Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жилийн турш төрөөс дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээл олгосон ч хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн дээд цэгтээ хүрч, иргэд мах, сүү, хүнсний ногоогоо худалдан авахад ч хүндрэл үүсээд байна. Мөн, намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ид өрнөх ёстой энэ үед түлш, шатахууны үнэ огцом нэмэгдэж, эдийн засгийн хүнд үе ирээд байна. Энэ асуудлаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.
-Өвс, тэжээл бэлтгэх, ургац хураах, өвөл, хаврын бэлтгэл хангах оргил үеэр түлш, шатахууны үнэ өсөж байна. Энэ нь өвөлжилтийн бэлтгэлийг хангах болон хүнсний бүтээгдэхүүний үнэд ямар дарамт үүсгэх эрсдэлтэй вэ?
-Түлш, шатахууны үнийн өсөлт хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүх шатанд шууд сөргөөр нөлөөлж байна. Ургац хураах, хадлан хадах, өвс тэжээл татах, малыг отроор нүүлгэх, мах, сүү, төмс, хүнсний ногоог сум, аймгаас төвлөрсөн зах зээлд тээвэрлэх зэрэг бүхий л үйл ажиллагаанд дизель түлш голлох зардал болдог. Иймээс дизель түлшний үнэ нэмэгдэхэд тариаланч, малчдын тээврийн зардал өсөх, цахилгааны үнэ мөн өссөнтэй холбоотой хадгалалт, боловсруулалтын зардал тэлэх, эцэстээ бүтээгдэхүүний үнийн өсөлт одоогийнхоос үргэлжлэн нэмэгдэх эрсдэлтэй болоод байна. Сүүлийн үеийн мэдээнээс харахад АИ-92 автобензин литр тутамдаа 2840 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 10 хувь, дизель түлш 4185 төгрөг болж, 40 орчим хувиар өссөн мэдээлэл байна. Ялангуяа дизель түлшний ийм өсөлт өвс, тэжээл бэлтгэл, ургац хураалтын өртөгт асар их дарамт үзүүлнэ. Тиймээс Засгийн газар “өвөлжилтийн бэлтгэл”-ийг илүү үр дүнд суурилсан зохион байгуулалт хийж, хүнсний гол нэр төрлийн барааны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахаас гадна, үнийн хэт өсөлтийг хязгаарлахад анхаарч бодит зохицуулалт хийх, зардлын энэ өсөлтийг хүнсний үнэд шууд шилжүүлэхгүй байх ямар арга хэмжээ авч байгаагаа тодорхой танилцуулах хэрэгтэй.
-Засгийн газар намрын их ажил, өвөл, хаврын бэлтгэлийг хангах томоохон ажлыг өрнүүлж байгаа. Та ажлын явцыг хангалттай гэж үзэж байна уу?
-Засгийн газар, салбарын яам, орон нутгийн байгууллагууд бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Гэхдээ эхлүүлсэн эсэхээс илүү бодит гүйцэтгэл хаана хүрсэн бэ гэдэг нь чухал. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын эхээр өвөлжүүлэх малын тоо, тариалсан талбай, ургацын урьдчилсан баланс, гангийн эрсдэлтэй сумдын тоо, отор нүүдэл, өвс тэжээлийн нөөц зэрэг мэдээллийг тодорхой хэмжээнд олон нийтэд танилцуулж байсан. Тухайн үед 220 гаруй сум гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээрэг хангалтгүй байгаа талаар мэдээлж, өвөлжилт хүндрэх эрсдэлийг урьдчилан анхааруулж байсан. Энэ жил орон нутгаар зуншлага харьцангуй сайн байгаа боловч эдийн засгийн таагүй орчин эрсдэл болоод байна. Гэтэл энэ жилийн бэлтгэлийн явц, тулгарч буй асуудлын талаар нэгдсэн мэдээлэл олон нийтэд хангалттай харагдахгүй байна. Ажил хийж байгаа ч мэдээлэл, зохион байгуулалт, шийдвэр гаргалт удаашралтай байх нь тогтворгүй байдлыг үүсгэх, үл итгэх байдлыг төрүүлэх, малчид, тариаланчид байгаль, цаг уурын эрсдэлийг нуруун дээрээ үүрэх, цаашлаад хүнсний гол нэр төрлийн барааны үнийн өсөлт даамжрах, нийлүүлэлтийн тасалдал, доголдол бий болох эрсдэлтэй.
-Сүүлийн 18 жилийн хугацаанд мах, сүү, гурил, төмс зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 5–10 дахин өссөн байна. Төр олон жил дэмжлэг үзүүлсэн атлаа үр дүн нь яагаад иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна вэ?
-Үнийн өсөлтийг дан ганц төрийн бодлогын шууд үр дагавар гэж тайлбарлах нь өрөөсгөл. Инфляци, төгрөгийн ханш, шатахуун, тээвэр, цаг агаар, импортын орц, үйлдвэрлэлийн зардал, зах зээлийн төвлөрөл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ төрийн дэмжлэгийн зорилго нь чухам эдгээр эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн огцом хэлбэлзлийг сааруулахад чиглэсэн. Тэгэхээр “Ард иргэд хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэж чадаж байна уу. Үүнд төрөөс зарцуулсан дэмжлэг хэр хэмжээнд сайнаар нөлөөлсөн бэ” гэж асуулга тавих шаардлагатай байна. Учир нь төрөөс төдийлөн дэмжлэг, татаас олгодоггүй элсэн чихэр, цагаан будаа зэрэг барааны үнийн өсөлт хамгийн бага байдаг бол төрийн дэмжлэг бүхий мах, сүү, хүнсний ногоо зэргийн үнийн өсөлт харьцангуй өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Малчин, тариаланч, үйлдвэрлэгчийн бодит орлого өссөн үү, бүтээмж нэмэгдсэн үү, дотоодын нийлүүлэлт тогтворжсон уу, импортыг орлуулсан уу, хэрэглэгч илүү боломжийн үнээр бүтээгдэхүүн авч чадсан уу гэдгээр бодлогын үр дүнг хэмжих ёстой. Өрхийн хувьд мах, гурил, сүү, төмсний үнийн өсөлт өдөр бүр мэдэрдэг дарамт. Тиймээс олон жил үргэлжилсэн төрийн оролцоо иргэдийн амьдралд ямар өгөөж өгснийг нээлттэй тайлагнаж, ярилцах шаардлагатай.
-Та 2008 оноос хойш хэрэгжсэн төрлийн бодлого, хөтөлбөр, татаас, урамшууллын үр дүнг олон нийтээр хэлэлцүүлэх сонсгол хийх энэ санаачилгыг гаргасан. Одоо үүн дээрээ ид ажиллаж байгаагаа сошиал сувгууд дээрээ мэдээлэл тавьсаар байгаа. Ер нь энэ салбарыг дэмжихээр хэдэн төрлийн татаас дэмжлэг өгч ирсэн байх юм?
-Бидний нэгтгэсэн мэдээллээр сүүлийн 18 жилийн хугацаанд улаанбуудай, мах, сүү, ногоо, ноос, ноолуур, арьс, шир гээд бараг бүх хөдөө аж ахуй бүтээгдэхүүнд урамшуулал олгож байна. Мөн хүнсний салбарын долоо, мал аж ахуйн салбарын долоо, хөнгөн үйлдвэрийн салбарын найман бодлого, хөтөлбөр хэрэгжсэн байна. Эдгээр бодлого, хөтөлбөрт татаас олгох, мөнгөн урамшуулал, хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн татаас, батлан даалт, татварын хөнгөлөлт, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт зэрэг олон төрлийн арга хэмжээ орно. Өнгөрсөн хаврын чуулганаар батлуулсан Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай хууль дээр ажиллаж байхдаа үнэхээр салбарын хөгжил өсөлт ирвэл ирэхээр, харагдвал харагдахаар хугацаа болсон байхад өнөөдрийн байдал ийм гэсэн бодол байнга төрж байсан л даа. Тэгээд ер нь эргэж харах, алдаа оноогоо дүгнэх цэгнэх цаг болж гэж үзсэн учраас 2008 оноос хойш хэрэгжсэн эдгээр татаас, урамшуулал, дэмжлэгийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл цуглуулах, олон нийтээр хэлэлцүүлэх санаачилгыг гаргасан. Манай гишүүд ч дэмжсэн учраас 2026 оны есдүгээр сарын 28-29 өдрүүдэд УИХ-ын дэргэд Ерөнхий хяналтын сонсголыг хийхээр ажиллаж байна.
-Яг хэд орчмыг энэ салбарт зарцуулсан байдаг юм бол?
-Хөндлөнгийн судлаачдын боловсруулсан судалгааны тайланд ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 13 жилийн хугацаанд 1.3 их наяд орчим төгрөгийн дэмжлэг, урамшуулал зарцуулсан гэх мэдээлэл бий. Энэ бол маш өндөр дүн юм. Жишээлбэл, эмнэлгийн чанар, хүртээмж, сүүлийн үеийн техник хэрэгслээр бүрэн хангахуйц хэмжээний хөрөнгө гэсэн үг. Тус сонсголын нэг гол зорилго нь 2008 оноос хойших бүх дэмжлэгийн төсөв, эх үүсвэр, зарцуулалт, хүлээн авагч болон үр дүнг албан ёсны баримтаар нэгтгэн тогтоох юм. Өнөөдөр төсөл, хөтөлбөрийн нэр тодорхой боловч нийт хэдэн төгрөг зарцуулсан, хэдэн хүн, аж ахуйн нэгж хамрагдсан, үйлдвэрлэл нь хэдээр өссөн, зээл нь хэдэн хувь эргэн төлөгдсөн талаар нэгдсэн мэдээлэл олон нийтэд ил тод байхгүй байна.
-Тэгвэл төрийн дэмжлэг үр дүнтэй байсан эсэхийг ямар шалгуураар тогтоох ёстой вэ?
-Төсвийн мөнгийг бүрэн зарцуулсан бол ажлаа сайн хийсэн гэж үздэг хандлагаас салах хэрэгтэй. Зарцуулалт бол үр дүн биш. Жишээлбэл, нэг хөтөлбөрт 100 тэрбум төгрөг зарцуулсан бол хэдэн аж ахуйн нэгж дэмжлэг авсан, тэдний үйлдвэрлэл өмнөхөөсөө хэдээр нэмэгдсэн, борлуулалт, экспорт, ажлын байр, татварын орлого хэрхэн өөрчлөгдсөн, дэмжлэг дууссаны дараа үйл ажиллагаа нь тогтвортой үргэлжилсэн эсэхийг хэмжих ёстой. Хөнгөлөлттэй зээл бол зүгээр тараасан мөнгө биш. Эргэн төлөгдөж, дараагийн үйлдвэрлэгчийг санхүүжүүлэх ёстой эргэлтийн хөрөнгө. Урамшуулал нь үйлдвэрлэлийн бодит өсөлтийг дэмжиж чадсан уу гэдгийг ч шалгах шаардлагатай. Эцсийн үр дүн нь малчин, тариаланч, үйлдвэрлэгчийн орлого, салбарын бүтээмж, дотоодын хангамж, хэрэглэгчийн төлж байгаа үнэд мэдрэгдэх ёстой.
-Сонсголын бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ. Төрийн байгууллагууд мэдээллээр хангах үүрэгтэй, гэтэл хангалтгүй хандаад байгаа юм байна гэж таны бичсэнээс харагдаад байгаа?
-Бэлтгэл ажлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудаас мэдээлэл хүсэж албан бичгүүдийг илгээсэн. Одоогоор Үндэсний аудитын газраас холбогдох тайлан, мэдээллийг ирүүлсэн. Бид бүхэн эдгээр тайлан болон нээлттэй эх сурвалж дээрх мэдээллийг ашиглан шинжилгээний ажлаа эхлүүлээд явж байна. Зарим гол байгууллагаас дорвитой мэдээлэл авч чадаагүй л байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаасын мэдээллийг гаргуулах хүсэлт хүргүүлсэн. Үүнд ХХААХҮЯ-наас тавдугаар сарын 26-нд албан хариу ирүүлсэн боловч хүссэн мэдээллийг бүрэн, нэгтгэсэн, нотлох баримтаар баталгаажуулсан байдлаар өгөөгүй. Тиймээс зургадугаар сарын 23-нд мэдээллийг илүү нарийвчлан, жил, дэмжлэгийн төрөл, хүлээн авагч бүрээр гаргуулахаар дахин хандсан. Долдугаар сарын 27-нд ХХААХҮЯ болон Сангийн яаманд дахин албан бичиг хүргүүлсэн. Мөн асуудлыг Ерөнхий сайдын түвшинд тавьж, холбогдох байгууллагуудад мэдээллээ бүрэн ирүүлэх чиглэл өгөхийг хүссэн. Ийм байдлаар мэдээллээ олж авах гээд араас нь шаргуу үзээд л байна. Гэвч өнөөдрийг хүртэл 18 жилийн дэмжлэгийн бодит зарцуулалт, хүлээн авагч, үр дүн, хяналт, аудитын мэдээллийг иж бүрнээр нь авч чадаагүй байна.
-Салбарын яамнаас энэ бүх мэдээлэл ирнэ биз дээ. Тэд яагаад ийм хойрго хандаад байгаа нь анхаарал татаж байна. Та тэднээс яг ямар мэдээлэл шаардаж байгаа юм бэ. Төрийн байгууллагаас гаргахад үнэхээр хүндрэлтэй мэдээлэл гэж үү?
-Бид онцгой нууц мэдээлэл хүсээгүй. Төр өөрөө хэрэгжүүлсэн бодлого, зарцуулсан төсвийнхөө тайланг л хүссэн. Дэмжлэг бүр ямар хууль, тогтоол, шийдвэрээр бий болсон, хэдэн төгрөг баталж, хэдийг зарцуулсан, санхүүжилт нь улсын төсөв, гадаад зээл, тусламж эсвэл сангийн хөрөнгийн аль эх үүсвэрээс гарсан, хэн ямар шалгуураар сонгогдсон, хэдий хэмжээний дэмжлэг авсан, зээлээ хэрхэн төлсөн талаарх мэдээлэл төрд байх ёстой. Мөн дэмжлэг авсны өмнө болон дараа үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, орлого, ажлын байр хэрхэн өөрчлөгдсөн, аудит, хяналт-шинжилгээгээр ямар зөрчил илэрсэн, зөрчлийг арилгах ямар арга хэмжээ авсныг гаргуулахыг хүссэн. Хэрэв ийм мэдээлэл төрд байхгүй бол өөрөө маш том асуудал. Харин байгаа мөртөө нэгтгэн гаргахгүй, эсвэл олон нийтээс нууж байгаа бол бүр ч ноцтой.
-Үндэсний аудитын газраас ирүүлсэн нээлттэй мэдээлэл, ХХААХҮ-ийн сайдын багцад хийсэн аудитын дүгнэлтээс харахад ямар асуудал хамгийн их анхаарал татаж байна вэ?
-2017 оноос хойш ХХААХҮ-ийн сайдын санхүүгийн тайланд есөн удаа аудит хийснээс долоод нь “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн мэдээлэл байна. Хязгаарлалттай дүгнэлт гэдэг нь холбогдох хууль, журмыг зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй зэрэг алдаа зөрчил гаргасан гэсэн анхааруулга юм. Эдгээр 9 удаагийн тайланд нийтдээ 2.6 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Аудитаар авлага, найдваргүй зээл, барьцаа хөрөнгө хангалтгүй, сонгон шалгаруулалтын зөрчил, анхан шатны баримтын дутуу бүрдэл, нягтлан бодох бүртгэлийн зөрүү, өмнөх аудитын шийдвэрийн биелэлт хангалтгүй, үр ашиг нь тодорхойгүй төсөл санхүүжүүлсэн зэрэг нийтлэг асуудал жил дараалан илэрсэн байна. ЖДҮ сан, Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөө аж ахуйн корпораци зэрэг байгууллага нь салбарын гол хөтөлбөр, зээл, урамшууллыг хэрэгжүүлдэг. Тиймээс эдгээр байгууллагын бүртгэл, сонгон шалгаруулалт, зээл, авлагын хяналт сул байна гэдэг нь төрийн дэмжлэгийн бодит үр дүнг үнэн зөв хэмжих боломжийг сулруулж, зарим хөтөлбөрийн үр ашигт ноцтой эргэлзээ үүсгэж байна.
-Сүүлийн есөн жилд аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн нийлбэр дүн 2.6 их наяд төгрөгт хүрсэн гэж байна. Үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна уу?
-2.6 их наяд төгрөгийг бүхэлд нь алдагдсан, шамшигдуулсан мөнгө гэж шууд хэлж болохгүй. Гэхдээ энэ нь асуудлыг жижиг болгож байгаа хэрэг биш. Ийм өндөр дүнтэй алдаа, зөрчил олон жил дараалан илэрч, ижил төрлийн асуудал давтагдаж байгаа нь хяналт, бүртгэл, удирдлагын тогтолцоо хангалтгүй байгааг харуулна. Мөн, Аудитын “Хязгаарлалттай” дүгнэлт авсан харьяа байгууллагын тоо 2017 онд гурав байсан бол 2025 онд 18 болсон байна. Энэ бол асуудал хумигдаагүй, харин хүрээ нь тэлж байгааг анхааруулсан үзүүлэлт.
-Яагаад аудитын ижил зөрчил жил бүр давтагддаг юм бэ?
-Аудитын тайлан гарахад тухайн жилийн алдааг жагсааж, акт, албан шаардлага, зөвлөмж өгдөг. Харин асуудлыг үүсгэж байгаа үндсэн шалтгааныг өөрчлөх “институц”-ын шийдэл хангалтгүй байна. Зээл, авлагын нэгдсэн сан байхгүй, байгууллагуудын мэдээлэл хоорондоо зөрдөг, хариуцсан албан тушаалтан солигдоход өмнөх ажлын мөр тасардаг, аудитын зөвлөмжийг биелүүлээгүй ч бодит хариуцлага тооцдоггүй зэрэг шалтгаанууд байж болно. Сайд, удирдлага, байгууллагын бүтэц солигдож, хөтөлбөрийн нэр өөрчлөгдсөн ч хуучин авлага, найдваргүй зээл, дутуу бүртгэл нь үлддэг. Ингээд шинэ төсөл, шинэ санхүүжилт нэмж эхлүүлдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол төсвийн мөнгө нэмсэн ч үр дүн гарахгүй ээ.
-Таны энэ санаачилж буй сонсголыг улс төр хийх, яамны ажлыг харлуулах оролдлого гэж шүүмжилж болох юм. Улс төр нь ихдээд үнэн бодит байдлыг ил болгоход түвэг болох вий дээ. Үүнд юу хэлэх вэ?
-Энэ бол нэг сайд, нэг Засгийн газар, нэг улс төрийн намын асуудал биш. Бид 2008 оноос хойших 18 жилийн бодлого, олон Засгийн газар, олон сайдын үед хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийг хамруулж байна. Зорилго нь төрийн бүх дэмжлэгийг буруутгах биш. Үр дүнтэй дэмжлэг байвал түүнийг нотолж, үргэлжлүүлэх хэрэгтэй. Үр ашиггүй, давхардсан, шударга бус, хяналтгүй тогтолцоо байвал өөрчлөх ёстой. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд төрийн байгууллагуудад хүргүүлсэн албан бичиг, хүсэлт, шаардлагаа үе шаттайгаар олон нийтэд ил болгож эхэлсэн. Хариу ирсэн эсэх, ямар агуулгатай байсан, ямар мэдээлэл дутуу байсныг ч нээлттэй мэдээлнэ. Төрийн байгууллага иргэдийн өмнөөс тавьсан асуултад хариулах үүрэгтэй. Иргэд төрөөс хариуцлага, тайлбар нэхэх эрхтэй.
-Есдүгээр сарын 28, 29-нд зохион байгуулах Ерөнхий хяналтын сонсголоос ямар бодит үр дүн хүлээж байна вэ?
-Сонсголын зорилго нь хэн нэгнийг урьдчилан буруутгах биш. Төрөөс хэрэгжүүлсэн бодлого, зарцуулсан төсөв бодит үр дүнд хүрсэн эсэхийг баримтаар нээлттэй үнэлнэ. Нэгдүгээрт, 2008 оноос хойш ямар дэмжлэг, татаас, урамшуулал, зээлийн хүүгийн татаас хэрэгжсэн, нийт хэдэн төгрөг зарцуулсныг нэгтгэнэ. Хоёрдугаарт, ямар хөтөлбөр үйлдвэрлэл, орлого, экспорт, ажлын байрыг бодитоор нэмэгдүүлсэн, ямар нь үр дүнгүй байсныг тогтооно. Гуравдугаарт, төсвийн мөнгө хэнд, ямар шалгуураар хүрсэн, зээл, авлагын эргэн төлөлт ямар байсныг нээлттэй болгоно. Дөрөвдүгээрт, аудитын зөрчил яагаад давтагдаж байгааг тогтоож, хууль, журам, байгууллагын хяналтын тогтолцоонд хийх өөрчлөлтийн санал гаргана.
-Иргэд, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид сонсголд хэрхэн оролцож болох вэ. Нэг талаас энэ дэмжлэгүүд амьдрал дээр яаж тэдэнд ирж байсан, яаж холуур байсан гэдгийг хэлэх хүмүүс дээ?
-Төрийн байгууллагын тайлангаас гадна бодит амьдрал дээр дэмжлэг авсан, эсвэл авч чадаагүй хүмүүсийн мэдээлэл хамгийн чухал. Ямар дэмжлэгт хэдэн онд хамрагдсан, сонгон шалгаруулалт нь хэрхэн явагдсан, хэдий хэмжээний санхүүжилт авсан, үйлдвэрлэл, борлуулалт, орлогод нь ямар өөрчлөлт гарсан, ямар хүндрэл, шударга бус нөхцөл тулгарсан талаарх баримтаа ирүүлэхийг хүсэж байна. Мөн төрийн дэмжлэгийн үр дүнд үйлдвэрлэлээ амжилттай өргөжүүлсэн сайн туршлага байвал түүнийг ч сонсох ёстой. Бид зөвхөн алдаа хайхгүй. Ямар бодлого ажилласныг тогтоож, үргэлжлүүлэх шаардлагатай. Иргэд, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, хоршоод, аж ахуйн нэгжүүд өөрт байгаа гэрээ, шийдвэр, зээлийн материал, төлбөрийн баримт, аудит, шүүхийн баримт болон бодит туршлагаа хуваалцаасай гэж хүсэж байна. Дахин хэлэхэд төрийн дэмжлэгийг бүхэлд нь зогсоох тухай яриагүй. Үр дүнтэйг нь үргэлжлүүлж, үр ашиггүйг нь өөрчилж, төсвийн нэг төгрөг бүрийг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд бодит өгөөжтэй болгохын төлөө ажиллана. Төр мөнгө зарцуулснаа тайлагнах төдий биш, тэр мөнгөний үр дүнг иргэдийн өдөр тутмын амьдралд сайнаар мэдрэгдэх ёстой. Үнэ өсдөггүй байх ёстой, идэж байгаа хоол хүнс нь чанартай болж, өдөр тутамдаа мэдрэгдэх, харагдах ёстой. Сонсголын амжилт зөвхөн төрийн байгууллагуудаас бус, олон нийтийн идэвхтэй, баримтад тулгуурласан оролцооноос хамаарах учраас сонсголд оролцох сонирхолтой хүн, хуулийн этгээд бүрт нээлттэй. Мөн холбогдох баримт, мэдээллээ миний сошиал хаягаар дамжуулан илгээгээсэй гэж хүсч байна.
Э.МӨНХТҮВШИН
Facebook
Twitter
Youtube


Шатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна
Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна
Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудал хэлэлцсэн байна
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо
О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна

Сэтгэгдэл бичих