээд бидэнд хогоо зөв хаях дадал байхгүй байгааг харуулж буй энгийн жишээ юм.  
Мөн сав баглаа боодол, хуванцар бүтээгдэхүүний хаягдлыг бууруулахад үйлдвэрлэгчид ч тодорхой үүрэг хүлээдэг байх нь олон улсад тогтсон жишиг байдаг ч манайд төдийлөн хэрэгждэггүй. Дэлхийн олон оронд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлсний дараах сав баглаа боодол, хаягдлын тодорхой хувийг буцаан цуглуулах, санхүүжүүлэх үүрэг хүлээдэг. Ийм тогтолцоо бодитоор ажиллаж байж хогны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг байна. 

Мөн хогийг зөв ангилан ялгах, зориулалтын газарт нь хаях, байгальд үлдээхгүй байх, нэг удаагийн хэрэглээгээ багасгах зэрэг өдөр тутмын энгийн үйлдэл бүр хотын өнгө төрхийг өөрчилдөг.
Хүн байгаа цагт хог байх нь тодорхой ч цэвэр орчин, зөв дадлыг зөвхөн төрийн байгууллага, нийтийн үйлчилгээнийхэнд даатгаад орхиж болохгүй. Хотын цэвэр байдлыг ганц­хан шийдвэрээр бус, олон удаагийн, урт хугацааны зөв үйлдлээр бүтээдэг.

Ингээд бичихээр хог хаягдлын асуудлыг бид ярьдаггүй биш, ярьсаар байхад жил бүр ижил дүр зураг давтагдсаар байна. 
Тэгэхээр хогны асуудлаа шийдсэн улс орны туршлагаас харахад цэвэр орчин бүрдүүлэх хамгийн чухал хүчин зүйл нь зөвхөн дэвшилтэт технологи, өндөр төсөв, хатуу хууль биш. Харин иргэн бүрийн өдөр тутмын дадал, хариуцлага, оролцоо юм. Зөв тогтолцоо бий болгож, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлж чадвал хогийг асуудал биш, нөөц болгон хувиргах боломжтойг тэд харуулж байна. Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн бид COP17-г амжилттай зохион байгуулчих гээд, эрвийх дэрвийхээрээ л үзэж байна. Магадгүй COP-д зориулаад хэд хоногт зад цэвэрлээд, нүүрээ угаачихад ч болохгүй юмгүй. Гэхдээ олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсны дараа ч хоггүй, цэвэр хотод амьдрахын тулд зөв дадал, соёлыг төлөвшүүлж чадвал энэ нь бидний хамгийн том амжилт байх болно. Эцсийн эцэст бидний хүсээд байгаа цэвэр хотыг зөвхөн нийтийн үйлчилгээний байгууллага, төр засаг бүтээдэггүй. Цэвэр хотыг гудамжинд хог хаядаггүй нэг иргэн, аяллаас буцахдаа хогоо авч явдаг нэг гэр бүл, хогоо ангилан ялгадаг нэг айл өрх, хүүхэддээ зөв үлгэрлэдэг нэг эцэг эх бүтээдэг. Учир нь цэвэр хот хогийн савнаас бус, иргэнээс эхэлдэг. 

Б.Нямсүрэн, Г.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 19 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 24 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 32 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.