Хүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа


7-р сарын 31
13 цаг 01 минут

       Эцэг эхчүүд гэр бүлийн зөрчил маргааны асуудлаа сошиал орчинд нийтлэх болсон нь бага болон өсвөр насны хүүхдэд ямар нөлөөтэй талаар Хүүхдийн сэтгэл зүйч С.Хулантай ярилцлаа.

-Сүүлийн үед сошиал орчинд эцэг эхчүүд хувийн амьдралынхаа зөрчил маргааныг ил тод нийтлэх боллоо. Энэ нь хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй байж болох вэ?

-Миний хувьд 2015 оноос хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө заслын чиглэлээр ажиллаж байна. Жилээс жилд зөвлөгөө авахаар ирж байгаа хүүхдийн асуудал, гарч байгаа хэргүүд улам л хүндэрч байна. Санаанд багтамгүй зүйлүүдтэй бараг өдөр бүр л нүүр тулгарч, цахим гэмт хэргийн хохирогч, цахим булли, нийгмийн гадуурхалт, үл хайхралт, ганцаардалтад өртсөн хүүхдүүд их ирэх болсон. Хүнийг хэл ам бие махбодын хувьд хохироохоос илүү сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, ялангуяа хүүхдийг гэр бүл нь тогтворгүй сэтгэл санаа, тавгүй байдлыг нь ашиглаад улам сул дорой, хүчгүй байдалд оруулах оролдлого хийж байна. Үүнд хүнийг гутаан доромжлох боломжтой мэдээлэл болон мэдээлэл авах боломжтой бүх сувгуудыг ашигладаг.

Зөвхөн сөрөг мэдээлэл гэлтгүй гэр бүлээрээ хамт байгаа зураг, гэр орон, сургууль, аялал зугаалга гээд бүх мэдээллээ ил тод байлгах нь хүүхдийн хувийн орон зайд ямар аюултай болохыг эцэг эхчүүд тэр бүр анзаардаггүй.

-Гэр бүл салалт нийгэмд их байна. Эцэг эхчүүд хүүхдээ бодсон шийдвэр гаргаж чаддаг уу. Ямар алдаа нийтлэг гардаг вэ?

-Тийм ээ. Эцэг эхчүүд сална гэж бодож гэрлэхгүй. Сайхан амьдарна л гэж бодож үр хүүхэд төрүүлдэг ч санаснаар болохгүй үе байна. Гэхдээ гэр бүл салалт хүүхдийн сэтгэл зүйд хамгийн хортой. Удаан хугацаанд илэрдэг болохоор эхэн үедээ анзаарагдахгүй байж болно. Өнөөдөр гурван настай хүүхэд 10 жилийн дараа өсвөр насанд хүрнэ. Хүүхэд аажмаар дуугүй болж, санаашрах нь ихсэх, нойр хоол, хичээл сурлагадаа муудах, өөртөө итгэлгүй болж, өөрийгөө үнэ цэнэгүй хүн болсон юм шиг боддог. Хамгийн хэцүү нь хүүхэд ээж аавыгаа муу хүн гэж боддоггүй учраас энэ бүх хэрүүл маргаан, салалтад өөрийгөө буруутгах мэдрэмж авдаг.

Зарим тохиолдолд зан ааш эрс өөрчлөгдөх, огт гаргаж байгаагүй авир гаргах, сургууль цэцэрлэг дээрээ хүүхдүүдтэй муудалцах, утас дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх гэх мэт зан үйлийн сөрөг байдлууд илэрч болно. Ганц салалт ч биш, хамт байгаа хэрнээ байнгын хэрүүл маргаантай, хүйтэн хөндий харилцаа бол хүүхдэд илүү хортой нөлөө үзүүлдэг гэсэн судалгааны дүгнэлтүүд бий. Хүүхэд анзаараагүй, мэдээгүй юм шиг байсан ч дотроо бүх зүйлийг мэдэхийн хажуугаар бодитоор юу ч хийж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгадаг.

Сэтгэл зүйн зөвлөгөөний үеэр ирж буй хүүхдүүд “Ингэж байхаар салчихаасай. Дахиж хэрүүл зодоон хармааргүй байна. Надад ямар байгааг хэн ч ойлгодоггүй. Хичээл тарахаар л гэрт юу болох бол гэж айдаг” гэж ярих тохиолдол бишгүй таардаг. Үүнээс болж гэртээ харихыг хүсэхгүй, гадуур тэнэх, өөрийгөө таагүй бодлоос түр ч гэсэн холдуулах гэсэндээ янз бүрийн донтолтод өртөх эрсдэл улам ихэсч байна. Мөн гэр бүл салалтын үед наймаас дээш насны хүүхэд эцэг эхийн аль нэгийг сонгох эрхтэй байдаг. Гэтэл ямар нэг урьдчилан ойлгуулж сэтгэл зүйг бэлдэхгүйгээр сонголт хийхийг гэнэт тулгах, эсвэл би чамайг төрүүлж өсгөсөн гэдгээрээ илүү нөлөөлөхийг оролдох асуудал нь хүүхдэд маш их дарамт болж, сэтгэл зүйн гэмтэл үүсгэдэг. Тиймээс гэр бүл салах шийдвэрээ баттай гаргасан бол үр хүүхдийнхээ төлөө эрүүл салалтын тухай ойлголтыг өөрсдөө мэдэж байх хэрэгтэй.

-Амьдралд тулгарч буй асуудлыг өсвөр насны хүүхдүүддээ илэн далангүй ярих нь зөв үү?

-Тийм ээ. Хүүхдүүд бидний бодож байгаагаас илүү ухаалаг, хэрсүү болсон. Зарим эцэг эхчүүд хүүхдээ ойлгохгүй байх гэж бодоод салж байгаагаа хэлэлгүй удаан хугацаанд нуудаг. Энэ нь хүүхдэд улам л эргэлзээтэй, ойлгомжгүй хэцүү мэдрэмж төрүүлнэ. Алив асуудлыг хүүхдэд тайлбарлаж өгөх нь тухайн хүүхдийн сэтгэл зүй болоод сэтгэн бодох чадварт сайн нөлөөтэй. Тэгэхдээ хүүхдийн нас насанд тохирсон байдлаар ярьж ойлгуулж байх нь зөв. Жишээ нь, бага насны хүүхдэд ном үлгэрээр, өсвөр насны хүүхдэд бол тухтай цаг гаргаж байгаад тайлбарлаж ярилцах гэх мэт. Бүр боломжгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй.

-Эцэг эхчүүд гэр бүлээс бусад хүмүүстэй найрсаг харилцдаг хэрнээ гэр бүлийнхэндээ болон хүүхдүүдтэйгээ харилцахдаа өөр араншин гаргах нь бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг гэр бүл, эцэг эхээс тусад нь салгаж ярих боломжгүй бүхэл бүтэн систем байдаг л даа. Хүүхдийн сэтгэл зүйн асуудал яригдаж байгаа бол эцэг эхийн харилцааны асуудал заавал яригдана.

Сүүлийн үед залуу ээж аавууд энэ тал дээр нэлээн сайн хөгжиж суралцаж байгаа. Багаас нь хүүхэдтэйгээ ярилцаж, хамт цагийг өнгөрөөх тал дээр маш мундаг болсон. Амьдралд юу чухал вэ гэдгийг харьцангуй ойлгодог болоод байна уу гэж харсан. Тэдгээр хүүхдүүдийн өмнөөс баяртай байгаа. Хамгийн хайртай хүмүүстээ хамгийн сайнаар ханддаг байх нь эрүүл гэр бүлийн харилцаа юм. Сайн хандлага гэдэг нь зөвхөн эд материал, хоол хүнс биш, зан харилцаа, анхаарал халамж маш эрхэм зүйл.

-Хөгжилтэй байдлаар хүүхдийн зураг, дүрс цахим орчинд их тархдаг. Хүүхдийн мэдээллийг цахимд байршуулах талаар хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн заалт байдаг уу. Хэрэгжилт хэр байдаг вэ?

-Хүүхэд хамгааллын тухай, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, хувийн нууцтай хүний эрхтэй холбоотой хуулийн зохицуулалтууд бий. Гэхдээ иргэд өөрсдөө мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас болоод магадгүй томчууд өөрийн сошиал орчны хандалтаа өсгөх зорилгоор янз бүрийн хувийн мэдээллээ нийтэлдэг.

Ер нь уйлж буй бичлэг, эсвэл хэрэлдэж, шүүмжилж байгаа гэдэг ч юмуу сэтгэл хөдлөл ихтэй бичлэгүүд их хандалт авдаг нь судалгаанаас харагддаг. Энэ дунд хүүхдүүд л хэцүү. Өөрсдөө мэдээлэл боловсруулах нас нь болоогүй байхад ямар ч шүүлтүүргүйгээр болсон болоогүй баахан мэдээллийг авна. Тэр мэдээлэл цаашлаад сошиал орчинд хандалтаар ашиг олдог хүмүүсийн үнэгүй өгөөш болдог нь харамсалтай. Зураг дүрс бүхий мөн ямар нэг хүний хувийн нууцтай холбоотой мэдээллээ оруулахдаа хянамгай хандаж, хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж үздэг байх хэрэгтэй.

-Энэ асуудалтай холбогдуулан эцэг эхчүүдэд анхааруулга зөвлөгөө өгнө үү?

-Америкт нэг хэрэг гарч байсан даа. Өсвөр насны охинд нь жирэмсний бэлдмэл, нярайн хувцас хэрэглэл гэх мэт бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хаягаар нь ирээд байхаар эцэг эх нь цагдаад мэдэгдтэл хүүхэд нь үнэхээр жирэмсэн болсон байсныг мэдээгүй. Сошиал хайлтаар нь худалдааны байгууллагууд мэдээд гэрийн хаягаар сурталчилгааны хуудас хүргүүлж байсныг олж илрүүлсэн байдаг. Хэн, хаанаас таны мэдээллийг үзэж, татаж авч байгааг хянах ямар ч боломжгүй. Цахим орчин гэдэг хувь хүний мэдээллийг таны бодсоноос илүү өргөн, аюултай хүрээгээр дамжуулж байх магадлалтай.

Тэгэхээр хамгийн чухал нь эцэг эхчүүд гэр дотроо ч, нийгэмд ч, сошиалд ч үг үйлдлээ хянаж байх шаардлагатай. Таны сошиал орчинд бичсэн, оруулсан мэдээллийг хүүхэд тань найз нөхөд нь бүр цаашлаад гэмт хэрэгтнүүд ч харж байх боломжтой. Ялангуяа хувийн мэдээллээ оруулахдаа тун хянамгай хандахыг эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт зөвлөе.

Б.ДАРИЙМ

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 13 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 18 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 26 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.