Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг


7-р сарын 31
9 цаг 42 минут

      Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн түрээсийн байрны эрэлт нэмэгдэж, иргэд байр хайх нь түгээмэл болдог. Энэ үед үл хөдлөх хөрөнгийн дундын зуучлалын байгууллага болон эрх зүйчээс зөвлөгөө тусалцаа авалгүй  иргэд хоорондоо шууд тохиролцон түрээсийн гэрээ байгуулах нь түрээслүүлэгч байраа алдах, түрээслэгч нэг байрыг цааш нь хэд, хэдэн хүнд дамжуулан түрээслэх, урьдчилгаа мөнгөө алдах бусад эдийн болон сэтгэл санааны  хохирол, эрсдэлийг дагуулдаг.

Тухайлбал, иргэн М нь /түрээслэгч/ байрных нь радиатор дэлбэрсний улмаас халуун ус алдаж доод давхрын айлд хохирол учруулжээ. Улмаар тухайн байрны усыг хоёр цаг орчим хаах шаардлага үүссэн байна. Түрээсийн гэрээнд дотоод засварын хариуцлагыг тодорхой тусгаагүй, мөн түрээсэлж буй байраа урьдчилан сайтар шалгаагүйгээс болж түрээслэгч 380-450 мянган төгрөгөөр шинэ радиатор худалдан авч солиход хүрсэн байна. Түүгээр ч зогсохгүй өвлийн улиралд орц, байрны халаалтыг олон цагаар зогсоосон болон засвар, үйлчилгээний зардал нэмж төлжээ. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч түрээсэлсэн орон сууцныхаа урсгал засвар, үйлчилгээг хариуцах үүрэгтэй. Гэвч гэрээндээ энэ тухай аль, аль нь тусгаагүйгээс түрээслэгч ийнхүү хохирчээ. 

Мөн өөр нэг тохиолдолд түрээслэгч гадаадад байгаа гэх өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулан байрандаа оржээ. Гэвч удалгүй өөр хүн тухайн орон сууцыг худалдан авсан гэж мэдэгдэн, байрнаас гарах эсвэл түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан тул түрээслэгч байрнаасаа гарахад хүрсэн байна. Тухайн байрны ордер нь банкны барьцаанд байдаг тул эх хувийг харах боломжгүй. Тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээний хуулбарыг харж итгэлцэл дээр гэрээ хийсэн нь мөн л эрсдэлтэй байх нөхцөлийг бүрдүүлжээ.
Харин цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зарын улмаас мөнгөө алдсан тохиолдол ч байгаа аж. Нэгэн иргэн Facebook-ээс сард 1.4 сая төгрөгийн түрээстэй хоёр өрөө байрны зар харж, холбогдоход "өөр хүн түрээслэх гэж байгаа тул 800 мянган төгрөгийн урьдчилгаа шилжүүлж байраа баталгаажуул" гэсэн шаардлага тавьжээ. Урьдчилгаа мөнгөө шилжүүлсний маргааш байрандаа орох гээд очтол цоожтой байжээ. Хөршүүд нь байрны эзэн хөдөө явсан, одоогоор эзэнгүй байгаа талаар хэлсэн байна. Үүнээс хойш тухайн зар нийтэлсэн хүнтэй дахин холбогдож чадалгүй, урьдчилгаа мөнгөө алдсан байна бөгөөд энэ төрлийн зөрчлийг залилах гэмт хэргийн төрөлд тооцдог байна. 

Түрээсийн байрны үнэ жил бүр нэмэгдэх хандлагатай 

Нөгөөтээгүүр, иргэд түрээсийн үнийг зохиомлоор өсгөдөг хандлагатай. Тухайлбал, иргэн С нь ипотекийн зээлээр нэг өрөө орон сууцыг 170 сая төгрөгөөр  худалдаж аваад цааш нь түрээслэхдээ уг зээлээр авсан байрынхаа сард төлөх мөнгөн дүнгээс хамаарч тогтоосон гэж байв. Тэрээр хотын төвд 1.2 сая төгрөгөөр түрээсийн үнээ тогтооход зээлээр авсан байрныхаа сарын төлбөрөө төлж хүрэхгүй учраас 1.5 сая төгрөг болгосон гэж ярьж байсан юм. Тиймээс хэт хямд бол луйвар хэт өндөр үнэтэй нь хөөрөгдсөн үнэ болохыг анхаарах хэрэгтэй. 

Энэ оны эхний таван сарын байдлаар залилах 8827 гэмт хэрэг бүртгэгдсэний 85 орчим нь орон сууцны түрээстэй холбоотой зөрчил байжээ. Тэгвэл өнгөрсөн онд ийм төрлийн зөрчил 200 гаруйгаар бүртгэгдсэн байна. Зөвхөн 2026 оны нэгдүгээр сар гэхэд зөвхөн түрээстэй холбоотой 17 зөрчил бүртгэгдэж нийт залилах гэмт хэргийн тоо 27.6 хувиар өссөн мэдээг Цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэсэн тайлан мэдээд дурдсан байна. Гэхдээ орон сууцны түрээсийн үйл ажиллагаанаас болж хохирсон зөрчил, гэмт хэргийн тоог нарийвчилж гаргасан зүйл алга.
Сүүлийн гурван жилийн байдлаар орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 1167 бүртгэгдэж, 3000 гаруй иргэн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ. Тодруулбал,2024 онд орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 456 бүртгэгдэж, 820 иргэнд 32.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. 2025 онд орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 512 гарч, 1145 иргэнд 62.8 тэрбумын хохирол учруулсан байна. Харин 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 199 бүртгэгджээ. Улмаар 1348 иргэнд 22.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж.
Дээрх тохиолдлууд нь түрээсийн гэрээг хууль ёсны зуучлалын байгууллагын тусалцаа авалгүйгээр хийснээс болж ийнхүү хохирсон байдаг. “Одоо хичээлийн шинэ жил эхэлж, оюутнууд цуглах цагаар орон сууц худалдах, худалдан авах, түрээсийн байрууд, их дээд сургуульд элсүүлэх зэргээр залилах төрлийн хэргүүд нэмэгдэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг зөрчил ихэсдэг дүн шинжилгээнд суурилан, тухайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийсээр байдаг ч иргэд олон нийт хэрэг гарахаас өмнө хайхрахгүй, ямар нэг ноцтой хэрэг бүртгэгдэх үед сэрэмжлүүлэг явагдаж байсныг хожуу анзаардаг нь харамсалтай” гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт хэлсэн юм.
 Мэргэжлийн зуучлалын байгууллага болон хуульчдын тусалцаатай  гэрээ байгуулах нь өмчлөх эрх, төлбөр тооцоо болон талуудын хариуцлагыг баримтжуулж, ижил төрлийн хохирлоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг гэж Монголын хуульчдын холбооны танхимаас мэдээлдэг.

Түрээсийн зуучлалын хөлс түрээсийн үнийн дүнгийн 0.2 хувиас хэтрэхгүй байх заалттай

Дундын зуучлалын байгууллагаар дамжуулан гэрээ байгуулснаар түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүргийг тодорхой тусгаж, гэрээний хугацаанд тогтвортой амьдрах эдийн засгийн хохиролд өртөхгүй байх эрх зүйн баталгаа бүрдэх боломжтой. 
Цахим орчинд орон сууц худалдана, түрээсэлнэ гэсэн утга бүхий заруудын 30 орчим хувь нь залилах гэмт хэргийн шинж агуулсан байгааг ЦЕГ-аас мэдээлжээ. Гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, орон сууц түрээслэхдээ юуг анхаарах талаар мэргэжлийн эрх зүйчдээс зөвлөгөө авах шаардлагатай. 
Иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ өндөр шимтгэл авдаг гэх ойлголт байдаг. Гэвч холбогдох зохицуулалтын дагуу түрээсийн гэрээ зуучилсны төлбөр нь түрээсийн үнийн дүнгийн 0.2 хувь  байхаар тогтоогдсон байдаг. Гэхдээ энэ хувь харилцан адилгүй үйлчилдэг гэхэд болно.
Эрх зүйч Г.Анар зөвлөхдөө “ Цахим орчинд түрээслүүлэхээр нийтлэгдсэн үл хөдлөх хөрөнгийг заавал өөрийн биеэр очиж үзэх. Ихэнх тохиолдолд залилах гэмт хэрэг үйлдэж буй этгээд хуурамч зураг ашиглан олон нийтийн сүлжээнд хуурамч зар байршуулдаг. Танд байраа түрээслэхээр танилцуулж буй этгээд нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэдгийг шалгах. Ингэхдээ төрийн үйлчилгээний EMongolia системээр үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авч шалгах.  Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд байрлах киоск машинаас лавлагаа авах, өөрт ойрхон Улсын бүртгэлийн байгууллагаас биеэр очиж авч болно” гэсэн юм. 
Түрээслүүлэгч тал үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь мөн тохиолдолд түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах хэрэгтэй гэв. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн шаардлагаар гэрээ цуцлахыг хориглодог байх нь. Түүнчлэн түрээслүүлэгч тал түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалсан тохиолд түрээслэгчид нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний торгууль төлнө гэх мэт. Эцэст нь гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх. Нотариат түрээслүүлж буй этгээдээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардах тул танд давхар урьдчилан сэргийлэлт болдог. Мөн гэрээнд үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч, тавилга эд хогшлын тоо ширхэг, эдэлгээний байдлыг /хуучирч муудсан, эвдэрхий зэрэг/ нэг бүрчлэн бичиж, зургийг нь авч хавсарган гарын үсэг зурж баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь таны гэрээний хугацаа дуусаж түрээсийн байрыг хүлээлгэн өгөх үед үүсэж болох эрсдэлээс хамгаалах боломжтой.Тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын төлбөрийн үлдэгдэл /ус дулаан, цахилгаан, интернэт, СӨХ/-ийг шалгуулж, үлдэгдэлтэй тохиолдолд акт үйлдэн баталгаажуулах шаардлагатай ажээ. 

Ц.МЯГМАРБАЯР, М.ХУЛАН 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна55 минут 53 секундын өмнө40 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ1 цаг 5 минутын өмнөМонголын пара шатарчид эхний хожлоо авлаа3 цаг 8 минутын өмнөЭрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ4 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ4 цаг 31 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 37 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ4 цаг 55 минутын өмнөУлсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо5 цагийн өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно5 цаг 6 минутын өмнөТэр жилийн намар буюу Улсын Бага Хурал5 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа5 цаг 34 минутын өмнөЭрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна5 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 цаг 49 минутын өмнөБайнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.