Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав


8-р сарын 7
9 цаг 56 минут

       Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа нар (2026.08.06) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Жим Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй манай анхны парламентын 25 хувь нь эмэгтэй гишүүд болохыг танилцуулав. Мөн тэрбээр Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Жим Шиг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлээд, өргөжин тэлж буй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг бүрнээ дэмжихээ илэрхийллээ. Тэрбээр Үндэсний Ассамблей дахь Ард түмний хүч намын бүлгийн дарга болохоо танилцуулаад, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус намын бүлгийн гишүүн Сун Он Сог, Юү Санг Бом, Ким Ми Еэ, Ким Ин Хэ, Пак Сү Мин, Чой Сү Жин нар хүрэлцэн ирснийг танилцуулсан юм. 

Хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирснийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэмдэглээд, түүний дотор хууль тогтоох байгууллагууд, Байнгын хороод, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон. Түүнчлэн түүх, соёлын хувьд уламжлалт холбоотой, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” Бүгд Найрамдах Солонгос Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа илэрхийллээ. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийн 2025 оны 4 дүгээр сард, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы энэ оны 7 дугаар сард, мөн Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийн 7 дугаар сард Монгол Улсад хийсэн тус тус айлчлалууд нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх чиглэлээрх яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгож буйг илтгэж байна хэмээв.

Манай улсын эдийн засаг өндөр идэвхжилтэй байдаг чухал цаг хугацаанд бүс нутгийн нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсад бүх төрлийн шатахууны хангамжийн асуудал хүндрэлтэй болоод байгааг, мөн эрчим хүчний хангамжийн найдвартай, тогтвортой байдалд анхаарах шаардлага үүсээд буйг Г.Тэмүүлэн гишүүн дэлгэрэнгүй танилцуулаад, энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж буй яриа хэлцэлд парламентын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлж, тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулахыг хүслээ. Үр дүнд нь нийт хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын эл дэмжлэг Монголын ард түмэнд чухал байх болно хэмээсэн. Үүний сацуу тус улсын хөнгөлөлттэй зээлээр, Монгол Улсын нийт газар нутгийн 50 хувийг хамарч хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.

Үүсээд буй нөхцөлийн талаар Элчин сайд Чой Жин Вон-оос дэлгэрэнгүй мэдээлэл авсан бөгөөд хүсэлтийг шийдвэрлэх боломжийн талаар бүх түвшинд судлахаа Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн, ноён Жон Жим Шиг илэрхийллээ. Хоёр улсын өндөр дээд түвшний харилцан айлчлал нь хоёр орны өргөжин тэлж буй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, нягтруулахад чухал ач холбогдолтой болохыг тэрбээр тэмдэглээд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн үйл ажиллагааны талаар онцлон, талархал илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл хоёр улсын парламентын бүлгийн идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэн, НҮБХХ-өөс БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн талаар дуулгав. Жендэрийн эрх тэгш оролцоог хангах чиглэлд бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлж, дэлхийн дунджид хүрсэн Монгол Улсын парламентын энэ манлайлалд дээрх төсөл бодит хувь нэмэр оруулсан гэдгийг Б.Мөнхсоёл гишүүн тэмдэглээд, төслийг өргөжүүлэн залуучуудын оролцоог дэмжихээр II шатыг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгааг дуулгасан юм. Хоёр улсын хамтын ажиллагааны харилцан ашигтай жишээ олон бөгөөд цаашид хиймэл оюун, өгөгдлийн чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх хүрээнд кибер орчны аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж байв.

Тус улсад ажиллаж, амьдарч буй 60 мянга гаруй монгол иргэдийн 10 мянга гаруй нь хүүхдүүд байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Д.Энхтуяа дурдаад, тэдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарч өгөхийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдөөс хүсэхэд, хариуд нь хүүхдүүдэд онцгой анхаарал тавьж ажиллахаа Солонгосын тал мэдэгдэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцож, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах энхтайванч хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Уулзалтад Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон болон албаны бусад хүмүүс оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав57 минут 46 секундын өмнөБ.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо1 цаг 4 минутын өмнөМ.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно1 цаг 9 минутын өмнө11:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө1 цаг 15 минутын өмнөБ.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө1 цаг 36 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан1 цаг 49 минутын өмнөАвтобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:4316 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа8 сар 5. 15:07Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна8 сар 5. 15:01Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно8 сар 5. 14:59Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй8 сар 5. 14:56Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ8 сар 5. 14:53Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо8 сар 5. 14:51Өнөөдөр 36 вагон 2160тн АИ-92 автобензин орж ирсэн байна8 сар 5. 12:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.