Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо


8-р сарын 2
20 цаг 16 минут

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. 

Тахилгын өмнөх орой Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Лам, хуврагууд ном уншиж, дун, хэнгэрэг зэрэг хөгжим эгшиглүүлэн овооны эздийг урин залах зан үйл үйлдлээ. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчид лусыг баясгаж хатдын бүжиг бүжиглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул овоо, ус мөрний тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Олон мянган жилийн тэртээгээс хүн зон, амьтан, ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа монголчууд “Далай ээж” хэмээн нэрийдэж, ижий шигээ дээдлэн хүндэтгэдэг түүхэн уламжлалтайг дурдав.

Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж, ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэснийг тэмдэглэлээ.

Мөн төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул, усны онцлогийг нь тодруулан судалж, сурталчлан таниулж байгааг онцлов.

Тэрбээр Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж, эх дэлхий этүгэн газраа рашаан усаараа мөнхөж тэтгэж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо Хөвсгөл нуурын лус, савдагт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хөвсгөл аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Л.Төмөрбаатарт гардуулан өглөө.

Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэр “Далай ээжийн магтаал”-ыг хайллаа.

Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идээ будаа, амттаны дээжийг хангай, дэлхийд өргөлөө.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан П.Амарсайхан “Монгол далай” дууг дуулж, лус, савдагт хүндэтгэл илэрхийлэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овооны өмнө мэхийн ёсолж, лус, савдагт дахин хүндэтгэл үзүүлснээр төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.

Манай улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх, нэн ховор араатан, жигүүртний өлгий нутаг болсон  нуурын цэвэр цэнгэг, ариун дагшин байдал, унаган төрх, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлигийг Гал морин жилд буулгасан.

Нуурыг хамгаалах санаачилга гаргасны дагуу нуурт живсэн усан онгоц, машин, техникийг 2021-2025 онд татан гаргасан юм.

Ингэснээр 50 орчим мянган литр шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд алдагдахаас сэргийлж чадсан.

Энэ жил Хөвсгөл нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, нуурыг судлах Олон улсын төв байгуулаад байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 18 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 23 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 31 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.