Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт


8-р сарын 7
18 цаг 09 минут

     Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхийнхээ тал хугацааг үдэв. Харин одоо улстөрчдийн хувьд нээкст раунд! Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихийн төлөөх шатартай, кимонотой, хөлстэй, улавчтай улс төр эхэллээ. Эрх баригч хүчин дэх “Гучийн бүлэг” буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, хотын мэр асан Д.Сумъяабазар нар каратэ үзүүлбэр, хэнэггүй, хээгүй бөх хүний зангаар хөлстэй хувцсаа мушгин суугчийн дүрд хувирах сошиал драма дэглэсэн бол УИХ-ын дарга С.Бямбацогт улавч өмсөж, улаан дээлээр гоёсон эхнэртэйгээ хамт буй гэрэл зургуудаар олны анхаарлыг татав. С.Амарсайхан, С.Бямбацогт нар “Эхнэрийн урхи” ажиллагааг энэ зуур сэм эхлүүлж, Тэргүүн хатагтайн титмийн төлөөх тулаан эхэлснийг дор бүрнээ сэм зарлалаа. МАН дахь “Гучийн бүлэг”-ээс С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар 2027 оны сонгуульд нэр дэвших амбицаа ийнхүү илэрхийлж, “38-ын бүлэг”-ээс Г.Занданшатар, С.Бямбацогт нар тулааны рингэн дээр хэдийнэ гарчихаад буй энэ үед Ерөнхий сайд Н.Учрал Хөвсгөлд МАН, АН-ынхантай нууц уулзалт хийж, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Ерөнхий сайд асан С.Баяртай Хөвсгөл нуурын эрэг дээр загасчилсан тухай мэдээлэл улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна.

Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар ирэх намар огцрох уу… Есдүгээр сард?! Засгийн газар огцрох тухай дам яриа үе үеийн Засгийн газрын үед гардаг нь жам ёс мэт. Гэвч байгуулагдаад тавхан сар ч болоогүй энэ Засгийн газар огцрох тухай мэдээлэл шатахууны хомсдолын талаарх иргэдийн бухимдлыг давж сонсогдох боллоо. Ерөнхий сайд Н.Учрал хэзээ мөдгүй дэлбэрч мэдэх дарьтай торхон дээр сууж, “Эрх баригчдыг Непалдъя” гэх иргэдийн уур бухимдалтай нүүр тулж яваа. Жадны үзүүр түүн рүү хэдийнэ чиглэжээ. Шатахуунд дугаарласан иргэдийн урт дараалал ерэн оны картын барааны үеийг санагдуулж, “Инфляци 12 хувьд хүрч, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг боллоо” гэх дохио сануулгатай хамт Монголын эдийн засагт шар гэрэл аслаа. Эдийн засагт шар гэрэл асна гэдэг Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт түгшүүрийн чимээ. Наадамчин олны уухайн дуу намжихтай зэрэгцэн намрын халуун өдрүүдийг угтсан улс төр эхэлсэн нь Хөвсгөл аймаг дахь нууц уулзалтууд юм.

О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын 42 гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах тухай бичигт гарын үсэг зурсан. АН-ын 42 гишүүнээр гарын үсэг зуруулж санасандаа хүрсэн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Гучийн бүлэг”-ийнхэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралыг нуман тулгуурт хийсэн. Н.Учралын хувь заяа одоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй “Гучийн бүлэг”-ийнхний гарт бий. Тэд хүсвэл АН-ын 42 гишүүн дээр нэмж гарын үсэг зурахад Н.Учралын хувьд МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллах улс төрийн цаг дуусна. УИХ итгэл хүлээлгэхгүйгээр огцруулсан анхны Ерөнхий сайдаар тодорсон Л.Оюун-Эрдэнэ NTV телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Галаар битгий наадаарай. Би үндэсний хэмжээний тэмцэл өрнүүлж чадна шүү” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийгээд эсрэг бүлэглэлүүдээ сүрдүүлсэн. Харин одоо тэрбээр алдсан эрх мэдлээ эргүүлж олж авахын төлөө ямх ямхаар хөдөлж байна. “МАН-ын дарга юм бол УИХ-ын дарга биш, Ерөнхий сайдынхаа тамгыг ав” гэх акцийг АН-ынхнаар хийлгэсэн Л.Оюун-Эрдэнийн алсын хараа нь 2027 онд Ерөнхийлөгчийн суудлыг авах юм. Хүссэн ч, эс хүссэн ч 2027 онд сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын 2028, 2032 оны сонгуулийн зургийг зуралцана. Тиймээс МАН, АН-ынхны хувьд “Хонгилын эзэн” болохоос илүү Монголын улс төрийн ХААН титмийн төлөөх тулаан ширүүхэн болох нь нэгэнт тодорхой боллоо. МАН дахь 30:38-ын бүлгийн аль алинд АН болон бусад нам гэсэн улс төрийн цэс бий. “Гучийн бүлэг”-ийнхний “2027 он” хэмээх цэсэнд АН-аас Лу.Гантөмөр, “38-ын бүлэг”-ийнхний цэсэнд С.Баярцогтын нэр одоохондоо тест төдий байгаа. Ирэх намар, өвөл, хаврын улс төр энэхүү цэсэнд ямар өөрчлөлт оруулахыг таашгүй юм. С.Баярцогт бараг шансгүй биз.

Д.Амарбаясгалан... Монголын улс төрд хал үзэж, халуун чулуу долоож яваа наяад оны лидер энэ залуу 2027 он угтсан улс төрийн нэгэн гол дүр байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хамгийн олон жил ажилласан, 2016 оноос хойшхи шат шатны сонгуульд намаа үнэмлэхүй ялуулсан тэрбээр одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийгээд Л.Оюун-Эрдэнэ нарын дунд холбон тоглогч. Д.Амарбаясгалан наадмын өмнөхөн Ерөнхий сайд асан С.Баяртай Хөвсгөлд загасчилсан нь сонирхол татна. С.Баяр, Д.Амарбаясгалан нарын хувьд хэн хэн нь МАН-ын гол стратегичид гэгддэг. Д.Амарбаясгалан С.Баяртай Хөвсгөл нуурын эрэг дээр загасчлахдаа “Гучийн бүлэг”-ээс УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг нарыг урьсан гэх. Харин Д.Амарбаясгалан руу нэгэн эрхэм нууц уулзалтын урилга илгээсэн нь Ерөнхий сайд Н.Учрал. Тэд бас л Хөвсгөлд уулзсан гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд Н.Учрал Хөвсгөл далайн эрэг дээр хэсэгхэн саатахдаа МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Б.Уянга, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн, АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нартай нууц уулзалт хийсэн аж. Уулзалтад оролцсон гишүүдээс харвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцийнхан, MCS-ийн төлөөллүүд, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын талынхан гээд эсрэг тэсрэг фракциудын төлөөллүүдийг багтаажээ. АН-ыг төлөөлөн энэхүү уулзалтад оролцсон О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хоёулаа Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөрийн фракци. Эл дүр зургаас харвал, Ерөнхий сайд Н.Учралд АН-ын 42 гишүүний гарын үсгээр дамжуулж өөрийг нь нуман тулгуурт хийсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй “Гучийн бүлэг”-ийнхэнтэй тохиролцоо хийх сонирхол байгаа нь тодорхой. Тоолуур хэдийнэ ажиллаж эхэлсэн ч Н.Учрал МАН-ын дарга, Ерөнхий сайд. МАН-ын дарга, Ерөнхий сайд гэдэг Монголын улс төр дэх ХААН суудал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгууль угтсан улс төрд 30:38-ынхаа эрх ашгийг хангах эрх мэдэл, хүч, нөлөө түүнд бий. Товчхондоо, хэнийг од, хэнийг мод болгохыг шийдэх үнэмлэхүй эрх мэдэл Ерөнхий сайд Н.Учралынх. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайд үнэмлэхүй эрх мэдэлтэй билээ.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 10 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.