Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ


8-р сарын 6
16 цаг 20 минут

     Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа эцэслэн баталсан.

Татварын ерөнхий хуульд данснаас үл маргах журмаар мөнгөн хөрөнгө суутгах ажиллагааг явуулахдаа ирээдүйд дансанд орж ирэх орлогын хэмжээнд ямар нэгэн дээд хязгаар тогтоогоогүй байсан. Үүний улмаас өр төлбөрийг барагдуулах зорилгоор дансанд орж ирсэн бүх мөнгөн хөрөнгийг бүрэн хэмжээгээр суутгах боломж бүрдэж, татвар төлөгчийн өдөр тутмын амьжиргаа, бизнесийн хэвийн үйл ажиллагаа болон санхүүгийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсдэг байсан. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр энэхүү зохицуулалтыг өөрчилж, дансанд ирээдүйд орж ирэх орлогын зөвхөн 70 хүртэлх хувийг үл маргах журмаар суутгах бөгөөд үлдсэн 30 хувийг татвар төлөгчийн мэдэлд үлдээхээр тусгасан.

Татварын ерөнхий хуулиар татварын өр төлбөрт тооцох алдангийн нийт хэмжээнд тусгайлан дээд хязгаар тогтоогоогүй бөгөөд татварын өр төлбөр бүрэн барагдах хүртэл алданги үргэлжлэн тооцогддог. Түүнчлэн татварын хяналт шалгалт явагдаж байгаа хугацаанд ч алдангийн тооцоолол тасралтгүй үргэлжилдэг зохицуулалт үйлчилж байгаа нь татвар төлөгчид хэт их санхүүгийн дарамт үүсгэж, өр төлбөрийн хэмжээг үлэмж нэмэгдүүлдэг байсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, татварын албаны үйл ажиллагаатай холбоотой хугацааны эрсдэлийг татвар төлөгчид үүрүүлэхгүй байх зорилгоор татварын өр төлбөрт ногдуулах алдангийн нийт хэмжээ нь үндсэн татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар дээд хязгаар тогтоов. Ингэснээр алдангийн хэмжээ үндсэн татварын дүнгээс хэт давж, татвар төлөгчид хэт хүндрэл учруулахаас сэргийлэх, татварын хяналт шалгалтыг томилсон өдрөөс эхлэн тухайн шалгалтын талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэлх хугацаанд алданги тооцохгүй байхаар зохицуулжээ.

Татвар төлөгч нь татварын тайлангаа дараагийн нэг татварын жилийн дотор залруулан гаргах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн тохиолдолд тайлан дахь алдаа, зөрчлийг сайн дурын үндсэн дээр засаж, нөхөн тайлагнах боломж хязгаарлагддаг байсныг энэхүү хуулиар өөрчлөн татвар төлөгчийн эрхийг өргөжүүлэх, тайлангийн үнэн зөв байдлыг хангах, сайн дурын татварын нийцлийг нэмэгдүүлэх зорилгоор тайлан залруулах хугацааг дараагийн хоёр татварын жил болгон сунгахаар тусгажээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Татварын ерөнхий хуулиар татварын улсын байцаагчийн актыг татвар төлөгч эс зөвшөөрөн гомдол гаргасан тохиолдолд тухайн актаар тогтоосон үндсэн татвар, алданги, торгуулийг бүхэлд нь төлөх үүрэгтэй байдаг. Ийнхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө төлбөрийг бүрэн барагдуулах шаардлага үүсдэг нь татвар төлөгчид санхүүгийн хүндрэл учруулах, мөн хуульд заасан гомдол гаргах эрхээ бодитоор хэрэгжүүлэхэд саад болох нөхцөлийг бий болгож байсан. Дээрх хуулийн өөрчлөлтөөр татвар төлөгчийн эрхийг хамгаалах, татварын маргааныг шударгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор татварын маргаан Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл улсын байцаагчийн актаар ногдуулсан алданги, торгуулийг нэхэмжлэхгүй байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч нь актыг эс зөвшөөрөн хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан тохиолдолд зөвхөн үндсэн татварын төлбөрийг төлөх бөгөөд алданги, торгуулийг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Татвар, гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, татвар төлөгчийн хууль сахин биелүүлэх үйл ажиллагааг үнэлэх, сайн дурын татварын нийцлийг нэмэгдүүлэх зорилгоор татвар төлөгчийн “хууль даган мөрдөлтийн түвшин”-ийг үнэлэх тогтолцоог шинээр тусгасан байна.

Хууль даган мөрдөлтийн өндөр түвшинтэй татвар төлөгчдөд хуульд заасан тодорхой хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх аж. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын төлөх хугацааг хойшлуулах боломжийг олгох, мөн татварын зөвлөн туслах үйлчилгээ, эрсдэлд суурилсан удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү үнэлгээг ашиглахаар зохицуужээ.

Татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх, татвараас зайлсхийх болон хөрөнгө, орлогыг нуух эрсдэлийг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор мэдээлэл солилцооны олон улсын стандартуудыг үндэсний хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч (Ultimate Beneficial Owner–UBO)-ийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хуулийн этгээдийн бодит буюу жинхэнэ өмчлөгчийг тодорхойлох ойлголт, нэр томьёог хуульд шинээр тусгасан аж.

Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар солилцох нийтлэг стандарт (Common Reporting Standard–CRS)-ыг хуульд тусгаж, санхүүгийн байгууллагуудын мэдээллийг оролцогч улс орнуудтай олон улсын жишгийн дагуу автоматаар солилцох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна.

Виртуал хөрөнгийн тайлагналын тогтолцоо (Crypto-Asset Reporting Framework–CARF)-г нэвтрүүлж, крипто хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээс шаардлагатай мэдээллийг цуглуулан олон улсын стандартын дагуу автоматаар солилцох эрх зүйн үндсийг бий болгожээ.

Түүнчлэн мэдээлэл солилцооны хамрах хүрээг өргөжүүлж, мэдээлэл гаргаж өгөх үүрэг бүхий этгээдийн хүрээг “аливаа этгээд” болгон өргөжүүлэхийн зэрэгцээ мэдээлэл солилцохтой холбоотой журам, шаардлагыг боловсруулах, батлах үйл ажиллагаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг эрх бүхий байгууллагын оролцоог хангахаар тусгасан байна.

Хууль хэрэгжиж эхэлснээр татварын өр төлбөрийг үргэлжлүүлэн барагдуулах боломжийг хадгалахын зэрэгцээ татвар төлөгчийн амьжиргаа, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хамгаалах, үндсэн санхүүгийн хэрэгцээг хангах эрхийг тэнцвэртэйгээр хангах аж.

Татвар төлөгч тайландаа гарсан алдаа, орхигдлыг илрүүлсэн тохиолдолд илүү урт хугацаанд сайн дурын үндсэн дээр залруулж, нөхөн тайлагнах боломжтой болох бөгөөд энэ нь татварын тайлангийн үнэн зөв байдлыг сайжруулах, татварын маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, татвар төлөгчийн хуульд нийцүүлэн үүргээ биелүүлэх нөхцөлийг дэмжих ач холбогдолтойгоос гадна тайлан залруулах хугацааг сунгаснаар татвар төлөгчид үүсэж болох техникийн болон санхүүгийн алдааг цаг тухайд нь засварлах боломж нэмэгдэж, татварын харилцаанд илүү уян хатан, шударга эрх зүйн орчин бүрдэнэ.

Татвар төлөгчийн гомдол гаргах болон эрхээ хамгаалуулах эрхийн бодит баталгааг хангахын зэрэгцээ маргаан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад нэмэлт санхүүгийн дарамт үүсгэхгүй байх, татварын харилцаанд шударга, тэнцвэртэй эрх зүйн орчин бий болно.

Гааль, татварын байгууллага татвар төлөгчийг 0-100 хүртэлх оноогоор үнэлж, үнэлгээний үр дүнд үндэслэн “муу”, “дунд”, “сайн”, “маш сайн” гэсэн ангилалд хамруулах бөгөөд хууль даган мөрдөлтийн түвшинг тогтоохдоо татвар төлөгчийн үйл ажиллагааг татвар төлөгчийн бүртгэлийн үнэн зөв, бүрэн байдал, татварын тайлангийн хугацаанд нь болон үнэн зөв гаргалт, татвар ногдуулалт, татвар төлөлтийн сахилга бат, татвар, гаалийн хууль тогтоомж зөрчсөн эсэх, гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл болон бусад холбогдох үзүүлэлт зэрэг үндсэн шалгуураар үнэлж, үнэлгээг улирал болон жилийн давтамжаар тооцон, татварын нэгдсэн мэдээллийн системээр татвар төлөгчид мэдээлэх бөгөөд уг үнэлгээ нь татварын удирдлага, эрсдэлийн үнэлгээ болон үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад ашиглана.

Компанийн өмчлөл, хяналтын бүтцийг ил тод болгох, татвараас зайлсхийх, мөнгө угаах болон санхүүгийн бусад хууль бус үйл ажиллагаатай тэмцэхээс татварын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, хил дамнасан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулна гэж үзэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 27 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 32 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 40 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.